| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00241/И |
| Дугаар | 131/ШШ2015/00294 |
| Огноо | 2015-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2015/00294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:*****************гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 13 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1964 онд Богд суманд төрсөн. 4 хүүхэдтэй. Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1980-1989 онуудад ажилласан. Миний 1980-1982, 1988-1989 онуудад ажиллаж байсныг нотлох баримт олдохгүй байх тул 1983-1987 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэв.
Шүүх хуралдаанаар *********гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 131 дүгээр албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, ********гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *********гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
********************** нь 1983 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
**************** нь 1983 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь дээрх онуудад түүний авч байсан цалинг төрийн архивт хадгалагдаж буй сан хөмрөгөөс түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 131 дүгээр албан бичиг, Д.Балжмаагийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ч.Бямбаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************************гийн 1983 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ