| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00258/И |
| Дугаар | 131/ШШ2015/00289 |
| Огноо | 2015-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2015/00289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын ***********************ийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *************** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1977 оноос 1979 он хүртэл нормчноор ажиллаж байгаад 1980 оноос Цагаан далай дунд сургуульд дотуур байрны угаагчаар ажиллаж, 1988 оноос сургуулийн үйлчлэгчээр 1984 оныг дуустал ажиллаж байгаад өвчний учир группэд орсон. Би Чойбалсан зам нэгдэлд 1977 оноос 1979 он хүртэл, Цагаандалай сургуульд 1980 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
************************ нь 1977 оны 06 сараас Чойбалсангийн зам нэгдэлд нормчноор, 1980 оны 01 сарын 24 хүртэл Цагаан далай 8 жилийн дунд сургуульд угаагч, үйлчлэгчээр, 1980 оноос одоог хүртэл Цагаан далай дунд болон бүрэн дунд сургуульд угаагч үйлчлэгчээр ажиллаж байгаа юм. Ч.Наранцэцэгийг 1977 оны 06 сараас 1994 оныг дуустал Баацагаан сумын дунд сургуульд дотуур байрны угаагч, сургуулийн үйлчлэгч, жижүүрээр ажилласныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 03 сарын 19-ний өдрийн 110 дугаар лавлагаа, тус аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1977 оны 06 сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаал, тус аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 сарын 29-ний өдрийн 19 дүгээр тушаал, 1989 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************************** хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч*********************** 1989 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эцэг /эх/-ийн нэр нь түүний цахим үнэмлэхний эцэг /эх/-ийн нэртэй зөрүүтэй бичигдсэн боловч түүний өөрийн нэр, төрсөн он, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр тохирч байна.
Хүсэлт гаргагч ******************** нь 1977 оны 06 сарын 16-ны өдрөөс 1980 оны 01 сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд нормчноор, 1980 оны 01 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгч, угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 сарын 29-ний өдрийн 19 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1977 оны 06 сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалын хуулбар, 1989 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Чимдээ овогтой Наранцэцэгт 1989 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь******************** мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **********************ийн 1977 оны 06 сарын 16-ны өдрөөс 1980 оны 01 сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд нормчноор, 1980 оны 01 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баацагаан сумын Цагаан далай 8 жилийн дунд сургуульд үйлчлэгч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ