Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1 ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, дугаар тусгай зөвшөөрлийг олгожээ[1].

2.2 Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай тогтоолоор Улаанбаатар хотод Банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагааг дагнан эрхлэхээс бусад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор үе шаттайгаар нэмэгдүүлсээр 2,500,000,000 төгрөг хүргэх хуваарийг баталсан байна[2].

2.3 Харин тус компанийн зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгөө 2017 онд 400,000,000 төгрөгөөр, 2018 онд 221,000,000 төгрөгөөр, 2019 онд 383,000,000 төгрөгөөр, 2022 онд 500,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1,900,000,000 төгрөгт хүргэсэн[3].

2.4.Гэсэн хэдий ч Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* газрын уурхайгаас ашигт малтмал /нүүрс/ олборлох борлуулах, худалдан авах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр -тай нэр бүхий компани нь Нүүрс худалдах, худалдах авах тухай гэрээ байгуулахад улс төрд нөлөө бүхий албан тушаалтан нь нөлөөлж бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт *******гийн эзэмшлийн -ын Хаан банкны , Худалдаа хөгжлийн банкны дугаартай данс, *******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны , тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк-д тус тус даалгаж хязгаарласан байжээ[4].

2.5.Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3/3420 дугаар албан бичгээр[5] Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолд заасан хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2,500,000,000 төгрөгт хүргээгүй хэмээн ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн болохыг мэдэгдсэн.

2.6. ХХК-иас дээрх мэдэгдлийг хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/34 албан бичгээр ...дансуудыг битүүмжилсэн, Авлигатай тэмцэх газраас манай байгууллагатай харилцсан харилцагч, зээлдэгч нэр бүрийн дуудаж байцаалт, мэдүүлэг авсан бөгөөд үүнээс болж манай бүх зээлдэгч хүү болон зээлээ хугацаанд нь төлөхгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг асар ихээр алдагдуулаад байна... гэх хариуг[6] хүргүүлсэн боловч Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 482 дугаар тогтоол гаргаж, ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэн[7], цаашид түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчил дутагдлыг арилгаж хэвийн үйл ажиллагааг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг мэдэгджээ[8].

2.7. Нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй тул Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ... ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх болсныг...[9] мэдэгдэхэд тус компанийн дансны шилжилт хөдөлгөөнийг цуцлах тогтоолыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсонтой холбогдуулан тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг хойшлуулж, тодорхой хугацаа олгож өгөхийг хүссэн байна[10].

2.8. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ... ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх болсныг... мэдэгдэн[11], 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор тус компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож[12], уг шийдвэрээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* албан бичгээр ХХК-д хүргүүлжээ.

2.9. ХХК-аас тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно[13].

Гурав: Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ХХК нь 2014 онд зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, ийнхүү идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталсан. Коронавирус халдварт /КОВИД 19/ цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа тасалдсаны улмаас ББСБ-уудын зээлийн эргэн төлөлт удааширснаас шалтгаалан, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн зэрэг нөхцөл байдалтай уялдуулан ******* болон зах зээлд оролцогчдын санал, хүсэлтэд үндэслэн дээрх тогтоолд 2021 оны 66 дугаар тогтоолоор хувь нийлүүлсэн Хөрөнгийн хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.9 тэрбум төгрөгт, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.5 тэрбум төгрөгт хүргэхээр хугацааг хойшлуулсан.Манай байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороонд санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх талаарх мэдэгдэл ирүүлсэн даруйд тухай бүр хариу тайлбар, мөн биднээс шалтгаалахгүйгээр хууль, тогтоолд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар цаг тухай бүрд мэдэгдэж, хариу албан бичиг хүргүүлж байсан.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн манай байгууллагын үйл ажиллагааг шалгаж байсан бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй үргэлжилсэн хэвээр байсан. Шалгалтын хүрээнд манай байгууллагад Шинжээчдийг томилсон бөгөөд харилцах болон хадгаламжийн бүх дансуудыг битүүмжилсэн. Харилцах дансны битүүмжийг цуцлуулах талаар албан тоотыг Авлигатай тэмцэх газарт удаа дараа хүргүүлж байсан боловч, шалгагдаж байна гэх үндэслэлээр манай байгууллагын харилцах данс битүүмжлэгдсэн хэвээр байсан. Мөн Авлигатай тэмцэх газраас 2014 оноос хойш манай байгууллагатай харилцсан харилцагч, зээлдэгч нэг бүрийг дуудаж, байцаалт, мэдүүлэг авч байсан бөгөөд манай бүх зээлдэгчид зээл болон зээлийн хүүгээ хугацаанд нь төлөхгүй байснаас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан.

Дээр дурдсанчлан манай байгууллагаас үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллах ямар ч боломжгүй байсан, мөн Авлигатай тэмцэх газраас харилцах дансуудыг битүүмжилсэн нь үүнтэй шууд холбоотой байсан бөгөөд хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд тухай бүр манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалахгүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас дүрмийн санг нэмэгдүүлэх боломжгүй, Авлигатай тэмцэх газраас асуудлыг шийдвэрлэж, харилцах дансуудын битүүмжийг цуцлах хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх хүсэлтүүдийг албан бичгээр удаа дараа хүргүүлж байсан.

Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 Дугаар Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай прокурорын тогтоолоор Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийг хянахад, ХХК-ийн арилжааны дансыг ашиглан мөнгө угаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, байгууллагын арилжааны банкны дансыг хязгаарласан шийдвэр нь хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хязгаарлах эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэж болзошгүй байх тул .... тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцалж, дансуудын шилжилт хөдөлгөөнийг нээж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Хариу мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн болно.

...Гэвч банкнууд 2024 оны 3 сард манай данснуудыг нээж өгсөн, хариуцагчаас прокуророос нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон, Прокурорт данс битүүмжилсэн, дансны шилжилт хөдөлгөөн хаасан байсан тул зөрчлөө арилгах боломж байгаагүй байсан нөхцөл байдлыг буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан ...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй.

Ийнхүү манай байгууллага нь хууль болон тогтоолд заасанчлан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбумд хүргэх ажлыг нэн яаралтай эхлүүлсэн байсан ч дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай, манай байгууллагаас шалтгаалахгүй нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоолуудаар манай байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон.

Тус банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаагүй тул тус Хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 482 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн.

ХХК нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлээгүй тул тус Хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хүчингүй болгосон.

... Бид 1 жил 10 сарын дараа акт гаргасан. Хамгийн гол мөнгөн дүнг нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг боломжтой гэх нөхцөл байдлын талаар баримт ирүүлээгүй, ...2.5 тэрбум хүргэх санхүүгийн боломжийг нөхцөл байгаа эсэхийг тодруулахаар 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр уулзалдсан юм. Тэр үед тоймтой зүйл яриагүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.2.Хавтас хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай тогтоол[14], 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Хүсэлтийн хариу өгөх тухай албан бичиг[15], ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24/05 дугаар Хаан банк-д хандсан хүсэлт[16] зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, дугаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нотлогдож байна.

4.3.Тодруулж хэлбэл, тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараахь ажиллагаа явуулна гэж заасны дагуу мөн зүйлийн 1.2-т заасан банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах-н ажиллагаг хявуулан нэхэмжлэгчийн хамаарал бүхий л дансны гүйлгээг хязгаарласан байжээ.

4.4.Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгөө 2017 онд 400,000,000 төгрөгөөр, 2018 онд 221,000,000 төгрөгөөр, 2019 онд 383,000,000 төгрөгөөр, 2022 онд 500,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1,900,000,000 төгрөгт хүргэсэн[17] байдаг.

4.5.Харин хариуцагч байгууллагаас маргаан бүхий акт гаргахаас өмнө Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана гэж заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй.

4.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй зөвхөн нэхэмжлэгчээс шаардсан албан бичгээр харилцаж, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь учир дутагдалтай болжээ.

4.7.Энгийнээр ойлгуулбал хариуцагчийн шаардаж буй хөрөнгийн хувь хэмжээг хөрөнгө оруулалт татах[18] эсхүл компанийн үйл ажиллагаагаар олсон орлогоор нэмэгдүүлэх боломжтой. Гэвч эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тохиолдолд хэнд ч итгэл үнэмшил төрж өөрийн хөрөнгөө тус компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаанд итгэж байршуулах, үйлчилгээ авах боломжгүй юм.

4.8.Энэ тохиолдолд хариуцагч байгууллагаас дээрх хуульд заасан нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан асуудлыг нягтлан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргалгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус тул түүнийг шүүхээс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР