Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2015/00044

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч. Байгалмаа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Галуут сумын Дуурсах *** дугаар багт оршин суух ******** овогт ******** нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын Номун-Элч ахлах сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2014 оны 12 сарын 01-ний өдөр хянаад .

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие няраваар 2005 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Шинэ жилээр манай сургуулийн ***** улаан загалмайн Нигүүлсэнгүй медаль авч медалийг нь угаах гээд хамт ажилладаг хэдэн хүний хамт дотуур байранд амьдардаг байрын багш ******** баяр хүргэх зорилгоор гэрт нь очиж 1 нэг шил архи задлан, бид харилцан ярилцаж инээж хөхрөөд байж байтал сургуулийн захирал тус айлын хаалгыг онгойлгон шагайчихаад яваад өгсөн. Гэтэл удаа ч үгүй дахин захирлын зөвлөлийн хэдэн хүмүүс болон сумын цагдаа, сумын эргүүл зэрэг хүмүүсийг дагуулж ирээд та нар гар, явцгаа гэхээр нь бид нар айлд байна гэж хэлсэн. Тэгээд гар гээд байхаар нь гараад тогооч цэвэрлэгээгээ хийчихээд явъя гэхээр нь цэвэрлэгээг нь хамт хийлцээд байж байсан чинь яв гээд байхаар нь явсан. 2014 оны 01 сарын 07-ны өдөр намайг няравын ажлаас өөр ажил буюу жижүүрийн ажилд шилжүүлсэн тухай тушаал гаргасан. Үүнийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан. Байрын багш ****** хувьд өөр газар амьдардаггүй, сургуулийн дотуур байранд амьдардаг бөгөөд миний хувьд тус айлд орсон юм. Харин захирал багш өөрөө айлын амгалан тайван байдал эвдэн удаа дараа шагайж биднийг эвгүй байдалд оруулан улмаар гарсны дараа зориуд хүмүүс дуудаж айлд орж ирэн биднийг хөөсөнд гомдолтой байна. Бид нар учир зүггүй архи ууж танхайрсан зүйл байхгүй. Иймд намайг Галуут сумын Номун-Элч ахлах сургуулийн няравын ажилд тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагчтай эвлэрч ажилгүй байсан хугацааны цалин 3850429 төгрөгийг авахаар тохиролцож эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ***** шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нь 2014 оны 01 сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан гэж байгаа боловч сургуулийн орчинд ирж архи уусан нь ажлын байран дээр архи уусанд тооцогдож байгаа юм. Байрын багш Оюунчимэгийн хувьд гэр биш ажлын байр юм.2013 оны 12 дугаар сарын 28-наас 2014 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл шинэ жилийн баярын өдрүүдэд дэлгүүр хоршоод архи зарахгүй байх, албан багууллагууд шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх сумын засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу сумын хариуцлагатай жижүүрүүд томилогдон ажилласан. Үүнд сургуулийн захирал миний бие, цагдаа *****, олон нийтийн байцаагч ******, 4-р багийн засаг дарга ***** нар ажилласан. Сургуулийн захирлын хувьд, тухайн өдрийн хариуцлагатай жижүүрийн хувьд сургуулийн галлагаа, жижүүрийн ажлыг шалгахаар ирэхэд сургуулийн хариуцлагатай жижүүр болон сургуулийн захирлын гишүүд рүү танхай авир гаргасан. Мөн захирлаас авсан чөлөөгөө 10 хоногоор хэтрүүлэн хугацаат үүрэг даалгавар дүн мэдээ, тайланг хугацаанд нь гаргаагүйгээс сургуулийн ажлыг хойш нь татаж 2013 оны 12 сарын 25-ны өдөр Монгол улсын хөдлөмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтын дагуу сахилгын арга хэмжээ авахуулсан. 2013 оны 12 сарын 15-ны өдөр гарах байсан мэдээг одоо хүртэл гаргаагүй болон сургуулийн эд материалын тооллогыг хийлгэхгүй удаашруулж байгаа. 2014 оны 01 сарын 01-ний өдөр ажлын байран дээр архи ууж давтан зөрчил гаргасан тул Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалт, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заалтыг үндэслэн няравын үүрэгт ажлаас чөлөөлж, жижүүрийн ажилд томилсон. Иймд ****** Баянхонгор аймгийн Галуут сумын Номун-Элчахлах сургуулийн няравын ажилд буцаан томилох боломжгүй гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ажилд эгүүлэн авахгүйгээр ажилгүй байсан хугацааны цалин 3850429 төгрөгийг гаргуулахыг зөвшөөрч, мөнгийг олгохоор харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээс 3850429 төгрөгийн хэмжээнд эвлэрч, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч ****** болон хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 3850429 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгч ******** 38250 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

3.Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг нэхэмжлэгч Б.Жигжидмаад мэдэгдсүгэй..

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ Ч. БАЙГАЛМАА