Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

 

Ш.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

           

Прокурор: М.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Т.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  С.Ш,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/193 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр шүүгдэгч Ш.Над холбогдох 2219000180030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ш.Н

Шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Х сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах соёл спортын төвийн гадна талд байсан Дорноговь аймаг Х сумын засаг даргын тамгын газрын эзэмшлийн цайран 2 тонн багтаамжтай усны ёонкосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн Киа бонго 3 маркийн *****ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, нийт 200,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Ш.Над холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх:Шүүгдэгч Ө овогт Ш-н Н-ыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр, хулгайлах гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учраагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 

            Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “... Хулгайлах гэмт хэрэг бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох сэдэлт, зорилгоор нууцаар авах буюу гэмт этгээдийн эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар илэрч, гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.  ...Дорноговь аймгийн Х сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах соёл спортын төвийн гадна талд байсан цайран 2 тонн багтаамжтай усны ёмкос савыг хаа сайгүй байдаг гэсэн ойлголтыг авсан гэж үзэх боломжгүй юм. ...Харин ч тухай Дорноговь аймгийн Х сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах соёл спортын төвийн гадна талд байсан цайран 2 тонн багтаамжтай усны ёмкос сав нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө буюу иргэн, аж ахуй нэгж байгууллагын мэдэлд байгааг мэдсээр байж шөнийн цагаар, хүн унтаж амардаг цагаар, харанхуй болсон цаг хугацаанд очиж авч буй үйлдэл нь нууц далд аргаар өөрийн эзэмшилд оруулж буйг нотолно. Нөгөөтэйгүүр Ш.Н нь Дорноговь аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 200 км зайтай өөр оршин суух Дундговь аймгийн Өндөр шил суманд нутаг дэвсгэр луу авч явж буй үйлдэл нь өмчлөгч, эрэн хайж олох, мэдэх боломжгүй болохыг урьдаас мэдсэн субьектив санаа зорилго бүрэн  тогтоогдож байна. ...Цайран 2 тонн багтаамжтай усны ёмкос савыг тэрээр биеэр авч явах боломжгүй үйлдэл, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас *****ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан шинж хангагдсан. Түүнчлэн Ш.Н нь *****ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эд зүйлс, юмсыг зөөвөрлөх, тээвэрлэх зориулалтай тул тухайн тээврийн хэрэгслийг урьдчилан зориулалтыг өөрчлөх, 2 тонны ёмкос савыг авах, ачих, зөөх боломжтой болгож бэлтгэх шаардлага байхгүй. Харин шүүгдэгч Ш.Н нь цайран 2 тонн багтаамжтай усны ёмкос савыг биеэр авч явах боломжгүй үйлдлээ түргэвчлэх, хөнгөвчлөх, зөөвөрлөх боломж нь *****ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан учраас хулгайлах гэмт хэрэг үйлдэх арга, боломж нөхцөл байдал нь урьдаас бий болсон байсан....Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч, хууль ёсны төлөөлөгч, мөрдөн шалгах ажиллагаа хийгээд байгаа туршилт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хийсвэр байдлаар хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бүтэц агуулга, хэргийн үйл баримтыг дүгнэх хуулийн шаардлагууд авагдаагүй гэж үзэж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг заавал урьдаас бэлдэж байж, тухайн тээврийн хэрэгслийн өргөдөг машин механизм суурилуулснаар энэ гэмт хэргийн хуулийн шаардлага хангагдах юм уу. Эсвэл унаж явж байгаад очоод авч байгаа үйлдэл нь тусдаа гэмт хэрэг гэж үзэх юм уу. Ийм хуулийн зөрүүтэй нөхцөл байдал хэрэглэж байгаа зүйлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. ... Түүнчлэн усны ёнкос савыг гэрч нарын мэдүүлж байгаагаар Дорноговь аймгийн Х сумын соёлын төвийн гаднах хашаанд гагнаастай, хүн авч явах боломжгүй, хууль ёсны эзэмшигчтэй эд хөрөнгө болох нь гэрч нарын мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ш.Над холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ш.Нын хувьд ёнкосыг хууль бусаар авсан гэдэгт маргадаггүй. Хууль бусаар авах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан уу, учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан машин, механизм ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн үү гэдэгт эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр энэ нөхцөл байдал нотлогдон тогтоогддоггүй. Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна уу гэж үзэхээр энэ үйлдэл маань хохирол төлбөрийн хувьд ёнкосын үнэлгээ нь Х сумын тамгын газрын санхүүгийн эд хөрөнгийн бүртгэлд 200,000 төгрөгөөр тусгагдсан байгаа юм. Улсын яллагчийн эсэргүүцэлтэй холбогдуулан би энэхүү тайлбарыг гаргаж байгаа юм. Хэрэв хохирлын хэмжээ нь 300,000 төгрөгт хүрэхгүй байх юм бол гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэлтэй учраас анхан шатны шүүхээс гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэгт дүгнэлт хийх боломжгүй, дүгнэлт хийгээгүй байх гэж үзэж байна. ... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдахгүй байна гэдгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ үндэслэлтэй байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлогдон тогтоогддог. Ш.Нын хувьд Дундговь аймгийн Ө сумаас А адуу хүргэх зорилгоор машин, механизмаар очсон байдаг. Харин ёнкосыг хулгайлах зорилгоор машин, механизм ашиглаагүй. Харин ёнкосыг хулгайлах санаа сэдэл тухайн өдрөө тухайн ёнкосыг хэргийн газраас зайлуулах, авч явах үйлдэлдээ машин, механизм ашигласан зүйл дээр маргах зүйл байдаггүй. ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуульд өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ тээврийн хэрэгслийг урьдаас бэлтгэсэн байх ёстой. Тухайн тээврийн хэрэгслийн талаар анхан шатны шүүхэд мэдүүлэхдээ “Энэ тээврийн хэрэгслээр би адуу ачиж, зөөдөг” гэсэн байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй болсон. Ш.Н хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хулгайлсан үйлдэлд маань эд зүйлийн хохирлын хэмжээ 200,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хохирлын бага бус хэмжээний хохирлоос бага хохирол үүссэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байгаа юм. ... Прокурорын эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байна гэж үзэж байна. ... Эрүүгийн хуульд учрах саад бэрхшээлийг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэдэг нь урьдаас бэлтгэсэн байх, үйлдлээ хөнгөвчлөхийн тулд   аливаа бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй зүйлийг тээвэрлэх зорилгоор урьдчилан ашиглахыг ойлгоно гэж хуульчилсан. Тухайн үед өдөр Ш.Н Дорноговь аймгийн Х суманд адуу усалсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Адуу усалж байх үед ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгээд усны савыг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тухайн ёнкосыг авах үедээ тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн үү гэдэг үйл баримт хавтас хэрэгт тогтоогдоогүй. ... Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/193 дугаартай цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийг тал бүрээс харж үзсэн, хуульд нийцсэн байна. Иймд тус цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Ө сумаас Дорноговь аймгийн Х суманд амьдрах Б.А 3 тооны адуу худалдсныгаа өөрийн эзэмшлийн Киа бонго 3 маркийн *****ДУЭ улсын дугаартай автомашинд ачиж хүргэж ирсэн ба нутаг буцахдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Х сумын  4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Соёл спортын төвийн гадна талд байсан Дорноговь аймаг Х сумын засаг даргын тамгын газрын эзэмшлийн цайран 2 тонны багтаамжтай усны ёонкосыг аваад явсан үйл болсон нь хэрэгт авагдсан хохирогч Дорноговь аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Ж.М, гэрч Э.О, Д.Ч, Б.Б, Б.Д, Г.Г, Б.А нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Ш.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгчийн энэ үйлдэлд прокуророос шүүгдэгч Ш.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн Киа бонго 3 маркийн *****ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, нийт 200,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ш.Ныг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр, хулгайлах гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учраагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

 

Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас эс зөвшөөрч “ ... цайран 2 тонны багтаамжтай усны ёмкос савыг авч явах үйлдлээ урьдаас хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, түргэн хугацаанд очиж, буцах зорилгоор учрах саадыг арилгаж *****ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж зөөж тээвэрлэсэн болох нь нотлогдсон” гэх агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Шүүгдэгч Ш.Нын Дорноговь аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн эд зүйл болох 2 тонны усны ёмкосыг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн хулгайлах гэмт хэргийн шинжид нийцээгүй.

 

Хулгайн эд зүйл болох ёмкос нь Х сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн /1-р хх-ийн 10/ учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол” буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 300.000 төгрөгөөс доош үнэтэй  учир гэмт хэрэгт тооцох бага хэмжээний хохиролд тооцогдохгүй тул анхан шатны шүүх  хулгайн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэн үзэх нөхцөлийг  “учрах саадыг арилгах зорилгоор” гэж тодорхойлсон байна.

 

Энэ  нөхцөл нь гэм буруутай этгээд учирч болох саадыг арилгахын тулд зориуд санаатайгаар автомашиныг бэлдэж ашигласан байхыг шаардах ба шүүгдэгч Ш.Нын хувьд уг усны ёмкосыг авахын тулд машиныг зориуд бэлтгэсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй буюу шүүгдэгч Ш.Нын хувьд өөрийн эзэмшлийн *****ДУЭ улсын дугаартай автомашинаар Дундговь аймгийн Ө сумаас Дорноговь аймгийн Х суманд иргэн Б.А худалдсан 3 тооны адуу хүргэж ирээд буцах замдаа буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ёмкосыг автомашиндаа ачиж авч явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд анхан шүүх шүүгдэгч Ш.Ныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нь  тогтоогдоогүй, бага хэмжээний хохиролд хүрэхгүй эд хөрөнгийг хулгайлсан нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/193 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                  

                                                                                                  А.САЙНТӨГС