Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2016/00138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р багт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: д оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн *******д холбогдох 32872000 төгрөг гаргуулах тухай, П.*******ы нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 6280000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн Ерөнхий захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.******* нь манай сувиллын махны хэрэглээг хангах санал тавьж, 2000 кг хонины махыг 1кг-ийг 4500 төгрөг, 2000 кг үхрийн мах 1к-ийг 5000 төгрөгөөр дээд зэргийн чанартай мах нийлүүлэхээр аман хэлцэл байгуулсан. П.******* нь мах хямд байгаа дээр худалдан авч нөөцөлнө гэсний дагуу 2013 оны 11 сарын 22-нд махны нийт төлбөр 19000000 төгрөгийг шилжүүлсэн. П.******* нь чанаргүй мах нийлүүлсэн, дахин нийлүүлэхээс татгалзсан тул нийлүүлсэн махны үнийн дүнгээс 1000000 төгрөг хасч үлдэгдэл 18000000 төгрөг, П.*******ы хариуцлагагүй байдлаас гарсан 4000 кг махны 1кг тутамд 2800 төгрөгөөр тооцон 11200000 төгрөг, ХААН банкнаас авсан мөнгөний хүү 3672000 төгрөг, нийт 32872000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нярав, нягтлан орон нутагт хүлээж авсан махны тооцоог компанийн төвд байдаг нягтланд танилцуулж, баримтуудыг өгдөг. Тухайн үед манайх мөнгө муутай байсан ч өглөг, авлагыг удаадаггүй, дараагийн жилд төлдөг. Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн зүгээс П. *******ы талаар 2014 онд шүүхэд хандсан байхад 2015 оны 12 сард сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.Шаргалжуут рашаан сувилалаас сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг авч ирж чадсангүй. Манай компани П.*******д өглөгийн асуудал байхгүй, өглөгтэй бол тайланд гарах ёстой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч П.******* Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн хооронд 2013 оны 11 сарын 29-ний өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, гэрээний нийт үнийн дүн 19000000 төгрөгийг 2013 оны 11 сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэгч П.*******ы дансруу шилжүүлж, гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн. Бэлтгэн нийлүүлэх гэрээнд ажил гүйцэтгэгч 2000 кг хонины махыг 1 кг-ийг нь 4500 төгрөгөөр 2000 кг үхрийн махыг 1 кг-ийг нь 5000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэвч ажил гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ хангалттай гүйцэтгээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д ажил гүйцэтгэгч нь чанарын шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэхээр заасан байдаг. Иймд ажил гүйцэтгэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ удаа дараа зөрчсөн. Ажил гүйцэтгэгч нь нийт 4000 кг үхэр хонины мах нийлүүлэхээс 379.6кг үхрийн мах, 127.8 кг хонины махыг 5 удаа нийлүүлсэн мах нь чанарын шаардлага хангаагүй, харласан, хөгцөрсөн, хатсан махыг өөрөө нийлүүлээгүй, Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн захирал, нягтлан, нярвуудын зүгээс зөрчлийг арилгах талаар удаа дараа шаардлага тавьж байсан ч үр дүн гараагүй учраас захиалагч гэрээг цуцалж, Хүрэлсүхтэй бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн. Шаргалжуут рашаан сувилал ХХК 1 кг мах тус бүрд 2800 төгрөгийн алдагдлыг хүлээсэн. Ийм учраас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу н.Хүрэлсүхтэй байгуулсан гэрээний үнийн дүнгийн зөрүү 11200000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн захиалагч тал их хэмжээний банкны зээлтэй, зээлээ төлж чадахгүй байсан тул П.*******д зээлээс өгсөн 3672000 төгрөг, нийт 32872000 төгрөгийг нэхэмжилнэ. Ажил гүйцэтгэгч талаас гэрээнд З. гэх хүнийг гарын үсэг зурсан гэж ярьдаг, гэвч гарын үсэг зурсан болохоос өөр бодитой зүйлийг хийгээгүй байдаг. Шаргалжуут рашаан сувилал ХХК, П.******* нарын хооронд хийгдсэн гэрээнд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан чанар тоо хэмжээнд нийцсэн махыг бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй. П.******* өөрөө Шаргалжуут рашаан сувилал ХХК-д хүргэж өгөх үүрэгтэй, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т бэлтгэн нийлүүлэх үйл явцыг буюу нядлах, хадгалах, шулах, тээвэрлэх үйл явцыг зохион байгуулах үүрэгтэй гэж заасан. Гэрчүүдийн мэдүүлэгт П.*******ыг танина гэсэн боловч хэдэн төгрөгөөр, хэзээ, хэдий хэмжээний мах авч байсан тухай нэг ч баримтгүй, 2015 оны 03 сарын 05-ны өдрийн Б.Гансүхийн мэдүүлэгт хоёр сарлагийн мах авч байсан байна. Энэ нь П.*******ыг махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг илэрхийлж байгаа ч Шаргалжуут рашаан сувилал ХХК-д мах нийлүүлсэн талаар баримт байдаггүй. 2013 оны 11 сарын 22-ны өдөр 19000000 төгрөгийг П.*******ы дансанд шилжүүлснээс хоёр хоногийн дараа 16600000 төгрөг данснаас гарсан, нэг сарын дараа орон сууцны зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Эцсийн дүндээ Шаргалжуут рашаан сувилал мөнгө ч үгүй, мах ч үгүй болж дараагийн хүнд мөнгө өгч алдагдал хүлээсэн тул П.*******аас 32782000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Шаргалжуут рашаан сувиллын амрагчдын хүнсний хэрэгцээнд 2011 оны 05 сарын 25-ны өдрөөс 2011 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 637 толгой хонь буюу 38220000 төгрөгийн мах нийлүүлсэн.Үүнээс 31940000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6280000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Шаргалжуут рашаан сувилал ХХК-тай 2010 оноос эхлэн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 2013 оны 11 сард Түмэндэмбэрэл захирал мах нөөцлөх санал тавьж, миний дансруу 19000000 төгрөг шилжүүлж, 2013 оны 11 сарын 27 ноос 2014 оны 2 сарын 6 ны хооронд 2140 кг үхрийн мах 5000 төгрөгөөр, 1657 кг махыг 4500 төгрөгөөр худалдан авч 990 кг хонины махыг шулж нөөцөлсөн махаа 2013 оны 12 сарын 01-нээс 2014 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл өгсөн. Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн ерөнхий менежер зоорины мөнгөнд хэмнэлт хийе гэсэн хүсэлтээр өөрийн байшинд хадгалагдаж байсан махыг менежер , нягтлан , түүний нөхөр удаа дараа ирж чанар байдалтай танилцаж, авч байсан. Зоориний эзэн З.тай менежер махаа зооринд хийхээр тохиролцсон гээд 2014 оны 02 сарын 20-нд мах хийх гэсэн боловч З. нь Япон улсруу явсан байсан. 2014 оны 02 сарын 28-ны өдөр махыг зоорь руу зөөсөн. Зооринд хийснээс хойш 2014 оны 03 сарын 04-ний өдөр нягтлан бодогч нөхрийн хамт ирж мах авч бүх махыг харж танилцаад явахдаа чанар, хадгалалтын талаар ямар нэг санал хэлээгүй. Нөөцөлсөн махнаас авахаар ирэхдээ ямар нэг санал хэлээгүй. Миний бие тохирсон ёсоор цаг хугацаандаа чанар сайн, тарган махыг гэрээний дагуу бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл бэлтгэсэн махыг өөрийн буруугаас цаг хугацаандаа аваагүйгээс муутгасныг иргэн миний буруу болгож байгаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 12 сард 19 сая төгрөг миний дансанд шилжиж ирснийг үгүйсгэдэггүй. Махаа худалдаж авахын тулд данснаас мөнгөө авна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч юу яриад байгааг сайн ойлгосонгүй. Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн ерөнхий менежер , нярав нар махаа авдаг байсан. Энэ талаар захирлууд нь явж шалгуулаад байсан. 2014 оны 03 сард би ******* захиралтай уулзаж, зооринд байгаа махыг өөрөө үз гэхэд за гэж хэлчихээд ирж үзээгүй. Хэрэв тухайн үед үзсэн бол ийм маргаан гарахгүй байсан. Орон сууцны хувьд 2013 оны 07 сард байрны 30 хувийн урьдчилгаа өгсөн, банкны дансаар 5 сая төгрөг, үлдэгдэл мөнгийг ноолуур гарахад мах, бэлэн мөнгөөр цуварган өгч үлдсэнийг 8 хувийн зээлд хамрагдан 41 м.кв байр авсан. Амрагч нарын махыг хүргэж өгөх талаар л тохирсон, засварын бригадуудын махыг хүргэж өгөх үүрэггүй. 5 удаа мах нийлүүлэхэд нярав , түүний нөхөр, хүүхэд нь, Очир, Болд-Эрдэнэ зэрэг хүмүүсийг өөрөө явуулж авсан. Би хамаагүй замын машинд өгч явуулаагүй, өөрийнх нь явуулсан хүмүүсээр хүргүүлсэн. Өвөл мах муудаж хөгцрөх боломжгүй юм. З. Д. бид 3 гурвалсан гэрээ хийж, махыг З.ын зооринд хийсэн. Зооринд орсноос хойш махыг би хариуцахгүй гэж Д., З. нарт хэлсэн. Д., З. нар зооринд мах хадгалах үнэ хөлсөө тохиролцсон. З. надаас зоорины 3 сая төгрөг нэхэхэд Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн утсыг өгөхөд ******* захирал утсаа авдаггүй байсан гэсэн. Зооринд байгаа мах ямар байсныг Д., , /жолооч/ нар үзсэн юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 11 сарын 29-ний өдөр Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн менежер Д., П.*******, З. нар гурвалсан гэрээг байгуулсан. Гэрээнээс харахад 2013 оны 11 сард 19 сая төгрөгийг авч, үхрийн 2 тн мах, хонины 1 тн 657 кг махыг бэлтгэн нийлүүлэхээр шулж зооринд хийсэн, энэ талаар махыг худалдсан хүмүүсийн мэдүүлэг, мах шулсан, зоорь руу зөөсөн, махыг ачсан портер машины жолооч зэрэг хүмүүсийг гэрчээр асуулгахад чанарын хувьд сайн мах байсан гэдгийг гэрчилдэг. Цаг хугацааны хувьд өвлийн эхний сард махыг нөөцөлсөн. Борлуулалтаас өвөл хөгцөрсөн, муудсан мах авах ямар ч боломжгүй. Иймд бэлтгэн нийлүүлэгч нь гэрээнийн 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасан захиалагчийн захиалсан тоо хэмжээ, чанар стандартад нийцсэн мах бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т ажил гүйцэтгэгч нь бэлтгэн нийлүүлэх явцад нядлах, мах шулах, хадгалах, тээвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллах үүрэгтэй гэж заасны дагуу махыг шулж, гялгар уутанд хийж боосон нь Д., гэрч Гансүх, Алтанхуяг, Батбаатар, Мягмарбаатар зэрэг хүмүүсийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа юм. Мөн 2 дугаар зүйлийн 2.2.3-т захиалагчийн хэрэгцээт хэмжээгээр Шаргалжуут рашаан сувилал ХХК-д саадгүйгээр хүргэж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу гийн явуулсан машинаар махыг хүргүүлж, үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3-т гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна, мөн хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу махыг хүргүүлж байсан.

Мах бэлтгэн нийлүүлэх гэрээнд П.******* гарын үсэг зурж, Ц. гарын үсэг зураагүй, гэтэл Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн ерөнхий захирал *******ийн баталсан гэрээнд З. гарын үсгээ зурсан байна. Гэрээнд гарын үсгээ зурсан учраас хадгалагчийн эрх үүрэг яригдана. Уг гэрээнд П.******* гарын үсэг зураагүй, одоо ч зурахад болохгүй зүйл байхгүй учраас гэрээ бол хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч талаас махны чанар муудсан, харласан хөгцөрсөн гэж үзэж байна. Гэтэл энэ нь хадгалагчийн хариуцлагагүй байдлаас ийм асуудал үүссэн байхад бэлтгэн нийлүүлэгчид хамааруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан , Дулмаа нар 10380000 төгрөгийг төлөхөөр байна гэж бичсэн байдаг. Уг бичгийг 2011 оны 10 сарын 22-ны өдөр үйлдсэн. П.*******ы ХААН банкны дансны хуулга нь 2011 оны 11 сарын 01-нээс эхэлж байгаа. Шаргалжуутаас бэлэн 4100000 төгрөг авсан, үлдэгдэл 6280000 төгрөгийг өгсөн баримт хавтаст хэргийн хүрээнд байхгүй тул сөрөг нэхэмжлэлээ дэмжиж уг мөнгийг гаргуулна гэв.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн итгэмжлэл, мах бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, гэрэл зураг, Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн орлогын баримтууд, Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн П.*******ы нийлүүлсэн махны тооцооны 1/18 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хүрэлсүхээс авсан махны тооцооны баримтууд, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ, итгэмжлэл, гэрч Б.Гансүх, З., Ш.Алтанхуяг, Ч.Эрдэнэбат, О.Батбаатар, Б.Мягмарбаатар, М.Гантөмөр, Д., Я.Баянмөнх нарын мэдүүлгүүд, ХААН банкны хуулгууд, Улсын бүртгэлийн хэлтсийн 1/26 дугаар албан бичиг, төлбөрийн даалгавар, махны тооцоо бичсэн дэвтрийн хуулбар, Жаргалант хиамны үйлдвэрийн 2014 оны 7 сарын 11-ний өдрийн нэхэмжлэх, 2013 оны 11 сарын 29-ний өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, зохигчийн шүүхэд гаргасан тайлбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч П.*******д холбогдох нийт 32872000 төгрөгийг гаргуулах, П.******* нь ******* ХХК-д холбогдуулан 6280000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

Шаргалжуут Рашаан сувилал ХХК-ийн захирал *******, П.******* нар нь 2000кг хонины мах 1кг-ийг 4500 төгрөгөөр, 2000кг үхрийн мах 1кг-ийг 5000 төгрөгөөр нийлүүлэхээр амаар шууд тохирч 2013 оны 11 сарын 22-ны өдөр П.*******ы дансруу мах худалдан авах 19000000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч мөнгийг хүлээж авсан нь зохигчийн тайлбарууд, төлбөрийн даалгавраар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 ба 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ба доголдолтой бол захиалагч хүлээн авахаас татгалзан гэрээг хэдийд ч цуцалж болохоор заажээ.

Хариуцагч П.******* 2013 оны 12 сарын 27-ны өдрөөс 2014 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл 5 удаа үхрийн мах 379.6кг, хонины мах 127.8кг, нийт 507.4кг /хх-93/ махыг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбарууд болон П.*******ы нийлүүлсэн махны тооцоо бодсон баримтаар нотлогдоно.

2013 оны 11 сарын 29-ний өдөр байгуулсан Шаргалжуут рашаан сувилал ХХК, бэлтгэн нийлүүлэгч П.*******, хадгалагч Б. нарын байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээнд /хх-75/ хадгалагч Б.ын гарын үсэггүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны үед өгсөн бэлтгэн нийлүүлэх гэрээнд хариуцагч П.*******ы гарын үсэггүй гэрээ бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б. уг гэрээг тухайн үед буюу 2013 оны 11 сарын 29-ний өдөр байгуулаагүй, мах зоорилсон боловч хөлс төлөөгүй талаар мэдүүлсэн болно.

Шаргалжуут рашаан сувилал ХХК нь ХААН банкнаас авсан зээлийн 3672000 төгрөгийг болон П.*******ы хариуцлагагүй байдлаас гарсан гэх 11200000 төгрөг нийт 14872000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч П.*******аас махны үнийн үлдэгдэл 16526900 төгрөгийг гаргуулж, Шаргалжуут рашаан сувилал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16345100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч П.******* худалдан авсан махны тооцоо бичсэн дэвтрийн хуулбарт мах авсан гэдгийг тэмдэглэсэн байгаа боловч бэлтгэсэн махыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохыг нотлоогүй, Шаргалжуут рашаан сувилал ХХК-д тохиролцсон ёсоор тоо, чанар бүхий махыг бүрэн хүлээлгэн өгөөгүй байна.

Мөн Шаргалжуут рашаан сувилал ХХК, П.*******, Б. нарын 2013 оны 11 сарын 29-ний өдөр байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээнд З. /хх-75/, шүүх хуралдааны явцад өгсөн гэрээнд П.******* гарын үсгээ зураагүй тул уг гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй ба Жаргалант хиамны үйлдвэрийн 2014 оны 07 сарын 11-ний өдрийн нэхэмжлэх, Шаргалжуут гэх зарлагын баримт хх-73-74, махны гэрэл зураг хх-78 зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул үнэлээгүй болно.

Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн нэхэмжлэлтэй П.*******д холбогдох 32872000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 30000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийн үнийн дүнгээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322310 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч П.*******аас 240584 төгрөгийг гаргуулж, Шаргалжуут рашаан сувилал ХХК-д олгох нь зүйтэй.

Хариуцагч П.******* нь Шаргалжуут рашаан сувилал ХХК-иас махны үнийн үлдэгдэл 6280000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл нь нотлохгүй, үндэслэлгүй байх тул түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115430 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч П.*******аас 16526900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шаргалжуут рашаан сувилал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 16345100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322310 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч П.*******аас 240584 төгрөгийг гаргуулж, Шаргалжуут рашаан сувилал ХХК-д олгож, П.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115430 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3.П.*******ы нэхэмжлэлтэй Шаргалжуут рашаан сувилал ХХК-д холбогдох 6280000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.НАРАНГЭРЭЛ