Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 342

 

Ч.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Ш.Нацагням, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 324 дүгээр магадлалтай, Ч.М-т холбогдох эрүүгийн хэргийг прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ч.М нь Эрүүгийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “И М Х” ХХК-иас 4.920.250 төгрөг гаргуулан хохирогч олгохоор тогтоож, хохирогч Ш.Н нь цаашид өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.М-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэлдээ “...Магадлалд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Шүүхийн тогтоол нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт ойлгомжтой байхын зэрэгцээ шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч зэрэг хэргийн оролцогч нарт шууд ойлгогдохоор бичигдсэн байх ёстой. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсгүүдэд заасан асуудал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа гаргаж буй шийтгэх тогтоол нь шүүгдэгчид шууд ойлгогдохоор тодорхой үг хэллэгээр, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдэж, хэрэв тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг нь урьдчилан сануулж, мэдэгдсэн байх ёстой тул тогтоолыг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан байх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 324 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичсэн боловч хүлээн аваагүй тул хяналтын шатны шүүхэд дахин эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан боловч санаатай гэмт хэрэг үйлдсэн, албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх эсэхийг шийтгэх тогтоолд дурдаагүйг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Шүүхийн тогтоол нь хэргийн оролцогч нарт ойлгомжтой байх ёстой. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсэгт заасан асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа шүүгдэгчид ойлгогдохоор, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх ёстой. Хэрэв тэнсэгдсэн тохиолдолд тухайн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг урьдчилан мэдэгдэж сануулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгох”-ыг заасан тул үүнийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М нь “И М Х” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, шаардлага тавиагүйн улмаас “О” төвийн барилгын 4 давхарт ажиллаж байсан ажилтан Ш.Н өндөр дээр хамгаалах хэрэгсэлгүйгээр ажил гүйцэтгэж байхдаа унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

Ч.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалт, БНбД12-03-04-ийн 4.10-т заасан “... аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “... ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр ... хангана”, “... ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавин”, “өндөрт ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтанд хувийн хамгаалах хэрэгсэл олгох” зэрэг хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Ш.Н-ыг хүнд гэмтэл авахад хүргэжээ.

Ч.М-ын дээрх эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан бодит зардлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Ч.М-ын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэрүүдэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ямар нэг алдаа гараагүй бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь тэнссэн хугацаанд тодорхой үр дагавар, тухайлбал тэнссэн хугацаанд санаатай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэх хэм хэмжээнүүд юм.

Хуульд заасан нөхцөл ирээдүйд бүрдсэн, тэр цаг хугацаанд хэрэглэх хэм хэмжээг тэрхүү нөхцөл бүрдээгүй байхад урьдчилан шийдвэртээ тусгах шаардлагагүй бөгөөд тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэхүү хэм хэмжээг хэрэглэх учиртай.

Шүүх шийдвэртээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалтуудыг тусгаагүйгээс ямар нэг хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй, ойлгомжгүй ямар нэг нөхцөл байдалд хүргэхгүй тул прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 324 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Д.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН