Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0178/З |
Дугаар | 128/ШШ2024/0267 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2024/0267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн ***анд орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1 Иргэн А.Бид Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ***дүгээр захирамжаар ***нд 799 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлж, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г олгосон байна.
1.2 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/664 дугаар Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх авто замын байгууламжийн нүхэн гарц, гүүрэн байгууламж, авто зам дагуух тусгаарлагдсан зурвас бүхий дугуйн болон явган хүний замын ажлын жагсаалтыг хавсралтаар баталжээ.
1.3 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар А/664 дугаар захирамжийн хавсралтыг шинэчлэн баталсан ба хавсралт байршлуудын 12-т ... гудамжны явган, дугуйн зам шинээр болон засвар шинэчлэлт хийхэхэр тусгагдсан нь нэхэмжлэгчийн орц гарцыг хаасан гэж үзжээ.
1.4 Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/298 дугаар албан бичгээр ...*** дүгээр захирамжаар тус газарт явган, дугуйн зам шинээр барих ...болсон гэх хариуг ирүүлжээ.
1.5 Ингээд иргэн А.Боос Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн ***анд орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирүүлжээ.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: А.Б миний бие ***, ... гудамж, 5/1 дугаар хаягтай ... нэгж талбарын дугаар бүхий 799 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа. Тухайн газарт баригдсан үл хөдлөхийн гэрчилгээ бүхий 5 давхар, 1075 м.кв барилгад (...) билетийн касс болон 2 компанийн үйл ажиллагаа давхар явагддаг.
Тухайн газарт бидэнд шийдвэр, тушаал танилцуулахгүйгээр зам засварын ажил гүйцэтгэж орц гарцыг хаасан. Үүнээс үүдэн бид цаашид болон өнөөдрийн байдлаар өөрсдийн зогсоол, байр руу орж гарч чадахгүй байгаагаас гадна яаралтай түргэн тусламж болон онцгой байдлын албанд ч дуудлага өгөх, овор хэмжээ их бараа материал оруулах, гаргах боломжгүй болсон нь манай компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад саад учруулж байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ" гэж зааснаар миний бие өөрийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших боломжгүй нөхцөлийг бүрдүүлээд байна.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу миний бие 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/298 дугаар албан бичгээр "...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар тус газарт явган, дугуйн зам шинээр барих болон засвар тохижилтын ажлыг хийх шийдвэр гарсан бөгөөд У ОНӨААТҮГ-аас тус ажлыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан хийж гүйцэтгэхээр болсон гэх хариуг ирүүлсэн байна.
Уг албан бичгээс бид уг захирамжийн дагуу орц гарцыг хаасан нөхцөл байдал үүссэн гэдгийг олж мэдлээ. Гэтэл тухайн зам, талбайд хэрэгжүүлж буй төсөл, төлөвлөгөөг боловсруулж буй байгууллага нь төлөвлөлтөд оролцох, санал өгөх үүрэгтэй байгууллага болон төлөвлөлтөд өртөх этгээдэд сонсох ажиллагаа явуулах, хэлэлцүүлэг хийх, төлөвлөгөөг батлах зохицуулалтыг хуульд тусгайлан заасан байхад бидэнд энэхүү асуудлыг огт мэдэгдээгүй, биднээс хуульд заасны дагуу санал, хүсэлтийг авч хэлэлцүүлэг хийлгүйгээр дур мэдэн бидний газар эзэмших эрхэд халдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хууль үндэслэх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, газар өмчлөх, эзэмших эрхэд хууль бусаар халдсан шийдвэр болжээ.
Нөгөөтээгүүр хуулиар тогтоосон журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчилж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн газар өмчлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсгээр баталгаажсан Монгол Улсын иргэний үндсэн эрх бөгөөд мөн зүйлд хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж заасан,
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар маргаан бүхий газарт явган, дугуйн зам шинээр барих болон засвар тохижилтын ажлын баримт бичгийг захиалан боловсруулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдтэй тохиролцох үүрэгтэйгээс гадна энэ ажиллагаа төлөвлөгөөг батлахаас өмнө хийгдэхээр тодорхой хуульчилсан.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргагч миний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байх тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний эзэмшлийн ***анд орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчаас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа:Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** захирамж нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захирамж бөгөөд Нийслэлийн хөрөнгөөр "У ОНӨААТҮГ-аас 2023 оны 3 дугаар улиралд хийгдэх ажил байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дүгээр захирамж нь А.Бийн 799 м.кв газартай давхцаагүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
4.1 Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: Тус шүүхэд гаргасан иргэн А.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Ч музейн гуравдагч этгээдээр татсан байна.
Музей нь үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, орчны тохижилт үйлчилгээ, үзэгчдийн үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Соёлын яамны дэмжлэгтэйгээр орчны тохижилтын эскиз зургийн уралдааныг зохион байгуулж загвар эскиз зурагтай болсон.
Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас музейн хамгаалалтын бүсийн баруун, зүүн талын явган замыг хуулж, тохижилтын ажлыг тухайн зам талбай харьяалах байгууллагад тухайн төсөл, төлөвлөгөөг боловсруулсан байгууллага нь төлөвлөлтөд өртөх хуулийн этгээд, байгууллагад сонсох ажиллагаа явуулах, хэлэлцүүлэг хийхийг тусгайлан заасан байхад бидэнд мөн энэ асуудлыг огт мэдэгдээгүй, биднээс хуульд заасны дагуу санал хүсэлтийг авч хэлэлцүүлэг хийгээгүй, урьдчилан мэдэгдээгүй ажлыг эхлүүлж, одоогоор ч ажлын гүйцэтгэл дуусаагүй байна.
Бид ажлын гүйцэтгэл болон бусад нөхцөл байдлын талаар холбогдох дээд шатны байгууллагад тухай бүрд албан бичгээр хандаж зохих арга хэмжээ авсаар ирсэн.
Ч нь Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох 1904-1908 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн сахиусны гүдэнбэ Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн юм.
Тодруулбал ХІХ зууны сүүлч ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь "Ч" музей бөгөөд Монголын төр, түмэн олныг хамгаалах догшин сахиусууд бүхий ханьцашгүй дээд тарнийн машид нууц ёсны орон хийгээд бурхдын аравнай шүншиг нь урьдын хэвээр оршсон газар хэмээн хүндлэгддэг учиртай.
Тус сумд Монгол улсын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд өөрийн болон улс орны ирээдүй хойчийг даатгаж, сүсэглэн залбирч ирсэн уламжлалтай.
Түүнчлэн байгаль, экологийн хувьд цэвдэгтэй өвөрмөц тогтоцтой бөгөөд "Улаан ном"-д орсон ховор зүйлийн ургамлууд ургадаг болох нь судалгаагаар нотлогдож, олон арван бүтээл туурвилд дурдагдсан байдаг.
Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Ч музейн хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 2.0 га газрыг музейн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Ч музейн эзэмшил газрын хугацаа сунгуулахтай холбоотой маргаан захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00118 дугаар тогтоолоор эцэслэн Ч музейн газрыг 2.0 га хэмжээгээр сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болно.
Ийнхүү Ч музей нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Улсын дээд шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр тогтоолын дагуу 2.0 га газрыг хуулийн дагуу эзэмшиж байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00118 дугаар тогтоолыг дахин хэлэлцэхгүй байх зарчмын дагуу Ч музейн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.
Иймд Ч музей нь Б.Бийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
5.1. Иргэн А.Боос, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн ***, Ж-д орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган үндэслэлээ,
-орц, гарцын хэсэг нарийн байгаа учир онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй хэмээн маргасан.
5.2 Шүүх хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.3 Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 63.1.2-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах;, 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж тус тус заажээ.
5.4 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулан баталсан ба Нийслэлийн Засаг дарга тус тогтоолыг хэрэгжүүлэхээр бүрэн эрхийнхээ хүрээнд *** дугаар захирамжийг гаргасан нь хуульд заасантай нийцсэн байна.
5.5 Учир нь маргаан бүхий байршил болох ... гудамж /Т/-д байрлах зам бүхий газартай нэхэмжлэгчийн газар ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй ба Ч музейн хамгаалалтын бүсэд хамаардаг[1][1] ч нийтийн эзэмшлийн зам талбайгаар ашиглуулахад татгалзах зүйлгүй, энэ талаар маргаангүй гэдгээ гуравдагч этгээд болох Ч музейн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад илэрхийлсэн болно.
5.6. Нийслэлийн Засаг даргын *** захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр..., явган болон дугуйн замыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цаашлаад маргаан бүхий байршил нь түүх, шашин, соёл, урлагийн өв болсон түүхийн үнэт үзмэр бүхий Ч музей аялал жуулчлалын цогц байгууламжтай уялдуулан гадна тохижилтыг тээврийн хэрэгслээс хамгаалах, илүү хүн төвтэй буюу үр дүнг хүртэх хүмүүс нь зөвхөн автомашин эзэмшигчид бус иргэд байхаар тооцон, нийтээрээ аюулгүй зорчиж байхыг чухалчилсан байна.
5.7.Нэхэмжлэгчээс хэдийгээр ...манай орц гарцыг хаасан, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон... хэмээн маргах боловч нэхэмжлэгчид анх газар олгохдоо орц, гарцыг нь баруун хойд талаар байхаар тодорхой зааж өгсөн.
5.8. Гэсэн хэдий ч Нийслэлийн Замын хөгжлийн газраас маргаан бүхий байршилд нэмэлт болгож, анх төлөвлөгдсөн явган болон дугуй замаас 3.5 метрийг нэг урсгал авто зам байхаар зураг төсөлд өөрчлөлт оруулж[2][2], нэхэмжлэгчийн объект руу тээврийн хэрэгсэл нэвтрэх орц, гарцыг нээж өгсөн болох нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл,[3][3] шүүх хуралдааны явцад цахимаар шинжлэн судалсан баримтаар[4][4] тогтоогдож байна.
5.9.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ...онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй... хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласантай холбогдуулан шүүхээс холбогдох ажиллагаа хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газраас нэхэмжлэгчийн ...ны орц, гарцыг хэмжиж 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02/005 дугаартай дүгнэлтээр[5][5] ...албаны машинууд тухайн замаар зорчих боломжтой боловч ...аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад хүндрэл учрах эрсдэлтэй байна... гэж ирүүлсэн.
5.10.Түүнчлэн уг гудамж төслийг хэрэгжүүлж байгаа Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар[6][6] ...орц, гарцын хэмжээ, замын трассыг 3.5 м илүү хэмжээгээр нэмэгдүүлэх эсэх асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газарт хандан хүсэлтээ гаргах... боломжтой талаар дурдсан тул энэ талаар нэн даруй хүсэлтээ гаргаж зөвшилцөж шийдвэрлүүлэх боломжтой.
5.11.Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй объект руу галын болон эмнэлгийн машин нэвтрэх боломжтой байх бөгөөд онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй хэмээн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
5.12. Угтаа бол нэхэмжлэгч Галийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галын аюулгүй байдлаа хангах үүргээ хангалттай биелүүлж учрах гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь түүний үүрэг юм.
5.13 Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн авч үзэхэд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн ***анд орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн А.Боос, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн ***анд орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарц гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР