| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/00986/И |
| Дугаар | 102/ШШ2024/03695 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/03695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, тоот хаягт байршилтай Х гХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух Т овогт Г Ат холбогдох,
756,800,852 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х гХХК нь хариуцагч Г.Ат холбогдуулан 756,800,852 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Х гХХК нь 2008 оны 4 сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц Т байгаа юм.
Гэтэл 2013 оны 12 сарын 4-ний өдөр К банк нь Х гХХК-тай 386 дугаартай, 2014 оны 1 сарын 10-ны өдөр 06 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулсан, гэрээнд Х гХХК-ийг төлөөлөн захирал гэж Г.А гарын үсэг зурсан байна.
Х гХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Тбайна гэж компанийн дүрэмд заасан ба Г.Аийг ...компанийг төлөөлөх эрхтэй байхаар...", мөн "...ерөнхий захирал..., ...захирал..." гэсэн албан тушаалыг түүнд олгосон талаар компанийн дүрэмд тусгайлан заагаагүй. К банк нь дээрх 2 зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 7414 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 88 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний 30 дугаартай тогтоол тус тус гарч Х гХХК-аас 756,800,852 төгрөгийг гаргуулан К банкинд олгохоор шийдвэрлэж, хүчин төгөлдөр болжээ.
Х гХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Тнад дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирэхэд би ихэд гайхаж, энэ талаар цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан, харин цагдаагийн байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан", иргэний хэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөх удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, мөн хуулийн 83.3-т хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж тус тус заасан бөгөөд Х гХХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.13-т Цэрэнжавын Төмөрболдыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заасан.
Иймд Г.А нь К банктай зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа компанийн тамга, хэвлэмэл бланк ашиглан хуурамч бичиг баримт үйлдэн Х гХХК-д 756,800,852 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Г.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөх үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас зээлийн гэрээг хүчингүй болгосон байгаа. Иймээс К банкнаас авсан үндсэн зээлийн төлбөрийг буцааж өгнө гэсэн үг. Г.А банкнаас 439,761,000 төгрөгийн зээл авсан, үүнийг төлөх үндэслэлтэй байгаа, харин хүүг төлөх үндэслэлгүй. Г.А нь Х гХХК-ийн хувьцаа эзэмшигч. Тухайн үед Ц.Төмөрболд, Г.А нар нь гэр бүлийн харилцаатай байсан ба Г.Аийг захирал хий гэсэн байдаг. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт /хх-27-28/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 200900766 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-29, 104/, Чингэлтэй дүүргийн шүүхийн албан тоот /хх-30/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2152 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол /хх-31-32/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот /хх-33, 103/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 591 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзах тухай /хх-34-35/, Монгол Улсын дээд шүүхийн тогтоол /хх-36-39/, Итгэмжлэл /хх-59/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэр /хх-88-90/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал /хх91-93/, Монгол Улсын дээд шүүхийн тогтоол /хх-94-95/, Х гХХК-ийн зээл хүсэх тухай хүсэлт /хх-96-97/, Х гХХК-ийн авсан зээлийн судалгаа /хх-98/, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШТ2017/00227 дугаар тогтоол /хх-99-100/, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2018/00072 дугаар тогтоол /хх-101-102/, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ШТ2021/00241 дүгээр тогтоол /хх-105-108/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-109/, Итгэмжлэл /хх-110, 147/, Х гХХК-ийн захирал /хх-110/, 2013 оны 12 дугаар 04-ний өдрийн 386 дугаар Зээлийн гэрээ /хх-111-117/, Барьцааны гэрээ /хх-118-137/, Г.Аийн үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-138-139/, Зээлийн дансны хуулга /хх-140-146, 148-164/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-84/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х гХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Х гХХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.13-т 2008 оны 4 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ц.Төмөрболдыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заасан. Иймд Г.А нь К банктай зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа компанийн тамга, хэвлэмэл бланк ашиглан хуурамч бичиг баримт үйлдэн Х гХХК-нд 756,800,852 төгрөгийн хохирол учруулсныг шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч Г.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөх үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас зээлийн гэрээг хүчингүй болгосон байгаа. Г.А банкнаас 439,761,000 төгрөгийн зээл авсан, үүнийг төлөх үндэслэлтэй байгаа, харин хүүг төлөх үндэслэлгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Х гХХК-ийг 1,000.0 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа явуулахаар үүсгэн байгуулж, 1 гишүүнтэйгээр 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн компанийн хувь нийлүүлэгч 2-оор нэмэгдэн нийт 3 болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлийн албанд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
5. Талуудын маргааны зүйл нь Х гХХК-ийг 2013 оны 12 сарын 04-ний өдрөөс 2014 оны 01 сарын 10-ны өдрийн хооронд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхий бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Ц.Тболон Г.А нарын хэн нь томилогдон ажиллаж байсан эсэх, хариуцагчаас 756,800,852 төгрөгийг нэхэмжлэгч Х гХХК-д төлөх эсэх байна.
6. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.6 дах хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна, 83.8 дах хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус зохицуулсан.
Гэтэл нэхэмжлэгч Х гХХК нь 3 хувь эзэмшигчтэй байх ба 2013 оны 12 сарын 04-ний өдрөөс 2014 оны 01 сарын 10-ны өдрийн хооронд гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр хэн томилогдон эрх хэмжээнийхээ хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулан ажиллаж байсан, гүйцэтгэх удирдлага болон захирал, ерөнхий захирлын албан тушаалыг компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэнд хэрхэн олгосон, эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулах эрхийг хэнд олгосон зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
7. Нэхэмжлэгчээс 2008 оны 4 сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Төмөрболд. Гэтэл 2013 оны 12 сарын 4-ний өдөр К банк нь Х гХХК-тай 386 дугаартай, 2014 оны 1 сарын 10-ны өдөр 06 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулсан, гэрээнд Х гХХК-нийг төлөөлөн захирал гэж Г.А гарын үсэг зурсан байна. Х гХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Тбайна гэж компаний дүрэмд заасан ба Г.Аийг ...компанийг төлөөлөх эрхтэй байхаар...", мөн "...ерөнхий захирал..., ...захирал..." гэсэн албан тушаалыг түүнд олгосон талаар компанийн дүрэмд тусгайлан заагаагүй. гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
8. Хэрэгт К банк ХХК, Х гХХК нарын хооронд 2013 оны 12 сарын 04-ний өдрийн 386 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээ, 2014 оны 01 сарын 10-ны өдрийн 06 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээнүүд байгуулагдсан байх ба нотлох баримтаар авагдсан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэрээр Х гХХК-аас 756,800,852 төгрөгийг гаргуулан К банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,799,628.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 011/ХТ2016/00304 дүгээр тогтоолоор дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Х гХХК-аас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШТ2017/00227, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2018/00072, 2021 оны 11 дүгээр 02-ны 001/ШТ2021/00241 дүгээр тогтоолуудаар тус тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 200900766 дугаар тогтоолоор Манай компанийн хувьцаа эзэмшигч нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн компанийн нэр дээр банкнаас их хэмжээний зээл авч залилсан гэх Х гХХК-ийн гаргасан гэмт хэргийн мэдээллээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй буюу иргэний эрх зүйн харилцааг шийдвэрлэсэн тогтоол, шийдвэр хүчинтэй байна гэх үндэслэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2152 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан үйл баримт тогтоогдож байна.
9. Зохигчид дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, мөн 2013 оны 12 сарын 04-ний өдрийн 386 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээ, 2014 оны 01 сарын 10-ны өдрийн 06 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээний барьцааны зүйл нь хариуцагч Г.Аийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэргийн 138 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчид 756,800,852 төгрөгийн хохирол учирсан, компанийн үйл ажиллагаа доголдсон гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .... Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас зээлийн гэрээг хүчингүй болгосон байгаа. гэсэн тайлбарыг гаргасан ба уг зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Ат холбогдуулан 756,800,852 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Х гХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,941,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ