| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02530/И |
| Дугаар | 102/ШШ2024/03685 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/03685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, И овогт Э Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд байрлах, Д х ц с ТӨХК-д холбогдох,
Урамшуулалт цалин, алданги 11,145,204 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, түүний өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д х ц с ТӨХК-д холбогдуулан урамшуулалт цалин, алданги 11,145,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Д-2 ТӨХК-ийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны хооронд Хамтын гэрээ-г байгуулж, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт энэхүү гэрээг ЗДТГ-т бүртгүүлсэн өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүчинтэй байхаар заасан. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж, Д-2 ТӨХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан (2021-2022) оны Хамтын гэрээний 7.4-т ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэгэн адил Хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж тус тус заасан. Э.А миний бие Д х ц сын дэргэдэх үйлдвэрчний хорооны даргаар 2019 оны 09 дүгээр сарын 06-нд томилогдсон. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.7-д жилд нэг удаа хорооны үйл ажиллагааг бүх гишүүдийн хуралд тайлагнаж, дүгнүүлэхээр заасан тул жил бүрийн 09-10 сард өмнөх оныхоо үйл ажиллагааг тайлагнадаг. Хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хуралд танилцуулж, тус хурлаас Хангалттай сайн ажилласан гэж дүгнэж, үнэлгээ нь бүх гишүүдийн хурлын 01, 02 дугаар тогтоолоор баталгаажсан. Тиймээс хорооны 2022 оны үйл ажиллагааг үнэлсэн тогтоол болон холбогдох бусад материалыг хавсаргаж, ажил олгогчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дүгээр тоот албан бичгээр хорооны даргын 2022 оны үйл ажиллагааны урамшуулалт цалинг авах тухай албан бичгийг хүргүүлж, хариу ирүүлээгүй.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үр дүнгийн урамшуулал олгохдоо Д х ц с ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2.3-т зааснаар ажлын үр дүнг танилцуулж, үнэлүүлсэн байхыг шаардсан /гэхдээ Захиргаа буюу Д х ц с ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын өмнө тайлагнах ёстой гэж огт дүгнээгүй/. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.5, 5.1.6-д тус тус зааснаар Захиргаа буюу ажил олгогчоос хараат бус, бие даасан байдлаар ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал нь ажил олгогч буюу захиргаанаас хараат бусаар ажиллах ёстой бөгөөд Монголын Үйлдвэрчний холбооны дүрмийн 11.7-д Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилээс нэгээс доошгүй удаа үйл ажиллагааныхаа тайланг тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна гэж зааснаар хорооны бүх гишүүдийн хуралдаа тайлан тавьж, хэлэлцүүлдэг. Тиймээс хорооны бүх гишүүдийн хурлыг хууль тогтоомжийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, хорооны 2022 оны үйл ажиллагааг дүгнүүлэн "хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан тул Захиргаа буюу ажил олгогч нь Хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшууллыг олгох ёстой юм. Дээрх байдлаар Д х ц с ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар 2022 оны үйл ажиллагааг тайлагнаж, үнэлүүлснээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдал арилж, хорооны даргын Э.Адьяасүрэнгийн шаардах эрх үүссэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хорооны даргын 2022 оны үр дүнгийн урамшуулалт цалин 7,430,136 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: ...2022 оны үйл ажиллагааг үнэлсэн тогтоол болон холбогдох бусад материалыг хавсаргаж, ажил олгогчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дүгээр тоот албан бичгээр хорооны даргын 2022 оны үйл ажиллагааны урамшуулалт цалинг авах тухай албан бичгийг хүргүүлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т зааснаар олгох ёстой цалин хөлсийг олгоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох зохицуулалтын дагуу Хорооны хурлын шийдвэрийг хүргүүлснээр хойш хуанлийн 30 хоног буюу 2023.12.15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн гэж үзэж, 1 өдрийн 22,290 төгрөгөөр нийт 186 өдрийн 4,145,940 төгрөгийн алданги бодогдож байна.
Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу нийт 7,430,136 төгрөгийн урамшуулалт цалингийн 50 хувь болох 3,715,068 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
2. Хариуцагч Д х ц с ТӨХК хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А нь үр дүнгийн тайлангаа Ажилтнуудад жилийн үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын дагуу тайлангаа бичгээр ирүүлээгүй юм. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан 2021-2022 оны Хамтын гэрээний 7.4-т ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж заасан боловч энэ зохицуулалт нь ҮЭХ-ны даргад жилийн үр дүнгийн шагналт цалинг шууд буюу 100 хувь бүрэн олгоно гэсэн утга илэрхийлэхгүй бөгөөд ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэгэн адил үзэж, компанид мөрдөгдөж байгаа дотоод журам, эрх зүйн актын дагуу шагналт цалин олгох утга илэрхийлж байгаа болно. Компанийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам"-ын 5.2.3-т компанийн удирдлага, инженер техникийн болон зарим ажилтны албан тушаалын цалингийн сүлжээний 1-11 дүгээр ангиллын ажилтан бүр жилийн тайлан хамгаалж үнэлгээ авсан байх" гэж заасан. Тухайн ажилтны жилийн ажлын үр дүнгийн шагнал нь тухайн хүний ажлыг зохих ёсоор үнэлэх, үнэлгээнд үндэслэн урамшуулал олгох зохицуулалттай. Ажилтны жилийн ажлын үр дүнг үнэлэхийн тулд тухайн ажилтан ажлын тайлангаа заавал бичиж дүгнүүлж, хамгаалсан байх ёстой юм. Энэ нь компанийн хэмжээнд үйлчилж, мөрдөгдөж байгаа журам болно. Гэтэл хариуцагч нь уг журмыг зөрчиж ажлын тайлан, үнэлгээг манай компанийн захиргаанд ирүүлээгүй билээ.
ҮЭ-ийн хорооны гишүүдэд ажлаа тайлагнаж, үнэлгээ авсан гэж тайлбарладаг. 2022 оны жилийн ажлын тайлангаа гаргаж ирүүлээгүй, зохих журмын дагуу хийсэн ажлаа тайлагнаагүй, компанийн зүгээс нэхэмжлэгчийг 2022 оны ажлаа тайлагнах шаардлага тавиагүй бөгөөд зөвхөн ҮЭ-ийн хорооны гишүүдэд тайлагнасан тайлангаа ирүүлэхийг хүссэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Д х ц с" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/112 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" тушаалын 2-т Хөдөлмөрийн дотоод журмыг компанийн нийт ажилтанд сурталчлан таниулах, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг алба, хэлтэс, цехийн дарга нарт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын хэлтэст тус тус үүрэг болгосугай гэж тушаасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ" гэж хуульчилжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Ажилтнуудад жилийн үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох" журмыг зөрчиж байна. Түүнчлэн ажилтан жилийн ажлын тайлангаа гаргаж ирүүлээгүй, үр дүнгийн тайлангаа үнэлүүлж хамгаалаагүй нөхцөлд түүнд олгох урамшууллын хувь хэмжээг тогтоох, олгох боломжгүй юм. ҮЭХ-ны дарга Э.А нь жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг компаниас авахын тулд дээр дурдсан журмын 5.2.3-т зарим ажилтан, ажилтан бүр гэж заасанд нийцүүлэн ажлын тайлангаа цаг хугацаанд нь бичиж, зохих шатны хуралд тайлагнаж, үнэлүүлж, хамгаалах үүрэгтэй. Жилийн үйл ажиллагааны урамшуулал нь хүн бүхэнд олгодог цалин хөлс биш бөгөөд тухайн хүний жилийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч тодорхой хувиар олгодог урамшуулал юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол Шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасан.
Нэхэмжлэгч Э.А нь уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь тус шүүхэд гаргаж, уг маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02229 дугаар бүхий шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаартай магадлал мөн Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01342 дугаар тогтоолоор 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байдаг болно. Маргаан бүхий үйл баримтыг өмнө нь шүүх шийдвэрлэж, энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүх нэгэнт өмнө нь шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн маргааны үйл баримтад дахин үнэлэлт дүгнэлт өгөх, хэлэлцэх боломжгүй бөгөөд дээрх хуулийн заалтаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-6/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Дундаж цалинг тооцсон тооцоолол /хх-8/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-9-12/, Д х ц сын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол /хх16-17, 105-106, 119/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх13-18/, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл /хх-19-21/, Д х ц с ТӨХК-ны Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх-21-23/, Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны Хамтын гэрээ /хх-24-30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-39-42/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-43-47/, Д х ц сын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны албан тоот /хх-48/, Дансны хуулга /хх-95-98, 118/, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх109-110/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-120/, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайлан 2019-2022 /хх121-159/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-52/, Хариу тайлбар /хх-57-59/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-68/, Д х ц с ТӨХК-ийн дүрэм /хх70-85/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д х ц с ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоол, Д х ц с ТӨХК-ийн Ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам /хх-165-171/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Захиргаа буюу ажил олгогчоос хараат бус, бие даасан байдлаар ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал нь ажил олгогч буюу захиргаанаас хараат бусаар ажиллах ёстой. Тиймээс хорооны бүх гишүүдийн хурлыг хууль тогтоомжийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, хорооны 2022 оны үйл ажиллагааг дүгнүүлэн "хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан тул Захиргаа буюу ажил олгогч нь Хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулал, алданги нийт 11,145,204 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч Д х ц с ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2021-2022 оны Хамтын гэрээний 7.4-т ҮЭХ-ны даргад жилийн үр дүнгийн шагналт цалинг шууд буюу 100 хувь бүрэн олгоно гэсэн утга илэрхийлээгүй бөгөөд ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэгэн адил үзэж, компанид мөрдөгдөж байгаа дотоод журам, эрх зүйн актын дагуу шагналт цалин олгох утга илэрхийлж байгаа. Компанийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам"-ын 5.2.3-т зааснаар тухайн ажилтны жилийн ажлын үр дүнгийн шагнал нь тухайн хүний ажлыг зохих ёсоор үнэлэх, үнэлгээнд үндэслэн урамшуулал олгох зохицуулалттай. Гэтэл хариуцагч нь уг журмыг зөрчиж тайлангаа цаг хугацаанд нь бичиж, тайлагнаж, үнэлүүлээгүй. ҮЭХ-ны даргад шууд урамшуулал олгох давуу эрх байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өмнө шүүх шийдвэрлэсэн. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Д х ц сын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хорооны 2019-2022 онд зохион байгуулсан ажил, санхүүгийн тайланг авч хэлэлцэн "маш сайн гэж дүгнэжээ.
4.2 Дээрх хорооны бүх гишүүдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Э.Аг мөн өдрөөс 4 жилийн хугацаагаар Д х ц сын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар улируулан сонгосон үйл баримт тогтоогдсон.
4.3 Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны Хамтын гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр талууд байгуулжээ.
4.4 Нэхэмжлэгч Э.Агийн урамшуулалт цалин, алданги 9,391,691 төгрөг гаргуулах шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02229 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01342 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийг 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн урамшууллыг шаардах эрхтэй эсэх байна. Харин 2019 оноос нэхэмжлэгч нь Д х ц сын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа талаар зохигчид маргаагүй.
6. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбоотой үйл баримтыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал арилсан үндэслэлээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байна.
7. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ гэж, 40 дүгээр зүйлд Хамтын гэрээний үйлчлэх хүрээ, 40 дүгээр зүйлийн 40.3-т Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үйл явц бүрэн дуусах хүртэлх хугацаанд хамтын гэрээг дагаж мөрдөнө. гэж тус тус зохицуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан 2021-2022 оны Хамтын гэрээ-ний 7.4-т ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно. гэж заажээ.
Дээрх зохицуулалтуудаас үзэхэд Д х ц с ТӨХК Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2021-2022 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 7 дугаар бүлгийн 7.4 дэх заалт нь ҮЭ-ийн хорооны даргын эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, харин хуульд зааснаас илүү нөхцөлөөр урамшуулал олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан дээрх хамтын гэрээнд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг Д х ц с ТӨХК-ийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан үр дүнгийн шагналт цалин олгохоор зохицуулсан гэж үзэхээр байна.
8. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт буюу Д х ц с ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2-т Урамшуулал олгох нөхцлийг заасан байх бөгөөд уг журмын 5.2.3-т Компанийн удирдлага, инженер техникийн болон зарим ажилтны албан тушаалын ... ажилтан бүр жилийн ажлын тайлан хамгаалж үнэлгээ авсан байх ба үнэлгээг баталгаажуулах, бусад ажилтнууд тухайн жилийн ажиллагааны үр дүн, техник ашиглалт аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн сахилга бат зэргийг харгалзан 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу үнэлж жилийн ажиллагааны үр дүнгийн урамшуулал олгоно., 5.2.4-т Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, Хангамж үйлчилгээ хариуцсан дэд захирал, эдийн засагч, алба, хэлтэс, цехийн дарга нар Ажлын хэсэг болон Гүйцэтгэх захиралд тайлангаа хамгаалж үнэлгээ авна., мөн 5.3.2-т жилийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамгаалаагүй... бол урамшуулал олгохгүй байх үндэслэлийг зохицуулжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь ...Монголын Үйлдвэрчний холбооны дүрмийн 11.7-д Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа үйл ажиллагааныхаа тайланг тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна гэж зааснаар хорооны бүх гишүүдийн хуралдаа тайлан тавьж, хангалттай сайн гэж дүгнэсэн... гэж тайлбарласан боловч тэрээр хамтын гэрээ болон урамшуулал олгох журамд зааснаар 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн урамшууллыг авахдаа ажилтан бүр жилийн ажлын тайлан хамгаалж үнэлгээ авна, ажлын хэсэг болон гүйцэтгэх захиралд жилийн ажлын тайлангаа хамгаална гэсний дагуу хариуцагч Д х ц с ТӨХК-д 2022 оны ажлын тайлангаа хамгаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
9. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нэхэмжлэгчээс ...Цаг хугацааны хувьд Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын сонгуульт хугацааны цикл тэгж таарсан учраас 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2019-2022 онд зохион байгуулсан ажил, санхүүгийн тайланг хорооны хурлаар хэлэлцсэн гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Д х ц сын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Монголын Үйлдвэрчний холбооны дүрэмд заасны дагуу хорооны үйл ажиллагааг гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа тайлангаа тавих нь зүйтэй боловч харин нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувиар үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал цалин авахдаа зохих албан тушаалтанд тайланг хамгаалж, үнэлүүлсний үндсэн дээр нэхэмжлэгчид олгох урамшуулалт цалингийн хувь хэмжээг Д х ц с ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор ...үр дүнгийн нэмэгдлийг 4 хүртэл сараар тооцон тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хамтын гэрээний 1.1, 7.4-т заасантай нийцнэ.
10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д х ц с ТӨХК-д холбогдуулан урамшуулалт цалин, алданги 11,145,204 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжил урьдчилан төлсөн 208,205 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д х ц с ТӨХК-д холбогдуулан урамшуулалт цалин, алданги 11,145,204 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ