| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00978/И |
| Дугаар | 155/ШШ2024/01041 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/01041
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *** байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Ц-ын Б-д холбогдох,
Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,424,381.96 (нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2024/00978/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай С ХХК нь иргэн Ц- овогтой Б- нь 2022 оны 5-р сарын 27-ны өдөр БЗГ22-1264 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.
Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр 1,699,900.00 /Нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийн зээл авсан боловч шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. 407 хоногийн хугацаа хэтэрсэн болно.
2024 оны 08-р сарын 30-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
-Үндсэн зээлийн үлдэгдэл: 920,206.50
-Төлөх ёстой хүү: 446,682.64
-Нэмэгдүүлсэн хүү: 48,192.82
-Нотариатын зардал: 9300
Нийт: 1,424,381.96 /Нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө/төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн Ц- овогтой Б-аас барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,424,381.96 /Нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц- овогтой Б- нь 1,699,900 төгрөгийг авсан нь үнэн. 2024 оны 10 дугаар сард нэхэмжлэлд дурдсан 1,415,081.96 төгрөгийн 300,000 төгрөгийг нь төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,424,381.96 (нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,424,381.96 (нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө)төгрөгөөс 300,000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэх төлбөр 1,124,381.96 (нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,745 (гучин долоон мянга долоон зуун гучин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 18,872.5 (арван найман мянга найман зуун далан хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 18,872.5 (арван найман мянга найман зуун далан хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б-д холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,424,381.96 (нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б- нэхэмжлэлийн нийт шаардлагаас 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг төлж биелүүлж, үлдэх төлбөр 1,124,381.96 (нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,745 (гучин долоон мянга долоон зуун гучин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 18,872.5 (арван найман мянга найман зуун далан хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 18,872.5 (арван найман мянга найман зуун далан хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН