Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0303

 

 

 

 

 

 

 

       2024          04             04

                                   128/ШШ2024/0303

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С

Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.СЭ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: К ХХК нарын хоорондын Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.СЭ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Т, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийн хавсралт 4-т заасан “К” ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 мкв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 мкв талбайгаар давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ...дугаар захирамжаар К ХХК-д ... 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10000 мкв газрыг орон сууцны зориулалтаар 2 жил 8 сарын хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ[1].

2.2. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10000 мкв талбайтай газарт нэгж талбарын ... дугаартайгаар ... тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна[2].

2.3. Хожим Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаар захирамжаар[3] дээрх газрын талбайн хэмжээг,

- Хавсралтын 4-т К трейд ХХК, 10000 мкв, үйлдвэрлэл, нэгж талбарын дугаар ..., 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэж тус тус өөрчлөн, гэрээ  байгуулсан байна[4].

2.4. Гэтэл Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаар тушаалаар[5] Улаанбаатар хотод үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас бий болсон хор уршиг, шалтгаан нөхцөл, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан.

2.5. Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...[6] дугаар захирамжийн хавсралт 4-т ... 4 хороонд байрлалтай, 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар “К” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан.

2.6. Шүүх уг прокурорын нэхэмжлэлийн хүлээн авч холбогдох ажиллагаа хийсэн болно.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: …Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1/115 дугаартай албан бичгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах” агуулга бүхий хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, судалгаа, холбогдох баримтыг гаргуулан авч, танилцахад эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомж зөрчин Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, тухайн газарт барилга, байгууламж бариагүй нөхцөл байдал тогтоогдсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд үер усны аюулаас хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын даланг барьж, тодорхой хэмжээний зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хууль тогтоомжоор хориглосон.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгохдоо Усны тухай, Газрын тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” зөрчиж ... 4 дүгээр хороонд нэгж талбарын ... дугаар бүхий 9996м2 газрыг “К” ХХК-д “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан нь хууль тогтоомжоор хориглосон, хууль бус, нийтийн ашиг сонирхол зөрчсөн үйлдэл болжээ.

Тухайлбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”; 22.2.1.“онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах”-ыг хориглосон;

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.“Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”;

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.“Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.3.2.гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.6.үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” байхаар заасныг зөрчжээ.

…Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаар “К” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, хаяг, байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч Ш.СЭшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төр болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Шүүхэд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй гэж шийдвэрлэсэн тохиолдлууд байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурьтай байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ч хүлээн зөвшөөрөхгүй байр суурь харагдаж байна. Өнгөрсөн 2023 онд болж өнгөрсөн үер усны асуудлаар иргэдийн эд хөрөнгө, амь насанд илтэд хохирол учирснаар нийтийн эрх, ашиг сонирхол гэх нэхэмжлэлийг гаргах хэрэгцээ, шаардлага байсан. Газар олголттой холбоотой асуудлыг прокуророос хөндөж байгаа нь газар олгож буй эрх бүхий этгээдүүд нь олгож буй газрыг хууль дүрэм журмын дагуу олгоогүйгээс өнөөдрийн ард иргэдийн эд хөрөнгө, ам насны хохирлын асуудал гарч байна. Тиймээс энэхүү асуудлыг заавал хууль, шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт, Газрын тухай хуулийн зохицуулалтаар гуравдагч этгээд үл хөдлөх зориулалтаар газар авсан. Үйлдвэрлэл цаашдаа явагдаж, газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа явууллаа гэхэд эргээд тухайн компанийн эд хөрөнгө, ажилчид гэх мэт нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна гэж харсан. Энэхүү нэхэмжлэлийг гаргах хамгийн гол агуулга нь нийтийн эрх, ашиг сонирхол юм. Бусдын эд хөрөнгө, амь нас эрсдэх гэх агуулгаар нэхэмжлэлийг гаргасан. Нийслэлийн Засаг даргаас хэвлэл мэдээлэл болон, нийтийн сүлжээнд энэхүү асуудал дээр хатуу байр суурьтай байна гэж харагдсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбараар хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр суурь нь цаашдаа эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал бий болгож байна. Тиймээс Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. … Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжаар олгогдсон “К” ХХК-ийн газрын үерийн болон усны онцгой хамгаалалтын бүсэд өртсөн талбайг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж байна гэв.

 

3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төлөөлөх хэлтсийн төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.СЭнарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжаар дараах иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн.

Иргэн Р.Б-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1300 м2 газрыг Тохижилт ногоон байгууламж зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Иргэн Р.Бийн маргаан бүхий газар нь Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон байна.

Ү ХХК-д ...нд байрлах 3720 м2 газрыг Үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Ү ХХК-ийн уг маргаан бүхий газар нь Цахилгаан станцын хамгаалалтын бүсэд 232 м2 газраар давхацсан байна.

Иргэн Д.От ...нд байрлах 3627 м2 газрыг Аж ахуй зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Иргэн Д.Оийн маргаан бүхий газар нь Цахилгаан станцын хамгаалалтын бүсэд өртсөн 142 м2 газраар давхацсан байна. Кпассик групп ХХК-д ... 4 дүгээр хороонд байрлах 10000 м2 газрыг Үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. К ХХК-ийн уг маргаан бүхий газар нь Монгол Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, Ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд 10000 м2 талбайгаар давхацсан байна.

У ХХК-д ... 9 дүгээр хороонд байрлах 15645 м2 газрыг Аж ахуй зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн. У ХХК-ийн уг маргаан бүхий газар нь Оршуулгын хамгаалалтын бүсэд 15645 м2 газраар давхацсан байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий боловч нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт зөвхөн К ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар дурдсан байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийн холбогдох хэсэг болох К ХХК-ийн газар эзэмшүүлэх шийдвэртэй маргаж байна гэж ойлгож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын ...дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргаж байсан. “К” ХХК-д олгосон газартай маргаж байгаа боловч бусад этгээдүүдийн талаар ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Зөвхөн ...дугаар захирамжийг хүчингүй болгох гэж байсан. Газрын тухай хуулийн 33.6-д иргэн хуулийн этгээдэд усан сан бүхий газарт газар ашиглуулахыг хориглосон. Нэхэмжлэлийн тухайд К ХХК-д үер усны гамшигтай холбоотойгоор усан сан бүхий газар газар эзэмшүүлсэн гэж маргасан. Гэвч Газрын тухай хуульд усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд л газар эзэмшүүлж болохгүй гэж зааснаас үерийн хамгаалалтын бүсэд газар олгохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. хамгийн сүүлийн байдлаар Барилга, хот байгуулалтын яамны тогтоол болон хариу тайлбарт дурдсан тушаалуудаар үерийн далан бүхий газрыг шинэчлэн тогтоосон агуулгатай. Гуравдагч этгээдийн нийт талбайн хэмжээг 9996 м.кв газар, Газрын тухай хуулийн үндэслэлд хамаар байгаа хэсэг нь 33352 м.кв талбай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаар ... дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа ч хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 9996 м.кв биш 33352 м.кв орж байна гэж үзэж байна. Иймд маргаан бүхий Нийслэлийн засаг даргын ...дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

 

3.5. Гуравдагч этгээд К ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нййслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар 27-ны өдрийн ...дугаар “К” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу “хууль бус” захиргааны акт гэж үзэн хүчингүй болгуулахаар тодорхойлжээ.

“К” ХХК нь ... 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... нэгж талбарын дугаартай, 9996.0 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар хууль ёсоор эзэмшдэг.

“К” ХХК нь 2016 оноос тухайн газартаа орон сууц барих зорилготойгоор Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, гадаадын хөрөнгө оруулалт татан, төсөл хэрэгжүүлж барилга барихаар ажиллаж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаварт Ногоон байгууламжийг голын эрэг орчмын бүсэд тусгайлан төлөвлөсөн бөгөөд ийнхүү тусгаж өгснөөр нийтийн ашиг сонирхлыг зөрчөөгүй юм. Бид онцгой хамгаалалтын бүсэд ямар нэгэн барилга, байгууламж барихаар төлөвлөөгүй. Учир нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2.4.”Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй.” гэж заасан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын А/23 тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/492 дугаартай захирамжийн дагуу тухайн байршилд “Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам гүүрийн тохижилтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил өнөөдрийн байдлаар явагдаж байна. Энэ ажлын хүрээнд К ХХК-ний зүгээс “Сэлбэ сэргэлт” төсөлтэй уялдуулан Архитектур төлөвлөлтийн даалгавар шинээр батлуулах ажил үргэлжлэн явагдаж байна.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3/1882, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08/324 тоот албан бичгүүдэд энэ талаар тодорхой дурдсан байдаг.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг хамгийн сүүлд хуулийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №23/68 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх Акт” үйлдэж дүгнээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хуульчилсан. Бид дээрх газар хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн ажил хэвийн үргэлжилж байна. Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 536 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2022/0566 дугаар магадлалаар “К” ХХК нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчөөгүй байна гэж үзсэн байдаг.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “... Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...”, 4.2.8-д заасан “...хууль ёсны итгэлийг хамгаалах...” зарчмуудыг хангаагүй, Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар 27-ны өдрийн ...дугаар “К” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу “хууль бус” захиргааны акт гэж үзэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

3.6. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын үзлэг хийхэд хууль зөрчөөгүй олгогдсон хэсгийг хурдан ашигламаар байна гэдгээ хэлсэн. Усны онцгой хамгаалалттай давхацсан хэсгээ өгөхөд бэлэн байна. Тодорхой хугацаанд тухайн газрыг эзэмшиж байгаа. Газрын төлбөрийг жил болгон төлдөг байсан. Анх дуудлага худалдааны үнийг төлж авсан. Энэ хугацаанд төлбөр төлсөн маань хий хоосон болж байна. Нөхөн төлбөрийн асуудал биш ч тухайн төлсөн мөнгөө буцааж авах боломж байдаг эсэх талаар л тодруулж байгаа юм гэв.

 

3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК уг маргаан бүхийн 9996 м.кв талбай газрыг хуульд заасан үндэслэлээр эзэмшиж, хуульд заасны дагуу ашиглаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигт ... 3-р хороонд байрлах К ХХК-ийн эзэмшлийн газар нь Сэлбэ сэрэлт төслийн газартай 1106 м.кв, далангийн хамгаалалтын бүстэй 3354 м.кв давхацсан байгаа. Мөн хариуцагчийн гаргасан тайлбарт усан сан бүхий онцгой хамгаалалтын бүс, далангийн бүстэй зарим нэг хэсгээр давхцаж байгаа талаар тайлбарласан. Тэгэхээр Усны тухай хууль болон бусад хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулиар хориглоогүй бол иргэн хуулийн этгээдэд зөвшөөрөх эрх зүйн зарчим үйлчилнэ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар Улсын дээд шүүхийн тайлбар гарсан тул шүүх энэхүү асуудалд дүгнэлт хийх байх гэж найдаж байна. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тул бид оролцсон. Хэдийгээр шүүхийн шийдвэр гараагүй байгаа ч замын трастай бүсэд холбогдох газарт төлсөн татвар, тухайн газрын дуудлага худалдааны үнэтэй холбоотой асуудлыг шүүх шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1. Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.СЭнараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж,

шүүх хуралдааны явцад Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжаар олгогдсон “К” ХХК-ийн газрын үерийн болон усны онцгой хамгаалалтын бүсэд өртсөн талбайг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ Усны тухай хууль тогтоомж зөрчиж, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

4.2. Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байх ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “..., үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, ... хориглоно”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус заажээ.

4.3. Хавтас хэрэгт авагдсан баримтаа үзэхэд гуравдагч этгээдийн эзэмшиж буй нэгж талбарын ... дугаар бүхий 10000 м.кв газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 3352 м.кв талбайгаар, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн талбай 1106 м.кв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Сэлбэ сэргэлт төслийн зураг төсөл[7], нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн зураг[8] болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдов.

4.4.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад маргааны үйл баримттай холбогдуулан гуравдагч этгээд К ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн нэгж талбарын ... дугаар бүхий 10000 м.кв газраас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай 3352 м.кв талбайг, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв  давхцалтай хэсгийн газар эзэмших эрхийг хүчингүй болохыг зөвшөөрсөн бол нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх хэсгийг хүчингүй болгосон тохиолдолд үлдэх хэсэгт маргахгүй болохоо илэрхийлсэн болно.

4.5.Учир нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр[9] хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” заасныг зөрчсөн, үүний улмаас “Сэлбэ сэргэлт” авто замын трассын бүтээн байгуулалтын ажиллагаанд[10] буюу нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл байдал илэрсэн юм.

4.6.Хэдийгээр энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан маргаан бүхий актыг гаргасан Нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20 дугаар зүйлийн 20.2.1-д нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 40 дүгээр зүйлийн 40.1-д Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн ...Засаг дарга гэж тус тус заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрчилгээг хүчингүй, эзэмшүүлсэн шийдвэрээ өөрийн  хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээнийхээ шийдвэрлэх бүрэн боломжтой байсан хэмээн дүгнэлт өгч, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” боломжтой байсан.

4.7.Гэвч дээр өгүүлсний дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нараас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн талбайн давхцал бүхий эзэмших эрхийг цуцлахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн алинд нь нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэн хэлэлцэх эрхийг итгэмжлэл олгогчоос олгоогүй байсан тул шүүх энэ тохиолдолд хэргийг шийдвэр гаргаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.8. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.СЭнарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийн хавсралт 4-т заасан “К” ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхийг төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.СЭнарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” ...дугаар захирамжийн хавсралт 4-т заасан “К” ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР

 

 

 

 

[1] 1 хавтас хэргийн 9-12 хуудас

[2] 1 хавтас хэргийн 14-15 хуудас

[3] 1 хавтас хэргийн 154-155 хуудас

[4] 1 хавтас хэргийн 13-16 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 6-7 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 8 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 18-20, 230 хуудас

[8] 2 хавтаст хэргийн 117-118 хуудас

[9] 2 Хавтас хэргийн 74-86 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 215-219 хуудас