Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01035

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01035

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Жгийн Н

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Дгийн Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Дын Дид холбогдох,

Ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н, Д.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Д нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ж.Н, Д.Ц нартай 2022 оны 10 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарын туслах малчнаар ажиллахаар тохиролцож, ажлын хөлсний урьдчилгаа болгож 1,600,000 төгрөгийг авч, эхнэр Д.Эд бэлнээр хүргүүлсэн. /Хариуцагч Д.Д болон Д.Э нар нь гэр бүлийн хүмүүс байсан./

Гэвч хариуцагч Д.Д 2022 оны 10 дугаар сар буюу туслах малчнаар ажиллахаар тохирсон хугацаандаа ирээгүй. Иймд нэхэмжлэгч нар хариуцагч Д.Доос ирж туслах малчнаар ажиллахыг сануулсан боловч ирээгүй тул Туслах малчнаар ажиллах тухай тохиролцоог хзрэгжихгүй болсныг ойлгож /Туслах малчнаар ажиллах тухай тохиролцоог цуцалж/ ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 1,600,000 төгрөгийг буцаан өгөхийг удаа дараа шаардсан. Гэвч хариуцагч Д.Д нь Д.Э хэрэглэсэн тул түүнээс ав гэдэг бол хариуцагч Д.Э нь буцаан өгөх хүсэлтэй боловч мөнгөний бололцоо байхгүй байна. Мөн Д.Дтой тохирч хөлс төлсөн тул эрх бүхий байгууллагад хандаж Д.Доос гаргуулан аваарай гэдэг байна.

Иймд Д.Д, Д.Э нараас 2022 оны 10 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаанд Д.Д нэхэмжлэгч нарын туслах малчнаар ажиллахаар тохиролцож, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр эхнэр Д.Эд хүргүүлсэн ажлын хөлсний урьдчилгаа 1,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Н, Д.Ц нарын нэхэмжлэлтэй Д.Д, Д.Э нараас 1,600,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага 1,600,000.00 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н, Д.Ц нь хариуцагч Д.Дид холбогдуулан ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,600,000 (нэг сая зургаан зуу) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н, Б.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 (дөчин мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 20,275 (хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 20,275 (хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Б.Ц нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Н, Б.Ц нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дид холбогдох ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 (дөчин мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 20,275 (хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 20,275 (хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Б.Ц нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН