Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 14

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд  хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогтой Б-ын Ж-д холбогдох эрүүгийн 1735002310015 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 23-р хороо 3а-38 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОГ75052013, А ургийн овогтой Б-ын Ж.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Увс аймгийн Завхан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Б.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

                  Шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Завхан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.П-гийн: “2017 оны 12 дугаар сарын 19-ний орой би ажлаа хийгээд гадуур явж байгаад 17:00 цагийн орчимд гэртээ харьсан юм. Тэгээд би гэртээ цай унд уугаад, аав хоол хийж байсан ба тэр өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би цайгаа уучихаад гэрээс гараад дэлгүүр орж 1 шил “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи аваад Б гэдэг хүнтэй В буюу Ва ахын гэрт очсон. Тэднийд манай багийн иргэн Б гэдэг залуу байсан ба би авч орсон архиа задалж, бид гурав ууж байгаад Б түрүүлээд гэрлүүгээ явчихсан. Тэгэхээр нь би тал архиа аваад Б ахын гэрт очсон. Б ахын гэрт хөдөөнөөс олон хүмүүс ирчихсэн  хөдөө өвөлжилтийн талаар яриад сууж байсан ба Б ах 1 шил архи гаргаж задалсан. Би тухайн үед согтуу байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байгаа ба Б ахын задалсан архийг ууж дууссаны дараа би авч явсан тал шилтэй архиа гаргаж өгсөн. Тэр архийг ууж дуусаад би Ж гэдэг хүнтэй хамт гэртээ ирсэн юм. Тухайн үед манай гэрт Билэг ах байсан ба манайх бууз хийж байхаар нь буузнаас нь идчихээд Б буюу Х бид хоёр утас хайхаар гараад шууд В ахынд Х-г хүргэж өгөөд би буцаад Б ахынд очсон боловч гэр нь цоожтой унтчихсан байдалтай байсан тул би хажуу талынх нь айл болох Б гэдэг айлд ороод “Би энд утас унагаасан байна уу” гэж асуухад хажуунаас Ж гэх хүн “Чиний утсыг би яаж мэддэг юм. Чи гадна хүмүүстэй хамт том том дуугараад байсан. Чамайг ална” гээд босож ирээд намайг заамдаж аваад баруун гараараа миний толгойны баруун шанаанд нэг удаа, зүүн шанаанд нэг удаа, үүдэн шүдэнд нэг удаа цохисон. Тэр үед тэнд байсан Г болон  эмээ хоёр салгахаар нь би тэднийхээс гарч явсан. Тэгээд миний шүд эвгүй болоод байхаар нь би шүдээ гараараа бариад үзтэл эрүүний үүдэн хоёр шүд цаашаа орчихсон байсан би гараараа гадагшаа таттал шүд унаад ирсэн. Тэгээд гэрт ороод ээж аав хоёрт үзүүлэхэд “Хоёр шүд алга байна” гэж хэлэхэд ээж ямар хүн зодсоныг мэдэхээр гарч явсан ба  буцаж ирээд “Ж гэдэг хүн зодсон байна. Гараа угаагаад сууж байна” гэж хэлж орж ирсэн. Тухайн үед миний утас биш Х-гийн утсыг хайж явсан ба сүүлд Х-гийн утас өөрт нь байгааг мэдсэн. Түүнээс өөрөөр би утсаа хайж, алдсан зүйл байхгүй. Би тухайн үед унасан шүдээ хаана хаясан талаараа сайн мэдэхгүй байна. Манай гудамж элс, шороо ихтэй тул одоо хайсан ч олдохгүй байх. Тухайн үед маргааш нь хайгаад олдоогүй юм. 2017 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Ж архи уучихсан согтуу байсан. Тэр өдөр Ж нь “Чи муу ямар том болчихсон залуу вэ. Хаанаас ирсэн пизда вэ. Гараад ир, би одоо чамайг ална” гэж хэлээд намайг зодсон юм. Би тэр өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ж-г ганц нэг удаа толгой тус газар нь цохиж, зодсон зүйл байгаа байх. Ж нь миний шүд хийлгэсэн төлбөр болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг надад бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Ж-гаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/,

                  гэрч С.Б-ийн “2017 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед манай сумын 4-р багийн иргэн С гэдэг хүн манайд ирээд “Зодуулсан хүн үзүүлмээр байна ” гэхээр нь би хамт явж зодуулсан гэх хүний байгаа газарт очиход уг хүний нүүр, нүд нь цус болчихсон амнаас цустай шүлс гарч байсан. Мөн цамц нь цус болчихсон доод үүдэн хоёр шүд хугарсан, дээд доод уруулын дотор тал язарсан, хавдсан, толгойны үстэй хэсэг булдруутсан, өөрөө согтолттой, архи үнэртэж байсан. Өөр биед нь ямар нэгэн хөхөрч няцарсан зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07/,

                  гэрч  Б.Б-ын “2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай найз хөдөөнөөс ирээд дэлгүүрээс “Соёрхол” нэртэй 0,5 литрийн архи аваад уг архийг бид хоёр гудамжинд хувааж уугаад байж байтал Б тааралдаад “Манайд ор” гэж хэлсэн тул тэднийд очиход Б 1 шил  архи гаргаж ирсэн. Уг архи нь 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи байсан бөгөөд тэднийд манай найз Б бид гурваас өөр хүн байгаагүй. Бид гурав архиа ууж дуусаад манай найз бид хоёр С гэдэг айлд очоод байж байтал гаднаас П архи уучихсан орж ирэхээр нь би П-д “Миний утас луу залгаад үзээч. Би утсаа яасан билээ” гэж хэлэхэд П залгаж үзчихээд “Таны утас холбогдохгүй байна. Та хаана хаясан юм. Маргааш цагдаад хэлье” гэж хэлээд намайг манай хүргэн ах В гэдэг айлд хүргэж өгөөд явсан ба би В-ийн гэрт ороод унтчихсан юм. Би тухайн үед утсаа гээчихсэн гэж бодоод “Хамгийн сүүлд Б гэдэг айлаас гарч ирсэн тэднийд хаясан байж магадгүй” гэж хэлсэн тул П миний утсыг асуухаар Б-ын гэрт очсон юм шиг байна лээ. Ж нь П-г зодож байхыг би хараагүй, тухайн үед би гэртээ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,

                  гэрч Д.С-ын “2017 оны 12 дугаар сарын 19-ний орой би гэртээ хоол хийхээр мах татаж байтал П гараад явсан. Тэр өдөр П-гийн төрсөн өдөр байсан бөгөөд удалгүй байж байтал П Ж гэдэг залуутай хамт орж ирээд Ж буцаад “Гэртээ харилаа” гэж хэлээд гарсан юм. Би П-г “Чи архи уугаад ирлээ” гэж хэлээд би бага зэрэг загнасан юм. Удалгүй П “Утас байхгүй байна. Утсаа олоод ирнэ” гэж хэлээд гэрээс гараад хүнээр зодуулчихсан орж ирэхээр нь манай эхнэр гарч  яваад удалгүй орж ирээд “Манай хамар хашааны айлын Ж гэдэг залуу зодсон байна” гэж хэлсэн. П гэртээ ирэхэд түүний нүүр, дээлнийх нь энгэр цус болчихсон байсан тул би сумын эмч дуудаж үзүүлэхэд эмч үзээд “Доод үүдэн хоёр шүд унасан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 09/,

                  гэрч Ц.Ж-гийн “2017 оны 12 дугаар сарын 19-ний орой би Б-ийн гэрт байж байтал П гаднаас согтуу орж ирээд мэнд асуугаад байж байтал гаднаас Ж орж ирсэн. Тэгээд П Ж-д “Чи хаанаас ирсэн хүн бэ. Би чамайг танихгүй юм байна” гэх мэтээр хэрүүл үүсгээд байхаар нь би  П-г дагуулж гараад гэрт нь хүргэж өгөхөд аав, ээж, дүү нар нь байсан. Би П-г гэрт оруулж өгөөд өөрөө гэртээ харьсан. Ж нь Б-ийн гэрт орж ирэхдээ архи согтууруулах ундаа уучихсан, халамцуу байсан. П Б-ийнд байхдаа хүнтэй маргалдсан боловч зодоон цохион хийгээгүй. П нилээд согтуу байсан тул би согтуу ингэж байгаад хүнтэй зодоон цохион хийж магадгүй гэж бодоод гэрт нь хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

                  гэрч С.О-ийн “2017 оны 12 дугаар сарын 19-ний орой би 20:30 минутын үед гэртээ ирээд удаагүй байтал гаднаас манай хүү П архи уучихсан халамцуу орж ирсэн. Тухайн үед би хоол хийгээд дуусч байсан тул П хоол идээд сууж байгаад Х гэдэг залуутай хамт гараад явсан. Х нь хөл муутай тул гэрт нь хүргэж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд удаагүй байж байтал гаднаас П нүүр, ам нь цус болчихсон “Намайг хүн зодлоо” гээд уйлчихсан орж ирээд суугаад байхаар нь би босоод толгойг нь дээшээ болгоод хартал нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд амыг нь ангайлгаж үзтэл доод талын үүдэн хоёр шүд нь алга байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад шууд Б гэдэг айлд яваад ортол Ж гараа угаагаад сууж байсан тул би Ж-г хүү П-тэй зодолдсон байна гэж бодоод “Чи яагаад хүүхэд зодов. П-гийн үүдэн хоёр шүд нь байхгүй байна” гэж хэлэхэд Ж “Танай хүүхэд чинь орж ирээд намайг янз бүрийн хараалын үгээр хэлээд байхаар нь би зодчихсон юм”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи хоёр шүдийг нь унатал нь зодоод байхдаа яадаг юм бэ. Арай хэтэрхий зодсон байна” гэхэд Ж “Танай хүүхэд чинь их ууртай юм байна лээ” гэж хэлэхээр нь би өөр юм ярилгүй гараад гэртээ ирээд нөхрөө эмнэлэг явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

                  гэрч О.Г-ийн “2017 оны 12 дугаар сарын 19-ний орой би Завхан суманд байх Б гэх айлын хашаанд хот явуулах ачаа ачиж дуусаад гэрт ороод байж байтал П гэдэг залуу архи уучихсан бололтой гаднаас орж ирээд “Та нар муу, сайн гуйлгачингууд” гээд агсам тавьж байснаа утсаар ярих гэсэн бололтой “Миний утас хаана байна” гээд орилоод байсан. П утсаа хайж яваа бололтой байсан. Тэр үед  Ж нь П-д хандаж “Бид нар чиний утсыг яаж мэдэх вэ. Утас чинь манай энд байхгүй байна” гэж хэлээд сууж байтал П Ж-г “Чи хаанаас ирсэн гуйлгачин бэ. Юу хийхээр хаанаас ирсэн муу пизда вэ” гэж хэлэхэд Ж “Би хотоос ирсэн. Хот руу явуулах ачаа аччихсан байна. Маргааш өглөө эрт гарах гэж байна. Одоо чи харьж унт, би аавынхаа гэрт амрахаар байж байна” гэж хэлсэн. Тэгэхэд П дахин хараалын үг хэлээд байсан тул Ж оронд ороод унтах гэж байгаад босоод П-тэй зодолдохоор нь би “Та нар одоо боль” гэж салгахад П гэрээс гараад явсан. Ж тэр өдөр архи уучихсан халамцуу байсан. Ж унтахаар хэвтэж байсан хүн гэнэт үсэрч босоод гал дээгүүр алхаж очоод П-гийн нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход П-гийн амнаас цус гарсан. Тэр үед П “Миний шүд уначихсан байна” гэж хэлж байсан. П нь Ж-г зодоогүй, харин янз бүрийн хараалын үг болох “Пизда, гуйлгачин, муу сайн юмнууд” гэх мэтээр доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

                  гэрч Т.М-ийн “Би нөхөр Б-ын хамт Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт мал маллаж амьдардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний хүү Ж нь өөрийн найз Г-ийн хамт манай гэрт ирсэн байсан бөгөөд тэр өдрийн орой 21:00 цагийн орчимд Завхан сумын харъяат П гэдэг залуу ганцаараа манайд орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Б нь орондоо орж унтсан, миний хүү Ж өөрийнхөө эхнэртэй утсаар яриад сууж байсан. Харин Гэрэл нь гэрийн баруун талын хэсэгт тамхи татаад сууж байсан. П гаднаас орж ирэнгүүтээ “Миний утас яасан бэ” гэж асуухаар нь миний хүү Ж “Чиний утсыг бид нар яаж мэдэх юм бэ. Чи хаагуур явж байгаад утсаа гээчихсэн юм” гэж хариулсан. Гэтэл П манай гэрийн зуухыг өшиглөөд “Муу, сайн пиздаанууд. Чи хаанаас ирээд юу хийж байгаа гуйлгачин бэ” гэх мэтээр агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ үед миний хүү Ж босоод П-тэй зодолдсон. Ж, П нарын хэн нь хэнийгээ, юугаар, хэдэн удаа, яаж, биеийнх нь аль хэсэгт цохиж, зодсон болохыг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Ж, П нар нь нэг нэгнийгээ цохиж, зодсон. Маргаан, зодоон болж байх үед П-гийн нүүрний хэсэг нь цус болчихсон байса. Тэр 2 ноцолдож байхад П нь Ж-г цохисон байж магадгүй. Тэр өдөр Ж, П нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний орой П манай хүү Б-ийн гэрт ороод гарсан байсан. Б-ийн гэр манайхтай хамт байдаг юм. Тэр орой П өөрийнхөө утсыг хайгаад олохгүй болохоороо манай хүү Боос асуухаар ирсэн байх. Тухайн үед нь Бийн гэр цоожтой байсан учраас манайд орж ирж утсаа асуусан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

                  шүүгдэгч Б.Ж-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Би 2017 оны 12 дугаар сарын эхээр Завхан суманд өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн авто машинтайгаа малын тэжээл зарахаар ирсэн юм. Тэгээд Завхан суманд хэд хоног машинаа янзлаад буцаад Улаанбаатар хот руу хүний дайвар ачаа ачихаар болоод ачаагаа аччихаад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө явах гээд байж байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 19-ний орой би аавын гэрт унтахаар байж байтал гаднаас П гэдэг залуу согтуу орж ирээд над руу хандаж “Чи миний утас авчихсан юм биш үү. Чи хаанаас ирсэн хэн бэ. Чамайг танихгүй юм байна. Хаанаас ирсэн гуйлгачин бэ, гараад ир. “Шар булга”-ын хонхорт чамайг ална” гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “Чи ахын дүү согтуу байна. Одоо гэртээ харьж унт” гэж хэлэхэд П гэрээс гаралгүй улам л хэл амаар дайрч доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурандаа босоод П-гийн нүүр тус газарт нь хоёр удаа цохисон юм. П-гийн нүүр лүү нь цохих үед эрүү шүд рүү нь цохигдсон. Тухайн үед би гартаа ямар нэгэн зүйл барьж дайраагүй, гараараа л цохисон бөгөөд би нэг шил архи уучихсан халамцуу байсан юм. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хиймэл шүд хийлгэсэн төлбөрт 300000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би УБ хотод амьдардаг, түр ажлаар Завхан суманд аавындаа ирсэн байсан, удахгүй манай хүүхэд зүрхний хагалгаанд орох гэж байгаа, тиймээс би энд байж ажил хийх боломжгүй тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №28 дугаартай: “Үзүүлэгч С.П-гийн биед гэмтэл учирсан байна. Доод 2 үүдэн шүд булгарч, дээд 2 шүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруулын салст язарсан, баруун хацар, эрүүний хэсэгт зулгаралт зэрэг гэмтэл үүсэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Урьд бэртэл гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна   

                 Шүүгдэгч Б.Ж-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.П-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                

                 Шүүгдэгч Б.Ж нь хохирогч С.П-гийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн талаараа мэдүүлсэн ба  хохирогч нь шүүгдэгч Б.Ж-гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  2. Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Б.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгч Б.Ж-гийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч                  гэрч М.С-ын “ Ж Улаанбаатар хотод амьдардаг, тээврийн машины жолооч юм. Эхнэр Ариунаа нь Архангай аймгийн гаралтай бөгөөд тэднийх 2 хүүхэдтэй. Том хүү Б нь 10-р ангид, бага охин А нь 2-р ангид сурдаг, ам бүл дөрвүүлээ амьдардаг. Ж 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрж, Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийг 1992 онд 9-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Бид хоёр төрөл садангийн холбоотой. Ж нь ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, бусдын үгийг их сонсдог, шударга зантай, авто машин сайн засдаг, гараар эд зүйл хийдэг авъяастай. Улаанбаатар хотод дизель авто машины мотор засдаг газар ажил хийж байгаад одоо том машинтай тээвэр хийж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

                  гэрч Б.Т-гийн “Ж нь манай нагац ахын 3 дахь хүү бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг. Тээврийн машины жолооч ажилтай. Эхнэр А  болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Ж 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн. Улмаар Завхан сумын дунд сургуулийг 1992 онд 9-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ж багаасаа бөхийн спортод их сонирхолтой хүүхэд байсан бөгөөд жудо, самбо бөхөд илүү сонирхолтой, жингээр барилдаж аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч байсан. Ж нь ажилсаг хөдөлмөрч, бусдад тусархуу, бусдын үгийг их сонсдог, шударга зантай” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

                  Шүүгдэгч Б.Ж нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон байна.

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Ж нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан буюу хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                   

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                  1. Шүүгдэгч А ургийн овогтой Б-ын Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ,

                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН