Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0341

 

 

 

 

 

 

 

 

       2024          04             16

                                   128/ШШ2024/0341

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “Ю” ХХК                                            

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б

Хариуцагч: Сангийн сайд нарын хооронд үүссэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал бүхий “Хяналт шалгалтын тухай” дүгнэлт болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Ч.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, өмгөөлөгч Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь тус шүүхэд хандан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Э ТӨҮГ-тай 2021 онд ... дугаартай Уурхайн зориулалттай автомашин нийлүүлэх гэрээ байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөн гэрээнд нэмэлт оруулжээ.[1]

2.2. Энэхүү гэрээгээр “Ю” ХХК нь 50 хоногийн хугацаанд Уурхайн зориулалттай автомашиныг заасан үнэ, тоо ширхэг, чанар стандартын шаардлагад нийцсэн иж бүрдэл бүхий биет байдлыг доголдолгүй эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт нийлүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд ашиглагдсанаас хойш баталгаат хугацаа 12 сар байхаар тохиролцжээ.

2.3. Уг гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүнд даацын ... загварын өөрөө буулгагч ..., ... дугаартай автомашиныг,  талуудын төлөөлөгч нар акт үйлдэж, ашиглалтад оруулжээ.[2]

2.4. “Э” ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТБ-20-121164 дугаар Барааны доголдол, дутагдлыг арилгуулах тухай албан бичгээр “...хүнд даацын ... загварын ... арлын дугаартай өөрөө буулгагч автомашины ... серийн дугаартай дотоод шаталтат хөдөлгүүрт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1054 мото цаг ажиллах үед гэмтэл гарч, одоогоор ажиллуулахгүй зогсоосон байдалтай байх тул гэрээний 5.2.2-т зааснаар доголдлыг арилгах эсхүл шаардлагад нийцсэн бараагаар солих...” зэрэг шаардлагыг Ю б ХХК-д хүргүүлжээ.[3]

2.5. Мөн үйлдвэрийн Автотээврийн цехийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Авто тээврийн цехийн техникийн зөвлөлийн гишүүд болон худалдагч талын төлөөлөл Э ХХК-ийн төлөөлөгч Д.Б нарын хамтарсан багийн зүгээс ... дугаартай машин механизмын хөдөлгүүрийн эвдрэлд үзлэг хийж, хөдөлгүүрийн баруун 2, 3 дугаар цилиндрийн дээд талд хэвийн бус дуутай, 2, 3, 5, 6, 8 дугаар цилиндрийн гильз зурагдсан гэж дүгнээд, 158 гараашны дугаартай технологийн тээврийн ... загварын өөрөө буулгагч автомашиныг шугамд ажиллуулахгүй зогсоох, өөр хөдөлгүүрээр солиулахыг шаардах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр акт үйлджээ.[4]

2.6. “Э” ТӨҮГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 131/308 дугаар Гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай “ 2021/12-20-620 дугаар Худалдах, худалдан авах гэрээний нэмэлтийн 1.1.1 Cummins Kta-50V pgu.gjsy ...8, 31326104 дугаартай хөдөлгүүрүүд нь 15000 мото цаг хүртэлх хугацаанд цаашид ашиглагдахгүй эвдрэл үүссэн тохиолдолд хөдөлгүүрүүдэд их засвар хийж өгөх гэж заасны дагуу гэрээний 11.1.2 “Бараа нь стандартын шаардлагад нийцсэн хэдий ч ашиглалтын явцад доголдол илэрч чанарын шаардлага хангахгүй нь тогтоогдвол худалдагч тал нийлүүлсэн барааны үлдэгдлийг буцаан авах, доголдолтой барааг ашигласнаас худалдан авагчид учирсан хохирлыг барагдуулна” гэх заалтыг үндэслэн хохирол шаардах талаар мэдэгдсэн байна.[5]

2.7. Мөн үйлдвэрийн Хуулийн хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 117/473 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ..., ... арлын дугаартай автомашиныг нэн даруй солихыг анхааруулсан байна.[6]

2.8. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТБ-20-12/4900 дугаар Барааны доголдлыг арилгуулж, гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгээр ... арлын дугаартай өөрөө буулгагч автомашины 31326104 серийн дугаартай хөдөлгүүр гэмтэл гарсан тул хамтарсан үзлэг хийж, үүссэн гэмтлийг арилгаж, гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгджээ.[7]

2.9. Харин 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12/4715 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд 2//592-21 дугаартай Уурхайн зориулалттай автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2/560-22 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүй гэх үндэслэлийг шалгаж, хариуцлага тооцуулахаар хүсэлт гаргажээ.[8]

2.10. Захиалагчаас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтын явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Ю” ХХК-ийн ерөнхий менежер Я.У гаргасан сонсох ажиллагааны тайлбарт “...үйлдвэрт одоо ажиллаж байгаа 40 гаран белазийг ажиллагаанаас гаргах, зогсоох нөхцөл байдлыг захиалагч өөрөө бий болгож байна...” гэх тайлбарыг өгсөн байна.[9]

2.11. Улмаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлтээр “...гэрээний дагуу барааг 50 хоногт нийлүүлэх үүрэгтэй боловч санал болгосон БелАЗ хөдөлгүүрийг анх төлөвлөснөөс өөр этгээдээс буюу БНХАУ-ын Chongquing Cummins Enigine Co.,Ltd үйлдвэрээс нийлүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн, мөн БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн импортлоход гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэх шалтгаанаар гэрээнд заасан анхны хугацаанд нийлүүлээгүй байна...” “....... арлын дугаартай автомашины доголдлыг арилгуулахыг захиалагч удаа дараа шаардсан боловч доголдлыг арилгаагүй байна”, мөн 2/560-22 дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины хүч дамжуулах ангийн сэлбэгүүд нийлүүлэх гэрээний үүрэг зөрчиж тогтоосон хугацааны дотор барааг нийлүүлээгүй зэрэг үндэслэлээр Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 эх заалтад зааснаар “Ю” ХХК-ийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэж дүгнэжээ.[10]

2.12. Энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч “Ю” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасныг хангахгүй орхиж, Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8594 дүгээр албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн байна.[11]

2.13. Түүнчлэн “Ю” ХХК-ийг Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тушаалаар “Ю” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тенерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлт бүртгэж шийдвэрлэжээ.[12]

2.14. Нэхэмжлэгчийн зүгээс “...Сэлбэг нийлүүлэх гэрээний тухайд хугацаа хэтрүүлсэн. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл байсан. Энэ талаар гэрээний 2 тал зөвшилцсөн. Түүний үндсэн дээр гэрээ дүгнэсэн акт үйлдэж харилцааг дуусгавар болгож байгаа. Үүнээс өмнө гэрээ цуцлагдаагүй бөгөөд гэрээний шаардлагыг биелүүл гэх мэт асуудлууд байж болно. Үүнд тулгуурлан ноцтой зөрчил гэж дүгнэсэн нь захиргааны актын алдаа байна гэж харж байгаа. Хөдөлгүүрийн хувьд доголдолтой гэх асуудалд бид насан туршийн баталгаа буюу гэрээний дагуу 30000 цагийн баталгаа өгсөн. Түүнийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ баталгаа дээр асуудал байна. Тухайн баталгаа өгөөд шууд биелүүлэх үүрэг үүсэхгүй. Хэний буруутай үйл ажиллагаанаас алдаа, дутагдал гарсан талаар заавал шалгах ёстой. Үүний дараа манай буруу байвал тухайн насан туршийн баталгааг биелүүлэх үйл ажиллагаандаа орно. Түүнээс хөдөлгүүрт гэмтэл гараад шууд нэхэмжлэгч компани баталгаа биелүүлэх шинээр солих ёстой гэх асуудал биш. Хэний буруутай үйл ажиллагаанаас болж доголдол бий болсон талаар илрүүлсний дараа манай буруутай үйл ажиллагаанаас болсон бол манайх баталгааны дагуу биелүүлнэ гэж байгаа. Хамгийн гол нь тухайн моторын лог файлыг авч юунаас доголдол үүссэн талаар тодруулаад шийдвэрлэе гэх асуудал яригдаж байгаа. Гэрээний үүргийн зөрчил тодорхой болоогүй байхад зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь алдаа байна гэж харж байгаа. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь талуудын бодит нөхцөл байдлыг тогтооход нийцээгүй байна…, манай зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн зүйл байхгүй..., улсын байцаагч гэрээний үүргийн зөрчлийг хангалттай шалгаж тогтоохгүйгээр дүгнэлт гаргасан...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.15. Хариуцагч нарын зүгээс “...Дүгнэлтээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн биелүүлээгүй гэдгийг хуулийн үндэслэлээр тогтоож байгаа. Тухайн нөхцөл байдал тогтоогдсоны дараа гэрээний 2 тал хоорондоо акт үйлдэж, үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу алданги төлөхөөр тохиролцсон. Тухайн улсын байцаагчийн дүгнэлт гаргах хугацаанд тус нөхцөл байдал бий үгүйсгэхгүй. Хоёрдугаарт тухайн алдангийн асуудал нь Хүч дамжуулагч хэрэгслийн буюу сэлбэгтэй холбоотой асуудлаар талууд тохиролцсон нөхцөл байдал байхгүй. Байсан ч хамааралгүй. Гуравдугаарт илт худал мэдээлэл ирүүлсэн талаар улсын байцаагч цугларсан баримт бичгийн хүрээнд энэхүү асуудал тогтоогдохгүй гэх дүгнэлтийг гаргасан. Мөн Белаз компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч гэж тайлбарладаг. Гэтэл бодит байдалд Монгол дахь төлөөлөгч эсхүл шууд охин компани гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэв Монгол Улсад Белаз-ийн бүтээгдэхүүн шаардлагатай, нийлүүлэх боломжтой гэвэл бусад компани нийлүүлэх бүрэн боломжтой. Заавал Нэхэмжлэгчээс нийлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Хар жагсаалтын шийдвэрээс хойш гэрч Я.Уийн 100 хувь эзэмшдэг компани Белаз компанийн албан ёсны эрхийг аваад тендерт оролцож байгаа гэх мэдээлэл байгаа. Тиймээс Нэхэмжлэгч компани Хариуцагч жагсаалтад орсноор бусад үйлдвэрийн газруудад нийлүүлэх боломжийг хязгаарлах үндэслэл хамаарахгүй. Хөдөлгүүрийн тухайд захиалагч болон нэхэмжлэгчээс ирсэн баримтыг үндэслэн дүгнэлт гардаг. Эхний гэрээний дагуу акт үйлдэж хүлээн авсан. Тус гэрээний дагуу нийлүүлэгч тодорхой хугацаанд үүрэг хүлээж байгаа. Гэтэл үүрэг хүлээж байгаа КТА-50 хөдөлгүүр доголдолтой нь илэрч 2 компани хоорондоо дахин гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэгдүгээрт хөдөлгүүр солино, Хоёрдугаарт 15 000-аас 30 000 цагийн хооронд гэмтэл гарсан тохиолдолд хөдөлгүүрүүдэд их засвар хийж өгөх үүрэгтэй гэрээ байгуулсан. КТА-50 хөдөлгүүрийг илүү бага хүчин чадалтай КТА-38 хөдөлгүүрээр сольсон. Гэтэл тухайн хөдөлгүүр шаардлага хангаагүй. Хөдөлгүүрийн хэмжээ нь бага болж байгаа. Захиалагчаас тухайн доголдол илэрснээс хойш тус асуудлыг мэдэгдэж засварлахыг шаардсан боловч тухайн засварлах гэрээний үүргээ биелүүлээгүй...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

 

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь үндсэн үйл ажиллагааны хүрээнд Беларус Улсын албан ёсны эрхтэй Белаз үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааг албан ёсны эрхтэйгээр гүйцэтгэдэг Монгол Улсын компани. Энэ чиглэлээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э ТӨҮГ-тай 2021/12/2006 дугаартай уурхайн зориулалттай авто машин нийлүүлэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хүнд даацын өөрөө буулгагч авто машин нийлүүлэх гэрээнүүдийг байгуулсан. Улсын байцаагчийн хувьд тухайн гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ Камминс брэндийн газраас буюу тендерт тодорхой заасан нэр бүхий бүтээгдэхүүн нийлүүлээгүй, цаг хугацаа алдсан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж гол үндэслэл болгосон. Бид яагаад тухайн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа гэвэл 2021/1120/0620 дугаар гэрээгээр 2 белаз машин, 38 гэсэн машин нийлүүлэх, мөн 2/560-22 дугаар хүнд даацын өөрөө буулгагч авто машины сэлбэг нийлүүлэх гэрээгээр нөхцөлүүдийг тохиролцсон. Тухайн гэрээ нь "Э" ТӨҮГ-тай харилцан тохиролцон хийгдсэн гэрээ байдаг. Уурхайн зориулалттай авто машин нийлүүлэлтийн хувьд 2022 оны 2 дугаар сарны 17-ны өдрийн акт 1, 2 гэх акт үйлдэж КТА-50 төрлийн 2 хөдөлгүүр хүлээлгэж өгсөн. Нийлүүлэхдээ тодорхой хэмжээнд тоног төхөөрөмж учир ашиглалтын 48 цагийн нөхцөл санал болгож, тус хугацаанд хөдөлгүүрийг ашиглуулсан. Улмаар 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 1, 2 актуудаар хүлээн авч ашиглалтад оруулах нөхцөлийг хүлээж авсан. Худалдан авах гэрээний дагуу "Э" ТӨҮГ нь тухайн барааг авсан. Үүний дараа доголдлын асуудал гарч ирсэн. Нийлүүлсэн 2 хөдөлгүүрийн 1 нь ачаалал даахгүй, техникийн шалгалтаар ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг хоёр талаас хийж, ямар тохиолдлоос болж алдаа гарсанд тус тус дүгнэлт өгсөн. "Э" ТӨҮГ -ын хувьд мэргэшсэн инженерүүд ажилладаг. Нэхэмжлэгч талаас мөн адил инженерүүдээ явуулсан. Улмаар бид "Э" ТӨҮГ-т нэвтрэх зөвшөөрөл авч, тухайн доголдолтой холбоотой танилцсан. Танилцах үед дээд ангийн өөрсдөө задалсан зөрчил гарсан байсан. Бид өөрсдийн инженерт үзүүлэх зорилгоор 1 хөдөлгүүрийг авч явсан. Үндсэндээ бол 2 хөдөлгүүр эвдэрсэн гэж байгаа боловч 1 хөдөлгүүрийг хүлээлгэж өгсөн. Үүнд бид тухайн хөдөлгүүрийг ашиглах явцад ашиглалтын горимыг дагасан уу? Ердийн боломжит ашиглах хугацаанаас давуулах, өндөр ачаалалтай ажиллуулсан уу? гэх асуудлыг тодруулахаар эскиз лог буюу ашиглалтын файлуудыг авахаар удаа дараа шаардсан боловч "Э" ТӨҮГ-аас бичгээр болон мэйлээр тухайн файлуудыг өгөх боломжгүй гэх хариу өгдөг. Иймээс тухайн маргаан нь иргэний буюу тухайн хөдөлгүүр хэний буруугаас доголдсон талаар маргадаг. Тус асуудлыг тогтоох шат явагддаг. Тус хөдөлгүүртэй холбоотой доголдол үйлдвэрээс болсон эсэх асуудал шийдэгдэхгүй байгаа учир тухайн доголдлын асуудал өнөөдрийг хүрсэн. Тухайн хөдөлгүүрийн доголдол засахгүй гэсэн зүйл байхгүй. хэрвээ файлуудыг үзээд манай буруутай үйл ажиллагаанаас хамаарсан бол бид шаардлагатай ажлыг хийнэ. Хоёрдугаарт сэлбэг нийлүүлэх гэрээ хэрэгжиж дууссан, гэрээ дүгнэх акт үйлдэж гэрээгээ дүгнэж дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл хариуцагч дүгнэлт гаргахдаа тухайн хэргийн бодит нөхцөлийн тогтоохгүйгээр цаг хугацаанд нийлүүлээгүй гэж дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн бодит нөхцөл байдал нийцэх зарчимд нийцэхгүй байна. Хэргийн материалд гэрээ дүгнэсэнтэй холбоотой баримтыг өгсөн. Тухайн актыг 2023 оны 12 дугаар сарны 07-ны өдөр үйлдсэн. Хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор 89 421 691 төгрөг, 1 193 480 870 тэрбум төгрөгийг шилжүүлснээр тухайн гэрээний харилцаа дууссан. Одоогоор ямар нэгэн маргаан байхгүй. Гэрээ дуусгавар болсон байхад гэрээний шатанд дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Захиргааны үйл ажиллагаанаас тусдаа иргэний эрх зүйн харилцаа болж байгаа учраас тухайн нөхцөл байдлыг салгаж ойлгох ёстой байсан. Тиймээс Хариуцагч Ч.Бгийн акт нь хэргийн тохирсон дүгнэлт өгөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар сонгох боломжийг алдаатай хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн хувьд нэг зүйлийг буруу тайлбарлаж байна. Иргэний эрх зүйн харилцаа явж байгаа гэх ажиллагааг дүгнэлтээ гаргахдаа бодитой тогтоосон уу? гэх асуудал дурдсан. Маргааны асуудал нэхэмжлэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн талаар асуудал. Гэрээний үүрэг ноцтой зөрчсөн гэхэд тухайн ноцтой зөрчил гэдгийг хуульд тодорхойлоогүй. Ямар нь ноцтой талаар дүгнэлт хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байж дүгнэхээр нэхэмжлэгийн эрх зөрчигдөж байна гэх агуулгаар тайлбарлаж байна. Яагаад ноцтой зөрчил гэдгээ тайлбарлахад нэгдүгээрт давагдашгүй хүчин зүйл байсан. Тиймээс "Э" ТӨҮГ-аас бидэнд 2023 оны 10 дугаар сар сар хүртэлх хугацаа өгсөн. Үүний дагуу нийлүүлэх хугацаа хойшлогдож басан. Улсаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ дүгнэсэн акт хийгдсэн. Алданги төлж байгаагаар тухайн байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрсөн зүйл биш. "Э" ТӨҮГ-аас бид Сангийн яамд бичиг өгөхөөс өмнө тухайн зөрчлүүдийг арилгаж төлөх талаар асуудал яригдаж, давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой асуудал байгаа болохоор түр харж байгаач гэсэн боловч бид алдангийг шахалтаар төлсөн. Улсын байцаагч акт үйлдсэн нь нөхцөл байдал. Бил тус нөхцөл байдлын хувьд иргэний эрх зүйн харилцааны шатанд явж байсан. Энэ харилцааны шатанд явж байсан асуудлыг тодруулаагүй, "Э" ТӨҮГ яагаад тухайн асуудлыг эцэслээгүй юм. Сонсох ажиллагааны тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд түүнд тухайн асуудлыг тогтоох талаар асуудал яригдаж байсан. Ноцтой зөрчил гэж юу вэ? Сэлбэг нийлүүлэх гэрээний тухайд хугацаа хэтрүүлсэн. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл байсан. Энэ талаар гэрээний 2 тал зөвшилцсөн. Түүний үндсэн дээр гэрээ дүгнэсэн акт үйлдэж харилцааг дуусгавар болгож байгаа. Үүнээс өмнө гэрээ цуцлагдаагүй бөгөөд гэрээний шаардлагыг биелүүл гэх мэт асуудлууд байж болно. Үүнд тулгуурлан ноцтой зөрчил гэж дүгнэсэн нь захиргааны актын алдаа байна гэж харж байгаа. Хөдөлгүүрийн хувьд доголдолтой гэх асуудалд бид насан туршийн баталгаа буюу гэрээний дагуу 30000 цагийн баталгаа өгсөн. Түүнийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ баталгаа дээр асуудал байна. Тухайн баталгаа өгөөд шууд биелүүлэх үүрэг үүсэхгүй. Хэний буруутай үйл ажиллагаанаас алдаа, дутагдал гарсан талаар заавал шалгах ёстой. Үүний дараа манай буруу байвал тухайн насан туршийн баталгааг биелүүлэх үйл ажиллагаандаа орно. Түүнээс хөдөлгүүрт гэмтэл гараад шууд нэхэмжлэгч компани баталгаа биелүүлэх шинээр солих ёстой гэх асуудал биш. Хэний буруутай үйл ажиллагаанаас болж доголдол бий болсон талаар илрүүлсний дараа манай буруутай үйл ажиллагаанаас болсон бол манайх баталгааны дагуу биелүүлнэ гэж байгаа. Түүнээс бид гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Хамгийн гол нь тухайн моторын лог файлыг авч юунаас доголдол үүссэн талаар тодруулаад шийдвэрлэе гэх асуудал яригдаж байгаа. Гэрээний үүргийн зөрчил тодорхой болоогүй байхад зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь алдаа байна гэж харж байгаа. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь талуудын бодит нөхцөл байдлыг тогтооход нийцээгүй байна гэж харж байгаа. Хэргийн бодит байдлыг яагаад тогтоогоогүй талаар асууж байгаа нь энэ маргаан нь зүгээр нэг захиргааны акттай холбоотой маргаан биш болчхоод байна. Нэхэмжлэгч тал 3 жилийн хугацаанд тендер сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болчхож байгаа. Тухайлбал хар жагсаалтад оруулснаар тухайн компанийг тендерт оролцуулахад эрсдэлтэй, 3 жилийн хугацаанд төртэй харилцах боломжгүй гэх агуулга өгч байна. Үүнийг зүгээр гэрээний үүрэг зөрчил бодитой эсэхийг тогтоохгүйгээр дүгнэлт үйлдэх нь захиргааны байгууллагын зорилгодоо нийцэх асуудалд нийцэхгүй байна. Тиймээс улсын байцаагчийн зүгээс хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоохын тулд тал бүрээс нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай байсан. Тэгэхээр тухайн хөдөлгүүр нийлүүлэхтэй холбоотой харилцаа одоо ямар шатанд явж байгаа талаар зайлшгүй тогтох шаардлагатай байсан гэж харж байна. Бид нийлүүлэгчид тухайн маргаан бүхий актыг гарахаас өмнө хандаж байсан. Манайд ч бас хандаж байсан. Маргаан бүхий дүгнэлт гаргах явцад, гарсны дараа хандаж байсан асуудал биш. Өмнө гарсан асуудал учир тухайн асуудлыг зайлшгүй тогтоож байж дүгнэлтийг гаргасан бол захиргааны байгууллагын үйл ажиллагаа бодит болох байсан гэж харж байгаа. Захиргааны ерөнхий хуулиар бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллагад өгч байгаа. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хариуцагчийн дүгнэлт бол хамаарна. Бодит нөхцөл байдлыг тогтоохын гол агуулга нь гарч буй үр дагаврыг хэр бодит гэдгийг нотлох зорилготой. Нэхэмжлэгчийн зүгээс төртэй, төрийн байгууллагатай харилцаж тендерт оролцох боломжгүй болсон байгаа. "Э" ТӨҮГ-аас хэдэн бичиг ирүүлсэн, хяналт шалгалт хийхэд тухайн нөхцөл байдал тогтоогдсон гэх шалтгаанаар бидний тендерт оролцох эрх хязгаарлагдсан. Тогтоогдсон гэх үг нь тогтоох ажиллагаа хийгдсэн эсэхийг зааж байгаа юм. Техникийн тодорхойлолтыг асуухад албан бичгийн дагуу хяналт, шалгалт хийсэн..., тийм бичиг ирээгүй гэдэг. Тухайн техникийн тодорхойлолтыг харах ёстой. Хүсэлт гаргаж тухайн техникийн тодорхойлолтыг гаргуулсан. Түүнд ямар нэгэн байдлаар нийлүүлэх эх сурвалжийг заасан зүйл, тодорхойлолт байхгүй. Тиймээс хулхи бараа нийлүүлсэн гэж үндэслэн тайлбарлах ямар ч боломж байхгүй. Сэлбэгтэй холбоотойгоор бодит байдлыг тогтоосон эсэх талаарх асуудлыг харах ёстой. Яагаад гэвэл бид гэрээний үүргээ биелүүлэх хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 230677 тоот, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар албан бичгээр гэрээний үлдэгдэлтэй дүйцүүлж адил үзүүлэлт, үнэ бүхий өөр үйлдвэрийн бараанууд нийлүүлье гэх санал тавьсан. Энэ талаар "Э" ТӨҮГ-ын зүгээс авахгүй гэсэн тул 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тухайн сэлбэгүүдийг ийлүүлэх хугацааг тохиролцсон. Энэ талаар Ч.Б байцаагчийн дүгнэлтэд тодорхой бичигдсэн байдаг. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Бид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоорондын харилцааг шийдвэрлэсэн. Энэ нь цаашдаа төрийн худалдан авах ажиллагаанд оролцож, бараа нийлүүлж чадна гэдгийг харуулж байгаа. Гэтэл хариуцагч Ч.Б байцаагчийн дүгнэлт дээр тодорхой хэмжээний үр дүнг харж акт тавьсан. Үр дагавар нь ноцтой биш тул байцаагч тухайн нөхцөл байдлыг тодруулж шалгах ёстой. Дүгнэлт гаргах журам байдаг талаар лавлахад байдаггүй гэж байна. Хууль болон, дүрэм мөн байцаагчийн өөрийн шалгуур байдаг юм байна. Түүнээс хар жагсаалтай холбоотой ямар нэгэн объектив шалгуур байхгүй байна. Хуулийн 14.1.4-т заасан ноцтой зөрчил, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх заалтыг бүхэлд нь хамруулсан талаар байцаагч хэлсэн. Тэгэхээр ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж авч үзсэн, аль үйлдэл нь гэрээний үүргээ биелүүлээгүй талаар дүгнэлтэд тодорхой дурдаагүй. Тэгэхээр байцаагчийн дүгнэлт нь хуульд болон бодит нөхцөл байдалд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Биелүүлээд явж байсан. Доголдолтой хөдөлгүүрийг очиж авахдаа оронд нь түр өөр хөдөлгүүр өгөөд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ харилцаанд нэхэмжлэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн зүйл байхгүй, тодорхой хэмжээний зөрчлүүд байгаа. Гэхдээ эдгээр нь хар жагсаалтад орохуйц бодит нөхцөл байдал нийцсэн зөрчил биш” гэжээ.

3.2. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн сайдын тушаалтай холбоотойгоор улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа тохиолдолд тушаалаар нэхэмжлэгчийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарладаг. Эхний гэрээ болох уул уурхайн техник хэрэгсэлтэй холбоотой "Э" ТӨҮГ-аас 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийг хүргүүлсэн. Тухайн албан бичигт тухайн компанийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авсангүй... үүнээс болж үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход хүрч байна. яаралтай арга хэмжээ авах талаар дурдсан. Бараа бүтээгдэхүүн нийлүүлээд дууссан харилцаа биш. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн биет байдлын болон бусад доголдолгүй байх ёстой. Хэрэв доголдолтой бол засварлах үүргийг нэхэмжлэгчид оногдуулсан харилцаа. Үүнийг биелүүлэхгүй байна гэдэг нь гэрээний үүргээ зөрчиж байгааг харуулна. Хоёр дахь гэрээтэй холбоотойгоор "Э" ТӨҮГ-аас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх албан бичиг хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт гэрээгээр тохирсон үнэд дүйцэх барааг нийлүүлсэнгүй гэж дурдсан бөгөөд энэ нь тус гэрээгээр гэрээний үнэд тохирсон барааг биелүүлэх ёстой боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй гэх байдлаар албан бичгийг хүргүүлж үүнд нэхэмжлэгчээс тодорхой арга хэмжээ аваагүй. Захиалагч болон нэхэмжлэгчийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулиас илүүтэй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа. Тус хуулиар зохицуулагдаж байгаа бол нэхэмжлэгч болон захиалагчийн харилцан тохиролцсон эсэхээс үл хамаарч илүү нарийвчилсан зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болж байгаа. Тиймээс бид уг хуулийг барих ёстой. Захиалагчаас нэгэнт үүргээ биелүүлээгүй талаар хүсэлт ирүүлсэн байхад харилцан тохиролцсон эсэхийг тогтоох нь улсын байцаагчийн үүрэгт хамаарахгүй бөгөөд тухайн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд хяналт тавих нь улсын байцаагчийн үүрэг. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Улсын байцаагч нь дээрх үндэслэлүүдээр дүгнэлтийг гаргасан. Өмнөх үйл явц, нөхцөл байдлыг тогтоох нь Улсын байцаагчийн үүрэг биш тул дүгнэлт хууль ёсны байсан гэж үзэж байна. Дүгнэлтийн хууль зүйн үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-д биелүүлээгүй гэх асуудал байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ноцтой зөрчил гаргасан эсэх талаар тайлбар гаргаж байгаа ч гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлтэй маргахгүй байна. Учир нь захиалагч болон нэхэмжлэгч нарын хооронд хэд хэдэн албан бичиг яваад нэхэмжлэгчээс тухайн алан бичигтэй холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ илэрхийлсэн албан бичгүүд байдаг нь энэ нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ гэрээний талууд хүлээн зөвшөөрч байгаа агуулгыг илэрхийлж байна. Түүнчлэн энэхүү гэрээгээр хүлээсэн алдангиа төлсөн асуудал байдаг. Алданги төлнө гэдэг нь гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлагын асуудал. Шахалтаар тухайн алдангийг шахалтаар төлсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа. Алданги төлсөн асуудал нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх агуулгыг илэрхийлж байна. Гэрчийн мэдүүлэг тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудал 2 гэрээнээс үүдэлтэй хэд хэдэн зөрчлийн асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч КТА-50 хөдөлгүүрийн доголдолтой холбоотой асуудлыг тайлбарлаж байгаа. Тус хөдөлгүүр доголдсоныг нийлүүлэгч доголдолтой хөдөлгүүр нийлүүлсэн юм уу? "Э" ТӨҮГ алдаатай ажиллуулсан уу? гэх асуудлаар тайлбар хэлж байна. Улсын байцаагч тухайн асуудлыг зөвхөн тухайн асуудлыг биш хугацаандаа нийлүүлээгүй, 2 дахь гэрээтэй холбоотой үүргийн зөрчлийн асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр нэг ёсондоо 3 гэрээний үүргийг зөрчиж байж тухайн үүргээ биелүүлээгүй гэх асуудал гарч ирсэн. Тухайн гэрээний үүргээ биелүүлээгүйгээр хуулийн 14.1.4-т заасан асуудал болохоос биш, биелүүлээгүй үүргийн тоотой хамаатай асуудал биш. Гэрчийн мэдүүлгээр үүргээ биелүүлээгүй, хугацаандаа нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар алданги төлөхийг шахаж зүйл байхгүй талаар дурдсан. Цаашид тендерт оролцох чадвартай эсэхэд биш захиалагч этгээдтэй байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой дүгнэлт гаргасан асуудлыг шүүх анхаарах нь зүйтэй байх. Гэрээний үүргийг биелүүлээгүй биш, ялимгүй зөрчил гаргасан тухай асуудал яригдаж байна. Хууль тогтогч хуульд тусгахдаа тухайн ялимгүй, огт гэх асуудлыг биш, биелүүлсэн эсэх асуудлаар хууль баталсан. Улсын байцаагч ч мөн адил үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй гэх асуудлаар дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлд хэлж байгаа тайлбар нь талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилж байсан гэж байна. Бодит байдалд бол "Э" ТӨҮГ-аас хянан шалгалт хийлгүүлэхийг хүссэн 2028 оны 8 дугаар сард албан бичиг ирсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн асуудал үүссэн тул хуульд зааснаар дүгнэлт гаргуулах талаар хүсэлтийг ирүүлсэн. Түүнээс улсын байцаагч хэвийн асуудлыг дундаас орж шалгалт хийсэн зүйлгүй. "Э" ТӨҮГ-ын хүсэлтийн дагуу гарч, удирдамжийн дагуу нэхэмжлэгчид мэдэгдэл өгсөн. Тухайн компанийг тайлбар, мэдүүлэг өгөх боломжоор хангаж сонсох ажиллагаанд оруулсан. Тухайн үеийн сонсох ажиллагаанд өнөөдөр гэрчээр дуудагдаж байгаа Я.У тайлбарыг өгсөн байдаг. Тус тайлбарыг улсын байцаагчийн дүгнэлтэд тодорхой дурдсан. "Э" ТӨҮГ-аас 3 асуудал ирүүлсэн. Тус бүрд нь тайлбарыг тодорхой тайлбарлаж дурдсан. Эхний хөдөлгүүртэй, хүнд даацын өөрөө буулгагч машинтай холбоотой тайлбар хэлсэн. Үлдсэн асуудал нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэрээ, хүнд даацын өөрөө буулгагч авто машины сэлбэг нийлүүлэх гэрээ, тендерт оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх асуудлуудыг шалгуулах хүсэлтийг ирүүлсэн. Үүнээс гэрээний асуудалтай холбоотой нотлох баримт нь шаардлага хангаж дүгнэлт гаргах үндэслэл үүсэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн биелүүлээгүй гэдгийг хуулийн үндэслэлээр тогтоож байгаа. Тухайн нөхцөл байдал тогтоогдсоны дараа гэрээний 2 тал хоорондоо акт үйлдэж, үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу алданги төлөхөөр тохиролцсон. Тухайн улсын байцаагчийн дүгнэлт гаргах хугацаанд тус нөхцөл байдал бий үгүйсгэхгүй. Хоёрдугаарт тухайн алдангийн асуудал нь Хүч дамжуулагч хэрэгслийн буюу сэлбэгтэй холбоотой асуудлаар талууд тохиролцсон нөхцөл байдал байхгүй. Байсан ч хамааралгүй. Гуравдугаарт илт худал мэдээлэл ирүүлсэн талаар улсын байцаагч цугларсан баримт бичгийн хүрээнд энэхүү асуудал тогтоогдохгүй гэх дүгнэлтийг гаргасан. Мөн Белаз компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч гэж тайлбарладаг. Гэтэл бодит байдалд Монгол дахь төлөөлөгч эсхүл шууд охин компани гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэв Монгол Улсад Белаз-ийн бүтээгдэхүүн шаардлагатай, нийлүүлэх боломжтой гэвэл бусад компани нийлүүлэх бүрэн боломжтой. Заавал Нэхэмжлэгчээс нийлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Хар жагсаалтын шийдвэрээс хойш гэрч Я.Уийн 100 хувь эзэмшдэг компани Белаз компанийн албан ёсны эрхийг аваад тендерт оролцож байгаа гэх мэдээлэл байгаа. Тиймээс Нэхэмжлэгч компани Хариуцагч жагсаалтад орсноор бусад үйлдвэрийн газруудад нийлүүлэх боломжийг хязгаарлах үндэслэл хамаарахгүй. Хөдөлгүүрийн тухайд захиалагч болон нэхэмжлэгчээс ирсэн баримтыг үндэслэн дүгнэлт гардаг. Эхний гэрээний дагуу акт үйлдэж хүлээн авсан. Тус гэрээний дагуу нийлүүлэгч тодорхой хугацаанд үүрэг хүлээж байгаа. Гэтэл үүрэг хүлээж байгаа КТА-50 хөдөлгүүр доголдолтой нь илэрч 2 компани хоорондоо дахин гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэгдүгээрт хөдөлгүүр солино, Хоёрдугаарт 15 000-аас 30 000 цагийн хооронд гэмтэл гарсан тохиолдолд хөдөлгүүрүүдэд их засвар хийж өгөх үүрэгтэй гэрээ байгуулсан. КТА-50 хөдөлгүүрийг илүү бага хүчин чадалтай КТА-38 хөдөлгүүрээр сольсон. Гэтэл тухайн хөдөлгүүр шаардлага хангаагүй. Хөдөлгүүрийн хэмжээ нь бага болж байгаа. Захиалагчаас тухайн доголдол илэрснээс хойш тус асуудлыг мэдэгдэж засварлахыг шаардсан боловч тухайн засварлах гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилж байсан гэж байна. Гэрээний хэрэгжилтийн явцад гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчээс Тайлбартаа дэлхий дээр байхгүй баталгааг амласан. Энэ бол гэрээний эрх зүйн харилцаа. Нэгэнт албан ёсны эрхтэй худалдаж байгаа, үүрэг хүлээсэн бол тухайн үүргээ биелүүлэх ёстой. Баталгаат цаг өгөх эсэх талаарх асууд нь тусдаа асуудал, тухайн гэрээнд тус асуудлыг дурдсан бол үүрэг хүлээнэ. Ялангуяа төрийн худалдан авах ажиллагаанд. 4411 арлын дугаартай хөдөлгүүрт мөн адил доголдол үүссэн. Энэ доголдсон хөдөлгүүр нь өөрсдийнх нь авч явсан гэх хөдөлгүүр. Мөн адил анхны гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөл байдал илэрсэн тул улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тухайн үед талуудын хооронд бодит хэлэлцээр хийгдэж байгаа гэх асуудал байгаагүй. Захиалагчаас хуульд заасан эрхийн хүрээнд санал ирүүлсэн бол улсын байцаагч дүгнэлт гаргах нь үүрэг. Мөн Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа асуудал хяналт шалгалтын шат болон одоо ч байхгүй. Тиймээс улсын байцаагч үзэх шаардлага байхгүй Тиймээс Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гэрээний харилцаатай холбоотой мэдэгдэл удаа дараа өгсөн талаар дурдсан. Жишээлбэл 2023 оны 6 дугаар сарны 15-ны өдрийн "Э" ТӨҮГ-ын бичиг байна. Тус бичигт хэрэв нийлүүлээгүй тохиолдолд тендерт оролцох этгээдийн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлэхийг мэдэгдье гэж, мөнх 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хугацаа өнгөрсөн талаар мэдэгдэж дахин 14 хоногийн хугацааг өгсөн. Тухайн гэрээний харилцаанд 2 удаа мэдэгдсэн. Захиалагчийн зүгээс хангалттай үйл ажиллагааг хийсэн илэрхийлж байна. Талуудын гэрээний үүргээ биелүүлээгүй нь илэрхий байхад Улсын байцаагчаас энэ талаар дахин тодруулж гэрээний талын эрх, үүрэгтэй холбоотой асуудлаар өөрийн дүгнэлтийг хязгаарлах шаардлагагүй. Ноцтой зөрчил нь гэрээний үүргээ биелүүлээгүй, бодит, хүндэтгэн үзэх шалтгаан нь аль эрт өнгөрчихсөн, гүйцэтгэхгүй байгаа нөхцөл байдлыг хэлнэ. Гэрээ байгуулснаар нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний үүрэг хүлээж байгаа. Нэхэмжлэгч тендерт оролцохдоо Белаз компанийн Монгол дахь албан ёсны нийлүүлэгч гэж оролцож шалгарсан. Гэтэл бодит байдал техникийн хөдөлгүүрийг нийлүүлэхдээ Хятад улсаас нийлүүлсэн талаар тодорхой, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. "Э" ТӨҮГ-аас өөр захиалснаас өөр бараа авчихсан тухайн бүтээгдэхүүн нь одоо хүртэл байгаа. Дагаж мөрлөх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтаар гэрээг цуцалж байж ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Гэрээний үндсэн зорилго, нөхцөл өөрчлөгдсөн. Хэдэн хоногийн зөрүү гараагүй. 2020 онд байгуулагдсан гэрээний харилцаанд улсын байцаагчаас 2023 онд дүгнэлт гаргаж байгаа. Тухайн 2023 оны 11 дүгээр сард алданги тооцох акт хөдөлгүүртэй холбогдоогүй. Хүч дамжуулах хэрэгсэл нийлүүлэх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги яригдана. Энэ асуудлаар өөр шүүхэд шийдвэрлүүлж байх харилцаа байхгүй байхад Улсын байцаагч үүнийг талуудтай тохиролцсон байх гэж шийдвэр гаргаж болохгүй. Иймд боломжит 60 хоногийн хугацаа олгож дүгнэлтээ гаргасан. Тухайн хугацаанд талууд тохиролцсон гэх зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Шахалтын хүрээ бол тусдаа асуудал. Хүчээр алданги төлүүлсэн тухай зүйлс ярьж байна. энэ асуудал нь тусдаа хуль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал. Тэгэхээр гэрээний үүрэг зөрчөөгүй, үүргийн биелэлттэй холбоотой алданги төлсөн бол энэ нь гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.2 худалдан авах гэрээний нөхцөлийг заасан. Энэ нь үндсэн нөхцөл болно. Нэхэмжлэгчийн зүгээс тендер шалгаруулалтын процессын талаар улсын байцаагч шалгах ёстой байсан юм шиг тайлбар өгч байна. Бодит байдалд тухайн тендерт оролцоод гэрээ байгуулснаас хойш тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, захиалагчийн баримт бичиг бус гэрээгээр тодорхойлогдоно. Тэгэхээр тухайн асуудалтай холбоотойгоор техникийн нөхцөл зэрэгт хамааруулж дүгнэлт хийх шаардлага байхгүй. Асууд тодорхой. Эвдрэл гарсан бол хөдөлгүүрийг сольж өгнө гэх нэмэлтээр үүрэг бий болгосон. Эхнийх нь бол бүр бүх хөдөлгүүрийг сольж өгнө гэсэн. Хоёрдугаарт 10 000- 30 000 цагт эвдрэл гарсан тохиолдолд их засвар хийж өгнө гэх агуулгатай. Тэгэхээр сольж өгөх үүргийн хүрээнд КТА-38 хөдөлгүүрээр сольж өгсөн. Энэ нь захиалагчийн шаардлага нийцээгүй гэж захиалагч тодорхойлж байгаагаас улсын байцаагч өөрөө дур мэдэн тодорхойлсон зүйл байхгүй. Гэрээний талуудтай холбоотой гэрээнд заасан, албан бичгээр харилцсан харилцаагаар тодорхойлогдоно. Нэхэмжлэгчийн зүгээс захиалагчийн шийдвэрийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд маргаж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэмд заасны дагуу хяналт шалгалтыг захиалагч байгууллагаас ирүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт тайлбарын хүрээнд хийнэ. Түүнээс шинээр сэтгэх боломж байхгүй. Үзэмжийн асуудал биш. Үл ялиг шалтгаан, жижиг зөрчил гэж байна. Нэгэнт захиалагчаас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй гэж ирүүлсэн асуудлыг шууд ноцтой биш гэж хойш тавьж болохгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрээний харилцаатай холбоотой асуудлаар гэрээ дүгнэж байгаа. Түүнээс чадавхын асуудлыг дүгнээгүй. Цаашид оролцох боломжгүй гэсэн зүйл байхгүй. Үүнийг нэхэмжлэгч талаас буруу ойлгож байна. Нэгэнт улсын байцаагч хуульд заасан нөхцөл үүссэн гэдгийг тогтоосон бол үүнээс цааш улсын байцаагч нь санал гаргах үүрэгтэй. Нөхцөл байдал үүссэн ч цаашид тухайн компани тендерт оролцож явах эрхтэй эсэхийг тодорхойлох эрх хэмжээ улсын байцаагчид байхгүй. Нэгэнт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Сангийн яамд санал хүргүүлэх үүрэгтэй. Төрийн албан хаагч болон улс төрийн албан хаагчаас хараат байх нөхцөл байдлыг хууль өөрөө бий болгосон. Хэрэв үзэмжийн асуудал орж ирвэл гэрээний харилцаа төвөгтэй. Тиймээс улсын байцаагч шууд нэг талд нь шийдвэрлэх боломжгүй. Тохиолдол болгонд үзэмжийн хүрээнд шийдвэр гаргавал улсын байцаагчийн арга барилд нөлөөлж, хар жагсаалт гэх зүйл бодит байдалд хэрэгжихгүй болно. Жижиг гэх мэт зүйл ярих юм бол үүний үр шимийг хүртэж байгаа иргэд, олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудал яригдана. Хоёр компани гэрээний үүргээ биелүүлээгүй талаар улсын байцаагч дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгч компани үнэхээр Белаз үйлдвэрийн албан ёсны эрхтэй бол хувийн салбартаа өрсөлдөж, үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй. Заавал төрийн байгууллагаас тендер авч, гэрээ байгуулж байж амжилттай явна гэх асуудал байхгүй. Зөвхөн Ю ХХК-тай холбоотой асуудлаар дүгнэлт гаргасан. магадгүй Белаз үйлдвэр нь өөр этгээдэд албан ёсны эрхээ олгох юм бол тухайн этгээд нь тендерт оролцож бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрх нь нээлттэй. Сэлбэр хэрэгслийн тухайд өөр хэрэгсэл орлуулах санал ирүүлэхэд захиалагч зөвшөөрөөгүй. Үүнийг улсын байцаагчаас зөвшөөрөх байсан гэж "Э" ТӨҮГ-ын өмнөөс шийдвэрлэх эрхгүй. Бид гэрээний дагуу бүх зүйлсийг боломжийн дагуу хийсэн талаар маргах гэж байгаа бол үүнд Улсын байцаагч болон Сангийн сайд хариуцагч болох асуудал биш, гэрээнийхээ асуудлаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал. Одоо нэгэнт талуудаас цугларсан асуудлыг үзээд гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа сэлбэг хэрэгсэл нийлүүлээгүй нөхцөл байдал байгаа тохиолдолд улсын байцаагч хуулийн 14.1.4-т зааснаас өөр шийдвэр гаргах нөхцөл байдал үүсэхгүй. Гэрчийн тайлбараар бол захиалагчийн хүсэл зориг нь угсарсан техник авах хүсэлгүй байсан. Үүнийг баталгаажуул гэхэд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус хөдөлгүүртэй холбоотой баталгаа гаргаж өгсөн. Гэрээний 5 нөхцөлтэй. Үндсэн гэрээний 5.2.1-д байгаа. Анхны нөхцөл гэрээнд заасан чанар стандартын шаардлагад нийцүүлсэн, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт, заасан хугацаанд нийлүүлэх, баталгаат хугацаа 12 сар гэх нөхцөлийг өөрчлөхдөө КТА-50 хөдөлгүүрүүд нь 15 000 цаг хүртэлх хугацаанд цаашид ашиглах боломжгүй бол шинээр солих, 15 000 цагаас хойш 30 000 хүртэл цагт гэмтэл гарсан тохиолдолд их засвар хийж өгнө гэж заасан. Хэрэв ийм баталгаа гаргаагүй байсан бол захиалагч тухайн барааг авахгүй байсан. Нэгэнт талууд тохиролцсон тул энэ буруу гэх асуудал яригдаагүй. Хүлээн авсантай маргахгүй. Тухайн гэрээний дагуу шаардаж байгаа. Нийлүүлсэн хөдөлгүүрүүдийн нэг нь ажиллахгүй боллоо гэхэд КТА-38 хөдөлгүүрээр сольсон. Энэ нь баталгааны хуудсаа зөрчсөн байна. Ажиллуулах гэхээр доголдол гараад байгаа талаар хэлээд байна. Үүнийг захиалагч өөрөө үйлдвэрлэл эрхэлж байгаа тул үндэслэлтэй гэдгээ тайлбарласан. Нэхэмжлэгчээс КТА-38 хөдөлгүүр шинээр сольсонтой адил гэж тайлбарлаж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр тухайн тайлбар худал. Бид амьдрал дээр ч машины моторын хэмжээгээр мэддэг шүү дээ. Зарим тохиолдолд захиалагч талаас ирүүлсэн баримтуудыг харахад гэрээний үүргээ биелүүлээгүй талаар баримтууд ирүүлдэг. Тэр тохиолдолд улсын байцаагч удирдамж гарсны дараа тодруулах арга хэмжээ авч, албан бичиг бичиж, тайлбар авдаг. Тухайн маргааны хувьд 2023 оны 8 дугаар сард "Э" ТӨҮГ-аас ирүүлсэн баримт бичиг бүх бүрдлийг хангасан байсан. Гэрээ, албан бичгүүд, техникийн акт зэргийг ирүүлсэн. Албан бичигт баталгаад заасан нөхцөлийг биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй, биелүүлэхийг удаа дараа шаардсан гэдгийг тогтоосон. Зөвхөн КТА-50 хөдөлгүүрийг КТА-38 болгосон асуудал биш. Өөр асуудлууд байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан, давагдашгүй хүчин зүйл гэж яригдаж байгаа. Энэ нь тусдаа байгууллагаар хүлээн зөвшөөрөх ёстой. Гэрээний харилцаанд давагдашгүй хүчин зүйл болсон талаар мэдэгдэл өгөхөд нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хугацаа хойшилдог. Түүнээс давагдашгүй хүчин зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байхад, хүлээн зөвшөөрөх байсан гэж дүгнэх эрх хэмжээ улсын байцаагчид байхгүй. Улсын байцаагч нь хуульд заасан үүрэг хүлээгээгүй нөхцөл байгаа эсэхийг тогтооно. Үүнээс хойш процессын дагуу явна. Нийт 10 тэрбум төгрөгийн техник, 1 тэрбум гаран төгрөгийн сэлбэг хэрэгслийн гэрээ байгуулсан. Үнийн дүгээр бодсон ч энгийн зөрчлийн асуудал биш. Захиалагч нэг алдаа гаргахад нь бичиг явуулсан зүйл байхгүй. 2022 оны 5 дугаар сард тухайн асуудлыг танилцуулсан. 2023 оны 8 дугаар сар хүртэл маш урт хугацаанд тухайн асуудал үргэлжилсэн. Энэ асуудлаас болж хар жагсаалтад орох гэж байгаа талаар төлөвлөсөн бол нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн арга хэмжээ авах байсан. Нэхэмжлэгч тийм зүйл хийгээгүй. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор манайхыг ялимгүй зөрчил гаргасан байхад хар жагсаалтад оруулсан гэдэг тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагч нь “Ю” ХХК нь Э ТӨҮГ-тай 2021 онд байгуулсан ... дугаартай Уурхайн зориулалттай автомашин нийлүүлэх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой дараах тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тушаалын хүчингүй болгуулахаар “...Сэлбэг нийлүүлэх гэрээний тухайд хугацаа хэтрүүлсэн. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл байсан. Энэ талаар гэрээний 2 тал зөвшилцсөн. Түүний үндсэн дээр гэрээ дүгнэсэн акт үйлдэж харилцааг дуусгавар болгож байгаа. Үүнээс өмнө гэрээ цуцлагдаагүй бөгөөд гэрээний шаардлагыг биелүүл гэх мэт асуудлууд байж болно. Үүнд тулгуурлан ноцтой зөрчил гэж дүгнэсэн нь захиргааны актын алдаа байна гэж харж байгаа. Хөдөлгүүрийн хувьд доголдолтой гэх асуудалд бид насан туршийн баталгаа буюу гэрээний дагуу 30000 цагийн баталгаа өгсөн. Түүнийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ баталгаа дээр асуудал байна. Тухайн баталгаа өгөөд шууд биелүүлэх үүрэг үүсэхгүй. Хэний буруутай үйл ажиллагаанаас алдаа, дутагдал гарсан талаар заавал шалгах ёстой. Үүний дараа манай буруу байвал тухайн насан туршийн баталгааг биелүүлэх үйл ажиллагаандаа орно. Түүнээс хөдөлгүүрт гэмтэл гараад шууд нэхэмжлэгч компани баталгаа биелүүлэх шинээр солих ёстой гэх асуудал биш. Хэний буруутай үйл ажиллагаанаас болж доголдол бий болсон талаар илрүүлсний дараа манай буруутай үйл ажиллагаанаас болсон бол манайх баталгааны дагуу биелүүлнэ гэж байгаа. Хамгийн гол нь тухайн моторын лог файлыг авч юунаас доголдол үүссэн талаар тодруулаад шийдвэрлэе гэх асуудал яригдаж байгаа. Гэрээний үүргийн зөрчил тодорхой болоогүй байхад зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь алдаа байна гэж харж байгаа. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь талуудын бодит нөхцөл байдлыг тогтооход нийцээгүй байна” гэж маргаж байна.

2. Маргаж буй Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай дотроо дүгнэлт /1 дэх заалт/, санал /2 дахь заалт/ гэсэн хоёр агуулгаас бүрдэх бөгөөд эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг баримталжээ.

3. Энэхүү маргааныг шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх боловч шүүх энэхүү маргааны хувьд хуучин 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэглэнэ гэж үзсэн.

4. Учир нь, маргаж буй Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 12 дугаартай дүгнэлт нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг баримталж үйлдэгдсэн, мөн түүнчлэн тус хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалт дахь “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон ...” гэх гипотез хэсгийн үндэслэл нь 2023 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад эш татсан мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан материаллаг үндэслэлээс өөр байх тул шүүх хуучин 2005 оны хуулийг хэрэглэж шийдвэрлэхээр байна.

5. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.” гэж заажээ.

6. Мөн хуулийн 521 дугаар зүйлийн 521.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 521.2.1 дэх заалтад “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” гэж тус тус зохицуулжээ.

7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болохыг тогтоох, тийнхүү тогтоосны дараа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Сангийн яамд тухайн тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд ингэхдээ эрх бүхий улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон байх учиртай байна.

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар зэргээс үзэхэд, Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Э ТӨҮГ-тай 2021 онд 2021/12-20-620  дугаартай Уурхайн зориулалттай автомашин нийлүүлэх гэрээ байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөн гэрээнд нэмэлт оруулжээ.[13]

9. Энэхүү гэрээний 5.2.1-д “Ю” ХХК нь 50 хоногийн хугацаанд Уурхайн зориулалттай автомашиныг заасан үнэ, тоо ширхэг, чанар стандартын шаардлагад нийцсэн иж бүрдэл бүхий биет байдлыг доголдолгүй эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт нийлүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд ашиглагдсанаас хойш баталгаат хугацаа 12 сар байхаар тохиролцжээ.

10. Харин тус гэрээний нэмэлтийн 1-д үндсэн гэрээний 5.2.1-т заасныг “Cummins Kta-50C загварын ..., 31326104 үйлдвэрийн дугаартай хөдөлгүүрүүд нь 15000 мото/цаг хүртэлх хугацаанд цаашид ашиглагдахгүй эвдрэл үүсэн тохиолдолд хөдөлгүүрүүдийг шинээр сольж өгөх, 2. 15000-30000 мото/цагийн хооронд гэмтэл гарсан тохиолдолд хөдөлгүүрүүдэд их засвар хийж өгөх” гэж өөрчлөхөөр тохиролцсон байна.[14]

11. Уг гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүнд даацын ... загварын өөрөө буулгагч ..., ... дугаартай автомашиныг,  талуудын төлөөлөгч нар акт үйлдэж, ашиглалтад оруулжээ.[15]

12. “Э” ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТБ-20-121164 дугаар Барааны доголдол, дутагдлыг арилгуулах тухай албан бичгээр “...хүнд даацын ... загварын ... арлын дугаартай өөрөө буулгагч автомашины ... серийн дугаартай дотоод шаталтат хөдөлгүүрт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1054 мото цаг ажиллах үед гэмтэл гарч, одоогоор ажиллуулахгүй зогсоосон байдалтай байх тул гэрээний 5.2.2-т зааснаар доголдлыг арилгах эсхүл шаардлагад нийцсэн бараагаар солих...” зэрэг шаардлагыг Ю б ХХК-д хүргүүлжээ.[16]

13. “Э” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Авто тээврийн цехийн техникийн зөвлөлийн гишүүд болон худалдагч талын төлөөлөл Э ХХК-ийн төлөөлөгч Д.Б нарын хамтарсан багийн зүгээс ... дугаартай машин механизмын хөдөлгүүрийн эвдрэлд үзлэг хийж, хөдөлгүүрийн баруун 2, 3 дугаар цилиндрийн дээд талд хэвийн бус дуутай, 2, 3, 5, 6, 8 дугаар цилиндрийн гильз зурагдсан гэж дүгнээд, 158 гараашны дугаартай технологийн тээврийн ... загварын өөрөө буулгагч автомашиныг шугамд ажиллуулахгүй зогсоох, өөр хөдөлгүүрээр солиулахыг шаардах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр акт үйлджээ.[17]

14. “Ю б” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2204-75 дугаар албан бичигт “....дээрх шалгалтын дүнгээс үзэхэд ... арлын дугаартай Белаз 75131 самосвалын хөдөлгүүрийг цаашид энэ хэвээр ажиллуулах нь өндөр эрсдэл дагуулж болзошгүй байна. Иймд тухай автосамосвалыг зогсоохыг үүгээр мэдэгдэж байна. Бид тус хөдөлгүүрээс тосны дээж авсан ба цаашдын ажилд гаргах товыг гуравдагч лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн мэдэгдэх болно...” гэсэн байх бөгөөд энэ талаарх тайлбарыг маргаж буй улсын байцаагчийн дүгнэлтэд мөн дурджээ.[18]

15. “Э” ТӨҮГ-аас ирүүлсэн гомдлын дагуу улсын байцаагч Ч.Бгийн явуулсан хяналт шалгалтын явцад, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Ю” ХХК-ийн ерөнхий менежер Я.Уээс гаргасан сонсох ажиллагааны тайлбарт “...үйлдвэрт одоо ажиллаж байгаа 40 гаран белазийг ажиллагаанаас гаргах, зогсоох нөхцөл байдлыг захиалагч өөрөө бий болгож байна...” гэх тайлбарыг өгсөн байх[19] бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...автомашинд гарсан эвдрэл гэмтлийн шалтгаант холбоог тогтоогоогүй..., эвдрэл гэмтэл доголдолд зөвхөн нийлүүлэгч талыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг талын гомдлоор гэрээний зөрчлийг тогтоохгүй... гэрээний үүргийн зөрчил тодорхой болоогүй байхад зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь алдаа байна” гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хариуцагч зөрчлийг нотолж тогтоох чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

16. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1-д “Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаас гадна дараахь зарчмыг удирдлага болгон ажиллана:” гээд 2.1.3-д “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх;” гэж, 4.2-д “Улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 4.2.3-д “хяналт шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах саналаа улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх;” гэж тус тус заажээ.

17. “Э” ТӨҮГ болон “Ю” ХХК-ийн хооронд байгуулагдсан Уурхайн зориулалттай автомашин нийлүүлэх гэрээний зүйлийн доголдол, эвдрэлийг тогтоох нь механик инженерийн нарийн мэргэжлийн асуудал байх бөгөөд автомашинд үүссэн доголдол, түүний гэм буруу, шалтгаант холбоог гэрээний нэг талын хүсэлтээр худалдан авах ажиллагааны улсын байцаагч дангаар тогтоох боломжгүй.

18. Хэдийгээр “Э” ТӨҮГ-аас гэрээний зүйлийн доголдолтой холбоотой үйл баримтыг дурдаж, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлагыг “Ю” ХХК-д хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч гэрээний нэг талын шаардах эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр бөгөөд гэрээний зүйлийн доголдол, гэрээний үүргийн зөрчлийг хөндлөнгийн байгууллагаас эсхүл талуудын хамтарсан мэргэжлийн багаас шалгаж тогтоогоогүй байх тул худалдан авагч талаас гаргасан шаардлагууд нь худалдагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй.

19. “Ю” ХХК-ийн зүгээс захиалагч талд “...тус хөдөлгүүрээс тосны дээж авсан ба цаашдын ажилд гаргах товыг гуравдагч лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн мэдэгдэх болно...” гэх хариуг хүргүүлж байсан бөгөөд хоёр талын болон хөндлөнгийн үзлэг, шинжилгээгээр “Ю” ХХК-ийн гэм буруу тогтоогдоогүй байхад “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан нь үндэслэл муутай болжээ.

20. Учир нь гэрээний үүргийн зөрчил нь зайлшгүй бүрэлдэхүүн хэсэгтэй байх бөгөөд үүнд, эрх зүйн эсрэг ямар зан үйл бий болсон, тухайн этгээд ямар гэм буруутай, хор уршиг учирсан эсэх зэрэг үндэслэлүүд хамаарах бөгөөд тухайн гэрээний зөрчилд буруутай этгээдийг тогтоосон тохиолдолд доголдлыг арилгах, шинээр солих, засварлах зэрэг худалдах, худалдан авах гэрээний хоёрдогч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх захиалагч талд үүсэх учиртай.

21. Дээр дурдсан гэрээний эрх зүйн онолын үндэслэл болон хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд хүнд даацын ... загварын ..., ... арлын дугаартай өөрөө буулгагч автомашины хөдөлгүүрт гарсан эвдрэл, гэмтэл нь “Ю” ХХК-ийн буруугаас болсон бөгөөд шинээр солих, засварлах талаар үндсэн гэрээ болон гэрээний нэмэлтэд заасан үүргээ биелүүлээгүй буюу Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад ....гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болохыг улсын байцаагч тогтоосон” гэж шууд дүгнэх боломжгүй.

22. Тодруулбал, “Ю” ХХК нь “Э” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй гэх үндэслэлийг улсын байцаагч бүрэн шалган тогтоогоогүй, хяналт шалгалтад мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулаагүй, нотлох баримт цуглуулах талаар идэвхтэй ажиллагаа явуулаагүй атлаа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасан нь үндэслэлгүй байна.

23. Түүнчлэн Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь захиргааны байгууллага болохын хувьд Тендерийн хууль, Худалдан авах ажиллагааны дүрмийн зохицуулалтын нэгэн адил Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргаж ажиллагааны журмыг баримтлах бөгөөд хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус зааснаар нөхцөл байдлыг тогтоох үүрэг хариуцагчид оногддог бөгөөд захиргааны акт гаргахын өмнө хийгдээгүй ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

24. Иймд хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

25. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаал нь Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж заасан бөгөөд энэхүү тушаал нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг шууд үндэслэсэн захиргааны акт бөгөөд нэгэнт улсын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд сонгох боломжийг хэрэглэх үндэслэлгүй байдаг.

26. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан үндэслэлүүдээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хариуцагч улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалыг мөн адил дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.

27. Шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаар тушаалын хавсралтын 29 дүгээрт холбогдох хэсгүүдийг захиргааны акт дахин гарах 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гараагүй тохиолдолд маргаан бүхий Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаар тушаалын хавсралтын 29 дүгээрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 27-33 дахь тал

[2] Хх 145-150 дахь тал

[3] Хх 109 дэх тал

[4] Хх 110-119 дэх тал

[5] Хх 120 дахь тал

[6] Хх 122 дахь тал

[7] Хх 128 дахь тал

[8] Хх 101-102 дахь тал

[9] Хх 93  дахь тал

[10] Хх 48-54 дэх тал

[11] Хх 55-56 дахь тал

[12] Хх 58-59 дахь тал

[13] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 27-33 дахь тал

[14] Хх 33 дахь тал

[15] Хх 145-150 дахь тал

[16] Хх 109 дэх тал

[17] Хх 110-119 дэх тал

[18] Хх 51 дэх тал

[19] Хх 93  дахь тал