Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/03537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, тоотод байршилтай Б ХХК,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Б Х нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод байрлах М м н рХХК-д холбогдох,

 

220,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

 (Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч БХХК болон Б.Х нь хариуцагч М м н рХХК-д холбогдуулан 220,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Б.Х миний бие БХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажилладаг. БХХК нь Hyundai R520-LC маркийн, * улсын дугаартай, экскаватор машинтай бөгөөд, уг автомашины гэрчилгээ нь захирал Б.Х миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай компани нь уг экскаватор машинаа бусдад төлбөртэйгөөр түрээслүүлэх, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд М м н рХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/02 дугаартай Машин механизмын түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүртэл хугацаагаар байгуулсан.

БХХК компани нь авто засвар үйлчилгээ, үзлэг шалгалт бүрэн хийгдсэн, цэвэр, ашиглахад бэлэн, аливаа эрхийн зөрчилгүй, Hyundai R520-LC маркийн, * улсын дугаартай, экскаватор машиныг М м н рХХК-д түрээслүүлэх, М м н рХХК нь уг түрээсийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Баяндалай сум, Хүрмэн-2 уурхайн талбайд ажиллуулж, түрээсийн төлбөр 1 сарын 44,000,000 төгрөгийг БХХК-д төлөхөөр тохиролцож, эхний сарын түрээсийн урьдчилгаанд 1 сарын түрээсийн төлбөрийн дүнгийн 50 хувь 22.000.000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө төлж, сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээ хийгдсэнээс хойш 15 хоног тутамд түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 002/22 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-гээр 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэгч буюу БХХК нь өөрийн өмчлөлийн Hyundai R520-LC маркийн, * улсын дугаартай экскаватор машинаар захиалагч буюу М м н рХХК-ийн даалгасан ажлыг хийж гүйцэтгэх, М м н рХХК нь ажил гүйцэтгэгч БХХК-д 1 сар тутамд 44,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 002/22 тоот, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийн 2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний хөлс тооцох болон төлбөр төлөх журам, хугацааг заасан болно. Дээрх гэрээний дагуу М м н рХХК нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22.000.000 төлөх ёстойгоос 12.000.000 төгрөгийг төлж, 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг удаа дараа хэтрүүлэн, төлбөрийн үлдэгдэлтэй болж эхэлсэн.

2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М м н рХХК- тай тооцоо нийлсэн бөгөөд, тухайн үед 167.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөг төлж, 147.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон.

БХХК-ийн захирал Б.Х миний бие 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт очиж, М м н рХХК-ийн захиралтай уулзаж ажлыг зогсоож тээврийн хэрэгслийг буцаан авах гэсэн боловч, үлдэгдэл төлбөрөө 2 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн тул, ажлыг зогсоогоогүй, буцсан. Гэвч заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул М м н рХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 004/23 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж, гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан татсан.

М м н рнь төлбөрийн үлдэгдэл дээр маргадаггүй, төлбөрөө төлнө гэдэг тул уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч, тус компанийн захирал удаа дараа ирээгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд М м н рХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/02 дугаартай Машин механизмийн түрээсийн гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 002/22 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 003/23 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 147,000,000 төгрөг, алданги 73,500,000 /алдангийг 50 хувиар тооцов/ төгрөг, нийт 220,500,000 төгрөг гаргуулж, БХХК-д олгуулж өгнө үү. гэжээ.

 2. Хариуцагч М м н рХХК хариу тайлбартаа: Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр № 11/02 дугаартай Машин, механизмын түрээсийн гэрээ" байгуулагдаж, 1777 УН улсын дугаартай Hyundai R520-LC маркийн экскаваторыг хариуцагч түрээслүүлэн ажлуулах болсон. Уг гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байхаар гэрээний 2.2-д талууд тохиролцсон бөгөөд энэ гэрээ цаашид сунгагдахгүйгээр үргэлжилж, талуудын хэн алин нь гэрээг сунгах талаар хүсэлтээ бичгээр илэрхийлээгүй байдаг.

Хэдийгээр гэрээ сунгагдаагүй боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн экскаваторыг 2023.7.08-ны өдрийг хүртэл түрээсээр ажлуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин энэ дунд буюу 2023 оны 07-08 сарын хооронд экскаватор эвдэрч, түрээслүүлэгч талаас засварлаж байгаа гэх нэрийдлээр 1 сар ажил хийгээгүй учир 1 сарын түрээсийн төлбөр буюу 44,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцуулах хүсэлттэй байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Тооцооны баримтын жагсаалт" гэх баримт бичигт Монгол манганейз натурал ресурс" ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрт 157,000,000 төгрөг төлсөн байдлаар тусгагдсан байх бөгөөд хариуцагч талын зүгээс 2024 оны 01 сарын 15-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс энэ хэмжээгээр хасагдах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлд 2023 оны 03 сарын 10-ны өдрийн № 002/22 дугаартай, 2023 оны 06 сарын 10-ны өдрийн № 003/23 дугаартай Ажил гүйцэтгэх зэрээ-нүүд хавсаргагдсан байх бөгөөд хариуцагч Монгол манганейз натурал ресурс" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч БХХК-тай гэрээ байгуулах замаар ажил гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагүй болно. Энэ гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй гэрээ байх тул энэхүү гэрээгээр хариуцагч "М" ХХК нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан № 11/02 дугаартай Машин, механизмын түрээсийн гэрээ"-ний 3.3-д Гэрээгээр тогтоосон хугацаат үүргийг биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги төлнө." гэж заасан бөгөөд хариуцагч талын зүгээс хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжсэн дээрх гэрээний хугацаанд алданги төлөх хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй гэрээний хариуцлагыг хүлээхээс татгалзаж байна.

Ийнхүү хариуцагчийн зүгээс гэрээний төлбөрөөс 83,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас буюу үндсэн төлбөрөөс 64,000,000 төгрөг, алданги 73,500,000 төгрөг, нийт 137,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэж маргажээ.

 

  3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-6/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-8/, Машин механизмын түрээсийн гэрээ /хх-9-13/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх-14-19/, Техникийн тодорхойлолт /хх-20/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл /хх-21/, Мэдэгдэл /хх-22/, Тооцооны баримтын жагсаалт /хх-23/, Итгэмжлэл /хх-73/, Тооцооны баримтын жагсаалт /хх-88/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-48/, Итгэмжлэл /хх-49/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-60/, Хариу тайлбар /хх-66-67/, Тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-68/, Төлбөрийн тооцоо /хх-69/, Итгэмжлэл /хх-82-83/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч БХХК, Б.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М м н рХХК-тай өөрийн өмчлөлийн Hyundai R520-LC маркийн, * улсын дугаартай экскаватор машиныг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул М м н рХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 004/23 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж, гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан татсан. Иймд хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээнүүдийн үүргийн үлдэгдэл төлбөр 147,000,000 төгрөг, алданги 73,500,000 төгрөг, нийт 220,500,000 төгрөгийг шаардах эрхтэй. гэжээ.

 

3. Хариуцагч М м н рХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд Машин, механизмын түрээсийн гэрээ" байгуулагдаж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байхаар гэрээний 2.2-д талууд тохиролцсон бөгөөд талууд гэрээг сунгаагүй. Ажил гүйцэтгэх гэрээнүүд хавсаргагдсан байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах замаар ажил гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагүй. Ийнхүү гэрээний төлбөрөөс 83,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас буюу үндсэн төлбөрөөс 64,000,000 төгрөг, алданги 73,500,000 төгрөг, нийт 137,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Талууд 2022.11.08-ны өдөр 11/2 тоот Машин механизмын түрээсийн гэрээ-г байгуулж, түрээслүүлэгч нь гэрээнд зааснаар түрээсийн зүйл болох Hyundai R520-LC маркийн * улсын дугаартай экскаваторыг 2022.11.14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Баяндалай сум Хүрмэн-2 уурхайд ажиллуулахаар 2023.02.15-ны өдрийг хүртэл хугацаатай түрээслэгчийн буюу хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч экскаваторын төлбөрт сард 44,000,000 төгрөгийг төлөх, гэрээ хийгдсэнээс хойш 15 хоног тутамд төлбөр урьдчилж төлөх, гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлөх,

 

мөн 2023.03.10-ны өдөр 002/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, захиалагч нь гэрээнд зааснаар Hyundai R520-LC маркийн * улсын дугаартай, экскаваторыг 2023.03.10-ны өдрөөс 2023.06.10-ны өдрийг хүртэл хугацаатай хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч экскаваторын төлбөрт сард 44,000,000 төгрөгийг төлөх, төлбөрийг сар бүрийн эхний 15 хоног тутамд урьдчилж төлөх, төлбөр хийгдэх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгээс төлөгдөөгүй дүнд өдрийн 0,5 хувиар алданги төлөх,

 

2023.06.10-ны өдөр 003/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, энэхүү гэрээгээр захиалагч нь гэрээнд зааснаар Hyundai R520-LC маркийн * улсын дугаартай экскаваторыг 2023.06.10-ны өдрөөс 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацаатай хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч экскаваторын төлбөрт сард 44,000,000 төгрөгийг төлөх, төлбөрийг сар бүрийн эхний 15 хоног тутамд урьдчилж төлөх, төлбөр хийгдэх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгээс төлөгдөөгүй дүнд өдрийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь 11/2, 002/22, 003/23 дугаар гэрээнүүд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх9-19/

 

4.2 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

5. Талуудын маргааны зүйл нь 002/22, 003/23 дугаар гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, хариуцагч дээрх гэрээний дагуу үүрэг хүлээх эсэх байна. Харин түрээсийн зүйлийг буцаан шилжүүлсэн болон 003/23 дугаар гэрээг цуцалсан эсэх талаар маргаагүй.

 6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2023.03.10-ны өдрийн 002/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2023.06.10-ны өдрийн 003/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээнүүдийн 1.1, 2.1, 2.8-т заасан агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр Hyundai R520-LC маркийн, * улсын дугаартай, экскаваторыг сарын 44,000,000 төгрөгөөр түрээслэх, төлбөр хийгдэх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгээс төлөгдөөгүй дүнд өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон түрээслэгч буюу нэхэмжлэгч нь түрээсийн техникийг түрээслэгч буюу хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагчаас Hyundai R520-LC маркийн экскаваторын түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээж 2022.11.11-ний өдрөөс 2024.01.15-ны өдрийг хүртэл нийт 177,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь төлбөр төлсөн тооцооны баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах замаар ажил гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагүй, энэ гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй гэрээ тул гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. /хх-69/

 Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

7. Нэхэмжлэгч БХХК-аас 2023.11.21-ний өдрийн 004/23 тоот албан бичгээр М м н рХХК-ийг гэрээнд заасан түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс 2023.06.10-ны өдрийн 003/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцааг 2023.07.10-ны өдрөөр дуусгавар болгосон байх ба мөн тооцооны баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн дээрх гэрээний 8.2-т заасантай тус тус заасантай нийцсэн бөгөөд хариуцагч гэрээ цуцалсан үйл баримтад маргаагүй. /хх-22, 23/

 

8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч буюу хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь экскаваторыг ашиглуулсан хугацааны хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Тодруулбал, хариуцагч М м н рХХК нь 2022.11.08-ны өдрийн 11/2 тоот Машин механизмын түрээсийн гэрээ-ний дагуу 128,000,000 төгрөг, 2023.03.10-ны өдрийн 002/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-гээр 132,000,000 төгрөг, 2023.06.10-ны өдрийн 003/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 44,000,000 төгрөг нийт 304,000,000 төгрөгийг нэхэмжлэгч БХХК-д төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас түрээсийн төлбөрт нийт 177,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 127,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчээс ...Хариуцагч нь түрээсийн төлбөрийг удаасан учраас уучлал гуйж 2024.01.15-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн тул түрээсийн төлбөрт оруулахгүй гэх тайлбар үндэслэлгүй, баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

 

9. Түүнчлэн 2022.11.08-ны өдрийн 11/2 тоот Машин механизмын түрээсийн гэрээ-ний гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлнө, 2023.03.10-ны өдрийн 002/22 дугаар, 2023.06.10-ны өдөр 003/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.8-д Төлбөр хийгдэх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгээс төлөгдөөгүй дүнд өдрийн 0,5 хувиар алданги тооцно гэж тус тус тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

 

Алдангийн хэмжээг 2023.07.11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 127,000,000 төгрөгийн 0,5 хувиар /127,000,000*0,5=635,000*189хоног=120,015,000/ тооцоход 63,500,000 төгрөг /127,000,000:2=63,500,000/ байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх анзыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч М м н рХХК ... үндсэн төлбөрөөс 64,000,000 төгрөг, алданги 73,500,000 төгрөг, нийт 137,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь дээрх татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч М м н рХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 127,000,000 төгрөг, алданги 63,500,000 төгрөг нийт 190,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БХХК болон Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгэрэл нь өвчтэй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,110,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М м н рХХК-иас 190,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БХХК, Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,110,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ