Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 124

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч М.Булсара,

шүүгдэгч Б.Серекбол (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Итэли овогт Базарбекийн Серекболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002170054 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 35 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД96081730 дугаартай, Итэли овогт Базарбекийн Серекбол нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ука трейд” ХХК-ийн орчимд болон мөн хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 1-04 тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Булсараг бусадтай хардаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зодож биед нь тархи доргилт, баруун зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуунд цус хуралт, баруун бугуйн үенд зулгаралт, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Серекбол нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Серекбол нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найзынхаа хуриманд очиж согтууруулах ундааны зүйл хэрэглээд 19 цагийн үед найз бүсгүй М.Булсара руу залгаж “би жоохон архи уугаад муудчихсан байна, чи намайг ирээд аваач” гэхэд нь очиж аваад хамт явж байгаад танихгүй хүмүүстэй тааралдаж дэлгүүр ороход нь орхиод явж байтал Б.Серекбол нь араас нь гүйцэж очоод “намайг дэлгүүрийн урд ганцааранг минь орхилоо” гээд үснээс нь зулгааж, нэг удаа алгадаж, улмаар эгч рүүгээ залгах гэтэл утсыг нь булааж авч, хамар луу нь гараараа цохиод,  мөн гэртээ дагуулж очоод орон дээр түлхэж суулгаад нүүр лүү нь гараа зангидаж байгаад цохиж түүний биед тархи доргилт, баруун зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуунд цус хуралт, баруун бугуйн үенд зулгаралт, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Серекболын: “... Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Булсарагийн: “... 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Серекбол бид хоёрын хороонд үл ойлголцол үүсч, маргалдсан. Тухайн өдөр Б.Серекбол согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Надад өмнө нь Б.Серекбол гар хүрч байгаагүй. Тухайн өдөр яагаад надад гар хүрснийг би ойлгохгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчтэй эвлэрсэн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.Булсарагийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “... тэгээд бид 2 уг хуриманд очихгүй байхаар тохирсон байсан боловч тэр өдрийн өглөө нь Серекбол уг хуриманд өөрөө явчихсан байсан юм. Ингээд орой нь 19 цагийн үед Серекбол над руу залгаад “би жаахан архи уугаад муудчихсан байна, чи намайг ирээд авчихаач” гэхээр нь би Серекболыг Налайх дүүргийн 4 дүгээр хороо “Ука трейд” гэх  хуримын ёслол үйлдэж байсан баарны орчимд очиж Серекболыг авчихаад явах гэтэл нэг дэлгүүрийн үүдэнд байсан танихгүй хүмүүстэй тааралдаад хамт архи уух гээд байх шиг байхаар нь миний дургүй хүрээд орхиод явж байтал Серекбол араас гүйцэж ирээд “намайг дэлгүүрийн урд ганцааранг минь орхилоо” гээд хойно ирчихээд миний үснээс зулгааж авснаа намайг нэг удаа алгадаад дагуулж явсан. Тэгээд би манай эгчийнх ойрхон байсан тул гар утсаараа эгч рүүгээ залгатал миний утсыг Серекбол булааж аваад миний хамар луу гараараа цохиод цус гаргачихсан. Тэгээд Серекбол намайг өөрийнхөө гэр лүү дагуулж явсан. Тэгээд гэр лүү нь би “орохгүй” гэсэн чинь намайг түлхээд оруулчихсан. Тэгээд гэртээ оруулаад орон дээр түлхэж суулгаснаа уурлаад миний нүүр лүү нэлээн хэд алгадаж цохьсон. Тэгээд нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон юм. Ингээд хэсэг байж байснаа цай уугаад сууж байгаад гэнэт ухаан орсон юм шиг намайг “чиний царай чинь яачихсан юм бэ” гээд байсан. Тэгээд өглөө нь ээж нь цагдаа дуудсан бололтой цагдаа нар ирээд аваад явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулаагүй учир зардлын баримт байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Серекбол саяхан ирж надтай уулзаад уучлалт гуйгаад явсан, би уучилсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Нурсувлегийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн үед эгч Булбулыгаа дагуулаад уйлчихсан орж ирсэн. Би тэгэхээр нь юу болсон талаар тодруулахад “найз залуу Серекболдоо зодуулсан, манайх руу ирж явахад нь найз залуу нь амыг нь дараад үснээс нь зулгаагаад гэр лүүгээ авч ороод үүдээ түгжээд зодсон” гэж хэлсэн. Булсарагийн биед нь толгой нь энд тэндээс булдруу болсон, энд тэндээ овойж товойсон, хоёр нүд нь хөхөрч хавдсан, зүүн гарын шуу, баруун гарын бугалга орчим нь хөхөрсөн харагдсан. Надад энэ байдлаа хэлж уйлсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Айсемгүлийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... маргааш өглөө нь 08 цагийн үед гэртээ ирэхэд найз охинтойгоо маргалдсан янзтай байсан. Булсарагийн 2 нүднийх нь доод тал нь хөхөрсөн ил харагдах гэмтэл шархтай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Серекболын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би найзынхаа хуриманд явсан. Хурим тараад найз охин Булсаратай уулзсан юм. Бид 2 манайх руу явж байхад гудамжинд таньдаг хүн тааралдаад “ахдаа ганц пиво аваад өгчих” гэхээр нь “тэгье” гээд пиво авч өгсөн. Тэгсэн чинь Булсара “гудамжны хүмүүстэй архи уулаа” гэсэн, үүнээс болж бид хоёр маргалдсан. Булсара түрүүлээд яваад өгөхөөр нь араас нь би очсон. Бид 2 гудамжинд бага зэрэг маргалдсан. Булсара намайг хэд хэдэн удаа алгадахаар нь би нүүр лүү нь нэг удаа цохьсон чинь хамарнаас нь цус гарсан. Би сандраад хамарых нь цусыг нь арилгасан. Би хийсэн хэргээ гэмшиж байна. Найз охиноосоо уучлал гуйсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч C.Төгсбуянгийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/465 тоот:

1. М.Булсарагийн

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 7 дугаар тал/,

            яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 9 дүгээр тал/,

            Б.Серекболын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/,

            Б.Серекболын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/,

Б.Серекболын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Серекболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Серекбол гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Булсара “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Итэли овогт Базарбекийн Серекболыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Базарбекийн Серекболд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 (дөрвөн зуун тавин нэг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 (дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Серекболд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Серекбол нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Серекбол нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Булсара “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Серекболд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ