| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0136/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Т.Эрдэнэболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Тайванжаргалын Эрдэнэболдод холбогдох эрүүгийн 1707000380006 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 49 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-Уулын 3 дугаар гудамж, 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн УД91010312 дугаартай, Боржигон овогт Тайванжаргалын Эрдэнэболд.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Т.Эрдэнэболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цолмонбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Эрдэнэболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Эрдэнэболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цолмонбаатарыг зодож биед нь тархи доргилт, толгойн дагзны хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хүзүү, цээж, нуруу, баруун зүүн мөр, баруун тохой, баруун зүүн өвдгөнд зулгаралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эрдэнэболдын өгсөн: “Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. ...Би тухайн гэмт хэргийг бүрэн тодорхой санахгүй байгаа. Тухайн цаг үед миний өмсөж явсан хувцас, миний байгаа байдал зэргээс үзэхэд тухайн хэргийг надаас өөр хүн үйлдэх боломжгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Эрдэнэболдын яллагдагчаар өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Гордок орж найз болох Лувсанхайдавтай уулзсан. Удалгүй тэдний гэр бүлийнхэнтэй хамт Туулын гол орсон юм. Голын эрэг дээр 2 цаг орчим болоод буцаж Лувсанхайдавын хамт Гордок орж Цолмонбаатар, Пүрэвбуян, Ганбаатар нартай уулзсан. Цолмонбаатар надад картаа өгч Пүрэвбуян бид хоёр дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч Лувсанхайдавын гэрт очиж авсан архиа хувааж ууцгаасан. Эхний шил архийг ууж дуусгасны дараа 2 дахь архийг задлаад ууж байснаа санаж байна. Нэг мэдсэн айлын шатсан байшинд унтаж байсан. Хувцас хунараа цус болсон байхаар нь гайхаад Лувсанхайдавын гэрт очиход хүн байгаагүй. Тэндээсээ ах Эрдэнэ-Очирын гэрт очоод байж байтал араас Цолмонбаатар, Лувсанхайдав, Пүрэвбуян нар ирсэн. Би архи ууж байхдаа хэн нэгэнтэй огт маргалдаагүй. Тасарсаны дараа юу болсныг огт санахгүй байна. Надад Цолмонбаатартай маргалдах шалтгаан байхгүй, бид нар хар багийн найзууд, өмнө нь зөндөө л ууж идээд явж байсан. Зодолдож байсан түүх байхгүй ээ. Бид нар дээр миний мэдэхийн гаднаас өөр хүн нэмэгдэж ирээгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 40-41 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цолмонбаатарын өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би гэрийнхэнтэйгээ гол дээр очоод байж байгаад орой 19 цагийн үед Налайх дүүргийн 5-р хороо Городокт гэртээ ирээд байж байтал манай 10 жилийн ангийн найзууд дуудаад би гараад очтол Эрдэнэболд, Лувсанхайдав, Пүрэвбуян 3 байсан ба бид дөрөв Городокын дэлгүүрээс 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэрийгээ Лувсанхайдавын гэрт уугаад дахиж архи ууя гээд би Эрдэнэболд, Пүрэвбуян хоёрт виза картаа өгөөд дэлгүүр явуулсан ба тэр хоёр 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан тэгээд тэр архиа ууж байтал “дэлгүүр хаалаа дэлгүүр хаахаас өмнө дахиж архи авъя” гэхээр нь би эхнэрийнхээ виза картыг Эрдэнэболд, Пүрэвбуян хоёрт өгч явуулсан ба тэр хоёр дахиж 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан байсан. Тэгээд бид нар архиа ууж дуусаад Эрдэнэболд, Пүрэвбуян бид 3 Лувсанхайдавын гэрээс гараад явсан ба би тухайн үед нилээд согтчихсон бараг тасарчихсан толгойноос цус гараад хувцас хунар цус болчихсон байсан. Тэгэхээр нь би алхаад гэртээ ирээд байж байтал Лувсанхайдав, Пүрэвбуян хоёр манайд ирээд намайг хараад юу болсон талаар асуугаад би юу болсноо санахгүй байна гэхэд сүүлд чамайг Эрдэнэболд хүргэж өгөхөөр явсан гээд бид 3 Эрдэнэболдыг хайгаад Эрдэнэболдын ахынх нь гэрт очтол ахынх руугаа орж явсан. Тэгээд бид 3 очоод хартал Эрдэнэболдын хувцас хунар гар нь нил цусчихсан болчихсон байсан ба бие нь гэмтээгүй байсан. Тэгээд би “чи намайг зодчихлоо шүү дээ” гэхэд “би юу болсоныг санахгүй байна би өөрөө айлын хашаанд сэрж байна” гэсэн. Тэгээд тухайн үед би амралтын өдөр байсан учраас хувийн эмнэлгээр явж тархины зургаа авахуулаад ажил цугларахаар ирж байна...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Пүрэвбуянгийн өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед манай 10 жилийн ангийн найзууд болох Эрдэнэболд, Цолмонбаатар, Лувсанхайдав бид дөрөв уулзаад Городокын дэлгүүрээс 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад Лувсанхайдавын гэрт очиж авсан архиа хувааж уугаад дахиж архи ууя гээд Цолмонбаатар картаа Эрдэнэболд бид хоёрт өгөөд дэлгүүр явуулсан ба бид хоёр дэлгүүрээс 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан. Тэгээд тус архиа бид дөрөв хувааж уугаад Лувсанхайдав тасраад унтаад өгсөн ба Цолмонбаатар, Эрдэнэболд бид гурав тэдний гэрээс гараад явж байтал Эрдэнэболд намайг гэнэт цохиод зугтаад яваад өгсөн ба би араас нь хөөгөөд гүйцээгүй буцаад хүрээд иртэл Цолмонбаатар байхгүй байсан тэгэхээр нь би гэрлүүгээ хариад амарсан ба өглөө нь би Лувсанхайдавтай уулзаад Цолмонбаатарын гэрт очтол Цолмонбаатарын нүүр ам нь хавдчихсан, толгойноос нь цус гараад хатсан байдалтай байсан ба юу болсныг асуухад “би мэдэхгүй байна намайг хүн зодсон юм шиг байна” гэсэн ба бид гурав гараад Эрдэнэболдыг хайгаад Эрдэнэболдын ахынд очтол Эрдэнэболд яг ахынх руугаа орж байсан ба бид 3 очтол Эрдэнэболдын хувцас хунар, гар хөл нь нил цус болчихсон байсан ба өөрөө бэртэж гэмтээгүй байсан. Тэгээд Цолмонбаатар “чи намайг зодсон байна шүү дээ” гээд Эрдэнэболдод хэлтэл Эрдэнэболд “би бас тасарчихсан байсан юу ч санахгүй байна сая унтаж байгаад гадаа сэрлээ” гэсэн ба би Эрдэнэболдод хандаж “чи намайг цохиод зугтаасан” гэхэд “би тэрийгээ ч санахгүй байна” гэсэн. Цолмонбаатар тухайн үед чи намайг зодоод миний утас алга болчихлоо гээд байсан ба Эрдэнэболдын унтаж байсан газраас нь Цолмонбаатарын утсыг олж авсан. Тэгээд бид нар Эрдэнэболд Цолмонбаатар зодсоныг мэдсэн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Лувсанхайдавын өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Налайх дүүргийн 5-р хороо манай 10 жилийн ангийн найзууд болох Эрдэнэболд, Цолмонбаатар, Пүрэвбуян бид дөрөв уулзаад Городокын дэлгүүрээс 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэрийгээ манай гэрт архи хувааж уугаад дахин архи ууя гээд Цолмонбаатар картаа Эрдэнэболд, Пүрэвбуян хоёрт өгөөд дэлгүүр явуулсан ба тэр хоёр 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан тэгээд тэр архиа ууж байтал “дэлгүүр хаалаа дэлгүүр хаахаас өмнө дахиж архи авъя” гэхээр нь Цолмонбаатар дахиж картаа Эрдэнэболд, Пүрэвбуян хоёрт өгч явуулсан ба тэр хоёр дахиж 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан. Би тус архийг нь ууж байгаад согтоод унтаад өгсөн. Эрдэнэболд, Пүрэвбуян, Цолмонбаатар нар архи ууж дуусаад гараад явсан байсан тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Өглөө нь би Пүрэвбуянтай уулзаад Цолмонбаатарын гэрт очтол Цолмонбаатарын нүүр ам нь хавдчихсан, толгойноос нь цус гараад хатсан байдалтай байсан ба юу болсныг асуухад “би мэдэхгүй байна намайг намайг хүн зодсон юм шиг байна” гэсэн. Бид гурав гараад Эрдэнэболдыг хайгаад Эрдэнэболдын ахынд очтол Эрдэнэболд яг ахынх руугаа орж байсан ба бид 3 очтол Эрдэнэболдын хувцас хунар, гар, хөл нь нил цус болчихсон байсан ба өөрөө бэртэж гэмтээгүй байсан. Тэгээд Цолмонбаатар “чи намайг зодсон байна шүү дээ” гээд Эрдэнэболдод хэлтэл Эрдэнэболд “би бас тасарчихсан байсан юу ч санахгүй байна сая унтаж байгаад гадаа сэрлээ” гэсэн ба Пүрэвбуян чи намайг цохиод зугтаасан шүү дээ” гэхэд “би тэрийгээ ч санахгүй байна” гэсэн. Цолмонбаатар тухайн үед чи намайг зодоод миний утас алга болчихлоо гээд байсан ба Эрдэнэболдын унтаж байсан газраас нь Цолмонбаатарын утсыг олж авсан. Тэгээд бид нар Эрдэнэболд Цолмонбаатар зодсоныг мэдсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч М.Гансэлэмийн өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг өнгөрөөд би 02 цагийн үед Налайхаас Городок хүртэл такси барьж яваад гэрт очоод мөнгийг нь авч өгтөл “би одоо буцах замаа олохгүй байна зам заагаад өг” гэхээр нь “Гандан уулын 4-р гудамжны цагаа худаг хүртэл зам зааж өгөөд гэрлээ дагаад явчих” гээд явуулчихаад эргээд гэрлүүгээ алхаж байтал худгийн ард талд нэг хүн уйлаад байсан ба очтол нэг залуу цус нөжиндөө хутгалдчихсан худгийн ард талд сууж байсан ба хажууд нь нэг хүн зогсож байсан тэр хоёр хүн хоёулаа согтуу байсан. Тэгэхээр нь би очоод “юу болоод байгаа юм бэ баярын өдрөөр болиоч” гээд цус нөж гоожсон залууг нь “хүргээд өгье гэрийг нь мэдэх үү” гээд хажууд нь зогсож байсан залуугаас нь асуутал гэнэт миний толгойруу цохичихоод зугтаачихсан тэгэхээр нь би араас нь хөөж байгаад гүйцээгүй ба шууд гэрлүүгээ яваад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч М.Энхцэцэгийн өгсөн “...Би одоо өдрийг нь хэлж тодорхой мэдэхгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 11-ний 12-ны аль нэг өдөр нь шиг санаж байна. Шөнө 03 цаг өнгөрч байхад худгийн арын под станцын зуун талын завсараар гараад харих санаатай ганцаараа явж байтал хоёр согтуу хүн дуугарч байсан бөгөөд нэг согтуу хүн нь нөгөөдөхөө “болиоч” гээд өшиглөөд байгаа бололтой нөгөөдөх нь “ёо ёо” гэж ёолоод байсан. Тэр хоёр нэгнийгээ нэрээрээ дуудаагүй. Цохиод байгаа бололтой согтуу нь нөгөөдөхөө чирсээр байгаад худагийн завсарын баруун талын хашаа руу чирээд аваад орсон. Миний баруун нүд сайн юм хардаггүй учир ямар хувцастай хүмүүс байсныг нь хэлж мэдэхгүй байна. 30 орчим насны залуучууд байсан. Би тухайн үед тэр хоёр хүнийг тэр энэ гэж таниагүй ээ. Их л хурдан чирээд хашаа руу авч орсон. Нэг нь нөгөөдөхдөө орилоод чирэгдээд орсон. Намайг тосч авахаар ирж байсан өвгөн Жаргалсайханыг ирэхээс өмнө тэр хоёр хашаан дотор орсон байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25-26 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №08шэ/343 дугаар:
/хх-ийн 30 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 49 дүгээр тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 50 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Эрдэнэболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Т.Эрдэнэболдод тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Эрдэнэболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Б.Цолмонбаатар нь Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт “... гомдол санал байхгүй, миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснийг үндэслэн Т.Эрдэнэболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Тайванжаргалын Эрдэнэболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эрдэнэболдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Эрдэнэболдод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Эрдэнэболдод мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эрдэнэболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ