| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02500/И |
| Дугаар | 102/ШШ2024/03632 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/03632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод хаягт оршин суух Х овогт Б Т/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Н ө” ХК,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, тоотод хаягт оршин суух Ө овогт Б Б/РД: /-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Я, хариуцагч “Н ө” ХК-ийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч “Н ө” ХК, Б.Бнарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Би 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Н ө" ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 дугаар хороо *тоот 62.27 м.кв орон сууцыг захиалсан болно. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 112,086,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд байгуулсан тухайн өдрөө бэлнээр захиалгын төлбөрийг 100 хувь барагдуулж миний мөнгийг барилгын гүйцэтгэл угсралтын ажилд тухайн үед оруулж байсан болно. Тухайн үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ө ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Ганзоригтой уулзаж ярилцсан. Б.Ганзоригийн хувьд “Би бүх эрхээ Б.Бгэх хүн рүү шилжүүлсэн, тэгэхдээ санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Будахгүй гаргаж өгнө, Б.Бад өмнө нь захиалсан иргэдийн мэдээллийг авсан тул айх зүйл байхгүй” гэж хэлж байсан. Б.Баас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч эхэндээ уулзаад асуудлыг шийдэж өгнө санаа зоволтгүй гэдэг байсан. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд гэрчилгээ гаргуулах асуудлаар Б.Бад хандахад "надад хамаагүй, дахиж битгий холбогдоорой, гэрээ хийсэн "Н ө" ХХК-тай учраа ол" гэдэг болсон, харин "Н ө" ХК-д хандахад тус компанийн захирал Б.Ганзориг "Б.Бруу шилжүүлсэн Б.Баас ав гээд огт хүлээн авдаггүй бол гээд харилцан бие бие рүүгээ чихдэг болно. Ингээд эдгээр этгээдийн хооронд орон сууцны асуудал эзэнгүйдүүлэх болж миний өмчлөх эрхээ баталгаажуулах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. "Н ө" ХК нь өөрсдийн эрхээ Б.Бруу шилжүүлсэн гэх баримтыг үзүүлээгүй, нөгөөтэйгүүр Б.Бнь хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй маргаад байх тул "Н ө" ХК-аас гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж үзэн ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Иймд, Баянзүрх дүүрэг 13 хороолол 6 дугаар хороо *тоот 62.27 м.кв орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг “Н ө” ХК болон Б.Буян нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “Н ө” ХК хариу тайлбартаа: “2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.Тнь анх БЗД, 13 хороолол, 6 хороо, *байр, 8 давхрын 62.27 м.кв орон сууцны гэрээ байгуулан захиалж, гэрээний төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан тал дээр манай компанийн хувьд маргахгүй болно.
Улсын бүртгэлийн дугаартай Ү-* дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 хороо, *тоот барилгыг 2008 онд дуусаагүй барилгын гэрчилгээг “Н ө” ХК-д анх гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тухай үеийн гүйцэтгэлтэйгээр Баянсайханы Б/РД:ХД87082371, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 59 байрны 54 тоот/-д шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ тухай үед манай компанид захиалга өгсөн гэрээтэй нийт захиалагчдын эрхийг мөн давхар хамтад нь шилжүүлэн өгсөн болно. Б.Бнь өмнөх захиалагчдын гэрчилгээг гарган өгөх үүргийг хүлээсэн. Эдгээр захиалагч дунд Б.Тын нарын олон хүн байсан.
Иймд нэхэмжлэгч Б.Тнь Б.Баас гэрээний үүргээ шаардах эрхтэй бөгөөд “Н ө” ХК нь бүх эрхээ шилжүүлсэн тул манай компанид хамааралгүй болсон болно. Б.Бын нэр дээрх Ү-* дугаартай гэрчилгээний хуулбар хавсаргав.” гэж маргажээ.
3. Хариуцагч Б.Бхариу тайлбартаа: “Б.Бын зүгээс маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкнаас авсан зээлийн хүрээнд “Н ө” ХК-аас шилжүүлэн авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн ба нэр бүхий айлууд хэрхэн ямар байдлаар хууль ёсны дагуу тухайн орон сууцанд орсон талаарх үйл байдлыг огт мэдэхгүй ба нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлд дурдсаны дагуу надтай аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, миний зүгээс нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй бөгөөд “Н ө” ХК-аас дуусаагүй барилгыг шилжүүлэн авахад “Н ө” ХК-аас надад өмнө нь ийм байдлаар захиалгын гэрээ хийсэн эсэх талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй бөгөөд тухайн цаг хугацаанд барилгын суурийн ажил, өрлөгийн ажил эхэлсэн байсан тул байрны хаяг, хаалганы дугаар тодорхой бус байхад хэрхэн ямар байдлаар хаягжилт тавигдаж гэрээ хийгдсэн эсэх нь анхаарал татаж байгаа, харин уг дуусаагүй барилгыг шилжүүлснээр “Н ө” ХК нь Капитал банкнаас авсан зээлийн зарим хэсгийг хаалгасан талаарх байдлыг уг хуулийн этгээдээс тодруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ямар байдлаар төлбөрийг хууль ёсны дагуу төлж дуусгасан талаарх баримтаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д ‘Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана ” гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа, иргэний хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн харьяалал зөрчиж иргэний хэрэг үүсгэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Капитал банкнаас авсан дээрх орон сууцыг барьж ашиглалтад оруулахтай хамааралтай олгогдсон зээлийн маргаан болох Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагийн сацуу өнөөдөр Баянзүрх дүүргийн 6 хороо, тоот 62.27 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр хэн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, талаарх лавлагааг эрх бүхий байгууллагаас гарган авсны дараа дахин нэмж тайлбар гаргах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-7/, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ /хх-8-9/, “Н ө” ХК-ийн тодорхойлолт /хх-10/, Улсын комисст өргөдөл гаргах тухай хүсэлт /хх-35/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч “Н ө” ХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, Хариу тайлбар /хх-17/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-19/, Бэлэглэлийн гэрээ /хх-20/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.Баас Хариу тайлбар /хх-29/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Амарын мэдүүлэг /хх-43-45/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа /хх-47-48/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би “Н ө" ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, тоот 62.27 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан төлбөрийг 100 хувь барагдуулсан. “Н ө" ХК нь бүх эрхээ Б.Бгэх хүн рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө” гэж хэлж байсан атлаа өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гараагүй тул “Н ө" ХК болон Б.Бнараас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч “Н ө" ХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Улсын бүртгэлийн дугаартай Ү-* дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 хороо, *тоот барилгыг 2008 онд дуусаагүй барилгын гэрчилгээг “Н ө” ХК-д анх гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тухай үеийн гүйцэтгэлтэйгээр Б.Бад шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ тухай үед манай компанид захиалга өгсөн гэрээтэй нийт захиалагчдын эрхийг мөн давхар хамтад нь шилжүүлэн өгсөн болно. Б.Бнь өмнөх захиалагчдын гэрчилгээг гарган өгөх үүргийг хүлээсэн тул манай компанид хамааралгүй болсон.” гэж маргажээ.
4. Хариуцагч Б.Бнэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэлд дурдсаны дагуу надтай аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, миний зүгээс нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй бөгөөд “Н ө” ХК-аас дуусаагүй барилгыг шилжүүлэн авахад “Н ө” ХК-аас надад өмнө нь ийм байдлаар захиалгын гэрээ хийсэн эсэх талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч Б.Тболон хариуцагч “Н ө" ХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/03 тоот “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгчээс Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 8 давхрын 38 тоот 62.27 м.кв 3 өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны 62.27 м.кв талбайн байрны нийт төлбөрт 112,086,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.
5.2 Б.Тнь орон сууцны үнэ 112,086,000 төгрөгийг бүрэн төлсөн нь “Н ө” ХК-ийн тодорхойлолт, мөн бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
5.3 харин нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч “Н ө” ХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/03 тоот “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 дүгээр байр, 38 тоот 62.27 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээн аваагүй үйл баримт тогтоогдож байна.
Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хариуцагч “Н ө” ХК болон Б.Бнарын хооронд нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Н ө” ХК-аас Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, захиалагч нартай байгуулсан захиалгын гэрээний үүргийг хамт Б.Бад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, талуудын тайлбар, гэрч Н.Аын “...тухайн үед Бүд гэдэг хүнд захиалагч нарын гэрээ тооцоог 2-3 удаа гаргаж өгч байсан. Бүд, Б.Бгэдэг 2 хүнийг нэг нь аав, нөгөө нь хүүхэд нь гэж ойлгосон, хамт явж байсан. Борлуулалтаас зарсан болон зараагүй байр, зарсан хүмүүсийн гэрээг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, захиалагчид төлбөрөө 100 хувь төлсөн эсэх үлдэгдэл төлбөр авах эсэх талаар хүнд ойлгоход хялбар хэлбэрээр гэрээтэй нь хавсарган шивж өгч байсан.” гэх мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай.
Дээрх бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай 2,926 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Быг бүртгэж, Ү- дугаар гэрчилгээ олгогдсон болох нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 761 тоот Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариу хүргүүлэх тухай албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
7. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.
Үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны барилгын өмчлөгч бүхэлдээ өөрчлөгдсөн тул “Н ө” ХК-ийн Б.Ттай байгуулсан гэрээний үүрэг Б.Бад шилжсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч Б.Баас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тнь гэрээний зүйл болох сууцны үнийг төлсөн, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан. Зүй нь хариуцагч Б.Баас худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэгч Б.Тт Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 дүгээр байр, 38 тоот 62.27 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр байна.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч Б.Бгаргаж өгөх үүрэгтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.Бнь “...“Н ө” ХК-аас захиалагч нартай захиалгын гэрээ хийсэн эсэх талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
10. Хариуцагч Б.Бнь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “Ховдод хөдөө явж байгаа тул 19-ний хуралд орж амжихгүй болсон учир хурлыг хойшлуулах хүсэлтэй байна” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
11. Харин хариуцагч “Н ө” ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Бад 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр захиалагч Б.Ттай байгуулсан захиалгын гэрээний үүргийг хариуцагч Б.Бад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч “Н ө” ХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
12. Иймд Б.Тыг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 дүгээр байр, 38 тоот 62.27 м.кв 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Б.Бад даалгах нь хуульд нийцнэ.
13. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 718,380 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 718,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 718,380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хар дархад овогт Баяраагийн Тнь Баянзүрх дүүрэг, тоот 62.27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Б.Бад даалгаж, хариуцагч “Н ө” ХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 718,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 718,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ