Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/03492

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум,   оршин суух Ш овогт Ганзоригийн А /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо,   тоотод оршин суух Б овогт Ч Т /РД: /-д холбогдох,

 16,014,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ч.Тид холбогдуулан 16,014,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Миний бие 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах 331,4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Ч.Тийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Рестораны зориулалттайгаар нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Түрээсийн гэрээний 2.2.1 дэх хэсэгт Төлбөрийг эхний удаад (зуны хөнгөлөлт өгсөн) 2 сарын түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрийн хамт нийт 18,000,000 төгрөгийг урьдчилан төлнө... гэж заасныг үндэслэн зуны хөнгөлөлт гэж эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцон 10,000,000 төгрөг, барьцаа төлбөр 8,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ч.Тийн Хаан банкны дансруу 8,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ч.Тийн Хаан банкны * тоот дансруу 10,000,000 төгрөг тус тус 94960097 гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

Рестораны ашиг орлого муу байсан тул 9 сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөг болгохоор харилцан тохиролцож Ч.Тийн зөвшөөрлөөр 5,000,000 төгрөгийг 2023 оны 09 сарын 22-ны өдөр Ч.Тийн Хаан банкны * тоот дансанд шилжүүлсэн байдаг.

Миний бие 2023 оны 10 дугаар сар, 2023 оны 11 дүгээр сар, 2023 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг өмнөх саруудад нь бага багаар цувуулан боломжоороо Ч.Тийн Хаан банкны * тоот дансруу шилжүүлдэг байсан. Үүнд: 2023.9.06-ны өдрөөс 2023.12.29-ний өдрийг хүртэл 22,500,000 төгрөгийг тус тус аnhаа гүйлгээний шилжүүлснээр миний бие 2023 оны 12 дугаар сард гэрээний үүргээ биелүүлсэн.

Ч.Т нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас өмнө өөрийн хувийн байдлыг тайлбарлан хэлж, гуйдаг байсан учраас миний бие хэлсэн мөнгийг нь шилжүүлдэг байсан. Гэтэл Ч.Т нь түрээсийн төлбөрөө авсан мөртөө түрээсийн цаг тухайд нь өгөөгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Рестораны байранд ирж хаалганы гол сольсноос үүдэн рестораныг онгойлгож, үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болж зогсонги байдаг орсон. Миний бие нэлээдгүй шаардсаны эцэст 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хаалганы шинэ түлхүүрийг надад хүлээлгэн өгсөн учир миний бие энэ өдрөөс үйл ажиллагааг цааш үргэлжлүүлсэн.

Үйл ажиллагаа зогссон 10 хоногийн дундаж орлогоо 2023 оны 07 сар, 2023 оны 08 сар, 2023 оны 09 сар, 2023 оны 10 сар, 2023 оны 11 сарын нийт өдрийн дундаж орлогоор тооцож үзэн дундажлавал нэг өдрийн орлого нь 360,000 төгрөг болж байгаа ба үүнийг гол сольж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон хаасан 10 хоногт тооцож үзвэл 3,600,000 төгрөг юм. 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр миний бүх төлбөр тооцоог бүрэн барагдуулсны дараа Ч.Т нь түрээсэлж буй рестораны хаалганы голыг сольж өөрийн санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсан. Мөн Ч.Т болон түүний нөхөр рестораны үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 215,400 төгрөгөөр үйлчилгээ авч төлбөрийг төлөөгүй.

Иймд барьцаа төлбөр 8,000,000 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авсан нийт 455,000 төгрөг, 2023.12.02-2023.12.11 өдрийн үйл ажиллагаа зогсоосон үеийн түрээсийн төлбөрийг 30 хоногт хуваан тооцвол 2,600,000 төгрөг, 2023.12.02-2023.12.11 өдрийн хооронд олж болох байсан ашиг орлогын дундаж хэмжээ 3,600,000 төгрөг, ресторанд үлдсэн хүнсний бараа бүтээгдэхүүний нийт үнэ 1,000,000 төгрөг, 2023 оны 5, 6 сарын усны төлбөр 144,500 төгрөг, ресторанаас үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр 215,400 төгрөг нийт 16,014,900 төгрөгийг хариуцагч Ч.Тоос гаргуулж өгнө үү.

 

1.2 Нэхэмжлэгч Г.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ...Ресторанд тоног төхөөрөмж худалдан авсан 455,000 төгрөг, ресторанд үлдсэн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 1,000,000 төгрөг, нийт 1,455,000 төгрөгийн эд зүйлээ хариуцагчаас буцаан авсан.

Иймд барьцаа төлбөр 8,000,000 төгрөг, 2023.12.02-2023.12.11 өдрийн үйл ажиллагаа зогсоосон үеийн түрээсийн төлбөрийг 30 хоногт хуваан тооцвол 2,600,000 төгрөг, 2023.12.02-2023.12.11 өдрийн хооронд олж болох байсан ашиг орлогын дундаж хэмжээ 3,600,000 төгрөг, 2023 оны 5, 6 сарын усны төлбөр 144,500 төгрөг, ресторанаас Ч.Тийн нөхөр үйлчилгээ авсны төлбөр 215,400 төгрөг нийт 14,559,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Т хариу тайлбартаа: Г.А нь 2023 онд 06 сард надтай ирж уулзсан. Зарын дагуу олон хүн ирж уулзаж байсан бөгөөд Г.А 2023.06.21-ний өдөр ирж уулзаад өөрийгөө би энэ салбарт 5-6 жилийн хугацаанд рестораны менежмент хариуцан ажиллаж байсан туршлагатай, хамт ажиллах баг хамт олон байгаа учраас танай рестораныг түрээслэн үйл ажиллагаа явуулмаар байна, хэрэв гэрээгээ байгуулна гэвэл одоо шууд урьдчилгаагаа төлөх боломжтой гэж хэлсэн тул бид харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгат 12 байрны 2 тоот хаягт байрлах Ү-2202003608 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн гэрээг жил бүр дүгнэх, эхний 2 сарын түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг, барьцаа 8.000.000 төгрөг, цаашид түрээсийн нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг байх, түрээсийн төлбөрийг 2 сарын хугацаагаар урьдчилан төлөх нөхцөлтэйгөөр 2023.06.22-ний өдөр №23/01 дугаартай Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, мөн өдрөө нотариатаар гэрчлүүлсэн. Г.А нь 2023.06.21-ний өдөр барьцаа 8.000.000 төгрөгийг, 2023.06.22-ны өдөр эхний 2 сарын түрээсийн төлбөр 10.000.000 төгрөгийг төлж, гэрээг баталгаажуулан, 2023.06.22-ний өдрөөс түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийг, зориулалтын дагуу ашиглах боломжтой, рестораны зориулалттай тавилга эд хогшил, ахуйн болон гал тогооны хэрэгслүүдийн хамт хүлээн авсан бөгөөд бид рестораны үл хөдлөх дотор байсан 165 төрлийн эд зүйлсийг тоо ширхэг, төрлийн шинжээр нь нэг бүрчлэн тодорхойлж, Түрээсийн гэрээний хавсралтаар эд хөрөнгийг хүлээлцсэн юм.

Ингээд Г.А нь 2023.06.22-ны өдөр рестораныг хүлээн авч, миний зүгээс 4 хоногийн хугацаанд түрээс тооцохгүй, үйл ажиллагаандаа бэлтгэх хугацаа өгч, 2023.06.26-ны өдрөөс түрээсийн төлбөр тооцохоор болсон ба Г.А нь 2023.06.26-ны өдрөөс 2023.12.29-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй удаа дараа хугацаа хожимдуулж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай нь танилцахад рестораны үйл ажиллагаа явуулах боломжгүй, гал тогоо нь байнга ажилладаггүй, эргэлтийн хөрөнгө, бараа материалгүй, нэг л ажилтантай зэрэг хэвийн үйл ажиллагаа явуулах, цаашид түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй байсан тул 2023.12.30-ний шөнийн 01 цагийн орчимд үл хөдлөх хөрөнгөө хүлээн авч, үүнээс хойш 21 хоногийн дараа буюу 2024.01.21-ний өдөр хоёр тал байлцаж, үл хөдлөх эд хөрөнгийг болон доторх эд зүйлсийг тоолж хүлээлцсэн болно. Миний бие түрээсийн гэрээний дагуу төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд: 2023.6.26-2023.08.25-ны өдрийг хүртэл 10.000.000 төгрөг, 2023.08.26-ны өдрөөс 2023.10.25-ны өдрийг хүртэл 16.000.000 төгрөг, 2023.10.26-ны өдрөөс 2023.12.25-ны өдрийг хүртэл 16.000.000 төгрөг буюу нийт 42.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр байх ба үүн дээр 2023.12.26-ны өдрөөс 2023.12.29-ний өдрийн 4 өдрийн түрээсийн төлбөр нэмэгдэж, 2023.12.03-ны өдрийн шөнө рестораныг хааж, 2023.12.11-ний өдөр ажил эхлэхээс өмнө рестораныг түлхүүрийг өгсөн тул /12.03, 12.04, 12.05, 12.06, 12.07, 12.08, 12.09, 12.10-ны өдрүүд/ нийт 8 өдрийн төлбөр хасагдаж тооцохоор байна. Миний хувьд түрээсийн төлбөрийг дээрх байдлаар тооцоход нийт 42.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 4 өдрийн түрээсийн төлбөрт ногдох /8.000.000:31*4/ 1.032.260 төгрөг хасагдаж, Г.Агаас авбал зохих түрээсийн төлбөр нь барьцаа төлбөрийг оролцуулахгүйгээр 40.967.740 төгрөг болж байна. Мөн Г.А нь рестораныг хүлээлгэн өгөхдөө 2023 оны 12 дугаар сарын ашиглалтын зардлыг төлөөгүй орхигдуулсан бөгөөд үүнийг барьцаа хөрөнгөөс нь суутган төлсөн ба үүнд: 1. Үл хөдлөх эд хөрөнгийн ус, дулааны төлбөр 684.070 төгрөг, 2. Цахилгааны төлбөр 365.050 төгрөг, 3. 2023.11, 12 сарын Скаймедиагийн интернэт ашиглалтын төлбөр 117.000 төгрөг, хогны төлбөр 480.000 төгрөг буюу нийт 1.646.120 төгрөгийг суутгасан болно. Мөн Г.А нь 2023.06.26-ны өдөр Ч.Т надаас рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавилга эд хогшил, ахуйн болон гал тогооны хэрэгслүүдийн хамт хүлээн авсан бөгөөд үүнээс 27 төрлийн эд зүйлсийг энгийн хэрэглээний бус байдлаар элэгдэж, хорогдуулсан, хагалж, эвдэлж гэмтээсэн тул ресторанд учирсан хохиролд эд зүйлсийн элэгдэл хорогдол тооцсон үнэлгээгээр тооцож үзэхэд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байгаа юм.

Иймд миний бие түрээсийн төлбөр 40.967.740 төгрөг, ашиглалтын зардалд 1.646.120 төгрөг, ресторанд учруулсан хохиролд 3.000.000 төгрөг нийт 45.613.860 төгрөгийг Г.Агаас надад өгсөн түрээсийн төлбөр болон барьцаанд өгсөн 45.500.000 төгрөгийг тооцож авсан болно. Мөн Г.А нь 2023 оны 05, 06 дугаар сарын усны төлбөрийг төлсөн гэх 144.500 төгрөг, ресторанаас үйлчилгээ авсан гэх 215.400 төгрөгийг баримтаар тогтоогдсон тохиолдолд төлөхөд татгалзах зүйлгүй.

Ресторанд үлдээсэн хүнсний бараа бүтээгдэхүүн 1,000,000 төгрөг, ресторан хүлээлцэх үед 8 төрлийн бүтээгдэхүүн тоо ширхэгтэй нь бичиж үлдээсэн, мөн блиндер, жин, печь, тос шарагч болон өөрийнх нь ашиглаж байсан эд зүйлийн хамт буцаан өгөх хүсэлтэй байна.

Харин 2023.12.02-2023.12.11-ний өдрийн хооронд олж болох байсан ашиг орлого гэх 3.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Г.А нь бодит байдал дээр ийм хэмжээний ашиг олж байгаагүй болох нь тодорхой харагдаж байгаа. Хэрэв ийм хэмжээний ашиг олж байсан бол удаа дараа гэрээнд заасныг зөрчиж, байнга түрээсийн төлбөрийг хоцроох нөхцөл байдал үүсэхгүй байх байсныг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

   3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлалаа /хх-5/, Түрээсийн гэрээ /хх-6-11/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, Ажил хүлээлцэх акт /хх-13-14/, Дансны хуулга /хх-15-107/, Хариу тайлбар /2хх-13-14/, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /2хх-41-43/, Буцааж авсан болон дутаасан эд зүйлсийн жагсаалт /2хх-54/, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тооцоо /2хх-55/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-112/, Засаг даргын тодорхойлолт /хх-113/, Хүн амын архивын бүртгэлийн дэвтэр /хх-114-116/Хариу тайлбар /хх-129-130/, Скаймедиа төлбөрийн баримт нэхэмжлэх /хх-131-132/, Дансны хуулга /хх-134/, Хогны төлбөр төлсөн баримт /хх-134-135/, Дансны хуулга /хх-138/, Тусгай зөвшөөрөл /хх-139/, Хаан банкны дансны хуулга /хх-140-161/, Халуун усны төлбөрийн баримт /хх-162/, Эд зүйлийн хөрөнгийн жагсаалт /хх-164-250, 2хх1-10/, Хариу тайлбар /2хх-50-52/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ч.Тийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Рестораны зориулалттайгаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан боловч 2023.12.29-ний өдөр миний бүх төлбөр тооцоог бүрэн барагдуулсны дараа Ч.Т нь түрээсэлж буй рестораны хаалганы голыг сольж өөрийн санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсан. Иймд барьцаа төлбөр 8,000,000 төгрөг, 2023.12.02-2023.12.11 өдрийн үйл ажиллагаа зогсоосон үеийн түрээсийн төлбөрийг 30 хоногт хуваан тооцвол 2,600,000 төгрөг, 2023.12.02-2023.12.11 өдрийн хооронд олж болох байсан ашиг орлогын дундаж хэмжээ 3,600,000 төгрөг, 2023 оны 5, 6 сарын усны төлбөр 144,500 төгрөг, ресторанаас үйлчилгээ авсны төлбөр 215,400 төгрөг нийт 14,559,900 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. гэжээ.

3. Хариуцагч Ч.Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Г.Атай эхний 2 сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, барьцаа 8,000.000 төгрөг, цаашид түрээсийн нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг байх, түрээсийн төлбөрийг 2 сарын хугацаагаар урьдчилан төлөх нөхцөлтэйгөөр 2023.06.22-ний өдөр №23/01 дугаартай Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, 2023.06.26-ны өдрөөс 2023.12.29-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй удаа дараа хугацаа хожимдуулж, цаашид түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй байсан тул 2023.12.30-ний шөнийн 01 цагийн орчимд үл хөдлөх хөрөнгөө хүлээн авч, үүнээс хойш 21 хоногийн дараа буюу 2024.01.21-ний өдөр хоёр тал байлцаж, үл хөдлөх эд хөрөнгийг болон доторх эд зүйлсийг тоолж хүлээлцсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Г.А, Ч.Т нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Ч.Т нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байршилтай, ресторан үйлчилгээний зориулалттай, 331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Г.А нь 12 сарын хугацаатай, хөрөнгө ашигласны төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 4.2 Улмаар дээрх 331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч рестораны зориулалтаар ашигласан нь зохигчийн тайлбар, эд хөрөнгийн жагсаалт үйлдсэн баримт, түрээсийн гэрээ зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

 4.3 Түрээсийн гэрээний 2.2.1-т Түрээсийн байрны талбайн түрээсийн төлбөрийг сар бүр ...8,000,000 төгрөгөөр тооцож төлнө. Төлбөрийг эхний удаад /зуны хөнгөлөлт/ 2 сарын төлбөр болон барьцаа төлбөрийн хамт нийт 18,000,000 төгрөгийг урьдчилан төлнө. Дараа саруудын төлбөр сар бүрийн 22-нд багтаан урьдчилан төлөх ба түрээсийн төлбөрийг 2 сараар буюу 16,000,000 төгрөгийг төлж эхэлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 8,000,000 төгрөг /барьцаа/, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023.9.06-ны өдрөөс 2023.12.29-ний өдрийг хүртэл 27,500,000 төгрөг, нийт 45,500,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны * тоот дансруу шилжүүлсэн болох нь талуудын дансны хуулгаар тогтоогдсон, уг үйл баримтад зохигч маргаагүй.

 5. Харин талууд гэрээний үнийг хэрхэн тооцож төлсөн эсэх, эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлыг арилгах эсэх, мөн барьцаа төлбөрт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 6. Талууд гэрээний зүйлийг рестораны үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших, ашиглахаар тохиролцон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 7. Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацааны болон ашиглалтын зардлын төлбөрийг түрээсийн гэрээнд заасан хэмжээгээр тооцон төлөх, хариуцагч нь эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол, барьцааны төлбөрөөс ногдох хэсгийг буцаан төлөх үүрэгтэй.

 8. Хариуцагчаас ...Гэрээнд зааснаар эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцож, 2023.08.26-ны өдрөөс 8,000,000 төгрөгөөр үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон, Г.А нь нийт 45,500,000 төгрөг төлснөөс түрээсийн төлбөрт 42,000,000 төгрөгийг тооцсон. Төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаа дараа хожимдуулж байсан тул 2023.12.03-ны өдрөөс 2023.12.11-ний өдрийг хүртэл 8 хоног рестораныг хаасан тул 8 өдрийн төлбөр хасагдана. Мөн ашиглалтын зардалд нийт 1,646,120 төгрөгийг суутгасан. гэх тайлбар үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл, талууд хэлцлээр түрээсийн төлбөрийг эхний удаад /зуны хөнгөлөлт/ 2 сарын төлбөр болон барьцаа төлбөрийн хамт нийт 18,000,000 төгрөгийг урьдчилан төлөх, дараагийн сараас 8,000,000 төгрөгөөр үргэлжлүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн 45,500,000 төгрөгийн 42,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлсөн гэж үзнэ.

 Мөн үл хөдлөх эд хөрөнгийн 2023 оны 12 дугаар сарын ашиглалтын зардал болох ус дулааны төлбөр 684,070 төгрөг, цахилгааны төлбөр 365,050 төгрөг, 2023 оны 11, 12 дугаар сарын Скаймедиа интернэтийн төлбөр 117,000 төгрөг, хогны төлбөр 480,000 төгрөг, нийт 1,646,120 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь хэргийн 131-138 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ашиглалтын зардлыг нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн барьцааны төлбөрөөс үлдэх 3,500,000 төгрөг /45,500,000-42,000,000=3,500,000-1,646,120=1,853,880/-өөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

9. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг 2023.12.03-ны өдрөөс 2023.12.11-ний өдрийг хүртэл 8 хоног рестораны үйл ажиллагааг зогсоосон үеийн түрээсийн төлбөрт 2,133,333 төгрөг /8,000,000:30=266,666*8=2,133,333/-ийг шаардах эрхтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023.12.02-2023.12.11-ний өдрийн хооронд олж болох байсан ашиг, орлого 3,600,000 төгрөг, 2023 оны 5, 6 сарын усны төлбөр 144,500 төгрөг, Ч.Тийн нөхөр ресторанаас үйлчилгээ авсны төлбөр 215,400 төгрөгийг гаргуулна гэх тайлбар болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

11. Түүнчлэн, хариуцагчаас Г.А нь рестораны тавилга, эд хогшил ахуйн болон гал тогооны хэрэгслүүд хамт хүлээн авсан бөгөөд үүнээс 27 төрлийн эд зүйлийн энгийн хэрэглээний бус байдлаар элэгдэж, хорогдуулсан, хагалж эвдэж гэмтээсэн тул 3,000,000 төгрөгийг ресторанд учруулсан хохирол гэж үзэхээр байна. гэсэн тайлбар гаргаж маргасан боловч уг тайлбарын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Дутаасан эд зүйлсийн жагсаалт гэх баримтаар 361,600 төгрөгийг хариуцагчид төлөхийг зөвшөөрсөн болно.

 12. Иймд хариуцагч Ч.Тоос 3,625,613 төгрөг /45,500,000- 42,000,000 = 3,500,000 - 1,646,120 = 1,853,880 + 2,133,333 - 361,600 = 3,652,613/-ийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,907,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

 13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Тоос 3,625,613 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,907,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ