Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 460

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, 1 дүгээр баг, Тарвагатайд байрлалтай “А*******” ХХК
Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийн “А*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн захирал П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, гэрч С.Б*******, А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн захирал П.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “А*******” ХХК-нь Сэлэнгэ аймаг, “Хүдэр” сумын нутаг дэвсгэрт 8******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хайгуулын болон ашиглалтын нийт хугацаа болох 13 жил дараалан төлж ирсэн. 
Дээр дурдсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай буюу “Хүдэр” сумын нутаг дахь Жалгын амны алтны шороон ордод 1995-1997 онд хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь алтны шороон ордны нөөцийг 1999 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн АМХЭГ-ын Эрдэс баялгийн зөвлөлийн 84 дүгээр тоот тэмдэглэл, АМХЭГ-ын даргын 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 184 дүгээр тоот тушаалыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 314 тоот тушаалаар хүлээн авсан нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн. Тус компани нь Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 314 тоот тушаалд заасны дагуу ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг хийлгэж байхад Ашигт малтмалын газраас 8******* тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хоригло тухай хуулиар хязгаарласан талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэн авч, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоол гарснаар үйл ажиллагаа явуулж боломжгүй болсон.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. Энэ журмын 5.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг. Энэ заалтыг үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгоогүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байхаар зохицуулсан. Мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд зааснаар тус компанийн эзэмшлийн 8******* тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь уг тогтоолын хавсралтын 142 дугаарт зааснаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт хамрагдсан байсан. 
“А*******” ХХК нь дээрх төрийн хууль, шийдвэрийг хүндэтгэн, хүлээн авсны дараа Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7359 тоот албан бичгийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөх олговор авах хүсэлтээ маягтын дагуу бөглөж өгсөн боловч улс нөхөх олговор олгох мөнгөгүй гэсэн сураг гарч дээрх нөхөх олговор авах хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй. Эрдэс баялаг эрчин хүчний яамнаас 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1345 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт хандан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөх олговрыг тооцох байнгын ажлын хэсэг байгуулсан тухай тушаал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг хүргүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдсэн. Гэтэл Ашигт малтмалын газар нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас мэдэгдсээр байхад Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмыг”-ыг зөрчиж, тус компанид олгосон 8******* дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 тоот шийдвэрээр цуцалсан. Энэ талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу бидэнд мэдэгдээгүй. Мэдэгдсэн гэх байдал нь тодорхой бус хаягаар хүргүүлсэн байдаг. Үүнийг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. 
Ашигт малтмалын газрын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1-6062 дугаар албан бичгээс үзэхэд манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээ “дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө гэсэн үүргээ эс биелүүлж 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө 8880 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй байна гэсэн. Тус компани нь 2009, 2010 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан болох нь тус компанийн тусгай зөвшөөрлийн хавсралт 1, 2-т заасан бичилтээр болон төлбөр төлж байсан баримтуудаар нотлогдож байгаа юм. 
“Алтан дөхөм” ХХК нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муугаас болж манай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл болж, бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус хэлтэст удаа дараа гомдол гаргасан боловч Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарахаас өмнө танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэж өгөөгүй. Бидний зүгээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу 8******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас төрийн байгууллагуудын зүгээс холбогдох шийдвэрийг хүлээсэн, биднээс шалтгаалах бус төрийн хуулийн үйлчлэлд хамрагдсаны улмаас тусгай зөвшөөрлөө цуцалсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 
Түүнчлэн тус компанийн гүйцэтгэх захирал 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус шинээр томилогдсонтой холбоотойгоор шинэ томилогдсон удирдлагууд компанийн эзэмшлийн 8******* дугаар тусгай зөвшөөрлөө цуцлагдсан эсэхийг томилогдохдоо мэдээгүй байсан, энэ талын мэдээллийг хожуу олж мэдсэн. Тийм учраас мэдсэн даруйдаа Ашигт малтмалын газарт хандан удаа дараа гомдол гаргаад шийдэж өгөөгүй тул Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийн “А*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Жалга” нэртэй газарт байрлах 145.9 гектар талбай бүхий ашигт малтмалын 8******* дугаар тусгай зөвшөөрлийг анх “А*******” ХХК-д 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон. 
2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч, Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг хориглосон хязгаарласан талбайн солбицлыг тогтоож өгсөн. “А*******” ХХК нь 2010 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүйн улмаас Засгийн газрын дээрх тогтоол гарахаас өмнө Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон. 
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” ойлгоно, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”,  34 дүгээр зүйлийн 64.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн 2011 оны төлбөрийг 2010 оны 12 дугаар сард урьдчилж төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөрөө цаг тухай бүрт нь төлж байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийг тухайн үед нь цуцлаагүй, цаг хугацааны хувьд үргэлжилж явсаар байгаад 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “А*******” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6-8389 тоот албан бичгээр,  мөн тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6-2175 тоот албан бичгээр кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд зааснаар компанийн хаяг, дүрэм өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, бүртгүүлэх үүрэгтэй. 
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасан учраас компанийн удирдлага солигдсон нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, Тусгай зөвшөөрлөө хүчингүй болсон гэдгийг мэдэж байсан учраас Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 299 дүгээр тогтоолын дагуу нөхөх олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй учраас нөхөх олговрыг 0 төгрөгөөр тооцсон. Тухайн үед хүсэлтээ гаргасан бол төр ямар нэгэн аргаар шийдвэрлэх байсан, тусгай зөвшөөрөл хүчингүй болсон учраас нөхөх олговор авах тухай ойлголт байхгүй. 
“А*******” ХХК нь тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш буюу 2011, 2012, 2013, 2014 онуудад тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэдгийг мэдэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл цуцалчихлаа, яагаад цуцалсан талаар болон нөхөх төлбөр авах ёстой байсан гэж хандаж байгаагүй. “А*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргах эрх нь байсан боловч энэ эрхээ эдлээгүй, 4 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, “А*******” ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гэрч С.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: ““А*******” ХХК-ийн эзэмшлийн 8******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолд орсон учраас Уул уурхайн хэлтэс дээрх жагсаалтад орсон бүх аж ахуйн нэгжид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7359 тоот мэдэгдэлд заасан хугацаанд нөхөх олговор авах тухай хүсэлтээ Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолд заасан журмын дагуу ирүүлэхийг мэдэгдсэн боловч хүсэлтээ гаргаагүй. Дээрх мэдэгдлийг А******* ХХК-д өгөх үед нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрөл нь ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан байсан. Манай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ч гэсэн Засгийн газрын 174 дүгээр тогтоолд нэр нь орсон учраас бүгдэд нь нөхөх олговор авах тухай хүсэлт ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн” гэжээ.
Гэрч А.М******* шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “Тухайн үед миний бие Ашиг малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн татварын орчин хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Урт нэртэй хууль гарсантай холбоотойгоор Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарч, 137 аж ахуй нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах тухай хүсэлтийг хүлээж авсан.
Дээрээс Засгийн газрын тогтоолд нэр дурдагдсан бүх аж ахуй нэгжид нөхөн олговор авах тухай хүсэлтээ ирүүлэхийг мэдэгд гэсний дагуу бүх байгууллага руу мэдэгдэл буюу албан тоот хүргүүлсэн. “А*******” ХХК нь нөхөн олговох авах тухай хүсэлтийг тухайн үед манай байгууллагад ирүүлээгүй. Мэдэгдэл хүргүүлэх үед тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан эсэхийг тухайн үед нэгдсэн програм байгаагүй учраас мэдэх боломжгүй, тусгай зөвшөөрөл нь ямар үндэслэлээр цуцлагдсаныг мэдээгүй. Засгийн газраас нөхөн олговрыг олгох ёстой боловч одоог хүртэл нэг ч компанид олгоогүй учраас тусгай зөвшөөрлийг нь буцаагаад олгож эхэлсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч  “А*******” ХХК нь тус шүүхэд  “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийн “А*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, “Жалга” нэртэй газарт 145,9 гектар талбайд анх 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын 8******* дугаартай тусгай зөвшөөрлийг “А*******” ХХК-д олгосон, улмаар тус ордод 1995-1997 онд явуулсан хайгуулын ажлын үр дүнд алтны шороон ордны нөөц тогтоогдож, Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Нөөц хүлээн авч бүртгэх тухай” 314 дүгээр тушаалаар тус алтны шороон ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр “ ... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг  ... хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 
Нэхэмжлэгч “А*******” ХХК нь “  .. ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг хийж байх үед Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, … Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. ... Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд зааснаар тус компаний эзэмшлийн 8880 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбай  нь ... усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт хамрагдсан байсан ... тус компани нь 2009, 2010 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан ... Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу ... тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлээ бидэнд мэдэгдээгүй...” гэж, хариуцагч нь “ ... тус компани нь 2010 онд жилийн ээлжит төлбөрөө урьдчилан төлөөгүй, ... тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн мэдэгдлийг ... шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн. ... “А*******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ... цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “ Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж, үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ”  гэж тус тус  заажээ. 
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг жил бүр “урьдчилан төлөх” үүрэгтэйн зэрэгцээ нөгөө талаас төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид “мэдэгдэх” үүрэгтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А*******” ХХК нь өөрийн эзэмшлийн 8******* тоот тусгай зөвшөөрлийн 2011 оны буюу 7 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд “... ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөөгүй учир шалтгаанаа УИХ-аас “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, уг хуулиар хязгаарласан хилийн бүсэд тус компаний тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагдсан, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 229 дүгээр тогтоолоор ... хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох болсонтой холбоотой” гэж тайлбарлан маргажээ.
Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан, улмаар уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсан, уг тогтоолын хавсралтын 142 дугаарт нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн эзэмшлийн 8880 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ  хамрагдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй учир шалтгааныг тодруулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн   алтны шороон ордын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын үйлчлэлд хамрагдсан, тодруулбал нэхэмжлэгчийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт олгосон 8******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь ашигт малтмал ашиглахыг хориглосон усны сан, ойн сан бүхий газрын хилийн заагт  багтсан, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлүүд бий болсон байхад дээрх хууль зүйн боломж, нөхцөл байдлыг тодруулахгүйгээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр тус компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус болжээ. 
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлэх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг “урьдчилан төлөх” ёстой. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн буюу 2011 оны төлбөрийг төлснөөр тухайн жилд тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд дээрх үйл баримт, фактууд бий болж, өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. 
Түүнчлэн хариуцагч нь “ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан атлаа  Ашигт малтмалын газрын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7359 дүгээр “Нөхөх олговор авах хүсэлт ирүүлэх тухай” албан бичгээр “... танай компаний эзэмшлийн 8******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь ... усан сан ... ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагт хамрагдсан байна. Иймд Засгийн газрын 2010 оны 299 дугаар тогтоолоор батлагдсан ... журмын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны дотор ... ирүүлэхийг”  хүссэн,  мөн Сангийн яаманд хүргүүлсэн Ашигт малтмалын газрын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Тодорхойлолт хүргүүлэх тухай” 1-795 дүгээр албан бичгээр “ ... хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч “А*******“ ХХК нь нөхөх олговор авах хүсэлтээ хугацаандаа ирүүлээгүй тул нөхөх олговрын хэмжээг “0” төгрөгөөр тооцож, нөхөх олговор олгосонд тооцож, шийдвэр гаргуулах”-аар тус тус албан бичиг  хүргүүлж байсан нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байхын зэрэгцээ маргаан бүхий акт /шийдвэр/-ын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн нөхцөл байдлыг бий болгожээ.
Мөн хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн аваагүй гэж маргаж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын  хэлтсийн даргын  2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  6-8389 дүгээр албан бичиг, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын  хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-2175 дугаар албан бичгүүдийг “А*******” ХХК-нд хүргүүлээгүй /гардуулаагүй/ болох нь Ашигт малтмалын газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр” , Шуудангийн буцаасан тэмдэглэгээ  зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан “мэдэгдэнэ” гэдгийг Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг биечлэн гардуулах, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлж, түүнийгээ баталгаажуулсныг хэлэх ёстой.
Нэгэнт  захиргааны байгууллага, албан тушаалтан нь дээрх мэдэгдлүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулсан, үүнийгээ баталгаажуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул захиргааны байгууллага, албан тушаалтныг “мэдэгдэх” үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. 
Иймд захиргааны байгууллага, албан тушаалтан нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг нэхэмжлэгчид “мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй буюу  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Дээрх маргааны  үйл баримт, хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  үзлээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1789 дүгээр захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх компанийн хаяг өөрчлөгдөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх  хэсгийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийн  “А*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.БАТСҮРЭН