Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0601/З |
Дугаар | 128/ШШ2024/0264 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0264
2024 03 25 | 128/ШШ2024/0264 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХК,
Хариуцагч: Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал Тэргүүлэх аудитор Ц.На, аудитын менежер С.Н, “Г” ХХК-ийн захирал Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ..., ... тоот “Төлбөр барагдуулах тухай” актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, Х.Э, Д.О, Б.С, хариуцагч Санхүү-Нийцлийн аудитын газрын Аудитын менежер С.Н, хариуцагч “Г” ХХК-ийн захирал Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1 Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудит хийх байгууллагын жагсаалт, аудит хийх хэлбэр батлах тухай” А/75 дугаар тушаалын хавсралтын 64-т “Э” ХК тусгагдсан ба гэрээгээр хийлгэхээр заажээ[1].
1.2 Үүний дагуу “Г Аудит” ХХК-тай ҮАГ/АА-2022-223, ЭТТ-2022/868 дугаартай “Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулж[2], 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Э” ХК-д хийх санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал Ц.На баталсан байна[3].
1.3 “Э” ХК-ийн 2022 оны Санхүүгийн тайланд аудит хийж 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сөрөг дүгнэлт бүхий тайлан гарч, ..., ... дугаар “Төлбөр барагдуулах тухай” Акт, “Зөрчил арилгах тухай” 10-н “Албан шаардлага”-ийг “Э” ХХК-д хүргүүлжээ[4].
1.4 Дээрх “Төлбөр барагдуулах тухай” актуудыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “Э” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газрын дарга, Монгол улсын Ерөнхий аудитор Д.Зад хандан гомдол хүргүүлсэн байна[5].
1.5 Үндэсний аудитын газрын 2023 оны 06 дугар сарын 05-ны өдрийн 02/1129 дугаар албан бичгээр “...танай гомдлыг хүлээж авах боломжгүйг үүгээр хүргүүлж байна...” гэх хариуг ирүүлсэн[6].
1.6 Улмаар “Э” ХК-иас, “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ..., ... тоот “Төлбөр барагдуулах тухай” актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ: “Үндэсний аудитын газраас "Э" ХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийх талаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 07/1679 тоот албан бичгээр мэдэгдсэн.
Улмаар Үндэсний аудитын газрын захиалгаар "Г аудит" ХХК нь "Э" ХК-ийн 2022 оны санхүүгийн тайлангийн аудитын ажлыг гүйцэтгэхээр ҮАГ/АА-2022-223, ЭТТ-2022/868 тоот гэрээ байгуулан, аудитыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/686 тоот албан бичгээр сөрөг дүгнэлт бүхий тайланг ирүүлсэн.
Санхүүгийн аудитын сөрөг дүгнэлт бүхий тайлангаар төлбөр барагдуулах тухай 2 акт, зөрчил арилгуулах тухай 10 албан шаардлагыг компанид өгсөн.
"Э" ХК нь 2 төлбөрийн актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторт 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 01/701 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/1129 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлснийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан боловч гомдлыг хүлээн аваагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар акт, албан шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нэг. Төлбөр барагдуулах актын Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Үндэсний аудитын газраас "Э" ХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, сөрөг дүгнэлт гаргаж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах тухай 197/401504058 тоот актаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасныг зөрчиж, арван есөн харилцагчид хэвлэл мэдээллийн зардалд 19,450,000 төгрөг олгосныг зөрчил гэж үзэн, уг мөнгөн дүнг Төрийн сан дахь Үндэсний аудитын газрын шалгалтын орлогын дансанд 2023.09.01-ний өдрийн дотор төлөхийг "Э" ХК-д даалгасныг зөвшөөрөхгүй.
1.1. Үндэсний аудитын газар төлбөрийн акт тогтоох хууль зүйн үндэслэлийг Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3-т тодорхой заасан байна.
Гэтэл аудитор төлбөрийн акт тогтоохдоо "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.1-4.2.3.8 дахь заалтын аль заалтыг зөрчсөн талаар дурдаагүй, актын үндэслэлээ болгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1-д "Хуульд үндэслэх", 4.2.5-д "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл журмын 4.2.3.1-4.2.3.8-д заасан аль нэг /хэд хэдэн/ заалтыг зөрчсөн нь төлбөрийн акт тогтоох үндэслэл болохыг журамласан боловч холбогдох заалтыг баримтлахгүйгээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй.
1.2 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно" гэж, 15.1.4-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх"-ийг төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдэд хориглосон.
Тодруулбал, төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдэд хамааралтай болохоос төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарахгүй. "Э" ХК нь төрийн өмчит хуулийн этгээд биш болох нь илэрхий байхад үндэслэлгүйгээр акт тогтоосон. Тухайлбал,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд "Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ", Төрийн өмчит хуулийн этгээдийг 1) Төрийн байгууллага, албан газар, 2) Төрийн өмчит үйлдвэрийн газар, 3) Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг гэж ангилан тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлд төрийн өмчит үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоот болон улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилсан. "Э" ХК нь аж ахуйн тооцоот болон улсын төсөвт үйлдвэрийн газрын алинд ч хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.8-д зааснаар хаалттай хувьцаат компани бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д "Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ" гэж хуулийн этгээдийн хэлбэр, эрх зүйн байдлыг ялгамжтай хуульчилсан. Өөрөөр хэлбэл Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хориглолт "Э" ХК-д үйлчлэхгүй. Дээрх нөхцөл байдлын талаар тодорхой тайлбарласан боловч хүлээн авалгүй, "Э" ХК-ийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, түүнээс үүдэн хуулийн хориглосон заалтад хамаарах төрийн өмчит компани хэмнэлтийн хуулийг зөрчсөн, тэрхүү зөрчлийг илрүүлсэн мэтээр төлбөрийн акт тогтоож, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байх тул хууль бусаар тавьсан төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү.
Хоёр. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд.
Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 196/401504058 тоот актаар "гэрээт олборлогч компаниуд 2022 оны 1-10 дугаар сарын хооронд урьдчилан тооцоолсон хэмжээгээр уулын ажлаа хийгээгүй, төлбөрийн зарим хэсгийг мөнгөөр төлсөн зэргээс шалтгаалан тохиролцсон хэмжээнээс багаар нүүрс нийлүүлсэн ба олборлолтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлтийн зөрүүг тооцоход 2.7 сая ам.доллар буюу 9,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг илүү олгосон" нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.2.3, 20.2.6-д заасантай нийцээгүй гэж үзэн, 9,3 тэрбум төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Төрийн сан дахь Үндэсний аудитын газрын аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэхийг даалгасан.
Дээрхээс үзвэл нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, мөн худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж баримтжуулах ажлыг зохион байгуулах үүргийг зөрчсөн гэж үзжээ.
Нөхцөл байдлын хувьд: Компанийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд баримтлах 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №2/14 тоот удирдамжийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад ирүүлсэн.
Улмаар Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан эрх хэмжээний хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот, "Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тухай" 22 тоот тогтоолыг гаргаж, тухайн үед үүсээд байсан нөхцөл байдалтай холбоотой Т-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хангах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах талаар УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас бодлогын хүрээнд баримтлах удирдамжийг ирүүлсэн. Улмаар тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд "Нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах тухай удирдамж"-ийг баталсан.
Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс тухайн үед компанийн мөнгөн урсгалын хүрэлцээгүй байдалтай холбоотой Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтоол, олгосон эрхийн хүрээнд нэр бүхий гэрээт олборлогч компаниудтай уулын ажлын хөлсийг нүүрсээр төлж барагдуулах гэрээг байгуулсан байдаг. байгуулахад компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан
Гэрээ удирдамжийн хүрээнд гэрээний дагуу гүйцэтгэх олборлолтын ажлын нийт үнийн дүнд үндэслэн нүүрсний үнэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн байдаг ба уг хөнгөлөлтийн хэмжээ нь нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл зарим компаниуд гэрээнд заасан үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний нүүрсийг аваагүйгээс шалтгаалж нүүрсний үнийн хөнгөлөлтийг тооцоход "тухайн гэрээнүүдийн гүйцэтгэлд ногдох хэмжээгээр үнийн хөнгөлөлтийг тооцох нь зөв байсан, үнийн хөнгөлөлтийг гэрээний нийт үнийн дүнд үндэслэн тооцох нь буруу гэдэг байдлаар акт тогтоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:
1. Талуудын гэрээний чөлөөт байдлын зарчим болоод Монгол Улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын чиглэлийн дагуу хэрэгжүүлж буй ажиллагааг харгалзах,
2. Хийгдэж байгаа болон хийгдсэн ажлын талаар бус, ирээдүйд хийгдэх ажлын талаар урьдчилж гэрээний нөхцөл буюу үнэ, түүнд тохирох хувь хэмжээгээр нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тохиролцож байгаа,
3. Тухайн гэрээнүүд байгуулагдаж байх цаг үед зарим гэрээнүүд дутуу хэрэгжинэ гэдгийг урьдчилан тооцоолох боломжгүй бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлэх нөхцөлийг гэрээгээр баталгаажуулсан.
4. Компани тухайн үед мөнгөн урсгалын хүрэлцээгүй байдлаас шалтгаалж уулын ажлуудын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээг байгуулсан байсан ба Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын хүрээнд компанийн нүүрсний борлуулалт сайжирч, компанийн мөнгөн урсгал хэвийн болж, уулын ажлын төлбөрийг бэлэн мөнгөөр төлж, гүйцэтгэлийг хаасан бөгөөд 15.4 сая ам долларын хэмнэлт хийсэн.
5. 2021-2022 онд Монгол Улсад болоод дэлхий дахинаа ковид-19 цар тахлын улмаас хөл тогтоогдож, хил гааль хаагдсан зэрэг үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээт олборлогчид уулын ажлаа хийгээгүй, тохиролцсон хэмжээнээс бага нүүрс нийлүүлсэн, түүнчлэн нүүрсний чанар, үзүүлэлт хангалтгүй байсан зэрэг гэрээний талуудаас үл хамаарах шалтгаанаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Нөгөөтээгүүр Аудиторын зүгээс акт тогтоох зөрчил илэрсэн гэж үзсэн тохиолдолд "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.1-4.2.3.8- д заасан аль үндэслэлд хамааруулан акт тогтоож байгаа, мөн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан "төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа", "төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах", "нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалах"-тай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актыг хэрхэн зөрчсөн талаар үндэслэлээ тодорхой тусгаагүй байх тул акт хуульд үндэслэсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн талууд гэрээгээр тохиролцсон асуудлын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх
асуудлыг шийдвэрлэсэн. Гэрээнд ажлын гүйцэтгэлд үндэслэн хөнгөлөлтийн хувь хэмжээг олгох асуудал тусгагдаагүй, гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлсэн байхад гүйцэтгэлд үндэслэхийг ямар хууль тогтоомжийн хүрээнд шаардагдсан, тэр нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчигдсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн удирдах зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй тохиолдолд гэрээ, тогтоол зэрэг анхан шатны баримтыг бүрдүүлэн нягтлан бодох бүртгэлд тусган гэрээнд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлсэн нь зөрчил биш, харин аудиторын үзсэнчлэн уулын ажлыг хийсэн эсэх, гүйцэтгэлд үндэслэн гэрээгээр тохиролцсон хөнгөлөлтийн хувь хэмжээг ихэсгэх, багасгах нь өөрөө зөрчил болох бөгөөд санхүүгийн хувьд гүйцэтгэгч компанид төлбөр болоод алдангийн хамт төлөх эрсдэлд оруулах нөхцөл байдал юм.
Иймд төлбөр барагдуулах тухай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт болохын хувьд хууль тогтоомжийн хориглосон /диспозиц/ заалтыг зөрчсөн байхыг шаардах бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, алдаа дутагдал байсан гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй, аудиторын зөрчил гэж үзэж төлбөрийн акт тогтоосон хууль зүйн үндэслэл, тооцоолол тодорхойгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиудад заасан "хуульд дээдлэх", "хуульд үндэслэх" зарчмыг зөрчиж гарсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Төлбөр барагдуулах тухай 196/A01504058, 197/A01504058 тоот актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Үндэсний аудитын гарын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.На бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Э" ХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 196/A01504058, 197/A01504058 тоот төлбөр барагдуулах актыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах тухайд:
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарах бөгөөд хуулийн 3.1.4 дэх хэсэгт "банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан гэж тодорхойлсон. Гэтэл "Э" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" захиргааны шийдвэр гаргахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэл болгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлийн субъект мөн гэж үзэхээр байна.
Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн дагуу төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.8 дах хэсэгт өрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэсэн заалтыг үндэслэж төлбөр барагдуулах акт тогтоосон.
Хоёр. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн тухайд:
Олборлолтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлтийн зөрүүг тооцоход 2.7 сая ам.доллар буюу 9,378,697,673.85 /есөн тэрбум гурван зуун далан найман сая зургаан зуун ерэн долоон мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийн зөрүү гарсан.
"Э" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн "Нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах тухай" 21 тоот тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт нүүрсний үнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааруулан 4-12 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр заажээ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 5.0-7.5 сая ам доллар хүртэл төлбөл 4%, 7.5-10.0 сая ам.доллар хүртэл төлбөл 5%, 10.0-15.0 сая ам.доллар хүртэл төлбөл 6%, 15.0-20.0 сая ам.доллар хүртэл төлбөл 7%, 20.0-50.0 сая ам.доллар хүртэл төлбөл 8%, 50.0-100.0 сая ам.доллар хүртэл төлбөл 10%, 100.0 сая ам.доллар буюу түүнээс дээш төлбөл 12% хөнгөлөлт үзүүлэхээр заасан.
Гэтэл нэхэмжлэгч хөнгөлөлт тооцох дүнг гүйцэтгэлээр бус уулын ажлын төлөвлөгөөнд заасан дүнгээс хөнгөлөлтийг тооцсон нь их хэмжээний зөрүү гарах үндэслэл болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2 Хариуцагч Үндэсний аудитын гарын Санхүү-нийцлийн аудитын менежер С.Н бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Э" ХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ..., ... тоот төлбөр барагдуулах актыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах тухайд:
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарах бөгөөд хуулийн 3.1.4 дэх хэсэгт «Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хулийн этгээд, түүний албан тушаалтан" гэж тодорхойлсон. Гэтэл "Э" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" захиргааны шийдвэр гаргахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэл болгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлийн субъект мөн гэж үзэхээр байна.
Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн дагуу төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.8 дах хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно" гэсэн заалтыг үндэслэж төлбөр барагдуулах акт тогтоосон.
Хоёр. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн тухайд:
Олборлолтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлтийн зөрүүг тооцоход 2.7 сая ам.доллар буюу 9,378,697,673.85 /есөн тэрбум гурван дун далан найман сая зургаан зуун ерэн долоон мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийн зөрүү гарсан.
"Э" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн "Нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах тухай" 21 тоот тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт нүүрсний үнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааруулан 4-12 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр заажээ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 5.0-7.5 сая ам.доллар хүртэл төлбөл 4%, 7.5-10.0 сая ам.доллар хүртэл толбол 5%. 10.0-15.0 сая ам.доллар хүртэл төлбөл 6%, 15.0-20.0 сая ам.доллар хүртэл төлбөл 7%, 20.0- 50.0 сая ам.доллар хүртэл төлбөл 8%, 50.0-100.0 сая ам.доллар хүртэл төлбөл 10%, 100.0 сая ам доллар буюу түүнээс дээш төлбөл 12% хөнгөлөлт үзүүлэхээр заасан.
Гэтэл нэхэмжлэгч хөнгөлөлт тооцох дүнг гүйцэтгэлээр бус уулын ажлын төлөвлөгөөнд заасан дүнгээс хөнгөлөлтийг тооцсон нь их хэмжээний зөрүү гарах үндэслэл болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.3 Хариуцагч “Г” ХХК-ийн захирал Б.Б бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “"Э" ХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 196/A01504058, 197/401504058 тоот төлбөр барагдуулах актыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч "Г аудит" ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах тухайд:
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарах бөгөөд хуулийн 3.1.4 дэх хэсэгт "банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан" гэж тодорхойлсон. Гэтэл "Э" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" захиргааны шийдвэр гаргахдаа "... Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх заалт...."-ыг тус тус үндэслэл болгосон нь Төрийн хэмнэлтийн хуулийн үйлчлэлийн субъект мөн гэдэг нь тогтоогдож байна.
Хоёр. Санхүүгийн тайлангийн аудит хийх бүрэн эрхтэй тухайд:
Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн тайлангийн аудитыг Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд хийх эрхтэй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зорчсон бол төлбөрийн акт тогтооно" гэж заасны дагуу төлбөр барагдуулах акт тогтоосон.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.8 дах хэсэгт зааснаар төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн гэж заасан тул Төрийн аудитын тухай хуулийн зүйл, заалтыг үндэслэж төлбөр барагдуулах акт тогтоосон.
Гурав. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн тухайд Олборлолтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлтийн зөрүүг тооцоход 2.7 сая ам.доллар буюу 9.378.697.673.85 /есөн тэрбум гурван зуун далан найман сая зургаан зуун ерөн долоон мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийн зөрүү гарсан. Энэ нь "Э" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн "Нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах тухай" 21 тоот тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт нүүрсний үнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааруулан 4-12 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр заажээ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 5.0-7.5 сая ам.доллар хүртэл төлбөл 4%, 7.5-10 сая ам.доллар хүртэл төлбөл 5%, 10-15 сая ам.доллар хүртэл төлбөл 6%, 15-20 сая ам.доллар хүртэл төлбөл 7%, 20-50 сая ам.доллар хүртэл төлбөл 8%, 50-100 сая ам.доллар хүртэл төлбөл 10%, 100 сая ам.доллар буюу түүнээс дээш төлбөл 12% хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч хөнгөлөлт тооцох дүнг гүйцэтгэлээр бус уулын ажлын төлөвлөгөөнд заасан дүнгээс хөнгөлөлтийн хувийг 6 хувь гэж тооцсон нь их хэмжээний зөрүү гарах үндэслэл болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.2. “Э” ХК нь Т нүүрсний ордод хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Монгол дахь хамгийн том төрийн өмчит буюу “төрийн оролцоотой” уул уурхайн компани болохын хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “…төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан…” энэ хуульд заасан хориглосон зохицуулалт нэхэмжлэгч компанид хамаарна гэж үзлээ.
4.3.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компани хөрөнгө, мөнгийг зориулалт бусаар зарцуулах тохиолдолд төлбөрийн акт тавих эрх хариуцагчид байна.
4.4. Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... хувьд нэхэмжлэгч Э ХК нь 2022 онд нийт 94 гэрээ нь зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх бөгөөд үнээс хариуцагч 3 зар сурталчилгааны гэрээ[7] байгуулсан үйлдлийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан “…Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх; хориглосон заалтыг зөрчсөн хэмээн акт тавьсан.
4.5.Учир нь нэхэмжлэгч компаниас энэхүү акттай холбогдох анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй буюу Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан “төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн тэдгээр гэрээнүүд нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дагаж мөрдөгдсөнөөс хойш байгуулагдсан зэргийг үндэслэл болгожээ.
4.6.Үүнээс үзвэл зөрчил гаргасан нэхэмжлэгчид ... тоот захиргааны актаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах зүйд нийцнэ гэж шүүх үзлээ.
4.7. Харин Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... хувьд хэрэгт авагдсан баримтаас үзвэл Э ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 21/14 дугаар Э ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд баримтлах удирдамжийг баталж[8], мөн өдрөө нэхэмжлэгч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад хүргүүлсэн байна[9].
4.8.Улмаар Э ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “...урьдчилгаа төлбөрөөс хамаарсан үнийн хөнгөлөлт үзүүлэх, урьдчилгаа төлбөр төвлөрүүлэх “Нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах удирдамж”-ийг баталжээ[10].
4.9.Энэхүү удирдамжийн 4-т Урьдчилгаа төлбөрөөс хамаарсан үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд Нүүрсний үнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааруулан 4-12 % -иар хөнгөлөхөөр тооцжээ[11].
4.10.Гэтэл нэхэмжлэгч Э ХК нэр бүхий 5 компанитай[12] уурхайн уулын ажлын буюу хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил, хөрс хуулалт, ашигт малтмал ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр “ажил гүйцэтгэх гэрээ”, “Нүүрс худалдах худалдан авах гэрээ” байгуулан, төлбөрийг нүүрсээр төлөхөөр тохиролцжээ[13].
4.11.Хариуцагчийн зүгээс энэхүү үйлдлийг буруутгаагүй боловч төлбөрийг төлөхдөө дээрх удирдамжид заасан үнийн хөнгөлөлт үзүүлснийг эс зөвшөөрч маргаан бүхий актыг тавьсан.
4.12.Ингэхдээ гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж нөөц бүрдүүлэх, валютын эргэлтийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн удирдамжид заасан зорилготой нийцээгүй үйл ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлтэй байна.
4.13.Хэдийгээр тухайн цаг хугацаанд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай, улмаар нүүрсний экспорт багассан байсан хэдий ч нэхэмжлэгч компаний хувьд Э ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолд заасан үнийн хөнгөлөлтийг эдлүүлэх ёсгүй байсан.
4.14.Үүнээс үзвэл Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцсэн байх тул уг актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
4.15.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Э” ХК-иас, Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.На, аудитын менежер С.Н, “Г” ХХК-ийн захирал Б.Б нарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ..., ... тоот “Төлбөр барагдуулах тухай” актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1 хавтаст хэргийн 129-130 хуудас
[2] 1хавтаст хэргийн 131-142 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 143-153 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 154-200 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 17-18 хуудас
[6] 1 хавтас хэргийн 19 хуудас
[7] 2 Хавтас хэргийн 235, 137-202 хуудас
[8] 1 Хавтас хэргийн 20 хуудас
[9] 1 Хавтас хэргийн 20 хуудас
[10] 1 Хавтас хэргийн 22-25 хуудас
[11] 1 Хавтас хэргийн 24 хуудас
[12] 1 Хавтас хэргийн 105 хуудас
[13] 3 Хавтас хэргийн 54-241 хуудас