Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 131

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн

шүүгдэгч М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Дондов овогт Лхамжаргалын Дүгэрсүрэн, Шаргачин овогт Мөнх-Очирын Пүрэвмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002540060 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, дүү нарын хамтаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 6-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ПЭ90052901 дугаартай, Дондов овогт Лхамжаргалын Дүгэрсүрэн.

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамтаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 81-80 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЦ89083164 дугаартай, Шаргачин овогт Мөнх-Очирын Пүрэвмаа.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нар нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” амралтын газарт харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” амралтын газар 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэн амрах явцдаа “Однарангийн найз залуутай унтсан” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан зодолдож М.Пүрэвмаагийн биед нүүр, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл, Л.Дүгэрсүрэнгийн биед тархи доргилт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пүрэвмаагийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Дүгэрсүрэнгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Пүрэвмаагийн хохирогчоор өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг Оюунжаргал, Болормаа, Однаран, Дүгэрсүрэн, тухайн үед ажлын зарын дагуу орж ирсэн байсан Нараа бид зургуулаа “Мэлхий хад” амралтын газарт очсон. Тэндээ ууж, идэж, хөзөр тоглоцгоосон. Орой нь Однаран, Дүгэрсүрэн бид гурвын дунд нэг үл ойлголцох асуудал байсан нь сөхөгдөж гарч ирсэн. Однарангийн найз болох Зол-Эрдэнэ гэх залуу байсан. Тэр залуутай Дүгэрсүрэн хоносон. Тэгээд маргааш нь ажил дээр ирээд Однаранд намайг тэр залуутай хоносон гээд хэлчихсэн байсан. Ажил дээр ирсэн чинь Однаран надад уурлаад дуугарахгүй байсан. Тэгэхээр Дүгэрсүрэнд “яагаад Одко надад уурлаад байгаа юм бэ” гэхэд “тэгээд хая, угаасаа сонин юм байна лээ” гээд өнгөрсөн. Амралтын газарт энэ тухай яриа болсон. Однаран “Дүгэрсүрэн чамайг манай найз залуутай хоносон гэж надад хэлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад ямар ч тийм асуудал байхгүй гэдгээ хэлсэн. Ярилцаад учир нь олдоод ирэхэд Дүгэрсүрэн уурлаж миний нүүрийг маажсан. Тэгээд би өөдөөс нь маажих гэсэн боловч Болормаа намайг татаад арагшаа унахад дахин ирж миний цээж, хүзүү, гарын шууг маажсан сорви нь одоо хүртэл байгаа. Тэгээд би цагдаа дуудаад гомдолтой гэдгээ хэлээд явсан. Тэгээд явж байхдаа Дүгэрсүрэн зургийг он, сар, өдөртэй нь аваад угаалгаад хүлээлгэж өгсөн байгаа. Маргааш нь шүүх эмнэлэг, гоо сайхны эмнэлгээр явахад 3.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Энэ тухай Дүгэрсүрэнд хэлэхэд “надад мөнгө байхгүй, та бид хоёр адилхан ажил хийдэг, адилхан ээж хүмүүс байна ойлгооч” гэж ажлын хүмүүсийн дэргэд хэлж байсан. Тэгэхээр нь би “за тэгвэл хоёулаа гомдолгүй гээд салъя, харин чи миний ажиллаагүй 10 өдрийн түрээс, шүүхийн шатанд гарсан зардал нийлээд 500.000 төгрөг төлчих” гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Тиймээс одоо Дүгэрсүрэнгээс энэ мөнгийг авахгүй гомдолгүй гээд салахыг хүсэж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Дүгэрсүрэнгийн хохирогчоор өгсөн: “Пүрэвмаа бид хоёр урьд нь “Билэг” салонд хамт ажилладаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Однаран, Оюунжаргал, Болормаа, Пүрэвмаа нартай Тэрэлжийн “Мэлхий хад” амралтын газар луу хамт явцгаасан. Пүрэвмаа бид хоёр үл ойлголцлоос болж маргалдсан. Однаран, Пүрэвмаа нар хоорондоо найзууд. Тухайн үед тэр хоёр хоорондоо дуугарахгүй байсан учир нь намайг дунд нь яс хаясан гэж бодсон юм байна лээ. Однаран, Пүрэвмаа бид гурав юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдсан. Хэн, хэн нь өөрсдийгөө хамгаалах гэж хохирол учруулсан. Би тухайн үед гомдоод, уйлаад явчихсан. Пүрэвмаа цагдаа дуудаад миний араас Налайх дүүргийн цагдаагийн машинтай ирээд хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунжаргалын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний ажилладаг “Билэг” салоны хамт олон Тэрэлж рүү салхинд гарахаар 12 цагийн үед Улаанбаатар хотоос гараад замаараа дэлгүүр орж идэж уух юм цуглуулаад 16 цагийн үед болов уу “Мэлхий хад” нэртэй амралтын газар очоод хоол ундаа хийж идээд бөөнөөрөө сууцгаагаад юм ярингаа авч очсон 1,75 литрийн Соёрхол нэртэй архиа хувааж ууж дуусгаад сууцгааж байтал 22 цагийн үед байх цаг хугацаа хараагүй болохоор сайн мэдэхгүй байна би баруун орон дээр Болормаа эгчтэй юм яриад сууж байхад Дүгэрсүрэн, Однаран, Пүрэвмаа 3 хоорондоо хоймрын орон дээр юм яриад сууж байснаа Дүгэрсүрэн босч ирээд Пүрэвмаатай зуурч аваад хоёулаа газар ноцолдоод унахаар нь бид нар босч очоод Однаран Дүгэрсүрэнгийн араас татаад Болормаа эгч голоор нь ороод Пүрэвмааг татаж босгоод орон дээр хэвтээд бид нар Дүгэрсүрэнг татаж салгахад Дүгэрсүрэн шууд уйлаад гараад явчихсан. Пүрэвмаа орон дээрээ суусан ба хартал нүүр нь маажигдсан байсан. Ингээд л шууд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Однарангийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын хамт олон салхинд гарахаар болоод Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэлхий хад” нэртэй амралтын газар очиж амрасан юм. Бид нар 12 цагийн үед ажлаасаа гараад Болормаа эгч, Пүрэвмаа, Дүгэрсүрэн, Оюунгэрэл жинхэн нэрийг нь мэдэхгүй байна шинээр ажилд ороод удаагүй байж байгаад одоо гарчихсан Нараа гэх эмэгтэй бид зургуулаа явсан ба замаараа хоол хүнсний юм цуглуулаад 14 цагийн үед амралтын газар очоод хоол ундаа хийж идээд авч очсон нэг шил нэг литрийн Соёрхол нэртэй архиа задлаад уугаад дуусч байхад Дүгэрсүрэн, Пүрэвмаа нар хоорондоо урьд өмнө нь бид 3 хамт гарч шоудахад манай найз залуу ирээд хамт суусан юм. Ингээд миний бие түрүүлээд гэр рүүгээ явчихсан. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирэхэд Дүгэрсүрэн надад Пүрэвмааг танай найз залуу дарж аваад унтсан гэж хэлсэн гэхээр нь би Пүрэвмаад уурлаад тэр өдрөөс хойш огт юм ярихаа больчихсон юм. Тэгтэл амралтан дээр Пүрэвмаа надад Дүгэрсүрэн танай найз залуутай хамтдаа буудалд хоночихсон гэдгийг хэлсэн юм. Энэ асуудлыг хоорондоо яриад маргалдаад байх шиг байсан ба Дүгэрсүрэнг Пүрэвмаа “чи Однарангийн найз залуутай унтчихаад одоо юу яриад байгаа юм” гээд маргалдаад бие биеийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод маргалдаж байтал Дүгэрсүрэн босч ирээд Пүрэвмааг сууж байхад нь шууд нүүрийг нь маажсан. Тэгэхэд Пүрэвмаа босч ирээд хоорондоо зууралдаад бид нар салгах гэтэл Пүрэвмаа газар унаад Дүгэрсүрэн дээрээс нь дарчихсан байхаар нь би Дүгэрсүрэнгийн ардаас салгах гээд татахад салахгүй байсан ба манай хэд Пүрэвмааг татаад тэр 2-ын голоор ороод салгасан. Ингээд Дүгэрсүрэн гараад явсан Пүрэвмаа уйлаап орон дээр суусан ба миний бие Пүрэвмаагийн нүүрийг харахад маажигдаад зулгарчихсан байсан. Ингээд л цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Болормаагийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай хамт олон салхинд гарахаар болоод тухайн өдөр 13 цагийн үед хөдөлсөн ба Пүрэвмаа, Дүгэрсүрэн, Оюунжаргал, Однаран, Наранчимэг миний бие ингээд  зургуулаа явсан. 15 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Мэлхий хад” нэртэй амралтын газар очоод хоолоо хийж идээд авч очсон 2 уил 1,75 литрийн Соёрхол нэртэй архиныхаа 1 шилийг нь ууж дуусгаад  дараагийн шил архиа дөнгөж задлаад  сууцгааж байтал Дүгэрсүрэн, Пүрэвмаа 2 хоорондоо маргалдаад бие биеэ үгээр идээд байсан ба хоорондоо урьд өмнө нь болсон асуудлаа яриад байх шиг байсан. Тухай үед ярьж байсан ярианаас нь ойлгоход бол нэг залуу яриад хамт шоудаад янз бүрийн асуудал болсон болоогүй гээд маргасан. Ингээд бид нар маргааныг намжаахаар ширээний 2 талд суулгахад ахиад л тэр асуудлаа яриад нэг нэгийгээ гичийгээр нь дуудаж байснаа хоёулаа боссод бие биерүүгээ дөхөж очоод хоёулаа зэрэг бие биенийхээ үснээс зулгаагаад тавихгүй бид нар салгах гээд голоор нь ороод хоёуланг нь хоёр тийш ь татаж салгаад би Пүрэвмааг дараад шууд орон дээр хэвтэхэд бужигналдаж байтал гэнэтхэн Пүрэвмаа “хүүе миний нүүрийг маажлаа” гэхээр нь нүүр рүү нь хартал Пүрэвмаа “та намайг дарж байхад чинь Дүгэрсүрэн маажчихлаа” гэхэр нь босоод өндийхөд Дүгэрсүрэнг араас нь Наранчимэг, Однаран нар нуруунаас нь хойш татаад холдуулж байсан. Тэгээд хоёуланг нь 2 талд суулгаад тайвшруулаад байж байтал Пүрэвмаа нүүрээ толинд хараад “маажаад аймаар болчихож цагдаа дуудна” гээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-22 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №502 дугаар:

  1. Л.Дүгэрсүрэнгийн биед тархи доргилт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №501 дүгээр:

  1. М.Пүрэвмаагийн биед нүүр, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 33-34 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 51, 66 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 53, 67 дугаар тал/

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд М.Пүрэвмаа нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 524,400 төгрөгийн баримт гаргаж өгсөн ч шүүхийн хэлэлцүүлэгт “...одоо Дүгэрсүрэнгээс энэ мөнгийг авахгүй гомдолгүй гээд салахыг хүсэж байна...” гэж мэдүүлснийг үндэслэн тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дондов овогт Лхамжаргалын Дүгэрсүрэн, Шаргачин овогт Мөнх-Очирын Пүрэвмаа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Дүгэрсүрэн, М.Пүрэвмаа нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Дүгэрсүрэн, М.Пүрэвмаа нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ