Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01045

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01045

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** оршин суух, Х Лгийн Ч,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01060/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Л.Ч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1968 онд Лгийн 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан.

Сургуулиас гараад эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд намайг хөдөлмөрийн насанд хүрсэн жил буюу 1983 онд албан ёсоор малчнаар томилогдож нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал ажиллаж байсан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн, бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.

Иймд Л.Ч миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 6 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Х овогт Лгийн Чы иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай Цалинтай чөлөө олгох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Л овогтой Чы Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан хугацааны буюу 1983 оны 10, 11, 1984 оны 1-8, 1985 оны 1-4, 10, 1986 оны 2, 5, 8, 11-12, 1987 оны 9 дүгээр сар, 1988 оны 1-4, 1990 оны 10, 11-12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбар баримтуудад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Л.Чд БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нээж олгож байсан татварын бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Л овогтой Чд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан Л овогтой Чы авсан цалин хөлсний баримт, 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архиваас гаргасан Л овогтой Чы Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан мэдээлэл, 1995, 1999 оны төрөлтийн түүх зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-9, 16, 24-42, 54-55 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.М, Б.Л нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Л.Чы ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлийн даргын Л.Чд холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар лавлагааг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас Л.Чы ажиллаж байсан хугацааны цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны баримтыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-14, 48-55 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 6 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Ч нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Л.Ч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 6 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлээс Л овогт Чд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон 1983.01.01 3-р бригадад хоньчноор томилов. ... 1982 оны 1-5, 8-9, 1984 оны 1-8, 1983 оны 1-12, 1985 оны 1-12, 1986 оны 1-12, 1987 оны 1-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1989 оны 1-12 сард тус тус ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 7-8, 54-55 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай 2-р бригадын малчин Л.Чд хүүхдээ 6 сартай болтол нь асрах чөлөөг 1983-3-27ноос 1988-6-27 хүртэл хугацаанд олгосугай. гэх бичилт бүхий Цалинтай чөлөө олгох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1989 оны 1 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай МАА-н 2,3,4-р хэсгийн малчдыг 10-р сарын 1-нээс эхлэн хавсралтаар баталж ээлжээр 15 хоног амруулсугай. гэх бичилт бүхий Малчин амруулах тухай тушаалын хавсралтын 36 дугаарт Л.Ч гэх бичилт бүхий тушаал, түүний хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)

Л овогтой Чы ажиллаж байсан хугацааны буюу 1983 оны 10, 11, 1984 оны 1-8, 1985 оны 1-4, 10, 1986 оны 2, 5, 8, 11-12, 1987 оны 9 дүгээр сар, 1988 оны 1-4, 1990 оны 10, 11-12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбар баримтуудад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5, 24-30 дугаар хуудас),

Нэхэмжлэгч Л овогтой Чд БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нээж олгож байсан татварын бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Л овогт Чы ХААТР-1А баримтын 14 дүгээрт ажилладаг байгууллага гэх хэсэгт Алаг-Эрдэнэ сум Хөгжил нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1984, цех, тасаг, бригад гэх хэсэгт далайн тээврийн хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчноор, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1984, оршдог сум, район гэх хэсэгт Алаг-Эрдэнэ гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Гэрч Б.Лын: ... Цуг нэг нутагт нутаглаж, нэгдэлд мал харж байсан. Л.Ч нь ...1983-1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхай гэх газарт мал маллаж байсан . гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Мын: ... 1978 оноос хойш нэг нутагт амьдардаг болсон учраас таньдаг болсон. ... Миний бие далайн морин тээвэрт явдаг байх үед Л.Ч нь 1983 оноос мал маллаж, буудлын галчаар ажилладаг байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Ч нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 6 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х Лгийн Чы Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 6 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН