Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Баянгол дүүрэг, 8 дугаар хороо,   тоот хаягт оршин суух Д О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,   тоот хаягт оршин суух Г У /РД: /-д холбогдох,

 3,260,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Уд холбогдуулан 3,260,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Миний бие 2023 оны 12 сарын 15-ны өдөр Г  Утай 99 караокед байрлах гал тогоог түрээслүүлэх гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг 1 сарын 1,800,000 төгрөг байхаар гэрээ хийсэн болно. Эхний 2 сарын төлбөрийг цугт нь авахаар гэрээ хийсэн. 3,600,000 төгрөг авахаар болсон ба 2024.12.16-ны өдөр 2,500,000 төгрөгийн миний өөрийн Хаан банкны данс руу хийсэн ба үлдэгдэл болох 1,100,000 төгрөг өгөөгүй болно. Г.Утай хийсэн гэрээнд хэрэглээний зардлаа сар сард нь төлөхөөр байсан ба хэрэглээний зардал болох 1 сар, 2 сар мөнгөө төлөөгүй зугтаасан болно. 1 сарын хэрэглээний төлбөр тогны мөнгө 900,000 төгрөг, дулааны 120,000 төгрөг, усны мөнгө 100,000 төгрөг, 2 сарны тогны мөнгө 600,000 төгрөг, дулааны 120,000 төгрөг, усны 100,000 төгрөгөө төлөөгүй зугтааж миний утсыг залгахаар ерөөсөө авахгүй байгаа ба фейсбүүкээр залгахаар бас ерөөсөө авахгүй. Мессеж бичихээр хариу өгөхгүй алга болсон ба Ганболдын Уас энэ мөнгө болох 3,260,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2024.12.16-ны өдөр 2,500,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу хийсэн ба одоо түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 600,000 төгрөг, ашиглалтын зардалтай хамт хариуцагчаас гаргуулна гэжээ.

 2. Хариуцагч Г.У хариу тайлбартаа: Би Д.Отэй 2023 оны 12 сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Энэ газрыг үл хөдлөх зуучлалын Remax газраар олсон. Гэтэл Д.О Remax-аа больчихоо эгч нь түрээснээс нь 500,000 төгрөгийг хасъя гээд бид тохиролцсон. Гэрээ байгуулахдаа 380-ын тог агааржуулах системээ 25-ны өдөр гэхэд янзалж өгнө гээд гэрээ байгуулсан. Би түрээсийн төлбөрт 2,500,000 төгрөгийг Д.Оийн дансруу шилжүүлсэн. Үлдэгдэл 600,000 төгрөгийг 380-ын тог агааржуулах системээ янзалж өгөөд аваарай гэсэн. Үүнээс хойш сар гаран өнгөрөхөд янзалж өгөөгүй. Улмаар 220-ын тог ачаалал дийлэхгүйгээс болоод манай 20-иод залгуур шатсан. Аргаа бараад хэншүү сорогч худалдаж авсан ба залгуурын хамт нийт 1,390,000 төгрөг надаас гарсан. Тогны мөнгөний хувьд баримтгүйгээр шууд 600,000 төгрөг өг гэсэн. Эхний 12 сард ачаалалтай байсан учраас өгсөн. Дараа сард надаас 900,000 төгрөг нэхэхээр өгөөгүй. Би бүх баримыг харахыг хүссэн боловч үзүүлээгүй. Би түрээсийн байрыг 3 сарын 14-ний өдөр суллаад 15-ны өдөр очиход өөр хүмүүс орсон байсан. Би Д.От ямар ч өглөг байхгүй бөгөөд зугтсан зүйл байхгүй, өр ширгүй байхгүй. гэж маргажээ.

   3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Түрээсийн гэрээ /хх-4-5/, Дансны хуулга /хх-34/, Хариуцагчтай харилцсан мессеж /хх-35/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар /хх-18-19/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчтай харилцсан чатад үзлэг /хх-36-37/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Д.О дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Утай 99 караокед байрлах гал тогоог 2 сарын хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулж, 2,500,000 төгрөгийг дансаар авсан. Г.Утай хийсэн гэрээнд хэрэглээний зардлаа сар сард нь төлөхөөр тохиролцсон ба 1 сар, 2 сарын мөнгөө төлөөгүй зугтсан. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 600,000 төгрөг, 1 сарын хэрэглээний төлбөр тогны мөнгө 900,000 төгрөг, дулааны 120,000 төгрөг, усны мөнгө 100,000 төгрөг, 2 сарны тогны мөнгө 600,000 төгрөг, дулааны 120,000 төгрөг, усны 100,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

 3. Хариуцагч Г.У нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Отэй түрээсийн гэрээ байгуулахад Remax-аа больчихоо эгч нь түрээснээс нь 500,000 төгрөгийг хасъя гээд бид тохиролцож, 2,500,000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн. Үлдэгдэл 600,000 төгрөгийг 380-ын тог агааржуулах системээ янзалж өгөөд аваарай гэсэн. Үүнээс хойш сар гаран өнгөрөхөд янзалж өгөөгүй. Мөн ашиглалтын зардлыг баримтгүй мөнгө нэхсэн учраас төлөх үндэслэлгүй. гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1 Зохигчид 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Д.О нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, караокены Гал тогооны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ун эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Г.У нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гал тогоог ашигласан төлбөрт 1 сарын 1,800,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 4.2 Дээрх гэрээний 5.1.4-т гэрээтэй холбоотой аливаа зардлыг түрээслэгч хариуцах, мөн хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй гэж заажээ.

 4.3 Талууд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ-г 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөр харилцан тохиролцон дуусгавар болгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 5. Энэхүү гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч Д.О нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, *бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс Гал тогооны талбайг гал тогооны үйл ажиллагаа буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэгч Г.Уд түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байна.

 

Тодруулбал, түрээсийн зүйл болох гал тогооны талбай нь дангаараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

  Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 6. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон түрээсийн төлбөрт хариуцагчаас нэхэмжлэгчид 2,500,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин түрээсийн төлбөрийн үлдэгдэл, ашиглалтын зардлыг төлөх эсэх нь маргааны зүйл байна.

 7. Зохигчид гэрээний харилцааг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон ба гэрээний 3.1-т 2 сарын төлбөр 3,300,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон хариуцагчаас 2,500,000 төгрөгийг урьдчилан төлсөн байх бөгөөд хариуцагч гэрээний хугацааны үлдэгдэл хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсноор Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хариуцагчаас гэрээнд заасан үлдэгдэл 600,000 төгрөгийн хөлс төлөхийг шаардах эрхтэй.

 8. Түүнчлэн, нэхэмжлэгчээс ...Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, * караокег бүхэлд нь н.Уаас түрээсэлдэг бөгөөд ашиглалтын зардал болох тог, дулаан, усны төлбөрийг сар бүр н.Уын Хаан банкны 5212170908 тоот дансанд шилжүүлдэг. 2024 оны 1 дүгээр сарын ус, дулаан, цахилгааны төлбөрт 1,923,490 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын ус, дулаан, цахилгааны төлбөрт 1,625,970 төгрөгийг тус тус төлсөн. гэх тайлбар нь хэргийн 34 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн Төрийн банкны дансны хуулгаар 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,923,490 төгрөгийг /karaoke 1 sariin us, dulaan, tog /, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,625,970 төгрөгийг /karaoke 2 us, dulaan, tog / гэсэн гүйлгээний утгаар 5212170908 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар түрээслэгч буюу хариуцагч хөрөнгийн ашиглалтын бүхий л зардлыг хариуцах үүрэгтэй байх бөгөөд 2004 оны 1 дүгээр сарын ашиглалтын зардал 961,745 төгрөг /1,923,490:2=961,745/, 2024 оны 2 дугаар ашиглалтын зардал 812,958 төгрөг /1,625,970:2=812,958/ нийт 1,774,730 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэв.

 Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн ...Манай караокены сар бүрийн ашиглалтын зардал 400,000 төгрөг гардаг, тиймээс ашиглалтын зардалд төлсөн нийт 3,549,460 төгрөгөөс 2 сарын өөрийн ашиглалтын 800,000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулна. гэх, мөн хариуцагчийн ...Үлдэгдэл 600,000 төгрөгийг 380В-ын тог агааржуулах системээ янзалж өгөөд аваарай гэсэн. Үүнээс хойш сар гаран өнгөрөхөд янзалж өгөөгүй. гэх тайлбар үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 9. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Уас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 600,000 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.4-т зааснаар ашиглалтын зардалд 1,774,730 төгрөг нийт 2,374,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 10. Хариуцагч Г.У нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй, мөн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тов мэдэгдсэн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52,945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Уас 2,374,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52,945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ