Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01016

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01016

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***т оршин суух, Г овогт Эын Н,

хариуцагч: ***т оршин суух, ***, А овогт Бгийн Б,

 

нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 90,000,000 (ерэн сая) төгрөгийг гаргуулах тухай 155/2024/00989/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч Н.Д,

Нэхэмжлэгч Э.Н, түүний өмгөөлөгч И.А,

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Б.Бад холбогдуулан гэм хорын хохирол 90,000,000 (ерэн сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Э.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б нь урьд нь согтуугаар жолоо барьж эрх хасагдсан байтлаа хуулийг үл тоомсорлож дахин архидан машин барьж 2022 оны 7 дугаар сарын 31-ний орой А гэх газарт Гтний баяр тэмдэглэж байхад тусгай зогсоол гаргаж өгсөөр байтал машин зорчих ёсгүй наадмын асар руу хөлчүүрхэн очиж 00-00 ХӨВ гэх улсын дугаартай Приус-11 маркийн машинаар миний аав С.Эыг эвхэрч нугартал дайрч намхан машины урд тэнхлэг аавын хүзүүнд гацаад хөдөлгөөнгүй болж тухайн цаг хугацаанд хэлж мэдэгдэн амь авраагүйгээс бүтэлт болж амь нас хохирсны гэм хорын хохирол болгон 15 жилийн тэтгэвэртэй дүйцүүлэн нэхэмжилсэн.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 сард авах тэтгэврийг 650,000 төгрөгөөр тооцож 15 жилд авах тэтгэврийг 117,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба аав маань нас барахын өмнө сард 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15 жилд авах тэтгэврийг 500,000 төгрөгөөр тооцож 90,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Аав минь ямар нэг өвчингүй, хөдөө эрүүл агаарт сэтгэлийн тэнхээ, өөдрөг үзэлтэй, бие бялдар сайтай байхдаа осолд өртсөн. Багаасаа тэшүүр, теннис, волейболоор хичээллэдэг түүнийгээ орхиогүй өдий хүрсэн. Хүүхдүүдээ энэ спортоор сурган хүмүүжүүлсэн. Хууч өвчингүй нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон. Намхан машинаар дайрч аав эвхэгдэж хүзүүнд нь тулаад гацаад газрын өвс зулгарч, хөрс хонхойтол хоёр дугуйг эргүүлсэн байхад аавын яс, толгой, бие эрхтэн гэмтээгүй бүтэлт болсон нь ямар яс чанар сайтай, чийрэг байсныг давхар нотолно. Эрэгтэй хүний дундын наслалт битгий хэл жам ёсоор амьдарсан бол монгол хүний 80-аас дээш наслалд байгаа хүмүүсийн нэг байх байсан. Багаар бодоход аав 15-25 жил амьдарч тэтгэврийнхээ 500,000 төгрөг авч үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөдтэйгөө баяр жаргалаа хуваалцах байсан. Гол зүйл үр хүүхдүүддээ харагдаж явах бидэнд чухал билээ. Гэмгүй, мөрөөрөө наадамд очсон эцсийн үгээ ч хэлж чадахгүй аавын амьд явах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж хорьж хохирол болгон амьд ахуйдаа авах ёстой мөнгийг гаргуулна. Аавд минь ганц удаа заяагдах амь, цаг хугацаа байсныг мөнгө нөхөхгүй нь тодорхой. Аав маань бидэнд үнэ цэнтэй, тэтгэврээс гадна өөрийн хэмжээнд зохих зорилготой, бодлоготой хүн байсан. Мөн 80 гаруй толгой мал маллаж, өвс тэжээлийг бэлддэг, үр хүүхдүүд болон өөрийн идшээ нэмэр болгож, малчин болон тэтгэврийн зээл авч үр хүүхдүүд тусад нь гаргахад нэмэр болох. Отгон хүү намайг аймгийн төвд ажилладаг болохоор 1-2 өрөө орон сууцтай болгох зорилго бодолтой хүн байсан. Зуны цагт 14 хоног цайны ургамалд хүмүүстэй Сэлэнгэ, Бугант руу явж 500,000 төгрөгийн орлого олчихдог. Ослын үеэр ирчхээд буцах гэж байсан юм. 2-3 ач зээгээ харж эцэг, эхчүүдийг нь ажлаа хийх бололцоогоор хангадаг хүн байсан. Энэ бүхнийг хэн ч орлож, хэн ч нөхөхгүй. Ийм л наад захын гарз хохирол үр дагавар гаргасан нь Б.Б мөн учир онцлон хэлмээр байна. Машин аавын хүзүүнд гацаагүй бол эзэн нь илрэхэд эргэлзээтэй байсныг хэлмээр байна. Б.Б осол хийснээ мэдсэн нь дугуйны мөр өвс халцарч, газрын хөрс хонхойсон, машиныг гаргах гэсэн оролдлогоос илэрнэ. Цагдаагаас тодруулсан зүйл байдаггүй.

Б.Б нь осол хийчхээд тэр олон хүмүүст хэлж мэдэгдээгүй, аавын амь аврагдах боломж байсан гэж ар гэрийнхэн бид үздэг. Тэр осол хийчхээд байгаагүй нь хүн мэдэхгүй бол машинаа бүжиг дуусахаар аваад явах, нөгөө талаар осол мэдэгдэхээр согтуу байсан болоод 24 цагийн хугацаанд цагдаа иртэл ирээгүй. Б эхнээсээ хүн шиг байсан бол бид адилхан хандана. Архи уугаагүй гэж худал хэлж ял завших гэсэн нь Улсын Дээд Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 61 тоот тогтоолоор нотлогдож хүндэрч зүйлчлэгдсэн байдаг.

Б.Баас аав С.Эын амь насыг хохироосон гэм хорын хохирол болгон авах ёстой байсан 15 жилийн тэтгэвэртэй адилтгасан 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б миний хувьд амь хохирогч Э нь согтуугаар миний машины урд ирж урд хэсэгт налж суусан байсныг харалгүй тээврийн хэрэгслээ хөдөлгөж болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл дээр ямар нэг маргаан гаргаагүй. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй анхан шатны шүүхээс эхний хуралдаан дээр оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал дээр эвлэрч Иргэний хуулийн дагуу оршуулгын зардал, гэм хорын хохиролд 11,000,000 сая төгрөг гарган өгөхөөр шийдвэрлэж байсан боловч Э.Н нь давж заалдах гомдол гаргасан. Энэ үед нь 4,000,000 төгрөгийг миний бие Э.Нын данс руу шилжүүлж байсан. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас оршуулгын зардлын үлдэгдэл 1,771,189 төгрөг, ...сэтгэцэд учирсан хохирол ... төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Над олгосугай гэсний дагуу давж заалдах магадлал, УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргийн хүчин төгөлдөр болох хугацаа болоогүй мөн хуулийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын амралтын үе таарсан тул 1,771,189 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сард манай гэр бүлийн хүн болох Даваадорж төлж барагдуулсан.

Хууль ёсны төлөөлөгч Э.Нын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учраагүй байгаа тул хууль ёсны төлөөлөгчийн хувьд өөртөө энэ зүйл заалтаар гэм хорын хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар миний оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг бүрэн төлж барагдуулсан болно. УДШүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн эцсийн шийдвэр гарсан. Амь нас хохирсны гэм хорын хохирол болгон 15 жилийн тэтгэвэртэй дүйцүүлэн 117 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхээс хариуцагчийн хохирлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр гарсан. ... ...Нэхэмжлэгч талын уй гашууг хуваалцаж, гэм буруугаа ухамсарлаад өөрийн боломж бололцоогоор сэтгэл санааны хохирол төлбөрт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой. ...гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талийгаач аав С.Э ямар нэг хууч өвчингүй, хөдөө эрүүл агаарт сэтгэлийн тэнхээ, өөдрөг үзэлтэй, бие бялдар сайтай байхдаа осолд өртсөн. Хууч өвчингүй нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдоно. Жам ёсоор амьдарсан бол монгол хүний 80-аас дээш наслалд байх байсан. Багаар бодоход 15-25 жил амьдрах байсан. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэг сарын тэтгэврийн хэмжээг 650,000 төгрөгөөс тооцож 15 жилд авах тэтгэврийг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа багасгаж аавын нас барахын өмнө авч байсан тэтгэврийн хэмжээ 500,000 төгрөгийг 15 жилээр үржүүлж, нийт 90,000,000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. ...гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. Үүнд: Улсын дээд шүүхээс хариуцагчийн хохирлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр гарсан.

...Нэхэмжлэгч талын уй гашууг хуваалцаж, гэм буруугаа ухамсарлаад өөрийн боломж бололцоогоор сэтгэл санааны хохирол төлбөрт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой. ...гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б хохирлыг төлөх үндэслэл багатай байна. 20-30 сая төгрөгийн хооронд тохиролцох нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 31-ний орой Х гэх газарт 0000 ХӨВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Эыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/24 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХШТ/96 дугаартай тогтоолын хуулбарт Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулбарлав тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-25 дугаар хуудас/.

Дээрх шийтгэх тогтоол, тогтоол, магадлалаар ...шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас оршуулгын зардлын үлдэгдэл хохирол 1,771,189 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Над олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх эрүүгийн хэрэгтэй холбоотой үйл баримтын талаар дахин дүгнэлт хийхгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын...амь нас...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж,

мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, ...хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж,

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д: Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. 508.5-д Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн ... нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Э.Н нь нас барагч С.Эын төрсөн хүү болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэрээр шаардах эрхтэй.

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын амь насанд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

Дээрх гэмт хэргийн улмаас С.Эын амь хохирсон үйл баримтад зохигч маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Над Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учраагүй байгаа тул хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг бүрэн төлж барагдуулсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн эцсийн шийдвэр гарсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гаргуулах ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрт учирсан хохирол болгож талийгаач С.Эын нас барахын өмнө авч байсан тэтгэврийн хэмжээ 500,000 төгрөгийг 15 жилээр тооцож, нийт 90,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Дээрх хуулийн заалтаар гэм буруутай этгээдээс эдийн бус гэм хорын хохирлыг гаргуулахаар зохицуулсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр нас барсан хүний дундаж наслалтын зөрүүгээс хохирол шаардсан байх ба энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хэдийгээр 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэх 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг нэмж өгсөн бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

Гэвч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д ...нөхөн төлбөрийн хэмжээг нас барагчийн авах байсан тэтгэврээс гаргуулж, хохирол барагдуулахаар хуульчлаагүй учир нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэлийг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зохигч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болохоор хуульчилсан ба хариуцагч Б.Бын шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын уй гашууг хуваалцаж, гэм буруугаа ухамсарлаад өөрийн боломж бололцоогоор сэтгэл санааны хохирол төлбөрт 5,000,000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 85,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Д ...Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо ярилцаж, тохиролцоод 20,000,000-30,000,0000 төгрөг дээр эвлэрэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Баас 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хариуцагч Б.Баас гэм хорын хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Над олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,000,000 (наян таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Б.Баас 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Г.ДАВААХҮҮ