| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0081/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),
хохирогч нарын өмгөөлөгч Э.Түвшинбаяр (ҮД:2400),
хохирогч Х.Цогзолмаа,
насанд хүрээгүй хохирогч Э.Оюундарь,
шүүгдэгч Ч.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Сартуул овогт Чулуунбаатарын Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002720044 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутад хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторийн жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Бор-Үзүүрийн 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 853 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 21 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн,
регистрийн НВ69031217 дугаартай, Сартуул овогт Чулуунбаатарын Энхбат нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - тэнсэнгийн ялтай байх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Цайдамын 3 дугаар гудамжны 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Х.Цогзолмааг мах борцолж байхад нь үгийн зөрүүгүй үснээс нь чирч амбаараас гаргаж харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, мөн өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй 16 настай охин Э.Оюундарийг төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж, түүний гар луу нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Энхбат, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Энхбат нь тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн байх хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайдамын 3 дугаар гудамжны 02 тоотод оршин суух иргэн Мягмарын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Х.Цогзолмааг мах борцолж байхад нь согтуугаар хашаа давж орон үгийн зөрүүгүй үснээс нь чирч амбаараас гаргаж харгис хэрцгий харьцан, догшин авирлаж зодсон,
энэ үед өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй 16 настай Э.Оюундарь нь хашаа давж зугтаах гэтэл түүний гар луу нь төмрөөр цохиж, баруун гуя руу нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Энхбатын: “... 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гарч айлд очиж ажил хийгээд найз нартайгаа 2 шил архи уусан. Тухайн хэрэг болохоос хэд хоногийн өмнө Оюундарь гэртээ 3 хоног ирж хоноогүй. Эхнэрээсээ Оюундарийг асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр согтуу гэрийнхээ хашааг давсан. Хашаанд эхнэрийн том ах, эхнэр, охин нар байсан. Би Оюундариас “хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэж асуухад “хичээлээ тараад ирлээ” гэж хариулсан. Би хажуудаа байсан төмрийг Оюундарь луу авч шидэхэд гарыг нь оносон ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Цогзолмаагийн: “... 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед ахын амбаарт борц хийж дуусаад гадаа зогсож байтал нөхөр согтуу хашаа давж ирээд намайг үсдэж дарсан. Тэр үед Оюундарь ахын гэрээс гараад явах гэхэд Энхбат намайг тавиад Оюундарийн гар луу төмрөөр цохиход “гар хугалчихлаа” гэж орилоод гэрийн баруун талаар тойрч гүйхэд Энхбат “чамайг би гүйцээчихье” гэж хэлээд өшиглөсөн. Би Энхбатыг барьж аваад Оюундарийг “хашаанаас гараад яв” гэж хэлсэн. Гудамжинд гарч Оюундарийн араас том чулуу нүүлгэсэн. Энэ үед хажуу айлын хүүхэд цагдаа дуудсан байсан. Намайг Энхбатын араас гэрт ороход гараад явсан байсан. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Оюундарийн: “... 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 30 минутын үед хичээлээс ирээд хувцасаа сольж байхад аав гаднаас согтуу орж ирсэн. Урьд өдөр нь би Талийгаачийн гэрт хоносон юм. Тэгээд ээжийг гадаа амбаарт борц хийж байхад үснээс нь чирч газар унагаасан. Би ахын гэрээс гарч ааваас зугтах гэхэд “чи муу одоо юу вэ” гэж хэлээд над руу төмөр шидэхэд миний гарыг оносон. Миний гар их өвдөөд би уйлахад ээж аавыг зулгаасан. Тэгсэн аав над руу дахин дайрч миний өвчтэй гарыг татсан. Ээж аавыг дагуулж хашааны гадаа гаргахад над руу том том чулуу шидсэн. Би талийгаачийн гэрийн баруун талаар нуугдаж гүйгээд саравчаар гарч зугтаасан. Энэ үед баруун айлын хүүхэд цагдаад дуудлага өгсөн байсан. Би аавынхаа уучлалтыг хүлээж авахгүй, аавд итгэхгүй байна. Би аавд гомдож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Х.Цогзолмаагийн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн ах Мягмарын гэрт мах борцолж байхад манай охин Оюундарь “хичээлээ тарлаа” гээд ороод ирсэн. Тэгсэн 5 минутын дараа араас нь манай нөхөр Энхбат согтуу хашаа давж орж ирээд амбаарт байхад үгийн солиогүй үснээс чирээд амбаараас гаргасан. Энэ үед манай охин хашаа давж зугтаах гэтэл шууд охин дээр гүйж очоод амбаарын хажууд байсан төмрийг авч охины гар луу цохьсон. Тэгээд дахин цохих гэхэд нь очоод гарнаас нь бариад авсан тэгээд хөлөөрөө доогуур нь охиноо өшиглөөд байсан. Би аргалж чирээд гэр лүүгээ авч явсан. Тэгээд би цагдаа дуудсан. Бид нарыг байнга нь “ална” гээд байгаа юм. Сая шүүхээр орж 1 жилийн тэнсэн ял авсан. Тэгээд “та нар ямар их цагдаад ханддаг юм, хоёрын хооронд нэг хоёр жил хэрэггүй шүү, би бүгдийг чинь алаад хорин жил аваад явна, та нарыг ална шүү” гэж байнга занадаг болсон. Манай нөхөр Ч.Энхбат архи уусан үедээ хоёр охиноо элдэв үгээр харааж агсан тавьдаг, намайг хэд хэдэн удаа зодож байсан, би эмнэлэгт болон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Их хэцүү байнга л “ална та нарыг сэмжээр чинь нүүрийг чинь бүтээнэ” гэж хэлдэг. Намайг “янхан, гичий, банзал” гэж байнга хэлдэг. Намайг нэг удаа “ална” гээд хутга шидэж байсан нь тэр нь миний биед гэмтэл учруулж байгаагүй. Би архи уусан үед нь зугтаад явчихдаг юм. 2016 оны 8-р сард том охиноо зодож байсан. Тэр асуудлаар нь цагдаад хандаж байсан цагдаад хандахаар “ална шүү, ямар их цагдаад өгдөг юм бэ” гэж байнга занаж байсан. Тэгээд айгаад ямар ч үйлдэл хийж байгаагүй. 2016 оны 09-р сарын үед намайг хээр машинаар дайрна гээд хөөж байсан, би зугтаагаад уулан дээр гарч амь аврагдаж байсан. Өдөр болгон согтуу байдаг, уусан үедээ хэрүүл хийж өдөж байдаг, тэгээд өмнөөс нь юм хэлбэл шууд “ална та нар зайлаарай” гээд намайг “ална” гээд багалзуур шахаад таарсан гараа зангидаж байгаад цохьдог, хэдэн хүүхдүүд хажууд байж байгаад салгаж байсан. Энхбатын төрсөн эх Шоовдор манай хашаанд байдаг, ээжийгээ хөгшин гэлтгүй нэг удаа зодох гэж байхад би салгаж байсан. Би дөрвөн хүүхдийн хамт их айдастай байдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3, 112 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Оюундарийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хичээлээ тараад ээжийн төрсөн ах Мягмарын гэрт очтол ээж малын мах янзалж байгаа гээд сууж байсан. Энэ үед манай аав согтуу хашаа давж орж ирээд “Мягмарыг алчихья” гээд орилж байсан. Аав амбаарт байсан ээж дээр очиж ээжийг газар унагасан, тэгээд үснээс нь чирсэн, би ааваас зугтааж явах гээд хашаа давах гэтэл миний араас гүйж ирээд тэр хашаанд байсан нарийн урт төмрөөр миний зүүн гарын тохой хэсэг рүү цохьсон. Би гараа бариад уйлсан чинь “тэгвэл бүүр гүйцээгээд өгье” гээд дахиад цохих гэтэл ээж бариад авсан. Тэгсэн намайг хөлөөрөө миний баруун талын гуя руу өшиглөсөн. Ээж аавыг аваад гарсан, тэгээд хашааны гадна гараад “ална шүү та нарыг, Мягмартай чинь ална шүү” гээд том том чулуу аваад шидсэн, гэхдээ намайг оноогүй. Ээжийг “чи цагдаа дуудаач, цагдаа чинь надад үйлчлэхгүй за юу” гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Аав сая шүүхээр орж 1 жилийн тэнсэн ял авсан. Тэгээд “та нар ямар их цагдаад ханддаг юм, хоёрын хооронд нэг хоёр жил хэрэггүй шүү, би бүгдийг чинь алаад хорин жил аваад явна, та нарыг ална шүү” гэж байнга занадаг болсон. Манай аав Ч.Энхбат эрүүл архи уугаагүй үедээ зүгээр, харин архи уусан үедээ намайг болон манай гэрт байгаа гэр бүлийн гишүүдийг зодож байсан. Аав архи уугаад ирэхээрээ “пизда нар та нарыг ална шүү, таван ханатай гэрээ аваад ээжтэйгээ зайлаарай, чи аавыгаа гомдоовол том болоод өөдлөхгүй шүү муу гичий янхан минь, сэмжээр чинь нүүрийг чинь бүтээнэ шүү” гэж байнга занаж байдаг. Би аавыг архи уугаад ирэхээр нь аргалж байгаад гэрээсээ гараад явчихдаг, зодох гэхээр нь зугтчихдаг юм. Өмнө нь намайг 2015 оны 06-р сарын үед хөдөө байхад зодох гээд галын хайч аваад шидсэн чинь миний гарын зүүн хэсгийн булчинг хөхрүүлж тэр үед би гэрээсээ гараад дүүргийн төв рүү зугтаасан, тэгсэн миний араас “чи тэр цагдаагаа дуудаарай цагдаатай чинь цуг ална шүү” гээд хөөгөөд байхаар нь би айгаад гэр лүүгээ буцаад гүйсэн юм. Миний төрсөн эгч Э.Оюунбилэгийг хэд хэдэн удаа согтуудаа зодож байсан. Ээжийг байнга зодож байсан. Өө хайж байгаад өмнөөс нь хэрэлдэж маргалдах юм бол шууд зоддог байсан. Саяхан намайг зодоод шүүхээр 1 жилийн тэнсэн ял авсан. Манай аав Ч.Энхбат архи ууж агсан тавих нь 2007 оноос эхэлсэн, эхлээд манай ээжийг зодож байсан сүүлийн 2 жилийн хугацаанд эгч бид хоёр луу агсан тавьж “эхийгээ дагаад зайл” гэж хөөж элдвээр хэлж эхэлсэн. Манай аав байнга архи ууж байдаг, сарын бүх өдөр л согтуу байдаг, тэгээд зодох болон зодох гэж дайрах нь сард нэг удаа байдаг. ... Над руу хутга барьж дайрч байсан зүйл байхгүй, нэг удаа галын хайчаар цохиж байсан. Манай ээж рүү 2016 оны зун хутга шидэж байсан, гэхдээ ээжийг онож гэмтэл учруулаагүй. Аав архи ууж агсан тавих үедээ болж өгвөл хутга барих гээд байдаг. Ээж аавыг архи уусан байна гэсэн үед гэрт байгаа хутга болон гэрт байгаа үзүүртэй зүйлээ нууж байдаг юм. Манай аав надад ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт учруулж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 116 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Буян-Ундрахын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “... Энхбатынх амьжиргааны түвшин доогуур орлоготой, мал маллаж амьдардаг. Манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй өрх иргэний судалгаанд байдаг. Х.Цогзолмааг хорооноос зохион байгуулж байгаа тусламж үйлчилгээнд байнга хамруулж Энхбатыг хамгаалалтандаа байлгадаг. Энхбат нь архины хамааралтай этгээдийн судалгаанд байдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Оюун-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “... Энхбат гэх хүнийг танина. Манай зүүн талын үзүүрийн хашааны айл байгаа юм. Энхбат архи их уудаг, архи уусан үедээ хашаан дотор нь ямар нэгэн асуудал гарсан байдалтай хүүхдүүд нь уйлж орилж байдаг, түүнээс хэн нь хэнийгээ зодож байгаа талаар надад харсан зүйл байхгүй. Охин Оюундарь нь 2017 оны 5-р сарын үед “аавдаа зодуулсан” гээд манай гэрт уйлаад орж ирж байсан. Сүүлд 2017 оны 10-р сарын 20-ны үед “аав нь архи уусан зодох гээд байна” гээд Цогзолмаа эгч манай гэрт нэг хонуулж байсан. Аав нь архи уусан үедээ орж ирээд охиноо загнаж зодож айлгадаг юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/531 тоот:
1. Х.Цогзолмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/532 тоот:
1. Э.Оюундарийн биед зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.Энхбатын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын шүүх хурлаас хойш Оюундарийн зан ааш улам бүр эвдэрч, юм хэлэхээр өмнөөс хэрэлдэж байдаг болсон. Тэгээд юм л бол “цагдаад хэлнэ, намайг хамгаалдаг юм за юу” гээд байдаг. Сүүлдээ гэртээ ч хонохгүй, хаана хоноод байгаа нь мэдэгдэхгүй болсон. Би юу ч хэлээгүй ял дээр ял болно гэж бодоод чимээгүй байдаг. Аргаа бараад эхнэртээ “чи наад хүүхдээ хүмүүжүүл” гэж хэлдэг. Би бүр гомдоод байдаг болсон. Айл гэрийн эзэн хүн ийм байдалтай явах хэцүү юм байна лээ. 2017 оны 10 дугаар сарын 26-наас өмнөх 3 хоног Оюундарь гэртээ хоноогүй болохоор тэр өдөр Мягмар ахын хашаанд ороод Оюундарьд “чи яагаад гэртээ хонохгүй байгаа юм” гэж хэлсэн чинь миний өмнөөс “танд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Би “муу ч гэсэн эцэг нь шүү дээ” гэж хэлээд уурандаа хашаанд байсан гарт таарсан нарийн төмрийг аваад айлгах гээд шидсэн чинь Оюундарь зүүн гараараа хаах шиг болсон. Миний барьж байсан төмөр гарын тохой хэсгээр нь цохьсон. Тэр үед манай эхнэр Цогцолмаа “боль” гээд намайг хашаанаас аваад гарсан. Тэгээд би гэртээ ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар тал/,
“Эрсдлийн түвшин өндөр” гэсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5-6, 14-15 дүгээр тал/,
Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт /хх-ийн 24-25 дугаар тал/,
Ч.Энхбатын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-35, 50-57 дугаар тал/,
“Хүүхдэд тодорхой нөхцөлд аюул занал учрах магадлалтай буюу дунд зэрэг гарч байна” гэсэн хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 37-40 дүгээр тал/,
Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн Э.Оюундарийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41-43 дугаар тал/,
Багахангай дүүргийн 2-р хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй өрх иргэний судалгаа /хх-ийн 46-48 дугаар тал/,
Ч.Энхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/,
2016 онд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан материалууд /хх-ийн 58-67 дугаар тал/,
Ч.Энхбат нь тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн ял эдэлж байх үеийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн материалууд /хх-ийн 87-102 дугаар тал/,
Ч.Энхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Энхбатад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Өмнөх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Энхбатад тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн байхад уг үүргийг биелүүлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж дахин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Х.Цогзолмаа, төрсөн охин, насанд хүрээгүй 16 настай Э.Оюундарь нартай харгис хэрцгий харьцан, догшин авирлаж зодсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...”,
мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”,
3-д “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй...” гэж зааснаар тус тус ял оногдуулж, нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Энхбатад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаатай гэмт хэргийг насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч Ч.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 34.4 дүгээр зүйлийн 2.3, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Чулуунбаатарын Энхбатыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, хүүхдээ зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Чулуунбаатарын Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чулуунбаатарын Энхбатад өмнө нь тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг сэргээж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Энхбатад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ