Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

 

  

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Ө.А/зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/583 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Эд холбогдох 221900000025****тай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О овогт Бгийн Э

 

Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймгийн **** сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын ажилтан нарт цалин олгох Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралт НХМаягт ЦХ-5б баримтыг засварлаж ашиглан цалингийн тооцоог илүү бодож 2021 оноос 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Төрийн сангаар дамжуулан 166,612,585 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх:  Яллагдагч Б.Эд холбогдох эрүүгийн 221900000025****тай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай үндэслэлээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “... Дорноговь аймгийн **** сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, заавар, журам, стандартын дагуу сургуулийн багш, ажилчдын цалин болон сургуулийн үйл ажиллагааг жигд хэвийн явуулахад шаардагдах бараа материалын гүйлгээг цаг алдалгүй тухай бүр нь хийж гүйцэтгэж, удирдлагуудыг байгууллагын төсвийн үнэн зөв мэдээллээр хангах, ...Нягтлан бодох бүртгэлийн стандартыг хэрэгжүүлж, багш, ажилчдын цалинг цагийн бүртгэлийн дагуу үнэн зөв бодож, гүйлгээг хийх.... гэж тодорхойлж, тухайн албан тушаалд томилогдсон этгээд нь энэхүү албан тушаалтны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг хууль, дүрэм, журмаар тогтоон өгчээ.

 

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.6, 3.1.8-т нягтлан бодогч, түүний албан тушаал, чиг үүргийг хуулиар тодорхойлсон. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 18 дугаар зүйлийн 18.3, 18.5, 18.6, 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.6-д тус тус нягтлан бодогчийн ажил үүргийг хуулиар хуульчилсан байна.

 

Дээрх ажлын байрны тодорхойлолт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар яллагдагч Б.Э нь Дорноговь аймгийн **** сургуулийн нягтлан бодогчийн хувьд тус сургуулийн санхүү, эд хөрөнгийг хариуцсан этгээд болох нь тогтоогдсон байтал шүүх, энэ талаарх хэрэгт авагдсан нотлох баримт, хуульд заасан чиг үүргийг нотлох баримтаар үнэлээгүй, зөвхөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь хамаарч байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсхүл, албан тушаалтан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

... Хэрвээ мөрдөн байцаалтын шатанд хэргийг буцааж байгаа бол мөрдөн шалгах ажиллагаагаар яг ямар ажиллагаа хийлгэх ёстой талаар зааж өгөх ёстой. Гэтэл шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж урьдчилсан байдлаар дүгнэлт хийж байгаа нь гэм буруугийн асуудлыг урьдчилж дүгнэж шүүх хийж байна гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлтэй, 2-8 жил хорих ялтай. Өмгөөлөгчийн санал гаргаад байгаа гэмт хэрэг бол 5 жил хүртэл хорих ялтай хөнгөн гэмт хэргийн ангилалд орж байгаа гэмт хэргүүд юм. Хэрэв шүүх хэрэгт авагдсан баримтыг ямар баримт бүрдсэн. Албан тушаал завшсан гээд байгаа нь ямар нөхцөл байдал нь ямар байдлаар тогтоогдож байгаа вэ гэдэг нь гэм буруугийн шүүх хуралдаанаар, нотлох баримтыг шинжлэн судлах замаар гэм буруугийн асуудлыг тодруулах бүрэн боломжтой байсан. Шүүх эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр хэргийг буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргээс ялгахдаа дан ганц субъектийн шинжид нь тулгуурлахгүйгээр хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлэлцээр зэргээр тогтоон олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа эдгээр нөхцөл байдалд нь дүгнэлт хийж хэргийг ялган зүйлчлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Эдгээр нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.

 

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/583 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй танилцахад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд ямар нэгэн байдлаар нягтлан бодогчид ямар нэгэн эд хөрөнгийг хариуцуулсан гэмт хэргийн шинжтэй заалтыг огт олж харсангүй. Тэгэхээр прокурорын эсэргүүцэлд дурдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг буруу барьсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан харьяалал зөрчсөн тухай асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэргээс харагдаж байгаа. Тэгэхээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/583 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байгаа. Яллагдагч Б.Эгийн мэдүүлсэн мэдүүлэгт, мөн албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын ангилал буюу төрийн үйлчилгээний 8 дугаар зүйлд гэж тогтоосон мөн Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар тогтоолд буюу төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтад ТҮ-8 зэрэглэлд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалыг оруулж тооцсон байгаа. Яллагдагч Б.Эгийн тухайн үед эрхэлж байсан албан тушаал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх дэх хэсэгт заасан албан тушаалын ангилалд тооцож байгаа. ” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Э нь Дорноговь аймгийн **** сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын ажилчдад цалин олгох Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралт НХМаягт ЦХ-5б баримтыг засварлаж өөрийн цалингийн тооцоог илүү бодож 2021 оноос 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Төрийн сангаар дамжуулан нийт 166,612,585 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан буюу хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх  яллагдагчийн өмгөөлөгч Ө.Агийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “ ...яллагдагч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэхдээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэрэгт нотлох баримт авагдаагүй, эсхүл албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан харьяалал зөрчсөн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж,  хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон буюу шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй.

 

Өөрөөр хэлбэл: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг  анхан шатны шүүх зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.**** зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-д тус тус зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргана.

 

Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагч Б.Эд холбогдох хэрэгт хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь буруу болсон тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг зөвтгөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр буюу  “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” гэж өөрчилж,  хэргийг анхан шатны шүүхэд буцааж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, энэ үндэслэлээр прокуророос гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/583 дугаартай шүүгчийн захирамжийн  1 дүгээр заалтын “Яллагдагч Б.Эд холбогдох эрүүгийн 221900000025****тай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай үндэслэлээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.” гэснийг,

 

“Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Эд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хэлэлцүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилж,  шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээн, прокурор М.Оын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   

                                                                                                  А.САЙНТӨГС