Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/50

 

  

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгч: С.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Ш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлоор шүүгдэгч С.Од холбогдох 2219000960242 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Сы О

урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Хан-Баянзүрх хайрхны орчмоос хохирогч Д.Зын 2,400,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны бод мал буюу 7 настай бүдүүн гүү, 4 настай хязаалан байдсыг мотоцикл ашиглан хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Сы Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Огээс хохирогч Д.Зт 1,400,000 төгрөг гаргуулан олгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгч С.Огээс гаргуулан улсын орлого болгож,

 

Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шүүхээс С.Ог бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэж үзсэн нь учир дутагдалтай ба энэ нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бөгөөд “машин механизм ашигласан гэдэг нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж зориудаар ашигласан байх ойлголт юм.

Гэтэл О нь тухайн өдөр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Соник маркийн мотоцикл болох тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа анхнаасаа тээврийн хэрэгсэл ашиглаж мал хулгай хийх санаа зорилго агуулаагүй, гагцхүү өөрийн шуурганд уруудсан адуу малаа эрж олох зорилгоор энэ хэргийн гэрч болох Х гэгчид учир байдлыг хэлж хамтдаа малын эрэлд яваад уг эрлээ “Хилэнцийн хөшөө”-ний тэндээс олж тэдний адуунд энэ хэргийн хохирогч болох Зын адуу хамт байсныг тууж энэ л үеэс хулгай хийх санаа зорилгод хөтлөгдсөн болох нь х/х-ийн 100 дугаар хуудсанд авагдсан гэрч Хийн мэдүүлэг, өөрийнх нь эхнээсээ энэ талаар шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаад анхаарч зөв зүйтэй дүгнэлтийг хийх нь чухал юм.

 

Өөрөөр хэлбэл О нь уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор буюу хохирогчийн 2 тооны адууг хөөж тууж өөрийнхөө үйлдлийг хялбарчлахаар унаж яваагүй ба гагцхүү уг 2 адууг өөрийнх нь адуунд нийлсэн байсныг мэдсэн энэ үеэс буюу замаасаа тохиолдлын нөхцөл байдлаар авсан болох нь түүнийг уг үйлдэлдээ машин механизм ашигласан гэж үзэх хууль зүйн шаардлагыг бүрэн хангах боломжгүй байна. ... Иймд энэхүү үндэслэлээр Од холбогдох уг хулгайн гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 т холбогдох үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...  Х Отэй хамт явж адуу авчирч хашиж, тухайн адууг хийсэн үйл баримт авагдсан байна. Огийн зүгээс хууль бус тохиролцоо хийж худал мэдүүлэг өгсөн асуудал байгаа.  Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар Хийн ял завших байдал болон, хохирол төлбөртэй холбоотой нөхцөл байдал үүсэж байна. Мөн энэ хэрэгт авагдсан баримтуудаас харахад энэ хэрэгт Х оролцоотой байх магадлал өндөр байгаа учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байгаа. Ямар нэгэн байдлаар шалгуулах хүсэлт гаргаагүй гэж ярьж байна. ... Хавтаст хэргийн материалыг харахад эргэлзээтэй зүйлүүд байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр би Огээс өөрөөс нь асууж байсан. Тухайн үед өөрөө хэлээгүй гэсэн хэдий ч хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох үүрэг мөрдөгч, прокурорт байгаа. Энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Тэгэхээр хэргийг прокурорт буцааж Хтэй холбоотой гэм буруугийн асуудлыг дахин шалгуулах хүсэлттэй байгаа. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.” гэв.

 

Шүүгдэгч С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хуягаа гэдэг хүн цагдаад хулгай хийсэн гэж өргөдөл бичиж өгсөн. Тэр хүн бид хоёрыг адуу хөөгөөд явж байхад таарсан. Тэгээд овоон дээрээс энэ хоёр яах нь уу? гээд дурандаад байсан юм байна лээ. Бид хоёр нэг адууг нь хийгээд гэртээ аваачиж тавиад маргааш нь нэг адууг нь хийсэн. Тэгээд Х эзэн нь ирэх юм бол “намайг гэж хэлээрэй, эхнэр чинь төрөх гэж байгаа” гэсэн. Тэгээд эзэн нь ирсэн чинь Х “би энэ хэргийн чинь хүлээхгүй, би хохирлыг нь төлье” гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаа ирсэн, мэдүүлэг авсан. Тэгсэн Х чи энэ хэргийг даачих гэсэн тэгээд би даасан. Хийг хамт хийлцсэнийг харсан гэрч, ярьсан яриаг нь хийсэн бичлэг байгаа. Тэгээд шүүх хуралдаан болохоос өмнө прокурорт үнэнээ хэлж уулзсан. Прокурор мөнгө өгснийг нотлох зүйл байхгүй гэсэн. Мөнгө өгснийг харсан хүн байгаа. Хийг адуу хийхэд байсныг мэдэх гэрчүүд байгаа.” гэв.

 

Прокурор М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “... Яллагдагчийн хувьд бусдын бод малыг хулгайлсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ингэхдээ тухайн үедээ тээврийн хэрэгсэл унаж тууж авчирсан байдал тогтоогддог. Хохирогчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хоёр тооны адууг хулгайлсан асуудал яригддаг. Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн адууг Хан Баянзүрх хайрханы тэнд явж байхад нь мотоциклоор тууж авчирч, бусдад зарж борлуулсан асуудал яригддаг. Адуу нь явган хүн туугаад ирэхээр амьтан биш, бэлчээр дээр байдаг мал. Тухайн адууг тээврийн хэрэгсэл ашиглан тууж авч ирж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан тээврийн хэрэгслийг ашигласан буюу үйлдлийг хөнгөвчлөх, хялбарчлах, түргэвчлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

 

Мөн Ш өмгөөлөгчийн О нь ганцаараа гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгт гэрчээр орсон Хтэй хамтарсан талаар ярьж байна. Хэрэгт авагдсан баримтаар бид нар хэргийн үйл баримтыг тогтоосон. Хийн хувьд тухайн үед Ог адуунд яваад ирье гэж гуйхаар нь хамт сундалж явсан талаар ярьдаг. Ямар нэгэн байдлаар хоёр адууг авахад оролцсон нөхцөл байдлын талаар мэдүүлээгүй. Яагаад энэ хүний мэдүүлгийг үнэлээд байна гэхээр хохирогчийн мэдүүлэг мөн байдаг. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ О нь тухайн үед өөрийн 2 тооны адууг бойлсныг мэдээд Отэй уулзахад О нь манай хоёр адууг хулгайлсан эхний ээлжид 1,500,000 төгрөг төлье, зөрүүнд нь адуу өгье гэж эхнэрийн хамт гуйсан асуудал яригддаг. Мөн адууны төлбөрийг барагдуулахаар дансанд нь мөнгө шилжүүлж байсан нөхцөл байдал Зын мэдүүлэг гэрч Хийн мэдүүлэгтэй таардаг. Мэдүүлэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдох юм бол үнэлж болно гэсэн зарчмын дагуу үнэлсэн. Шүүгдэгчийн хувьд гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч түүний үйлдсэн хэрэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдсон баримт тогтоогдоогүй. Өмгөөлөгч энэ хүсэлтийг прокурортой ярьж байсан гэсэн асуудал яригдаад байна. Үүнтэй холбоотой гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдол өмгөөлөгчийн тайлбарт дурдагдаж байгаа асуудлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлыг  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Хан-Баянзүрх хайрхны орчмоос хохирогч Д.Зын 2,400,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны бод мал буюу 7 настай бүдүүн гүү, 4 настай хязаалан байдсыг мотоцикль ашиглан хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч Д.З /хх-ийн 8-9/, гэрч Л.Х /хх-ийн 100-101/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэрчийн болон яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон ба прокуророос бусдын олон тооны малыг  машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаас “ ...уг 2 адууг өөрийнх нь адуунд нийлсэн байсныг мэдсэн энэ үеэс буюу тохиолдлын нөхцөл байдлаар авсан тул түүнийг машин механизм ашигласан гэж үзэх боломжгүй ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

4. Шүүгдэгч С.О нь хэрэгт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “ ... би ... Сайншанд сумаас урагшаа 20 орчим км зайд байх Хилэнцтэй хөшөөний урд талаас өөрийнхөө болон Н гэх хүний нийт 13 тооны адууг Сайншанд сум руу авч ирэх замдаа жолоочийн овооны ард талаас 2 тооны эргүүлэг тамгатай бүдүүн ногоон гүү, эргүүлэг тамгатай бор хээр байдас замд байхаар нь туугаад явсан ... Хүрлээ манай адууг мэдэхгүй, ... тухайн үед хүйтэн байсан тул миний нуруунд нүүрээ наачихсан л явсан бөгөөд би замдаа адуугаа тууж явахдаа замд таарсан 2 адууг тууж ирсэн талаар ч мэдээгүй” гэж /хх-ийн 83-84, 96-98/ гэж,

 

Гэрч Л.Хээс “ ...С.О манай ажил дээр ирээд манай адуу цасанд уруудчихсан бололтой алга байна, хамт хайлцаад өгөөч гэсний дагуу хамт явсан ... тухайн үед хүйтэн байсан болохоор мотоциклын ард сууж явахдаа олигтой юм харж чадаагүй ... би хулгайн адуу тууж явна гэж мэдээгүй ... О улаан өнгийн мотоцикл унаж байсан”  /хх-ийн 100/ ,

 

Хохирогч Д.Заас “ ... би адуугаа хайж явахдаа Зүүнбаян багийн 25-р зөрлөгт байх Болоожийн О гэх хүнтэй уулзаж асуухад “Нгын адууг толгойдоо баг зүүсэн мотоцикл унасан 2 хүн туугаад явж байсан” гэж ярьсан ... би Н гэх хүн дээр очиж танай адууг ямар хүмүүс туугаад явсан юм гэж асуухад “О манай адууг өчигдөр хөөж авчирсан”  гэсэн.  тус тус мэдүүлсэн ... би шууд О гэгч дээр очоод “чи миний адууг хийсэн байна” гэж хэлэхэд О “ тиймээ би таны 2 адууг хийсэн, би гүүнийх нь 1500.000 төгрөгийг төлье, байдасны оронд Хэнтий аймгаас надад нэг байдас ирнэ, тэрийг танд өгч хохирол барагдуулъя” гэж хэлсэн,  ... үүнээс хойш 7 хоногийн дараа миний дансанд 1000.000 төгрөг шилжүүлж хийсэн” гэж тус тус мэдүүлсэн.

 

Эдгээр мэдүүлгүүдээр хохирогч Д.Зын 2 тооны адуу шүүгдэгч С.Огийн тууж явсан адуунд нийлсэн байсан, түүнийг хамтад нь мотоциклоор туусан гэдэг нь тогтоогдоогүй буюу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу өөрийнх нь адуутай нийлсэн байсан бусдын 2 тооны адуу хамт туугдсан тул гэмт хэрэг үйлдэхдээ мотоциклийг ашиглаагүй гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна.

 

                5. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шаас давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.О нь Л.Хтэй хамт мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн нь мөн дээрх мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна.

 

                Өөрөөр хэлбэл: Гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч С.О, гэрч Л.Х 2 байсан, хэргийг гэрч Л.Х хамтран үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг баримт тогтоогдсонгүй.

 

                Хэргийн талаар нотолж байгаа гол нотлох баримтууд нь гэрч Л.Х, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн өөрийнх нь болон хохирогч Д.З нарын мэдүүлгүүд ба  эдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай нотлох баримтууд юм.

 

                Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх,  өмгөөлөгч С.Шаас гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахыг хүссэн санал нь үндэслэлгүй ба гэмт хэргийг С.О нь бусадтай хамтран үйлдсэн гэдэг үндэслэл ч мөн нотлогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

                6. Мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “ бусдын малыг хулгайлсан бол ... энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, ... машин механизм ашиглаж ... үйлдсэн бол” гэх шинжүүдийг гэмт хэрэгт тооцохоор заасан.

 

   Шүүгдэгч С.Огийн хохирогч Б.Зын хоёр бод буюу 2 тооны адуу хулгайлсан нь олон тооны мал гэдэгт тооцогдох ба гэмт хэргийг үйлдэхдээ мотоцикл ашигласан нь тогтоогдсон байх тул түүнд анхан шатны шүүхээс түүнийг олон тооны мал хулгайлахдаа мотоцикл ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

                7. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол “хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэх”-ээр заасан ялаас анхан шатны шүүх шүүгдэгчид 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн ялыг хөнгөрүүлж 2 жилийн хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт буюу “Шударга ёсны зарчим”-д тохирно гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

                 Энэ нь давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид хохирлын зарим хэсгийг буюу 1000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 1400.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудад  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасан “... хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэнд үндэслэн  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 3 жил, 6 сарын ...” гэснийг,

 

“2 жилийн” гэж,

 

3 дугаар заалтын “... 3 жил 6 сарын ...” гэснийг,

 

“2 жилийн” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Огийн цагдан хоригдсон 46 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   

                                                                                                  А.САЙНТӨГС