| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/01475/И |
| Дугаар | 102/ШШ2024/03528 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/03528
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/03528 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод байршилтай М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Г Тт холбогдох,
10,763,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.Тт холбогдуулан 10,763,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Г.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М ХХК-д борлуулалтын ажилтнаар ажилласан ба хариуцагч Г.Тыг ажилд орсон цагаас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтнаар бүртгэж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулахыг хүссэн боловч хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалд даатгуулахгүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийж 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүрсэн. Ингээд Г.Т нь тус хугацаандаа өдөр тутмын орлого буюу түгээлтээр хүргэж өгч байсан бараа материалыг зарж борлуулсан өдрийн орлогоос дутуу тушааж явсаар нийт 10,763,470 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулсан байна. Үүнд: 2017 оны 10 дугаар сард тушаавал зохих 11,589,820 төгрөгөөс 11,526,700 төгрөг тушаасан ба дутуу 63,120 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард тушаавал зохих 15,892,970 төгрөгөөс тушаасан 14,362,600 төгрөг тушаасан ба дутуу 1,530,370 төгрөг, 2017 оны 12 дугаар сард тушаавал зохих 15,749,770 төгрөгөөс 15,822,000 төгрөг илүү 72,230 төгрөг тушааж, нийт 1,521,260 төгрөгийг дутуу тушаасан; 2018 оны 1 дүгээр сард тушаавал зохих 7,499,300 төгрөгөөс 4,950,000 төгрөг тушаасан ба дутуу 2,499,300 төгрөг, 2018 оны 2 дугаар сард тушаавал зохих 9,131,300 төгрөгөөс 8,390,000 төгрөг тушаасан ба дутуу 741,300 төгрөг, 2018 оны 3 дугаар сард тушаавал зохих 24,327,750 төгрөгөөс 20,420,000 дутуу тушаасан ба 3,907,750 төгрөг, нийт 7,148,350 төгрөгийг дутуу тушаасан. 2018.04.23-наас 2018.04.30-ны өдрийг хүртэл тушаавал зохих 3,739,900 төгрөгөөс 2,646,500 төгрөг тушаасан ба дутуу 1,093,400 төгрөг, 2018 оны 5 дугаар сард тушаавал зохих 28,546,530 төгрөгөөс 27,174,900 төгрөг тушаасан ба дутуу 1,371,630 төгрөг, 2018 оны 6 дугаар сард тушаавал зохих 14,554,150 төгрөгөөс 15,064,000 төгрөг тушаасан ба илүү 509,850 төгрөг, 2018.07.01-нээс 2018.07.10-ны өдрийг хүртэл тушаавал зохих 9,184,010 төгрөгөөс 8,479,800 төгрөг тушаасан ба дутуу 704,210 төгрөг нийт 2,656,390 төгрөг дутуу тушаасан. Иймд нийт 11,326,000 төгрөгийн тооцооноос 652,500 төгрөг хасагдаж нийт 10,643,500 төгрөгийг Г.Таас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Г.Т хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын бүрдүүлж өгсөн материал дээр миний болон эхнэрийн гарын үсэгтэй 2 ширхэг баримт байна. Энэ баримт нь 2018 оны 4 дүгээр сарын буюу борлуулалт хийхээ больсон 7 дугаар сараас гурван сарын өмнөх тооцоо нийлсэн акт юм. Энэ баримтыг эцсийн тооцоо нийлсэн акт гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн 4 дүгээр сарын акт нь дэлгүүрүүдэд зээлээр өгсөн барааны үлдэгдэл нийлсэн дүн байсан. М компани шүүхийн нэхэмжлэх дээр намайг 2017 оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн гэж бичсэн байна. Би 2017 оны 8 дугаар сараас борлуулалт хийж эхэлсэн бөгөөд мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаар баталгаажиж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн гэж нэхэмжлэлд бичсэн нь өөрсдөө холбогдох торгууль хуулийн арга хэмжээнээс зайлсхийх арга юм. Нийгмийн даатгал төлөх нь компанид алдагдалтай, ажилтанд хэрэгтэй байдаг. Би өдөр бүр бараа бүтээгдэхүүн очиж авдаг, очиж тооцоо хийж үлдэгдэл бараагаа хүлээлгэн өгдөг учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хамрагдахгүй байх нь надад ашиггүй. Миний бие М ХХК-тай хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг ямар нэгэн хууль ёсны гэрээ байгуулж ажиллаагүй бөгөөд энэ харилцаа зөвхөн итгэлцэл дээр суурилсан найзын харилцаа юм. Солонгосоос ирсний дараа 2017 оны 5-р сард Г надтай холбогдоод манай гахайн махыг борлуулаад өгөөч гэж санал тавьсан. Би саналыг зөвшөөрч өөрийн 29-87 УББ улсын дугаартай Probox машинаар борлуулалтыг хийж эхэлсэн. Гтэй амаар тохирсон борлуулалтын урамшууллын мөнгийг авахгүйгээр илүү төлөлт хийж байсан нь дансны хуулгаар баталгаажсан болно. М компанийн тооцооны нягтлан Отухайн үед өдөр тутам өгч явуулж буй бүтээгдэхүүн хүлээлцсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй байсан. Мөн бэлэн мөнгө тушаасан акт үйлддэггүй байсан. Тэгэхээр надад нэхэмжилж буй үнийн дүнгээр бараа өгч явуулж байсан нь баримтаар нотлогдох боломжгүй. Ажил олгогч талын өөрсдийн бичсэн санхүүгийн баримтыг үндэслэн надаас их хэмжээний бэлэн мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч талын бичсэн мөнгөн дүн, нэхэмжлэхэд хавсаргасан баримт дээрх дүн, өөрийн данснаас Гийн данс руу шилжүүлсэн Хаан банкны дансны хуулганы нотлох баримт дээр үндэслэн нэгтгэн тооцоолоход нийт 2,522,550 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Дээрх тоон баримтуудыг үндэслэн М ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн хоёр талын гарын үсгээр баталгаажсан нотлох баримт байхгүй, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн нотлогдох баримт байхгүй гэж нэхэмжлэлийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5, 38/, М ХХК-д өргөдөл гаргах нь /хх 6/, Тооцооны үлдэгдлийн баталгаа №01, Борлуулагч Г.Т 2018.07.25 /хх 9/, Зээлээр олгосон борлуулалтын мэдээлэл /хх 10-12/, Борлуулагчийн тооцооны хуудас /хх 13-18/, Авто төлбөртэй зогсоолын баримт /хх 19/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 20-26/, Г.Т 2018 оны тооцоо /хх 27/, Борлуулагч Г.Т 2018.07.25 /хх 28/, Итгэмжлэл /хх-212, 239/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51-100, 119-144/, Г.Т 2017 оны 10-р сар-2018 оны 7-р сарыг дуустал дансны хуулга /хх 101-109/, хариу тайлбар /хх 114-116/, М ХХК иргэн Г.Тт гаргасан нэхэмжлэх, хавсаргасан баримтын дүн, Г.Тын дансны хуулганы дүнгээс харьцуулан гаргасан тооцоо /хх 117/, итгэмжлэл /хх 118/, М ХХК иргэн Г.Тт гаргасан нэхэмжлэх, хавсаргасан баримтын дүн, Г.Тын дансны хуулганы дүнгээс харьцуулан гаргасан тооцооны хураангуй /хх 145/, Г.Тын Хаан банкны 5753454644 тоот дансны хуулгаас М ХХК-ийн захирал Г.Гийн хувийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн түүвэр /хх 146-165/, Итгэмжлэл /хх-220/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХК-ийн лавлагаа /хх-231/, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Б.Он мэдүүлэг /хх-250/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл М ХХК-д борлуулалтын ажилтнаар ажилласан ба М ХХК нь хариуцагч Г.Ттай амаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тус хугацаанд Г.Т өдөр тутмын орлого буюу түгээлтээр хүргэж өгч байсан бараа материалыг зарж борлуулсан өдрийн орлогоос дутуу тушааж явсаар нийт 10,763,470 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулсан тул хохирлыг шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2017 оны 8 дугаар сараас борлуулалт хийж эхэлсэн бөгөөд мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаар баталгаажна. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь хэзээ, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн болон санхүүгийн анхан шатны бүртгэл баримтгүй, дансны хуулгаас тооцоолоход нийт 2,522,550 төгрөгийн илүү төлөлт хийсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч М ХХК нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бараа бүтээгдэхүүн зарж борлуулахаар борлуулалтын ажилтнаар Г.Ттай Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, өдөр бүр борлуулсан бараа бүтээгдэхүүний орлогоос тодорхой хэмжээний хөлсийг өгөхөөр тохиролцон амаар гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбар, дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
4.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл нь хүчин төгөлдөр байна.
4.3 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар маргаагүй, харин М ХХК-д 10,763,470 төгрөгийн хохирол учирсан эсэх талаар маргасан.
6. Талууд 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэх тооцоо нийлсэн актыг үйлдсэн байх ба уг актаар Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх өгч авалцсан зүйлсээ нэг бүрчлэн тулгаж үзэхэд 8,946,980 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гээд гарын үсэг зуржээ. /хх-8/
Мөн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Борлуулагч Г.Т гэх баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тооцоо нийлсэн эхний үлдэгдэл 8,946,980 төгрөг, тооцоонд нэмэгдэх дүн 2,468,990 төгрөг нийт 10,763,470 төгрөг гэжээ. /хх-28/
Нэхэмжлэгчээс 10,763,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь түгээлтээр өгч байсан бараа материалыг зарж борлуулсан өдрийн орлогоос дутуу тушааж явсаар компанид хохирол учирсан гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч М ХХК нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
7. Нэхэмжлэгч нь 10,763,470 төгрөгийн шаардлагаа хэргийн 8, 28 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан. Уг баримт нь ямар санхүүгийн баримтыг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, гэрч Б.Он Г.Т ахад өдөр бүр гарын үсэг зуруулж бараа хүлээлгэн өгдөггүй байсан. Гэхдээ уг нь борлуулагчийн дэвтэр дээр бичдэг, заримдаа утсаар урьдчилж хэлээд аваад явдаг байсан, мөн Г.Т ах өдрийн орлогоо захирал болон захирлын дүүгийн дансаар шилжүүлдэг байсан, мөн бэлнээр тушаадаг үүнд баримт үйлдээгүй. Бид нийлж байгаад Г.Т ахын тооцоог гаргаж байгаагүй. гэх мэдүүлэг, мөн хариуцагчийн ажиллаж байх хугацаанд нийт ямар төрлийн хэдэн ширхэг бараа бүтээгдэхүүнийг түүнд хүлээлгэн өгсөн, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэх тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш хариуцагчид хэдэн ширхэг, хэчнээн төгрөгийн барааг хүлээлгэн өгч, үүнээс хэдэн төгрөгийн барааг буцаан авч үлдэгдэл хэдэн төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийн 8, 28 дугаар талд авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.
Иймээс хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчид 10,763,470 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ нотлогдохгүй байна.
8. Хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 сарын 19-ний өдрийн хооронд М ХХК-ийн захирал Г.Гийн Хаан банкны 5037251184, 5037536168 тоот дансруу 122,076,900 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба надаас нэхэмжилж буй үнийн дүнгээр бараа өгч явуулж байсан нь баримтаар нотлогдох боломжгүй. гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй.
9. Түүнчлэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаарх баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгч нь төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа утсаар мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
10. Иймд хариуцагч Г.Тт холбогдуулан 10,763,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Тт холбогдуулан 10,763,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ