Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2022/ДШМ/44

 

 

 

          Э.Б-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгч                                                         Э.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ба нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Бод холбогдох 2212000660181 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж тэнссэнийг сэргээж уг ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг цагаатгасан, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 62а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 18 хоногийн хорих ялаас заримыг буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байгаа, Э.Б

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Нийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч Н.М-ийн нүүрэн тус газар тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь тархины цүлхэн хагарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Э.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Э.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун  тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар  хорих ялыг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 28 /хорин найм/ хоногийн ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл мөн 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хохирогч Э.М, хохирогч Ч.Н нар нь хохирлын баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Э.Б би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 268 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би н.Н болон н.М нарыг зодож цохиж, биед нь гэмтэл учруулаагүй. Н.Нийг хамар руу нь н.Ш цохиж гэмтэл учруулсан. Түүнийг н.М, н.Г, н.Ш-ийн найз охин Б /нэрийг нь мэдэхгүй/, н.С нар мэднэ. Эдгээр гэрч нарыг асуулгах хүсэлт тавьсан боловч одоог хүртэл шийдээгүй. Би н.Мд гар хүрээгүй. Энэ талаар цуг байсан н.Шинэхүү мэдэж байгаа. Харин н.Н намайг түлхсэн гэж худлаа мэдүүлсэн байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянан үзэж, миний ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орших өөрийн гэртээ хохирогч болох Ч.Нийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хохирогч Н.М-ийн нүүрэн тус газар тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвээс хоёр ч удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Мд учирсан “тархины баруун талын арын холбогч артерийн судасны цүлхэн хагарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт” гэмтлийг “нэг болон олон тоотой байж болох судасны гаж өөрчлөлт буюу өвчин юм” гэж дүгнэсэн байна.

Хэрвээ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.М-ийн биед учирсан гэмтэл нь өвчин юм бол шүүгдэгч Э.Бын үйлдэлтэй холбоогүй бөгөөд эдгээрийн хооронд шалтгаант холбоогүй юм.

Мөн хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нар болох гэрч Т.Г /хх-70/, М.М /хх-74/, хохирогч н.Н /хх-105, 106/ нарын мэдүүлгүүд хоорондоо үг, үсгийн зөрөөгүй, нэгийг нөгөөгөөс нь хуулбарлан хувилсан шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан аливаа баримт мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байх нь чухал бөгөөд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцдоггүй төдийгүй мөн хуулийн 4 дэх хэсэгт “хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэж заажээ.

Өмгөөлөгч миний хувьд энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч нарын болон хохирогчийн мэдүүлгүүд нь хууль зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй, нотолгооны чадвараа алдаж байх тул нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх “хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон” нь буруу байх төдийгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Э.Б нь хохирогч Ч.Нийг цохиж гэмтээгээгүй. Ч.Нт учирсан гэмтлийн талаар хоёр хоногийн өмнө Цэнхэр суманд хохирогч Ч.Нийг С.Ш цохисон, хамар нь гэмтсэн талаар тухайн үед байсан гэрчүүд мэдэх талаар мэдүүлсэн, мөрдөгч, прокурор нарт энэ талаар гомдол хүсэлт гаргаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

Иймд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгч Э.Бод ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ба шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмгөөлөгчийн хувьд өмнөх тайлбараа дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна.  Шинжээчийн дүгнэлтээр Н.М-ийн биед учирсан гэмтлийг өвчин гэж тодорхойлсон. Мөн Э.Б нь Н.М-ийг зодож цохисон асуудал ерөөсөө байхгүй. Энэ талаар хажууд нь ухаан санаа нь эрүүл байсан н.Ш бас хэлдэг. Хэн ч цохиж зодоогүй бөгөөд цус харваж өмдөндөө баагаад гэрт нь хүргэж өгсөн асуудал яригддаг. Э.Б нь тухайн үед цаг зүүсэн байсан. Эдгээр хүмүүс хоорондоо архидаад миний цагийг солиулах гээд байна гэж цагдаа дууддаг. Цагдаа ирээд  н.Н, н.Ш хоёр явдаг. Харин Ш, Э.Б хоёрын дунд чамаас болж би цагаа солиулах гээд байна, чи яв гээд явахгүй болохоор нь эгчийгээ гарч дуудаад явуулсан асуудал болдог. Ижил төстэй хуулбар хувь гэвэл өөр юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийг гэрчээр асуусан мэдүүлэг буюу 105-106, мөн 47-48 дугаар хуудсанд авсан мэдүүлгийг хуулж тавьсан. Энэ мэдүүлэгт ижил төстэй зүйл байхгүй, үг өгүүлбэр, үсгийн алдааны хувьд хуулбарласан нь харагдаж байгаа. Мөн 2 гэрчийн мэдүүлгийг хуулж тавьсан. Үүнийг ижил төстэй гэж ойлгож болохгүй. Н.М-ийн биед учруулсан гэмтэлд Э.Б нь хамааралгүй бөгөөд тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байхгүй өвчин юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ба нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б нь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Нийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч Н.М-ийн нүүрэн тус газар тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь тархины цүлхэн хагарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хэргүүдийг  тус тус үйлдсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар  хорих ял, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 28 /хорин найм/ хоногийн ял дээр нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

 

            Шүүгдэгч Э.Бод оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар,  хувийн байдалд тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч Э.М, хохирогч Ч.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Харин шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон хоногийг тооцохдоо Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, мөрдөгчийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн тогтоолоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг орхигдуулсан байх тул үүнийг зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б “Н, М нарыг зодож, гэмтэл учруулаагүй, миний ялыг багасгаж өгнө үү”   гэсэн үндэслэлээр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ба “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэсэн үндэслэлээр тус тус давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх эрүүгийн 2212000660181 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж үнэлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Э.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Нийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын т-ийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч Н.М-ийн нүүрэн тус газар тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь тархины цүлхэн хагарал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бод холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

            Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “57 /тавин долоо/ хоногийг” гэснийг “60 /жар/ хоногийг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА