Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/50

 

Н.Бямбасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Болормаа

            Шүүгдэгч Н.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Д.Золзаяа /онлайн/  

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Бямбасүрэнд холбогдох 2218000000281 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Үхэр Хонход овогт Норовсамбуугийн Бямбасүрэн, 1969 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Хангал сумын төвийн 2 дугаар багийн Подъём гэх газарт оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2.т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

-Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 299 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай./РД:МК69033111/

Шүүгдэгч Н.Бямбасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 13.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө багийн 16 байрны 6 дугаар орцонд иргэн Н.Цогзолбоогийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, ноцолдон дух, хоолойны зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, “Samsung Galaxy S8” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос Н.Бямбасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Хонход овогт Норовсамбуугийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн куртик 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Н.Бямбасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн.

Гэвч анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Бямбасүрэнг өмнө нь удаа дараа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч засарч хүмүүжилгүй дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4.д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4.д ...зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчид ял шийтгэх оногдуулахдаа анхан шатны шүүх түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүгдэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Бямбасүрэн тайлбартаа:

Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Болормаа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Золзаяагийн    гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Бямбасүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 13.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө багийн 16-р байрны 6 дугаар орцонд иргэн Н.Цогзолбоогийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, ноцолдон дух, хоолойны зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт үүсгэж, “Samsung Galaxy S8” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Бямбасүрэнг дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч хамт архи уусан хүнийхээ гар утсыг авах зорилгоор орц руу нь дагаж орон хүч хэрэглэн довтолж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон өмнө нь удаа дараа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч засарч хүмүүжилгүй дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй" гэж заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж, тухай бүртээ ялаа эдэлж дууссан, сүүлд дээрх дээрэмдэх гэмт хэрэгтээ анхан шатны шүүхээр ял шийтгүүлэх үедээ ялтай байгаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох ба энэ зүйлд заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан, эдгээр шинжүүд нь дээрэмдэх гэмт хэрэгт өөрт нь агуулагдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бямбасүрэнг .... хамт архи уусан хүнийхээ гар утсыг авах зорилгоор орц руу нь дагаж орон хүч хэрэглэн довтолж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай...гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй.

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Бямбасүрэн нь хохирогч Н.Цогзолбоогийн, дэлгүүрээс авсан архийг түүний байрны гадна хамт ууж улмаар хохирогч гэртээ орохоор байрныхаа орц руу орох үед араас нь дагаж орохдоо түүний гар утсыг нь авахаар довтолж ноцолдон, хохирогчийн биед хүзүү хоолойн зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт учруулж, 280,000 төгрөгийн үнэтэй “Samsung galaxy S9” маркийн гар утсыг нь авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн өгсөн “...Би тэр өдөр Цогзолбоотой 1 шил архи хувааж уусан. Энэ залуу хамт архи ууж байхдаа гадаадын хараалын үгээр намайг доромжилсон. Тэгээд би “чи хүнийг ингэж доромжилж болохгүй” гэж хэлэх гээд араас нь орц руу хамт орж маргалдаж, ноцолдох үед хохирогч залуугийн гар утас нь газар унасан. Тухайн үед хохирогч залуу над руу орилоод байсан болохоор сандарсандаа гар утсыг нь өгч амжаагүй гараад явсан. Би хохирогч залуугаас уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг, хохирогч Н.Цогзолбоогийн өгсөн ...”Би тэр өдөр найзынхаа гэрт очиж найзтайгаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд найзынхаа эхнэрээр гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Машинаас нь буугаад доод талын дэлгүүрээс 1 шил архи аваад байрныхаа хажууд Бямбасүрэнтэй тааралдаад архиа хувааж уусан. Дараа нь орц руугаа ороод шатаар өгсөж байтал араас татахаар нь эргэж хараад “та яаж байна аа” гэхэд “яадаг юм, гар утсаа өг” гэж хэлсэн. Тэгээд надтай гар утас булаацалдаад ноцолдож байх үед манай хадам ээж гарч ирсэн. Тэгээд энэ хүн миний гар утсыг аваад гарч зугтсан. Би энэ хүнийг доромжилсон зүйл байхгүй бөгөөд гадаад хэл мэдэхгүй. Н.Бямбасүрэн миний хохирол болох 280.000 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Солонгын өгсөн “...тухайн өдөр намайг ажил дээр байхад манай ээж над руу залгаад “нөхрийг чинь хүн дээрэмдээд утсыг нь аваад явсан байна. Толгойноос нь цус гараад байна” гэхээр нь би орцны үүдэнд ирэхэд манай ээж хүлээгээд байж байсан. 1 давхрын шатан дээр цус гоожсон байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /х/х-ийн 27-р тал/, гэрч Б.Бүрнээгийн өгсөн ”...тэр өдөр хүргэн Цогзолбоогийнд очиж усанд орохоор орцоор нь ортол 2 давхарт 2 хүн ноцолдож байсан. Тэгэхээр нь “та нар яагаад энд ноцолдоод байгаа юм бэ” гээд чанга орилтол гэнэт “ээжээ энэ хүн миний утсыг авчхаад өгөхгүй байна” гэхээр нь хартал манай хүргэн Цогзолбоо байсан. Тэгтэл манай хүргэнтэй ноцолдож байсан танихгүй хүн шалан дээр завилаад суусан байхаар нь ”чи хүүхдийн утсыг өг” гэсэн чинь “надад байхгүй, сая гараад явсан залуу аваад явчихлаа” гэсэн...” мэдүүлэг /х/х-ийн 29-р тал/, утасны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /х/х-ийн 38-39-р тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 647 дугаартай "Н.Цогзолбоогийн биед дух, хүзүү хоолойны зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх шинжээчийн дүгнэлт /х/х-ийн 44/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /х/х-ийн 3-6-р тал/, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцээгүй, оногдуулсан ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн байдал зэрэг гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаагүй, Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй, үйлдэлд нь тохирсон шийтгэл болж чадаагүй, хэт өндөр ял оногдуулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд нь тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Золзаяа нь “...анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бямбасүрэнг өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасны ...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан...гэснийг хүлээн авах үндэслэлтэй.

Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрх бөгөөд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш тул шүүх энэ зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Иймд гэмт этгээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдол бүрд шүүх заавал Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх үүрэггүй.     

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өөрчилсөн талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг:

-2” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбасүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

-3” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бямбасүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                             ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ