| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0161/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Л.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л. М-д холбогдох эрүүгийн ,,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт Л.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух иргэн Б.М-ын гэрт иргэн Н.М маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“...
* Эрүүгийн,,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Мын өгсөн:
“...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Өгийнуур сумын харъяат найз Б.Мийнд хууч хөөрөөд сууж байтал гадаа мотоцикль дуугарах чимээ гарсан. Тэгээд гаднаас Л.М орж ирээд намайг үгийн зөрүүгүй, газар сууж байхад шууд миний нүүр рүү өшиглөсөн. Энэ үөд би ухаан алдаж, хэсэг хугацааны дараа би Өгийнуур сумын эмнэлэг дээр хүргэгдэж ирээд сумын эмч А.У надад эмнэлгийн тусламж үзүүлж, намайг эрүү чинь хугарч гэмтсэн байж болзошгүй байна, яаралтай Улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд тэр даруй Улаанбатар хот руу замын унаагаар явсан. Намайг ухаан алдах үед Б.М эхнэртэйгээ хоёулаа намайг эмнэлэгт хүргэж ирсэн байсан. Би өөрийгөө яаж, хэн намайг эмнэлэгт авчирсныг ухаан ороод мэдсэн. Намайг зодуулдаг өдөр би гэрээсээ найз Б.Мийнд хуучилж хонохоор өдрийн 14-цагийн үед ирсэн.Тэр айлд би нэг шил архи, эхнэрт нь уут чихэртэй ирсэн байсан. Би Б.Мынд нэг литр монгол архи уусан. Уг монгол архийг уугаад дуусч байхад уг үйл явдал болсон. Д.М-д зодуулсан өдрөө би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очоод рентген зураг авахуулсан чинь миний зүүн эрүүний яс хугарсан гэх гэмтэл гарсан. Мөн Л.Мд зодуулсны дараа миний үүдэн хоёр шүд хугарсан байсан. Би гэмтлийн эмнэлэгт 10-аад хоног эмчлүүлж хэвтсэн. Одоо надад эмчлүүлсэн бичиг, эрүү хугарсаныг тогтоосон рентген зураг бүгд байгаа. Олон сар, өдөр би Л.Мг манайд ирж, гэм буруугаа хүлээж уулзах болов уу гэж их харсан. Би 2 удаа Л.Мтай утсаар ярьсан. Эхний удаа 07-р сарын дунд үеэр утсаар ярихад гэм буруугаа хүлээж, над дээр ирж уулзаад учир байдлаа ойлголцъё гэж ярьсан. Тэгээд хэд хоногийн дараа утсаар ярихад Л.М завгүй байна очиж уулзахгүй гэсэн. Өнөөдрийг хүртэл би Л.Мг хуулийн байгууллагад шалгуулахаар өгөөгүй байсан одоо харин гомдлоо гаргаж байна. ...Бид хоёрын хооронд ямар ч маргаантай асуудал байгаагүй. Бид нэг нутгийн хүмүүс, мэнд устай явдаг. Л.М нь огт архи уудаггүй хүн байгаа юм. Тэр өдөр гаднаас ганцаарай орж ирсэн. Надад юу ч хэлэлгүй намайг өшиглөсөн. Амар мэнд ч асуухгүйгээр шууд танхайрсан. Миний бие туйлийн гомдолтой байна. Хүн чанар гаргаад миний биеийг асуугаад ирэх болов уу гэж олон сар харлаа. Одоо би шүүх эмнэлэгт үзүүлж, энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Б.М, түүний эхнэр Б.Д нар болсон үйл явдлыг гэрчилнэ. Би эмчилгээ, замын зардал, унааны мөнгө гээд нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна. Би хохирлоо төлүүлэхийг л хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,
*Гэрч Б.Дын өгсөн:
“...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт байх манай гэрт найз Н.М ирсэн. Манай нөхөр Б.Мтай хууч хөөрөөд суусан. Энэ үед би 1 литр монгол архи гаргаж өгсөн. Тэгээд монгол архиа хувааж уугаад хуучлаад сууж байхад гаднаас Л.М орж ирээд Н.Мыг газар явган сууж байхад нь нүүр рүү нь өшиглөөд, юм ярилгүй манай гэрээс шууд гараад явсан. Тэгтэл Н.М ухаан алдсан. Гэртээ хэсэг хэвтүүлээд муухан ухаан орохоор нь сумын эмнэлэг рүү нөхөр бид хоёр машинаар авч явсан. Сумын эмнэлэгийн хүлээн авах дээр хүргэж өгөөд Н.Мын төрсөн дүү Н.Бд үлдээгээд, нөхөр бид хоёр гэр рүүгээ буцсан. Н М манайд ирэхдээ архи уусан шинжтэй халамцуу ирсэн. Манайд миний өгсөн монгол архинаас өөр архи уугаагүй. Н.М манайд ирэхдээ хүнтэй маргалдсан гэж юу ч яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
*Гэрч А.У-ийн өгсөн:
“...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багаас хүнд зодууллаа гээд Н.М сумын эмнэлэгт ирсэн. Би тухайн үед энэ хүнийг үзсэн намайг үзэхэд ерөнхий биеийн байдал дунд асуусан асуултанд зөв хариулж байсан. Нүүрний хэлбэрт доод эрүү хугаралттай, хавдартай, өвдөлт ихтэй байсан. Амны ангайлт хязгаарлагдмал, бусад зүйлийг нь санахгүй байна. Н.Мыг үзэж дуусаад Улаанбаатар хот руу яаралтай яв гэмтлийн эмнэлэгт очиж нарийн шинжилгээ өгч, рентгэн зураг авахуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар тал/,
*Гэрч Г.Гын өгсөн:
“...Л.М гуай сум, орон нутагтаа нэр хүндтэй, Морь их сайн уядаг. Сум орон нутгийнхаа нэрийг аймаг, бүс, сумын наадмаар олон айраг, түрүү авч баярлуулж байсан. Одоо ч хурдан шандаст хүлгүүдээ уяж, залуу уяач нарт морь уях эрдмийг заан өвлүүлж байгаа. Хүнтэй эвтэй, найртай хүн байгаа юм.
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 397 дугаартай дүгнэлтэнд:
“...Н.Мын биед доод эрүүний оочны зүүн талаар хугарсан, доод үүдэн хоёр шүд нь унасан гэмтэл учирсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогмол алдагдуулах ба эдгээр нь эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэнэ. Н.М нь 2017 оны 6 дугаар сарын 09-нд доод эрүүний хугарлыг ГССЗҮТ-д хадуулах мэс засалд орсон байна. ” гэжээ. /хх-ийн 17 дугаар тал/” гэжээ.
* Яллагдагч Л.Мгийн өгсөн:
”...2017 оын 6 дугаар сарын 03-ны орой би даага хайж яваад Н.Мын гэрээр ороход Н.М согтуу байсан. Тэр үед би нэг даага харсан юм. Тэр гэхдээ чиний даага биш гэх зүйл яриад байхаар нь би маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Н.Мыг эрүүл болохоор нь даага сурах санаатай гэрт нь очсон.Тэгээд Н.Мын гэрийн хаалга онгорхой байсан намайг гэрийнх нь гадаа буух үед Н.М намайг хараад миний талаар яриад эхэлсэн. Тухайн үед Н.М архи уусан согтуу байсан. Ер нь бол Н.М бид хоёр бие, биедээ жаахан таарамж муу байдаг юм. Тэгээд намайг хараад янз бүрийн юм яриад байхаар нь би нэг орохоо больдог ом уу гэж бодсоноо за, за айлд орохгүй явалтай биш гэж бодоод Н.Мын гэрт ороод мэнд мэдэх үед Н.М миний урдаас муу гөлөг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үедээ нэг их юм дугараагүй, тэр үед Н.Мын эхнэр Д надад тавагтай идээ авч өгөөд, цай хийж өгсөн юм. Би цайгаа уугаад гарах гээд аягаа ширээн дээр тавих гэж байтал Н.М надад хандаж “чиний муу аав арчаагүй гөлөг байсан шдээ” гэж хэлэхээр нь миний уур гэнэт хүрээд тэгээд би ширээн дээр аягаа тавиад шууд урдаас нь очоод хөлөөрөө эрүү орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Д хөөе боль гээд намайг бариад авсан. Тэгээд би гэрээс гараад мотоциклоо асаагаад явсан, араас намайг харааж зүхээд л үлдсэн. ... Намайг Н.Мыг цохих үед М газар сууж байсан. Н.М намайг хэл амаард доромжлоод байсан. тэгээд бүр манай нас барсан аавыг маань чиний аав арчаагүй гөлөг байсан шүү дээ гэж хэлэхээр нь би Н.Мыг хөлөөрөө эрүү орчимд нь нэг удаа өшиглөчихөөд гараад явсан. Өөр ямар нэгэн байдлаар зодоогүй. Би эрүүл, огт архи уугаагүй байсан, Н.М нилээд согтсон байсан. Н.М надад өс хонзон санаж явдаг байж магадгүй байх. Намайг залуу байх үед миний унаж явсан хутгалж байсан удаа байдаг. Ямар учраас намайг ингээд байдгыг би мэдэхгүй. Н.Мын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг би учруулсан. Уг гэмтлийг миний буруутай үйлдлээс болж учирсан. Би Н.Мт эмчилгээний зардал мөнгө гэж 500.000 төгрөг өгөх гэсэн чинь эмчилгээний зардал гэж 350.000 төгрөг авна. Үлдсэн мөнгийг нь шүүхээр нэхэмжлэх болно гээд явсан. Н.М өөрөө би чамтай харьцахгүй, уулзахгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/
*Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 856 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/
* Шүүгдэгч Л.Мгийн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүн /хх-ийн 35 дугаар тал/
2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух иргэн Б.Мын гэрт иргэн Н.Мын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух иргэн Б.Мын гэрт иргэн Н.Мтой маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Мын “...гаднаас Л.М орж ирээд намайг үгийн зөрүүгүй, газар сууж байхад шууд миний нүүр рүү өшиглөсөн. Энэ үөд би ухаан алдаж, хэсэг хугацааны дараа би Өгийнуур сумын эмнэлэг дээр хүргэгдэж ирээд сумын эмч А.Унадад эмнэлгийн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын “...гаднаас Л.М орж ирээд Н.Мыг газар явган сууж байхад нь нүүр рүү нь өшиглөөд, юм ярилгүй манай гэрээс шууд гараад явсан. Тэгтэл Н.М ухаан алдсан...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Мын биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 397 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Мгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Л.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Н.М нь гомдолтой, эмчилгээний мөнгийг нэхэмжлэнэ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх бөгөөд шүүхэд эмчилгээний зардалд 350,000 төгрөг авсан талаараа хүсэлт ирүүлсэн, хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт ЛМг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мягмаржацан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.М нь өөрт учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР