Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2024/0001/З |
Дугаар | 126/ШШ2024/0093 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 126/ШШ2024/0093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Даваажавын Бямбацогт,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Хариуцагч: Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мөнхөө нарын захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Бямбацогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Бямбацогтоос Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан Д.Бямбацогт миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгж талбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл талбайд буюу газарт эргэлт, ашиглалтын зурвас газрыг хэмжин зааж өгөхгүй, эргэлт ашиглалтын зурвас газраас ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Д.Бямбацогт миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгж талбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл хэмжээтэй газарт тариалангийн талбайн эргэлт ашиглалтын зурвас газраар эзэмшиж ашиглах эрхийг Д.Бямбацогтод олгохыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/33 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багт байрлалтай, 6711001818 нэгж талбарын дугаар бүхий 49,9999 м.кв газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж буй газартаа бүхэлд нь тэжээлийн ургамал тариалж ашиглахыг хүсч, газрынхаа эргэн тойронд эргэлт ашиглалтын зурвас газрыг эзэмшихийг хүсч хариуцагчид 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/292 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.
2.3. Уг хариуг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1927 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн, уг хариуг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан, улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бямбацогт би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/33 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг, Тээлийн ам гэх газарт 50 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон бөгөөд газар эзэмшигчийн хувьд газрын албатай зохих журмын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг авч, улсын бүртгэлд бүртгүүлжжил бүр газрын татвараа төлж,, газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж ашиглаж байгаа.
Миний хувьд газар тариалангийн зориулалттай эзэмшиж байгаа 50 га газартаа бүхэлд нь тэжээлийн ургамал тариалж ашиглахыг хүсч, тэжээлийн ургамал эзэмшлийн бүх газартаа тариалж байгаа. 50 га газраа бүхэлд нь ашиглаж тэжээлийн ургамал тариалахаар түүнийг тариалах болон хураах үйл ажиллагаагаа хэвийн явуулахад 50 га газрын эргэн тойронд эргэлт ашиглалтын зурвас газар зайлшгүй хэрэгцээтэй болдог. Д.Бямбацогт миний хувьд 50 га газартаа тэжээлийн ургамал тариалж, уг газрын эргэн тойронд эргэлт ашиглалтын зурвас газрыг тооцоолж, тухайн багийн мал бүхий иргэдийн малын хөлнөөс өөрийн хөдөлмөр, хөрөнгөөрөө тариалсан үр тариагаа хамгаалахаас өөр аргагүй байдлын улмаас, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор хашаалсан. Гэвч нутгийн иргэд 50 га газраасаа илүү газар хашаалж тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч оршин сууж байгаа болон газар эзэмшиж ашиглаж байгаа бусад иргэдийн эрхийг зөрчиж байна гэх зэргээр гомдол маргаан байнга үүсгэж байгаа нь миний газраа эзэмшиж ашиглах эрх зөрчигдөж, иргэд бидний дунд үл ойлголцол маргаан байна үүсэх боллоо. Газар Тариалангийн тухай холбогдох хуульд Тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын зурвастай байж болно гэж заасны дагуу Д.Бямбацогт надад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р баг Тээлийн ам гэх газар байрлалтай, нэгжталбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл талбайд эргэлт- ашиглалтын зурвас газрыг хэмжиж зааж өгөн, тариалангийн талбайн эргэлт- ашиглалтын зурвас газраар эзэмшиж ашиглах эрх олгож өгнө үү гэсэн хүсэлтийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад гаргасан боловч миний эзэмшлийн тэжээлийн ургамал тариалах зориулалттай газар нь тариалангийн зориулалттай газар биш, тариалангийн бүс нутаг биш гэж тайлбарлаж миний хүсэлтийг шийдвэрлэсэн нь иргэн Д.Бямбцогт миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна.
Иймд Д.Бямбацогт миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгжталбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл талбайд буюу газарт эргэлт-ашиглалтын зурвас газрыг хэмжин зааж өгөхгүй, эргэлт ашиглалтын зурвас газраас ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Бямбацогт миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгжталбарын 6711001818 дугаартай, 15жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл хэмжээтэй газарт тариалангийн талбайн эргэлт ашиглалтын зурвас газраар эзэмшиж ашиглахыг эрхийг Д.Бямбацогтод олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгч Д.Бямбацогт шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тариалангийн газарт эргэлт ашиглалтын зурвас байх ёстой гэж заасан байдаг. Миний эзэмшлийн 50 га талбайд эргэлт ашиглалтын зурвас байхгүй учраас тариа тарих, газар хагалах, хөрс боловсруулах, үр тариа суулгах, буцаан хадах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх гэхэд эргэлтийн зурвасгүй учраас техник тоног төхөөрөмж эвдрэх зэрэг хүндрэлтэй байдаг. Иймээс хуулийн хүрээнд эргэлтийг зурвасыг зааж өгөх байх гэж бодож байна. Би 50 га газраа бүтнээр нь эзэмших хүсэлтэй байна. Эргэлийн зурвасыг зааж өгөөгүй учраас өөрийн эзэмшлийн 50 га газрын бүтнээр нь бус ойролцоогоор 35 га орчмыг нь ашиглах боломжтой байгаа гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгчид 50 га газрыг бүхэлд нь тариалан, тэжээлийн зориулалтаар ургамал тарих эрх олгосон. Энэ эрхийнхээ дагуу бүхэлд нь тэжээлийн ургамал тариалахыг хүсэж байгаа. Гэтэл тариалангийн газрын эргэлтийн зурвас байхгүй учраас тариа тариалах, хураах зэрэг хөдөлгөөн хийх хүндрэлтэй байдал үүссэн тул эргэлтийн зурвасыг зааж өгөхгүй бол нутгийн иргэд энэ асуудалтай холбоотойгоор маргаантай байгаа. Нутгийн иргэдийн зүгээс эргэлт ашиглалтын зурвас гэсэн зүйл байхгүй учраас өөрийн зохих хэмжээнд тариагаа тариад үлдсэн хэсгийг эргэлт ашиглалтын зурвас байдлаар ашиглаарай гэсэн байдлаар тухайн нутгийн газар тариалан эрхэлдэг иргэдийн зүгээс маргаан үүссэн. Энэ нөхцөл байдалд хуульд заасан үндэслэлээр миний үйлчлүүлэгч тус сумын Засаг дарга, газрын даамалд эргэлт ашиглалтын зурвасыг зааж өгнө үү. Ингэснээр би үндсэн 50 га газраа газар тариалан тарих хэрэгтэй байна гэхэд энэ бол тариалангийн бүс нутаг биш гэдэг үндэслэлээр хариуцагч тал татгалзсан. Газрын тухай хуульд нийцүүлэн газрын маргааныг Тариалангийн тухай хуулийг баталсан. Тариалангийн тухай хуульд газар тариалангийн зурвасыг хааш хаашаагаа 100 метр байхаар зааж болно гэдгийг хуульд заасан байгаа учраас хуульд заасан үндэслэлээр миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээлийн ам гэх газар байрлах 50 га газрын эргэлт ашиглалтын зурвас буюу хааш хаашаагаа 100 метр газрыг зааж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мөнхөө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн иргэн Тосон-Илч ХХК-ийн захирал Даваажавын Бямбацогтын захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон шаардагдах захиргааны акт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. Д.Бямбацогт нь сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Тээлийн аманд 50 га газрыг үр тарианы усалгаагүй тариалан зориулалт-аар эзэмшихээр гэрээ байгуулсан. Гэвч тухайн багийн зарим ногоочид, малчид Д.Бямбацогт нь багийн иргэдийн Нийтийн Хурлаар зөвхөн Дунхуй гэдэг газарт 50 хүртэл га газарт ногоон тэжээл тарьж, тухайн малчдад хөнгөлөлттэй үнээр өгнө гэсэн боловч газрыг өөрчлөн эрх бүхий албан тушаалтан байлцуулахгүй дур мэдэн ногоочдын талбай, малчдын эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайг хашаалж кадастрын зураг хийлгэн бидний эрх ашгийг хохироож Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасан хэмжээг хэтрүүлэн гэрээг зөрчиж байна хэмээн маргаан үүсгэж улмаар гэрээний үүргээ зөрчсөн учраас газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэр бүхий хүмүүсийн гарын үсэгтэй өргөдөл өгсөн. Иймд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг томилж Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнг авчирч хэмжилт хийлгэхэд 8.7 га талбай илүү хашаалсан тул хуулийн хэрэгжилтийг хангаж иргэдийн эрх ашгийг хөндөхгүй зөвхөн 50 га газраа талбайг хашиж эзэмших тухай мэдэгдэл хүргүүлсэн. Тосон-Илч ХХК-ийн захирал Д.Бямбацогт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалтан тул уг хуулийн 7.2.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6 дахь заалтыг зөрчиж болохгүй, мөн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан хэмжээнээс хэтрүүлэн шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна гэжээ.
4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мөнхөө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан. Түүнээс өмнө 2022 онд тухай багийн иргэд 50 га газар өгсөн байхад 60, 70 га газрын хашчихсан учраас үүнийг шийдэж өгнө үү гэж гомдол гаргасны дагуу ажлын хэсэг байгуулж тухайн газарт хэмжилт хийгээд хэмжилт хийх боломжгүй гэсэн маргаан үүссэний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт явуулж тусгайлсан багажаар хэмжилт хийгээд тухайн үед мэдэгдлийг өгч байсны дагуу 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий 50 га газрыг Тариалангийн тухай хуулийн дагуу эргэлтийн газрыг шийдэж өгнө үү гэсэн. Надад иргэдээс болон нэхэмжлэгчээс 2 талын маргаантай хүсэлтүүд ирсэн. Бид тухайн газрыг олгохдоо багийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар олгосон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно гэжзаасныг үндэслэн хэмжээг зааж өгсөн. Нэхэмжлэгч нийтийн албан тушаалтан бөгөөд Газрын тухай хуульд зааснаар давуу эрхээр тус газрыг авсан. Тариалангийн тухай хууль 2016 онд батлагдсан боловч өөрсдөө том тоног төхөөрөмжтэй юм байна. Манай зүгээс үүнийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлээрэй гэсэн хариу өгсөнгэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ...Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн талбайн гадна хэсэгт эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын зурвастай байж болно гэсний дагуу уг зурвас газрыг хэмжиж зааж өгөх талаар хариуцагчид хандсан боловч уг газрыг тариалангийн зориулалттай газар биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ...тухайн газрыг олгохдоо багийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар олгосон. Нэхэмжлэгчийн тухайд давуу эрхээр авсан атлаа одоо дахин газрын хэмжээг нэмж заалгаж авна гэж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
3. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэж заажээ.
4. Дээрх заалтын дагуу Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн Тээлийн амны Дунхуйд үр тарианы зориулалтаар 50 га газар эзэмших хүсэлтийг багийн хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжиж, улмаар Тосонцэнгэл сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/33 дугаар захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчид 50 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тариалангийн газарт эргэлт ашиглалтын зурвас байх ёстой гэж заасан байдаг. Миний эзэмшлийн 50 га талбайд эргэлт ашиглалтын зурвас байхгүй учраас тариа тарих, газар хагалах, хөрс боловсруулах, үр тариа суулгах, буцаан хадах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх гэхэд эргэлтийн зурвасгүй учраас техник тоног төхөөрөмж эвдрэх зэрэг хүндрэлтэй байдаг гэжээ.
6. Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл эргэлт-ашиглалтын зурвастай байж болно, 11.2-т Тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн газарт хамаарна гэж тус тус заасан байна.
7. Дээрх зохицуулалт нь газар эзэмшиж буй иргэн өөрийн тариалангийн талбайд бүхэлд нь тариалангийн үйл ажиллагаа эрхлэх бус уг талбайдаа эргэлт-ашиглалтын зурвас газрыг бий болгож, уг зурвас газарт тариалангийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжөө ажиллуулах боломжтой талаар заажээ. Өөрөөр хэлбэл, уг эргэлт-ашиглалтын зурвас газар нь тариалангийн зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий эзэмшиж буй газартаа хамаарах талаар заасан байтал нэхэмжлэгчээс уг заалтыг явцууруулан өөрт анх эзэмшүүлсэн газрыг нэмж эзэмшүүлж, ашиглуулах боломжтой гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
8. Нөгөөтэйгүүр Тариалангийн тухай хууль нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бол Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус хууль нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.
9. Үүнээс үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулах харилцааг зохицуулах суурь хууль нь Газрын тухай хууль бөгөөд тус хуулиар тэдгээрт газар эзэмшүүлж, ашиглуулахад тавигдах шаардлага, газар олгох процесс ажиллагааг зохицуулсан болно.
10. Гэтэл нэхэмжлэгч нь Тариалангийн тухай хуулийг баримтлан газар эзэмших, ашиглах эрхтэй гэж тайлбарлан хариуцагчид хандсан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид эргэлт-ашиглалтын зурвас газрыг нэмж эзэмшүүлэх боломжгүй гэж татгалзсан нь Газрын тухай хуульд нийцсэн, энэ талаар хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан . ...нэхэмжлэгчийн тухайд давуу эрхээр газраа авсан атлаа одоо дахин газрын хэмжээг нэмж заалгаж авна гэж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
11. Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн эзэмшиж буй тариалангийн зориулалт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэхээр хариуцагчид хүсэлт гаргахдаа Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгөөгүй, мөн нэхэмжлэгчийн эргэлт-ашиглалтын зурвас газраар эзэмшиж, ашиглахыг хүсч буй газар нь бусдын эзэмшиж буй газартай давхцалтай болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 284 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын байршлыг харуулсан зураг (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал)-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д нийцээгүй байна.
12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Д.Бямбацогт миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгж талбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл талбайд буюу газарт эргэлт, ашиглалтын зурвас газрыг хэмжин зааж өгөхгүй, эргэлт ашиглалтын зурвас газраас ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Д.Бямбацогт миний эзэмшлийн Тосонцэнгэл сумын 3 дугаар баг Тээл гэх газарт байрлалтай, нэгж талбарын 6711001818 дугаартай, 15 жилийн хугацаатай, 50 га хэмжээтэй үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж буй тариалангийн талбайн гадна хэсэг дэх эргэн тойрон 100 метр хүртэл хэмжээтэй газарт тариалангийн талбайн эргэлт ашиглалтын зурвас газраар эзэмшиж ашиглах эрхийг Д.Бямбацогтод олгохыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Бямбацогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР