Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 112

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Н.Жаргал,

шүүгдэгч Б.Батгэрэл (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батсайханы Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002450041 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 75 дугаар байрны 45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УЕ84061711 дугаартай, Боржигон овогт Батсайханы Батгэрэл нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо, 75 дугаар байрны 45 тоотод өөрийн эхнэр Н.Жаргалыг “гадуур хонолоо” гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батгэрэл нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батгэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо, 75 дугаар байрны 45 тоот гэртээ эхнэр Н.Жаргалыг хоол ундаа хийж идчихээд байж байтал нөгөө өрөө рүүгээ дагуулж ороод “өөдөөс яриад хэлчихгүй, гадуур хонолоо” гэж хэлэн ор луу түлхэж унагаад, боож багалзуурдан, толгой хэсэг рүү нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохиж, хөлөөрөө цээж хэсэг рүү хэд хэдэн удаа жийж “энийгээ цэвэрлэ, тэрийг хий” гэж хэлэн сэрээ, тавчик зэргийг авч шидэн, баруун, зүүн гуя руу нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батгэрэлийн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор мэдүүлэг өгөхгүй. Миний буруу, намайг уучлаарай. Эхнэр, хоёр хүүхдээсээ уучлалт гуйж байна. Та бүхэнд төвөг учруулсандаа бас уучлалт гуйж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Жаргалын: “... 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой найзуудтайгаа гадуур гарсан. Тэгээд шөнө гэртээ хариад хаалгаа цохьсон боловч тайлахгүй болохоор нь аавындаа очоод хоносон. Маргааш өглөө нь ажилдаа явчихаад орой гэртээ хариад нөхөртэйгөө маргалдсан. Манай нөхөр миний толгой руу гараараа цохьсон. Өөрөө надаас уучлалт гуйж ирсэн. Одоо надад гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Жаргалын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой Налайх дүүрэгт найзуудтайгаа уулзаж бага зэрэг пиво уусан юм. Тэгсэн чинь нөхөр маань над руу утсаар яриад “пизда минь чи муу алга боллоо, муу янхан минь чи аль бааранд янхандаж байгаа юм бэ” гэх мэтээр хэлж доромжлоод байхаар нь утсаа салгаад найзуудтайгаа жоохон юм ярьж сууж байгаад 01 цагийн үед гэртээ очоод гэрийнхээ хаалгыг нүдсэн чинь нөхөр Батгэрэл хаалга тайлж өгөхгүй болохоор нь аав ээж хоёр луу яриад гэрт нь очиж хоносон юм. Тэгээд унтаж амарчихаад өглөө нь ажил дээрээ очоод байж байтал нөхөр маань над руу “залгаад хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхгүй яасан юм бэ” гэхээр нь “чи хүргээд өгчихөөч, очихоор чи хаалгаа тайлж өгдөггүй биз дээ” гэхэд өөдөөс янхан, гичийгээр нь дуудаад байсан. Тэгсэн чинь нөхөр маань надад хандаж “би хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд танай ажил дээр чинь очиж бүх зүйлүүдийг чинь эвдэлж чамайг булай болгондоо” гэж хэлэхээр нь “чи одоо юу яриад байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн чинь том хүүхдийг маань цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд “бага нь уйлаад байна” гэхээр нь “ажил дээр аваад ир” гэхэд ирчихээд бага хүүхдээ аваад буцаад явсан. Тэгэхээр нь би хадам ээж рүү болсон үйл явдлын талаар хэлээд “надад хэцүү байна, хэрвээ ажил дээр ирээд янз бүр болох юм бол би цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Тэгээд би орой 18 цаг өнгөрч байх үед том хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад гэртээ очоод хувцасаа солиод, хоол ундаа идчихээд байж байтал нөхөр Б.Батгэрэл нөгөө өрөө рүү дагуулж ороод ор луу түлхэж унагаад боогоод багалзуурдаад өөдөөс яриад хэлчихгүй гадуур явлаа гээд толгой хэсэг рүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохихоор нь холдсон чинь хөлөөрөө миний цээж хэсэг рүү хэд хэдэн удаа жийгээд тэр үед

толгой маань хананд савагдсан, тэгэхээр нь би өөрийн эрхгүй орилсон чинь дахин боож багалзуурдаад дарж байгаад босоод тамхи татаж хэсэг зуур байж байгаад энийгээ ч цэвэрлэ, тэрийг хий гэж байснаа сэрээ, тавчик зэргийг авч шидээд баруун, зүүн гуя хэсэг рүү олон удаа /тоог нь мэдэхгүй байна/ өшиглөсөн, сүүлийн удаагаа өшиглөхөд нь миний толгой хэсэг хойшоо савагдаад шүүгээнд зүүн нүдээ цохьчихсон. Тэгээд нөхөр маань урьд нь миний гар утсыг булааж авчихаад хүн рүү залгуулахгүй болохоор нь гар утсаа нуучихсан байсан. Тэгээд удалгүй нөхөр маань Улаанбаатар хот руу ажилтай гэж хэлээд гараад явахаар нь нуусан өөрийн гар утсаа гаргаж ирээд аав, ээжийгээ дуудаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Наранчулууны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед охин Жаргал утсаар яриад “аав аа та намайг ирээд аваач, би хувцас хунараа бөөгнүүлээд байж байя” гэхээр нь “яав, юу болов” гэхэд “манай нөхөр Батгэрэл намайг хардаад зодсон, би хамт баймааргүй байна” гэсэн. Тэгэхээр нь би 20:40 цагийн үед гэрт нь очиход охин Жаргал 2 хүүхдийнхээ хамт байсан. Жаргалын биед ил харагдах гэмтэл гэвэл хоолой, эгэм нь улайсан, зүүн нүд хөхөрч хавдсан, мөн зүүн гарын шууны хэсгээр хэсэг газар хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч, яллагдагч Б.Батгэрэлийн 2017 оны 10 дугаар сарын 09, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын үед байх би эхнэр Жаргал руу залгаад “ирэх болж байна уу” гэхэд “одоо ажлаа тарж байна удахгүй очлоо” гэхээр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь 22 цагийн үед дахиад залгахад утас нь холбогдохгүй байхаар нь би хүүхдүүдийнхээ хамт унтаад өгсөн. Ингээд шөнө унтаж байхад 02 цагийн үед байх хаалга тогшоод байх шиг чимээ гарахаар нь очоод хаалгаа онгойлгоход хүн байхгүй байхаар нь очоод цонхоороо харахад Жаргал гадаа алхаж явахаар нь араас нь дуудахад эргээд харахаар нь “хаачих гэж байгаа юм” гэхэд “аав, ээжийндээ очиж хонолоо” гээд цаашаа яваад өгөхөөр нь би буцаад шууд унтаад өгсөн. Өглөө босоод 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд оруулах гэтэл бага хүү маань орохгүй гээд уйлахаар нь буцаад бага хүүгээ дагуулж гараад Жаргалын ажил дээр нь очоод “өчигдөр яасан бэ” гэхэд дуугарч ядаад ярвагнаад байхаар нь би хүүхдээ аваад гэртээ харьсан. Орой 16 цагийн үед том хүүг цэцэрлэгээс нъ аваад ирэхээр нь би юм дуугарахгүй чимээгүй байсан ба эхнэр хоол ундаа хийж дуусгаад идчихээд эхнэртэйгээ хойд өрөөндөө ороод “яасан бэ чи” гэж асуухад “чамд ямар хамаатай юм” гээд уурлаад бид 2 хоорондоо маргалдаад орон дээр сууж байтал босоод явах гэхээр нь би шилэн хүзүүн дээр нь дараад буцаагаад суулгахад орилж чарлаад байхаар нь чимээгүй суусан. Тэгтэл Жаргал босч яваад аягаа угаахаар нь миний уур хүрээд “яасан бэ” гэж асуухад чимээгүй зогсоод байхаар нь босч очоод хажуугаар нь зөрөхдөө бөгс рүү нь ташаагаараа нудрахад урагшаа саваад нүүрээрээ угаалтуурны дээд талын түмбүүшигний дээд талын бариулыг мөргөчихсөн. Би ч тэгээд л холдоод явсан ба бүр хувцасаа өмсөөд гараад гаруур ажлаа хийж байгаад 14 цагийн үед буцаад гэртээ иртэл эхнэр хамаг хувцасаа аваад гараад явчихсан байсан. ... Урьд нь 2017 оны 06 дугаар сард шиг санагдаж байна гадуур хоноод ирэхээр нь нүүр лүү нь 2 удаа алгадаж байсан. Өөр ер нь зодож цохиж байсан асуудал байхгүй. Эхнэр өөрөө архи уухаараа алга болчихдог ба утсаа салгаад хэл сураггүй болдог ба архи уухаараа энэ тэнд зодоон цохион хийгээд асуудал гаргаад байдаг болохоор би нааш цаашаа явахаар нь хэлж бай гэж байнга хэлдэг тэгэхэд сураггүй алга болчихдог юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 27-29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №490 тоот:

1. Н.Жаргалын

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүдээс зүүн шилбэний сорви гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй, харин бусад гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

            Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 20 дугаар тал/,

            Б.Батгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/,

            Б.Батгэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-37, 44-50, 53 дугаар тал/,

            Б.Батгэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Батгэрэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Жаргал “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батсайханы Батгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Батсайханы Батгэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 (дөрвөн зуун тавин нэг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 (дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батгэрэлд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Батгэрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Батгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Жаргал “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ