Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/1010/З |
Дугаар | 128/ШШ2024/0442 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0442
2024 05 22 | 128/ШШ2024/0442 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч А.Ганзориг, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ТББ
Нэхэмжлэгч: Д ТӨҮГ
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хооронд үүссэн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я, хариуцагчийн өмгөөлөгч А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “М” ТББ-аас “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан
1.2. “Д” ТӨҮГ-аас “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төрийн өмчийн барилгын тухай ... дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “М” ТББ болон “Д” ТӨҮГ-аас ... 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байрны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар Төрийн өмчийн хороо/-ын тогтоолуудтай маргаж байна.
2.2. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь ...хаягт байрлах, 1950 онд ашиглалтад орсон гэх, 2 давхар тоосгон хийцтэй, 8 айлын орон сууцны зориулалттай байр бөгөөд М ТББ-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй байна.[1]
2.3. Гадаад харилцааны яамны дэргэдэх Д аж ахуйн газрын тайлан тэнцэлд 1986 он хүртэл байсан, БНКУ-ын Элчин сайдын яам байрлаж байгаад 1986 онд өөр байранд шилжиж, дэд ерөнхийлөгчийнх амьдарч байсан[2], 1990 оноос БНКУ-ын Элчин сайдын яам байрлаж байсан.
2.4. Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай байр /...ийн баруун талд байрлах/-ыг Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын хамтарсан 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398/342 дугаар тушаалаар Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж, улмаар Соёлын яамны коллеги, Мны хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор Мны хороонд хүлээлцсэн.[3]
2.5. Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалаар дэд ерөнхийлөгчийн шинээр орох өвлийн сууц, хуучин амьдарч байсан байрыг хүлээлцэх комисс томилогдож, мөн Мны хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр Урлагийн ажилтны Өргөө байрыг дэд ерөнхийлөгчийн байр болгох, түүний байрлаж байгаа барилгыг Урлагийн ажилтны байр болгохоор Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэх комисс томилогдож, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 тоот актаар Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн мэдэлд байсан талуудын маргаж буй Нэгдсэн Үндэстний гудамж дахь 8 айлын сууцны барилгыг Мнд хүлээлгэн өгч, мөн өдрийн 2 тоот актаар Уны хорооны мэдэлд байсан байрыг данснаас дансанд болон нэхэмжлэлээр шилжүүлсэн санхүүгийн бусад баримт материалд тулгуурлан Их тэнгэр цогцолборт хүлээлгэн өгчээ.[4]
2.6. Харин маргаж буй Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын Элчин сайдын яам, М, Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага Ю-ийн байрлаж байсан барилгыг Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ эрхлэх, аж ахуйн газарт Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшүүлж, уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг даалгасан.[5]
2.7. Гэвч Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М нийгэмлэгийн холбооны хорооны өмч болох нь нотлогдож байна...” гэж дүгнээд Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байдаг.[6]
2.8. Төрийн өмчийн хорооны 2001 оны ... дугаартай уг тогтоолыг хавсарган гаргасан Мны хүсэлтээр нийслэлийн Засаг даргын 2002 оны 101 дүгээр захирамжаар маргаанд хамаарах барилгын доорх болон орчны газрыг нэгж талбарын ... дугаартай 3944 м.кв хэмжээгээр тус байгууллагад ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2010 оны 415 дугаар захирамжаар талбайн хэмжээг 3770 м.кв болгон конторын зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны А/548 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамжаар зориулалтыг өөрчлөн орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 3767 м.кв хэмжээгээр /шинэчилсэн бүртгэлээр нэгж талбарын ... дугаартай/ эзэмшүүлжээ.[7]
2.9. Мөн Мны мэдүүлгээр ... 6 дугаар хороо Нбайрлах 7915 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцны зориулалттай 18 дугаар байрыг М ТББ-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн байна.[8]
2.10. Гадаад хэргийн яамыг төлөөлж Дг эрхлэх газрын дэд захирал болон М НҮТББ, барилгын АХХК-тай маргаанд хамаарах ... дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр, ингэхдээ Гадаад хэргийн яам болон М шинээр баригдах барилгаас тус бүр ... м.кв талбай, зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өмчлөлдөө авахаар тохиролцсон хамтран ажиллах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулжээ.[9]
2.11. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус өмчийн этгээдэд хууль бусаар шилжүүлсэн” гэж дүгнээд тус хорооны 2001 оны ... дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.[10]
2.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5301 дугаар захирамжаар Дг эрхлэх ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох ***индекстэй захиргааны хэргийг М НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох *** индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн.
Гурав. “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарны 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгуулах. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 5 жил өнгөрсөн. Тухайн тогтоол нь гарахдаа 2001 оны өөрийн байгууллагын тогтоол болох ... дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Тэрхүү тогтоол нь "М" ГҮТББ-ын өмч хөрөнгө мөн болох нь нотлогдож байх тул *** хавьд байрлах 2 давхар байр нь эзэмшил, өмчлөх эрхтэй болох нь нотлогдож байна гэсэн үндэслэлээр 1999 оны 297 дугаар тогтоолоо хүчингүй болгосон. Үүнээс хойш өмчлөх эрхтэй талаар зохих ёсны баримтуудыг бүрдүүлж өнөөдрийг хүртэл өмчлөх болон түүнтэй хамаарах газруудыг эзэмшиж байгаа. ... дугаар тогтоол гарсан хугацаа хүртэл өмчилж байсан гэсэн үг.
... дугаар тогтоолоор яагаад ... дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэвэл тогтоолд дурдахдаа хууль зүйн үндэслэлгүй гаргасан тогтоол гэж хүчингүй болгосон. Ямар хуулийг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй, дурдаагүй. Тухайн тогтоол манай байгууллагын эрх, ашиг сонирхолд нөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
... дугаар тогтоолыг 2 хэсэг болгож тайлбарлаж болно. Эхний ээлжид нэхэмжлэгч тал эрхтэй эсэх талаар асуудал яригдана. Тэгэхээр нэхэмжлэгч талд эрх байгаа. Нэхэмжлэгч нь 1975 оноос хойш одоо болтол оршин тогтнож байгаа баримтууд хавтаст хэрэгт өнөөдрийг хүртэл цугларсан. "М" ГҮТББ нь сайн дурын, олон нийтийн байгууллага байсан. Өнөөдрийн байдлаар Төрийн бус байгууллагатай холбоотой хуулийн зохицуулалтаас хамаарч өргөжиж үйл ажиллагаа явагдсаар ирсэн.
1989 онд Соёлын яамтай байсан. Тус яам байх үедээ холбоог дэмжиж өөрийн гэсэн байртай байх боломжийг бүрдүүлсэн. н.С сайдын нотариатын гэрчилгээтэй тодорхойлолт хэрэгт авагдсан. Тухайн үеийн тушаалыг гаргаж нэхэмжлэгчид шилжүүлж факт дуусдаг. Тухайн байр нь ... сургуулийн зүүн талд түүний хашаан дотор байрладаг байр. Тухайн байранд манай байгууллага үйл ажиллагаа зохих ёсоор явуулж байсан.
Үүнээс хойш нийгмийн байдал өөрчлөгдөж, тухайн үед бидний маргаж байгаа байр болох 6 дугаар хорооны ... дугаар байранд хэсэг хугацаанд хууль зүйн тогтолцооны зохицуулалтаар дэд ерөнхийлөгчийг байршуулсан. Манай байрыг солих санал яригдаж, байгууллагаас хүлээн зөвшөөрч хамтран хүлээлцэх ажиллагааг хавтаст хэрэгт өгсөн баримтуудаар нотолж байгаа. Тус гаргаж өгсөн баримтуудаар тухайн байрт орсон болон ашигласан гэдгийг нотолно.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ... дэх байрыг ашигласан. Тухайн байранд 1986 оноос хойш манай эзэмшилд байсан, ... улсын элчин сайдын яам байгаагүй. Өмнө тухайн байранд байсан байж болно. Гэхдээ энэ бол хамаарахгүй асуудал. Тухайн үеийн зохион байгуулалтаар өөрийн байрандаа нэг тал хэсэгт нь ... улсын элчин сайдыг байхыг бидний зүгээс зөвшөөрч байсан. Яаж төлбөр зэргээ төлж байсан, дэд бүтцийн асуудалд хэрхэн хамтран ажиллаж байсан талаар манай байгууллага санал тавих замаар шийдвэрлэж байсан талаар санхүүгийн баримтууд байгаа.
Эдгээрийг шийдвэрлэсэн 1981-1991 оны хоорондын баримтууд байгаа. Тухайн баримт шилжүүлсэн гэдгийг нотолдог. Тухайн байр руу хэн нэгэн этгээд дайрч ороогүй. Хариуцагч болон гуравдагч этгээд “Д" ТӨҮГ-аас тайлбарлаж байгаагаар 1997 оны 294 тогтоол гарахад л ... улсын элчин сайдын яам гарсан юм шиг ярьж байна. Шилжүүлэн авсан талаар 1989-1991 оны санхүүгийн баримтууд батална.
Дараа нь 1997 онд 294 дүгээр тогтоол гарахаас 1 жилийн өмнө төрийн өмчийн хороо байгуулагдсан. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэх шинэ хууль батлагдсан. Тус хуулийн 6.1-д зааснаар төрийн өмчид байсан бүх байрууд төрийн өмчид шилжинэ гэж заасан. Гэтэл тухайн үед төрийн өмчид тухайн байр байгаагүй. Манай эзэмшил ашиглалт, өмчлөлд байсан. Байгаагүй учир 1997 оны 294 дүгээр тогтоол гарч байгаа. Тухайн 1995,1996 онд үйлчилсэн тухайн хууль нь тухайн хууль батлагдах үед төрийн өмчид байсан бүх байр төрийн өмчид тооцогдох байсан. Асуудал үүссэний дараа явцад санал гаргасаар байгаад 2001 оны ... дугаар тогтоол гарч үндэслэл болгох баримтуудыг заасан.
Нотлогдсон учир тухайн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь хууль ёсных болсон. 20 гаран жилийн хугацаанд тухайн байр нь манай өмчлөлд явж байгаад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоол гарсан. Тус тогтоол нь яг л 1997 оны 294 дүгээр тогтоол шиг гарсан. Бас үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийг 2015 оноос мөрдөж эхэлсэн байтал үндэслээгүй. Бид өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул ... дугаар тогтоолыг үгүйсгэхээс гадна хэлэх ёстой зүйл бол Захиргааны ерөнхий хуулийг хэрхэн зөрчсөн нь юм. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4 зүйл, 4.2.5, 4.1.6, 24, 25, 26-д заасан үүргүүд зөрчигдсөн. Нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэх зүй байхгүй, оролцогчийн оролцоог хангаагүй. Дан үүгээрээ 2019 оны ... дугаар тогтоол нь хүчингүй болгох бүрэн боломжтой. Өмнөх шийдвэр гарсан явц тодорхой байгаа. Хүчингүй болсон ч тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн 2 шийдвэр бол тус тус хууль зүйн үндэслэлийг гаргасан. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ... дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны ... дугаар тогтоолыг хүчингүй болгосон. ... 6 дугаар хороонд байрлах ... дугаар байрыг "Д" ТӨҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.Тухайн байр нь төрийн өмчийн эзэмшил байсан бөгөөд Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яам тухайн 8 айлын орон сууцыг эзэмшиж байгаад 1986 онд шинэ байранд шилжсэн ч тухайн байр нь ашиглалтад тохирохгүй тул хуучин байрандаа эргэн орох хүсэлтийг Засгийн газарт гаргасан. Монгол Улсын Засгийн газраас тухайн хүсэлтийг хүлээн авч 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар байрыг элчин сайдын яаманд эргүүлэн өгч шийдвэрлэсэн. Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын дэд ерөнхийлөгч н.Гид Ю.Ц даргын амьдарч байсан байрыг өгч н.Г даргын амьдарч байсан байрыг Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яамны байрыг "М" ГҮТББ-д түр эзэмшүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын үйлчилгээ, аж ахуй эрхлэлтийн газрын даргын 9 тоот тушаал, "М" ГҮТББ хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр томилогдсон комиссууд хоорондоо барилгыг хүлээлцсэн байдаг. Тус барилгын баруун жигүүрээр Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яам, зүүн жигүүрийг "М" ГҮТББ ашиглах болсон. Иймд Төрийн өмчийн хорооны 7 дугаар сарны 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолын уг барилгын ашиглалтыг сайжруулах үүднээс Төрийн өмчийн үйлчилгээ аж ахуйн газрын мэдэлд шилжүүлж элчин сайдын яам байрлуулах зорилгоор шийдвэрлэсэн. Гэтэл хорооны ... дугаар тогтоолоор уг байрыг "М" ГҮТББ-ны өмч болох нь тогтоогдож байна гээд 1997 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Тухайн үеэс байрны эзэмшил болон өмчлөлийн маргаан эхэлсэн. Төрийн өмчийн хорооны ... дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь тухайн тогтоол нь ямар нэгэн хууль тогтоомжийг үндэслээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан бүх өмч төрийн өмч байна” гэж заасан. Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яамны байрыг "М" ГҮТББ-д түр эзэмшүүлэхээр Төрийн өмчийн үйлчилгээ эрхлэх газрын даргын 1991 оны 9 тоот тушаал, "М" ГҮТББ-ны хорооны даргын 1991 оны 273 дугаар шийдвэрээр томилогдсон 2 тал акт үйлдэн барилгыг хүлээлцсэн. Үүнээс хойш уг барилгыг "М" ГҮТББ-д бүр мөсөн шилжүүлсэн талаар шийдвэр байхгүй байхад тэдний өмч гэж хүлээн зөвшөөрсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Төрийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “төрийн өмчийн эд, хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад эд хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэж заасныг зөрчиж төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны ... дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 78.1-д заасны баримтлан хүчингүй болгож, ... 6-р хороонд байрлах 18 дугаар байрыг "Д" ТӨҮГ-т хэвээр үлдээн шийдвэрлэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоол гарсан” гэв.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гаргасан тайлбарыг дэмжиж байна. Манай байгууллага бол 1952 онд байгуулагдсан. Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яам 1960 оноос 2019 он хүртэл хугацаанд байрлаж байсан. Шүүх хуралдаанд гаргасан баримтууд бол үүнийг нотлох баримт. 2018 онд Кубын элчин сайдын яам нь "М" ГҮТББ-аас хажууд нь 12 давхар байшин барихад элчин сайдын яамны аюулгүй байдал алдагдаж байна гэх хүсэлтийг өгч гарсан. Тэр болтол элчин сайдын яам байрлаж байсан. Мөн "М" ГҮТББ нь Монгол улсын ерөнхий сайд С.Баярт хандан “Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яам нь манай байрыг ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглаж ирлээ” гэх бичиг байдаг. Сая тайлбарлахдаа огт байрлаж байгаагүй гэж тайлбарласан. Гэтэл байсан талаар мэдэж байдаг. ... дугаар тогтоолын үндэслэл болсон тушаалуудад албан ёсны зөвшөөрөл олголгүйгээр актаар түр хүлээлгэн өгөв гэсэн байдаг. Гэтэл Тухайн үеийн төрийн өмчийн хороо үүнийг өмч гэж дүгнэн 2001 оны ... дугаартай тогтоол гарсан” гэв.
Дөрөв. “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төрийн өмчийн барилгын тухай ... дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ... дугаар тогтоолыг илт хууль болохыг тогтоолгохоор шаардлагаа гаргасан. Яагаад гэвэл тухайн маргааны үйл баримттай холбоотойгоор ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... дугаар тогтоолоор эзэмшүүлсэн байсныг ... дугаар тогтоолоор хүчингүй болгосон учир” гэж тайлбарлалаа. Тэгэхээр ... дугаар тогтоолоор “өмч болох нь тогтоогдож байна” гэж Төрийн өмчийн хорооноос дүгнэсэн. Тэгэхээр төрийн өмчийн хороо нь төрийн бус байгууллагын өмч мөн эсэхийг тогтоох байгууллага биш. Өмчийг Иргэний хуульд зааснаар тогтоодог.
"М" ГҮТББ-д Иргэний хуулийн дагуу шилжиж ирсэн талаар зүйл байхгүй. Иргэний шүүхийн шийдвэр байхгүй. Бусад хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Иргэний болон бусад хууль” гэж заасан. Бусад хууль нь Засгийн газрын тогтоол гарч элчин сайдын яамнуудын байрыг "М" ГҮТББ-д шилжүүлэх тохиолдолд дагаад шилжүүлэх тухай тогтоол гардаг. Тэгэхээр Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яамны байрыг Засгийн газрын тогтоолгүйгээр шилжүүлэх эрх олгогдоогүй.
Төрийн байгууллагын хувьд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд зөвхөн тайлангаар баталгааждаг. Тэгэхээр төрийн тайлант хөрөнгийг дангаар хуулийн этгээдийн өмчөөр тогтоох эрх зүйн үндэслэл байгаагүй. Ийм учир хуулийн үндэслэл бүхий биш байсан тул ... дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Шинэ хуулиар ярихад тухайн актыг гаргах эрх байгаагүй. Энэ эрх нь Засгийн газарт байгаа.
Хоёрдугаарт Засгийн газрын 1998 оны оны хүчин төгөлдөр үйлчилж буй 148-1 дүгээр тогтоол байгаа. Тухайн тогтоолоор хувьчилж үл болох Засгийн газрын тогтоолыг баталсан. Тухайн тогтоолын хавсралтын “хувьчилж үл болох орон сууцын жагсаалт” гэдгийг 18 дугаарт “Монгол улс дахь бусад улсын элчин сайдын яамны байрууд” гэж заасан.
Тэгэхээр элчин сайдын яам байрлаж байсан эсэх талаар баримтуудыг гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт “барилга байгууламжийн хувийн хэрэг” гэх баримт байгаа. Тухайн баримтад Дипломат байгууллагын аж ахуй үйлчилгээ эрхлэх газрын паспорт байгаа. Тухайн паспортод “Бүгд найрамдах ... улсын элчин сайдын яам” гээд 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орсон гэж байгаа. Тухайн барилгын засвар үйлчилгээг харахад “"Д" ТӨҮГ-аас засварыг үзүүлж явсан харилцаа харагддаг.
Тухайн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө ашиглаж өмчилж байсан гэж ярьдаг. Хариуцагч талаас 1991 онд түр эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан гэж байна. "М" ГҮТББ нь тухайн зөвшөөрлөөр өмчлүүлсэн гэж ойлгоод "Д" ТӨҮГ-т ямар нэгэн өмчлүүлсэн тогтоол байхгүй юм шиг зүйл ярилаа. Гэтэл 1997 оны 294 дүгээр тогтоолоор байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсан бөгөөд 1997 онд тухайн барилгыг "Д" ТӨҮГ-т эзэмшүүлсэн 294 дүгээр тогтоол гарсан. Үүний дараа хамгийн сүүлд 2019 онд ... дугаар тогтоол гарсан.
1997 оноос өмнө юу байсан талаар судлахад 1990 оны Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар сарын 07-ны өдрийн “Элчин сайдын яамны байрны тухай” 16 дугаар тогтоолоор “... улсаас тус улсын элчин сайдын яам байрлаж байсан Нэгдсэн үндэсний гудамжны 18 дугаар байранд Франц улсын илчин сайдын яаманд олгохоор бодож, уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж Гадаад харилцааны яамд шилжүүлсүгэй”” гэсэн байдаг. Тэгэхээр тухайн тогтоолоор нотлогддог. Тэгэхээр энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6-д байгаа заалт нь тухайн үед хууль батлагдах үед төрийн өмчийн эд хөрөнгөд бүртгэлтэй байсан эд хөөнгийг төрийн өмчид хэвээр үлдээнэ гэсэн заалт үйлчилнэ.
294 дүгээр тогтоол нь эд хөрөнгийн албан баланст бүртгэлгүй байна гэж үзэж л гарсан. Гэтэл түүнээс өмнө манай тайланд бүртгэлтэй байсан талаар баримтуудыг гаргаж өгсөн. Тиймээс ... дугаар тогтоолоор "М" ГҮТББ-д маргаан бүхий байрыг өмчлөх эрх үүсээгүй, Төрийн өмчийн хороо нь тухайн тогтоолыг гаргах эрхгүй байсан. Мөн "Д" ТӨҮГ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй.
Хуулийн үндэслэлийн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д “эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгээр маргаж байгаа. Тэгэхээр маргаан бүхий байрыг "М" ГҮТББ-д олгох эрх зүйн үндэслэл байгаагүй байхад Төрийн өмчийн хороо нь ... дугаар тогтоолоор олгосон байх тул илт хууль бусад тооцож өгнө үү.
4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх маргаан бүхий 18 дугаар байрыг 1997 оны 294 дүгээр тогтоолоор "Д" ТӨҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэвч Төрийн өмчийн хорооны 2001 оны ... дугаар тогтоолоор "М" ГҮТББ-ны эзэмшиж байгаа барилга нь тус хорооны өмч болох нь нотлогдож байна гэж үзэн 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Манай байгууллагын зүгээс 2019 оны ... дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны ... дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Тухайлбал "М" ГҮТББ-ын эзэмшил болохыг тогтоогдож байна гэх үндэслэлгүй дүгнэлт гаргаж төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус байгууллагад хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэн "Д" ТӨҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” гэв.
4.3. Гуравдагч этгээд “М” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн түрүүнд яригдах зүйл бол "Д" ТӨҮГ-ыг эрх зөрчигдсөн этгээд гэж үзэхэд ямар эрх нь зөрчигдөж байгаа талаар этгээд тэр талаар өөрөө батлах ёстой. "Д" ТӨҮГ нь өөрийн ... дугаар тогтоолыг саяхан гарсан мэт тайлбарлаж байна. Илт хууль бус гэх үг хэрэглэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хамааруулахгүйг оролдож байна. Тухайн байгууллагын нэхэмжлэлтэй хэрэгт би 2002 онд оролцож байсан. Тухайн үед захиргааны хэргийн шүүх байгуулагдаагүй байсан. "М" ГҮТББ нь 2002 оноос өмчлөх эрх бүртгэгдсэн. Эрхтэй тул тухайн 12 давхар барилга нь баригдаж эхэлсэн. Хүний өмчлөх эрхээ зохих ёсоор эдэлж байхад хариуцагч болон "Д" ТӨҮГ гарч ирж байна. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхэд бүх талаас шүүхийг дүгнээсэй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ... дугаар тогтоол хүчингүй болсон тул хэрэг үүсгэсэн. Тиймээс тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй. Хүлээн авахгүй байх хэмжээний асуудал. Бидэнд өмчлөл олгосон ... дугаар тогтоол хүчингүй болсноор бид нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хүчингүй болсон шийдвэртэй маргаж байгаа нь цаг нөхцөөж байна гэж үзээд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоосой гэх тайлбарыг гаргая” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тав. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэг нар, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр “М” ТББ-ын нэхэмжлэлд дурдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, харин “Д” ТӨҮГ-аас гаргасан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.1. “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” Д” ТӨҮГ-ын шаардлагын тухайд:
5.1.1.“ Нэхэмжлэгчийн зүгээс “... 2001 оны ... дугаар тогтоолоор Монголын урлагийн ажилтын холбооны өмч хэмээн уг барилгын өмчлөлийг үзэх атлаа уг актаар дахин өмч болохыг нотлох талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, ...ийн баруун талын байрны тогтоолыг үндэслэх атлаа Тогтоох хэсгээрээ МУИС-ын ХЗДС-ийн чанх ард байранд хамаарах Төрийн өмчийн хорооны 294 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон нь утга агуулгын илэрхий алдаатай...” хэмээн 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9 дэх заалтыг мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтыг тодорхойлж маргасан бөгөөд илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн 1997 онд баталгаажсан нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргээгдэх агуулгаар тайлбарласан.
5.1.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд, мөн зүйлийн 47.1.1 дэх заалтад “утга агуулгын илэрхий алдаатай;” гэж, 47.1.6 дахь заалтад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж тус тус заажээ.
5.1.3. Захиргааны эрх зүйн онолд, “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдгийг захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь хэнд хаяглагдсан нь тодорхойгүй, эсхүл тухайн захиргааны актыг хэн батлан гаргасан нь тодорхойгүй, эсхүл тухайн захиргааны актаар шийдвэрлэсэн гол асуудлыг тодорхойлсон заалтыг захиргааны актдаа бичээгүй орхигдуулсан тохиолдлуудыг ойлгодог.
5.1.4. Маргааны үйл баримтад дурдагдаж буй Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын Элчин сайдын яам, М, Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага Ю-ийн байрлаж байсан барилгыг Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ эрхлэх, аж ахуйн газарт Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшүүлж, уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг даалгасан[11] боловч хожим Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн М нийгэмлэгийн холбооны хорооны өмч болох нь нотлогдож байна...” гэж дүгнээд Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байдаг.[12]
5.1.5. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо 2001 онд ... дугаартай тогтоолоор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авсан 1997 оны 294 дүгээр тогтоолоо хуульд нийцсэн эсэхийг хянаад хүчингүй болгосон, ингэхдээ Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай байр /...ийн баруун талд байрлах/-ыг Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын хамтарсан 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398/342 дугаар тушаалаар Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж, улмаар Соёлын яамны коллеги, Мны хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/16 дугаар тогтоолоор Засгийн газрын Үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаал, барилга хүлээлцсэн актуудыг бодит үндэслэл болгосон байна.[13]
5.1.6.Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “Д” ТӨҮГ-ын маргаж буй хариуцагчийн шийдвэрийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй байхаас гадна 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэх … хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, бүрэн эрхээ хэтрүүлэх, мөн зүйлийн 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, гэх хэн харсан эрх зүйн илт алдаатай гэх, 2016 оны Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах ...хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй акт гаргасан гэж үзэх боломжгүй байна.
5.1.7. Иймд дээрх үндэслэлүүдээр 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.1.8. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан “илт хууль бус болохыг тогтоолгох” үндэслэлийн хүрээнд дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд харин дээрх тогтоолыг “хууль бус байх” үндэслэлээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулах, талуудын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар хэлцэл хийх эсхүл маргах нь нээлттэй бөгөөд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.
5.2. “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” “М” ТББ-ын нэхэмжлэлийн тухайд:
5.2.1. Маргаж буй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус өмчийн этгээдэд хууль бусаар шилжүүлсэн” гэж дүгнээд тус хорооны 2001 оны ... дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, ... 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байрыг Д ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.[14]
5.2.2. Уг тогтоолын эрх зүйн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг, бодит үндэслэлдээ “...Мны эзэмшиж байгаа барилга нь тус холбооны өмч болох нь нотлогдож байна гэх үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд хууль бусаар шилжүүлсэн...” гэж дурдсан байна.
5.2.3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:” гээд 1/төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах; 2/ төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” гэж тус тус заажээ.
5.2.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй:” гээд 3/-д “төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах; 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:” гээд 8-д “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах гэж заасан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн өмчийн хорооны 2001 оны ... дугаар тогтоолоор шийдвэрлэсэн өмчлөлийн асуудлаар захиргааны акт гаргахдаа дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5.2.5. Дээрх зохицуулалтаас үзвэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь төрийн өмчийн эд хөрөнгөд холбогдох асуудлаар хууль бус захиргааны акт гаргах эрх хэмжээтэй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг нэгэн адил баримтлах зарчимтай байна.
5.2.6. Захиргааны хэргийн шүүх нь маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх зарчимтай бөгөөд хэргийн оролцогчдын хүсэл зориг, маргаж буй үндэслэл нь нийтийн эрх зүйн маргаан гэхээс илүүтэй өмчийн эрх зүйн маргаанд хамаарч байх тул захиргааны актыг хуульд нийцсэн эсэх талаар шууд дүгнэх боломжгүй гэж үзлээ.
5.2.7.Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбар, мэтгэлцээний үе шатанд талуудын хэлсэн үндэслэлүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэхэд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа талуудын маргаж буй ...хаягт байрлах, 2 давхар тоосгон хийцтэй, 8 айлын орон сууцны зориулалттай байрны өмчлөлийн асуудлыг тодруулаагүй байх тул өмчлөлийн асуудалд холбогдох 1988-2019 он хүртэлх бүхий л баримтыг шинжлэн судалж, нөхцөл байдлыг тодруулж, шаардлагатай бол төрийн өмчийн талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт, шийдвэр гаргуулах, маргаж буй талуудын оролцоог хангах замаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийж, шинээр акт гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
5.2.8. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлэлээ.
5.2.9.Учир нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.2.10.Нийслэлийн Засаг даргын 2002 оны 101 дүгээр захирамжаар маргаанд хамаарах барилгын доорх болон орчны газрыг нэгж талбарын ... дугаартай 3944 м.кв хэмжээгээр тус байгууллагад ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2010 оны 415 дугаар захирамжаар талбайн хэмжээг 3770 м.кв болгон конторын зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны А/548 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамжаар зориулалтыг өөрчлөн орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 3767 м.кв хэмжээгээр /шинэчилсэн бүртгэлээр нэгж талбарын ... дугаартай/ эзэмшүүлжээ.[15]
5.2.11. Мөн Мны мэдүүлгээр ... 6 дугаар хороо Нбайрлах 7915 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцны зориулалттай 18 дугаар байрыг М ТББ-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн байна.[16]
5.2.12. Түүнчлэн Гадаад хэргийн яамыг төлөөлж Дг эрхлэх газрын дэд захирал болон М НҮТББ, барилгын АХХК-тай маргаанд хамаарах 18 дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр, ингэхдээ Гадаад хэргийн яам болон М шинээр баригдах барилгаас тус бүр ... м.кв талбай, зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өмчлөлдөө авахаар тохиролцсон хамтран ажиллах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан[17] байх бөгөөд энэ хугацааг хүртэл талуудын хооронд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй явсан гэж үзэхээр байна.
5.2.13.Товчхондоо Төрийн өмчийн 2001 оны ... дугаар тогтоол гарсан цагаас хойш 18 жилийн хугацаанд төр, захиргааны байгууллагаас ... 6 дугаар хороо Нбайрлах 7915 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцны зориулалттай 18 дугаар байрны өмчлөлийн асуудлаар шийдвэр гаргаагүй, М ТББ-той өмчлөлийн маргаагүй явж ирсэн.
5.2.14.Харин энэ маргааныг өрнөхөөс өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХЭГ/514 дүгээр Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад “...1997 болон 2001 оны Төрийн өмчийн хорооны тогтоолын улмаас өнөөдрийг хүртэл энэхүү хөрөнгийн өмчлөлийн маргаантай асуудал шийдэгдээгүй байна. Иймд дээрх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг мөр шийдвэрлэх арга хэмжээ авах...” тухай чиглэл хүргүүлжээ.[18]
5.2.15. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус өмчийн этгээдэд хууль бусаар шилжүүлсэн” гэж дүгнээд тус хорооны 2001 оны ... дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, ... 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байрыг Д ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээж шийдвэрлэснээр[19] энэхүү эд хөрөнгийг төрийн болон хувийн өмчид алинд нь хамаарах асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулжээ.
5.2.16.Өөрөөр хэлбэл Засгийн газар Төрийн өмчийн талаархи асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу “төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхтэй атлаа хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь маргаан бүхий хөрөнгийг өөрийн өмчлөлд байх ёстой хэмээх өмчлөлийн асуудлыг хууль тогтоомжийн дагуу нэг мөр шийдвэрлэх чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсөн байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тухайн зөрчлүүдийг нотлон тогтоох ажиллагааг өөрөө хариуцаж, холбогдох баримтуудаар хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй юм.
5.2.17.Товхондоо хариуцагчаас дээд шатны байгууллагын өгсөн чиглэлийг хэлбэрийн төдий хэрэгжүүлэн шийдвэр гаргасан нь захиргааны актын зорилгодоо нийцсэн байх, шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцээгүй, 2019 оны ... дугаар тогтоолыг гаргахдаа дээрх ажиллагааг бүрэн хийгээгүйгээс талууд шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан, захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны явцад цуглуулаагүй ажиллагаа, нотлох баримтыг шүүх нөхөн гүйцэтгэхгүй, захиргааны байгууллагын шийдвэрлэвэл зохих асуудлыг мөн шийдвэрлэх эрх хэмжээгүй болохыг онцлох нь зүйтэй.
5.2.18.Шүүх урьд төрийн өмчид байсан, одоо хувийн өмчид бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн эрх зүйн маргаантай хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, асуудлыг нэг мөр шийдвэрлэх гэхээсээ илүүтэй маргаантай асуудлыг улам даамжруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
5.2.19.Энэ талаар ч хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “...барилга төрийн өмчөөс төрийн бус байгууллагын өмчлөлд шилжих процесс нь буруу явагдсан, шилжүүлэх үндэслэл байгаагүй, Мны өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр нь хууль бус...” гэж маргаж байгаа тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс өмчийг буцаан шилжүүлэхээр шийдвэрлэхдээ ч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж, үндэслэл бүхий акт гаргаж нэг мөр шийдвэрлэх учиртай.
5.2.20.Нөгөөтээгүүр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХЭГ/514 дүгээр албан бичгээр М ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдол, саналын дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад чиглэл хүргүүлсэн байхад[20] Засгийн газарт гомдол гаргасан Мны эрх зүйн байдлыг нь дордуулж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь “reformatio in peius хориглолт” буюу “гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхийг хориглох” эрх зүйн суурь зарчимд нийцээгүй байна.
5.2.21. Тиймээс хариуцагч дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн өмчлөгч Мны оролцоог хангаж, захиргааны актаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй талуудад харилцан тэнцвэртэй байдлын харгалзан дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
5.2.22. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9-д “хуульд заасан бусад бүрэн эрх” хүрээнд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдах нь зүйтэй.
5.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн бусад асуудлын тухайд
5.3.1. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас тодруулахад иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэе.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.6 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 9, баримтлан “М” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй ... дугаартай тогтоол хүчингүй болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9 дэх заасныг баримтлан Д ТӨҮГ-аас гаргасан “Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] Хэргийн 3 дугаар хавтасны /цаашид 3Хх гэх/ 59 дүгээр тал
[2] Хэргийн 1 дүгээр хавтасны /цаашид 1Хх гэх/ 186 дугаар талын ард
[3] 3Хх 49-50 дугаар хуудас
[4] 3Хх 43, 47, 40-42 дугаар хуудас
[5] 3Хх 169 дугаар хуудас
[6] 3хх 170 дугаар хуудас
[7] Хэргийн 2 дугаар хавтасны /цаашид 2Хх / 163-172, 191-234 дүгээр хуудас
[8] 3хх 20-62 дугаар хуудас
[9] 2хх 11-16, 174-175 дугаар хуудас
[10] 3хх 171 дүгээр хуудас
[11] 3хх 169 дугаар хуудас
[12] 3хх 170 дугаар хуудас
[13] 3хх 35 дугаар хуудас
[14] 3хх 171 дүгээр хуудас
[15] Хэргийн 2 дугаар хавтасны /цаашид 2Хх / 163-172, 191-234 дүгээр хуудас
[16] 3хх 20-62 дугаар хуудас
[17] 2хх 11-16, 174-175 дугаар хуудас
[18] 2хх 187 дахь тал
[19] 3хх 171 дүгээр хуудас
[20] 2хх 187 дахь тал