Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2022/ДШМ/45

 

 

 

          Н.О, Л.Ц нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогч Ш.Огийн

                                              өмгөөлөгч                                 Г.А /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Н.Э, Г.Э

Шүүгдэгч                                                         Н.О, Л.Ц

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О, Л.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, хохирогч Ш.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.О, Л.Ц нарт холбогдох 2212000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2006 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Н.О

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Архангай аймгийн ... гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн А/23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнссэн, мөн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнссэн, Л.Ц

 

Шүүгдэгч Н.О, Л.Ц нар бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Гурван цохио гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.О нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 4-25 тоотод оршин суух Л.Жын гэрт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 6.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.О нь ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулаг хороолол 4а-14 тоотод оршин суух Ш.Огийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлж, түүнд 14.145.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Н.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, Л.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.От оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сэжигтнээр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 32 /гучин хоёр/ хоногийг, шүүгдэгч Л.Цы  2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 /хорин долоо/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.О, Л.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65-53 УБЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Оээс 5.250.000 /таван сая хоёр зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Л.Цаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, 65-53 УБЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Нэткапитал Финанс КорпорацББСБ-д буцаан олгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан бугуйл 1 ширхэг, шаргал өнгийн бариултай хутга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, самсунг маркийн зурагт 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, хивс угаагч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхгийг тус тус худалдан борлуулахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч Ш.Огийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оээс 9.635.000 /есөн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн ... тоотод оршин суух Ш.Од олгож;  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 556.000 /таван зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.О, Л.Ц нараас тус бүр 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч А.Б-т, 30.000 /гучин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж “Дамно” ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Н.Оээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн ... тоотод оршин суух З.Х-д 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн ... тоотод оршин суух Ц.Т нарт тус тус олгож; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч,  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Л.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Цы гаргасан давж заалдах гомдолд: “Л.Ц миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байгаа. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдож байгаад батлан даалтад гарсан. Тэгээд батлан даалтаар гадуур шалгагдаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 13-нд цагдан хоригдож байгаад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор нээлттэй хорих ангид 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг минь эдлэх ялд оруулан тооцож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Оийн гаргасан давж заалдах гомдолд: “Н.О миний бие 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 дугаартай тогтоолоор шийтгүүлсэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. 2020 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн ... тоотод оршин суух Л.Жын гэрт хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн. н.Т бид хоёр хулгай хийсэн. Тэгээд эд зүйлийг хувааж авсан. н.Т нь 10 мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж худал мэдүүлэг өгсөн. Бид хоёр хамт Л.Жынд хулгай хийсэн. Д.Мээр таксидаж очсон. Тийм учраас Д.М нь н.Т бид хоёрыг хамт явж байсныг мэднэ. 2021 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Архангай аймгийн ... тоотод оршин суух н.Огийн гэрт хууль бусаар нэвтэрч хулгай хийхдээ н.Т бид хоёр хамт Приус-20 маркийн 86-94 АРХ улсын дугаартай машинаар буюу н.Тын машинаар хамт хулгай хийсэн. Тэгээд хэрэг илэрсэн чинь над дээр ирээд гуйсан. Энэ хэргийг даачих гээд гуйгаад байсан. Тэгээд би асуудалгүй, хохирлыг төлнө гээд байсан. Тэгэхээр нь би хэргийг ганцаараа явсан гэж мэдүүлэг өгсөн. Цахилгаан бараа болон эд зүйлүүдийг н.Таас хурааж авсан. Тэгсэн чинь намайг гэрээ хураахдаа манайд тавьсан гэж худал мэдүүлэг өгсөн байна лээ. н.Т надад хөөрөг өгсөн бөгөөд нөгөө айлаас авсан гэж надад өгсөн. Хохирогч н.О миний хөөрөг биш гээд байгаа. Энэ хөөргийн эзнийг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн ... гэх газар оршин суух Л.Цыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус зүйл заалтаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор болсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүгдэгч Л.Ц нь архи ууж согтуурсан үедээ Н.Отэй таарч, Н.Оийн гуйлтаар хөдөө явсан. Ингэж явахдаа Н.О 0.75 граммтай архи  Л.Цд өгсөн. Л.Ц түүнийг ганцаараа ууж, ухамсарт ухаанаа алдсан үед нь Н.О хулгайн сэдэл, зорилго бүхий үйлдлийг ганцаараа гүйцэтгэсэн. Ийм нөхцөл байдал хэргээс тодорхой харагддаг бөгөөд Л.Цыг хулгайн гэмт хэргийг Н.Отэй нэг сэдэл, зорилгын доор бүлэглэж үйлдсэн гэж үзэж яллах хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй байхад түүнийг ялласан нь үндэслэлгүй тул хуулийн ашигтай зохицуулалтыг хэрэглэж Л.Цы үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар, мөн Л.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 27 хоног хоригдсоноос өмнө 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцогдоогүй байгаа нь хууль бус гэсэн үндэслэлээр тус тус давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч биечлэн оролцох хүсэлттэй байна.” гэжээ.

 

Хохирогч Ш.Огийн гаргасан давж заалдах гомдолд: “Хохирогч миний бие тухайн хэргийг Н.О ганцаар үйлдэх боломжгүй талаар хэд хэдэн удаа хэлсэн. Мөн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.О тухайн хэргийг ганцаар үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Шүүх энэ нөхцөл байдал дээр ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШТ/275 тоот шийтгэх тогтоолд хохирогч Ш.О миний бие давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ш.Огийн гаргасан гомдолд дүгнэлт хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Цыг ганцаараа хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн болох нь шийтгэх тогтоолд дурдагдсан учраас заавал бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэх шаардлагагүй байсан болов уу гэж харж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Тухайн Н.О гэх этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ гэхэд нөгөө талд нь гэм буруутай хамтран оролцож болзошгүй этгээд нь ял завших нөхцөл байдал үүснэ. Мөн Н.О нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хамтран оролцсон хүнийг н.Тү гэж зааж хэлээд байхад үүнийг хэргийн ямар ч нөхцөл байдал биш гэж үзэж, шууд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь тухайн хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогдохгүй болно. Н.О нь дангаараа үйлдээгүй гэдгээр хэргийг бүрэн тогтоох боломжгүй нөхцөл байдал буюу энэхүү хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэх үндэслэл нь шүүгдэгчийн мэдүүлэг байсан. Мөн хулгайлагдсан эд зүйлс нь том овор хэмжээтэй байсан учраас нэг хүн авч явах боломжгүй юм. Шүүгдэгч хүртэл энэ талаараа тайлбартаа хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэргээс Л.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах саналтай байна. Улсын яллагч хоёр хутга авч яваад, хоёр хүн янзална гэж ойлгосон бол хоёр хутганы нэгийг ашигласан байдаг. Энэ байдлаараа Л.Ц тэр үйлдэлд оролцоогүй гэж харагдахаар байна. Мөн Н.О, Л.Ц нарын хэн нь ч бид хоёр бүлэглэж хулгай хийсэн бөгөөд хамт нядалсан гэж мэдүүлээгүй. Энэ нөхцөл байдлаас харахад ч гэсэн хэрэгт ямар ч эргэлзээгүй байдлаар Л.Цыг Н.Отэй бүлэглэж хулгай хийснийг нотлох нотолгоо байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх ёстой ажлаа бүрэн хийсэн ч гэсэн Л.Цы үйлдлийг нотолж чадаагүй учраас цагаатгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгч Н.От оногдуулсан ял шийтгэлийн тухайд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч өөрийнхөө үйлдэл холбогдолд оролцоотой байгаа хүний талаар гомдол гаргаад байгаа учраас дээрх гомдолтой холбогдуулан хэргийг хянаж хуульд заасан дүрэм, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Н.О, Л.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, хохирогч Ш.О нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.О, Л.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О, Л.Ц нар бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Гурван цохио гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.О нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 04-25 тоот оршин суух Л.Жын гэрт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 6.330.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Н.О нь ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулаг хороолол 4а-14 тоотод Ш.Огийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд-н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Н.О, Л.Ц нарт холбогдох хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Н.О, Л.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, харин шүүгдэгч Н.О нь санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тэдэнд хуваан хариуцуулж, шүүгдэгч Н.Оээс гэмт хэргийн улмаас хохирогч Н.Од учруулсан хохирол, иргэний нэхэмжлэгч М.Х, Ц.Т нарт төлөх төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүгдэгч Н.Оийн  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/909 дугаарын шүүгчийн захирамжаар 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 12 хоног, шүүгдэгч Л.Цы Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/536 дугаарын шүүгчийн захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 27-ноос 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцоогүй байх тул үүнийг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Г.Э нар цагдан хоригдсон хоног дутуу тооцсон гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд тэдгээрийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд дутуу тооцсон 30 хоногийг нэмж тооцон, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.О П.Т-тай бүлэглэж, хохирогч Л.Ж, Ш.О нарын гэрт хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн гэсэн үндэслэлээр,  хохирогч Ш.О тухайн хэргийг Н.О ганцаар үйлдэх боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.О ганцаар үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ нөхцөл байдал дээр ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэсэн үндэслэлээр тус тус давж заалдах гомдол гаргасан.

 

Прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэрэгт хохирогч Л.Ж, Ш.О нарын гэрт хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн гэх хэргийг Н. О, П.Түтай бүлэглэж үйлдсэн гэх нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө П.Түтай бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлээгүй, анхан шатны шүүх хуралдаанд П.Түтай бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлсэн ч энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр нотлох баримтаар тогтоогдоогүй, П.Түыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулахаар прокурорт буцаах хуулийн зохицуулалтгүй учир шүүгдэгч Н.О, хохирогч Ш.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй болно.

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын шүүгдэгч Л.Цыг Н.Отэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй тул хуулийн ашигтай зохицуулалтыг хэрэглэж Л.Цы үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно хуульд  заасан, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Б.Б /1-р хх-ийн 05-07/, гэрч Ц.Б /1-р хх-ийн 24-25/ гэрч А.Б /1-р хх-ийн 26-27/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 08-10/, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 11-15/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц шүүгдэгч Н.Отэй бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн   анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй учир шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Н.О, Д.Ц нарын цагдан хоригдсон 41 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сэжигтнээр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 32 /гучин хоёр/ хоногийг, шүүгдэгч Л.Цы  2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 /хорин долоо/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сэжигтнээр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг, шүүгдэгч Л.Цы 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж өөрчилж,

9 дэх заалтын “хилийн хориг тавигдаагүй” гэсний ард “хохирогч Б.Б хэргийн материалтай танилцахад гарсан зардал 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг нотлох баримтын бүрдүүлбэр хангаж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Л.Ц нарын тус бүр цагдан хоригдсон 41 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                      Н.ЭНХМАА