| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01101/И |
| Дугаар | 155/ШШ2024/01066 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/01066
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/01066 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** байрлах, Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбар,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай 155/2023/01101/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ХК-ийн Хөвсгөл салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Б ХК-ийн Хөвсгөл салбар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.М, П.Б нар нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б-наас 70,000,000 төгрөгийн зээл авсан. Үүний дараа 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр 130,000,000 төгрөгийн зээл аваад 2024 оны 3 дугаар сараас хойш зээлээ төлөхгүй байгаа. 2023 оны 5 дугаар сар хүртэл үндсэн хаягтаа амьдарч байсан. Түүнээс хойш хаяг нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй, холбоо барьсан ч байгаа хаягаа хэлэхгүй ямар ч ор сураггүй болсон. 9 дүгээр сард манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир 10 дугаар сард эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Энэ хоёр хүний хаягийг тодорхой болгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Х-314 дугаартай Б-ийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бны салбарын захирал Т.Д-ийн 2024 оны 9 дүгээр 27-ны өдрийн 17/816 тоот албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №1170086490 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, олголтоос өмнөх эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №1170086490-01 дугаартай ипотекийн гэрээ, дараачийн барьцааны гэрээний нөхцөл, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №1170088292 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, түүний хавсралт, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №1170088292-01 дугаартай ипотекийн гэрээ, түүний хавсралт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 3517 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбарыг тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 3-26 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргаас тус тус П.Б, Б.М нарын хаягийн бүртгэл болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх талаарх лавлагааг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29-35 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХК-ийн Хөвсгөл салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй П.Б, Б.М нарт холбогдох 1170086490 дугаартай Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 62,457,741 төгрөг 65 мөнгө, мөн 1170088292 дугаартай Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох нийт 119,756,472 төгрөг 89 мөнгө буюу хоёр зээлийн төлбөрт нийт 182,214,169 төгрөг 54 мөнгө гаргуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШЗ2024/03517 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр П.Б, Б.М нар нь зээлийн төлбөр гаргуулахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Иймд Б ХК-ийн Хөвсгөл салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар П.Б, Б.М нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2467010001007416 дугаар: регистрийн дугаар ТТ********, Б.М, у тоот гэх мэдээлэл бүхий Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан хаягт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М, П.Б нар нь оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШЗ2024/03517 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар П.Б, Б.М нарыг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
П.Б нь ТТ******* регистрийн дугаартай, байнга оршин суух хаяг ХХХ тоотод оршин суудаг.
Б.М. нь ТТ******* регистрийн дугаартай, байнга оршин суух хаяг ХХХ тоотод оршин суух хаягтай, аав н.Б 11111111 дугаарын утас эзэмшдэг гэсэн болно.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Б (ТТ*******), Б.М (ТТ*******) нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.Б, Б.М нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. П.Б, Б.М нарын хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б ХК-ийн Хөвсгөл салбарт нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН