| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04097/И |
| Дугаар | 102/ШШ2024/04509 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/04509
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2024/04509 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал, шүүгч А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам гудамж, **** дугаар байрны * дүгээр блок, *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******** ********* /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж, ** тоот хаягт байрлах “Э т” ХХК /РД:********/,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, 6 дугаар гудамжны *** тоот хаягт оршин суух Шарынхан овогт Д.Л /РД:*********/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 425,211,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Г.Д,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,
хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Б,
хариуцагч Д.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
иргэдийн төлөөлөгч П.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний аав Б.Г “Ж.Д.Э.С” ХХК-ийг үүсгэн байгуулж, түүний захирлаар ажиллаж, тус компанийн бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр аав минь харамсалтайгаар нас барсан. Аав маань эрүүл саруул биетэй хүн байсан. Солонгос улсад олон жил ажиллаж, хөдөлмөрлөж ирээд бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2021, 2022 онд зээл аваад бизнесийн бүх төлөвлөгөөгөө боловсруулаад ажиллаж байтал “Э.т“ ХХК-ийн жолооч Д.Л буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, аав минь нас барсан. Тэр явдлаас хойш миний бие компанийг нь өвлөн авсан.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Л-г гэм буруутайд тооцож,тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 979 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Миний аав нас барахаасаа өмнө компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дараах зээлүүдийг авсан байсан. Үүнд:
1. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Ж.Д.Э.С” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хаан банкнаас 3 жилийн хугацаатай 170,000,000 төгрөгийг,
2. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Ж.Д.Э.С” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Хаан банкнаас 3 жилийн хугацаатай 600,000,000 төгрөгийг,
3. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр иргэн Б.Ч-с 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан.
Аавыг нас барснаас хойш Хаан банкинд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн хүүнд нийт 43,818,928 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хүүнд 151,433,592 төгрөгийг, иргэн Б.Ч-с авсан зээлийн хүүнд 45,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
Мөн зам тээврийн осол болох үед аавын минь унаж явсан Hyunday Starex маркийн 2489 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Ж” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан бөгөөд уг автомашин нь ослын улмаас дахин ашиглах боломжгүй болсон тул компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахаар тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ бий болсон. Иймд ford ranger маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын 05-н өдөр Хас банкны санхүүгийн түрээсийн гэрээгээр 126,475,050 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү гэрээний хүүнд нийт 58,484,272 төгрөгийг төлсөн байна.
Уг зам тээврийн ослын улмаас тус компанийн үйл ажиллагааг авч явж байсан аав минь нас барснаас болж компанийн үйл ажиллагаа доголдож, эргэлтийн хөрөнгө, материалын татан авалт багасч, орлогын хэмжээ буурч, санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орж манай компани одоо дампуурлын ирмэгт ирчихээд байгаа тул компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусдаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөр болон авто ослын улмаас ашиглах боломжгүй болсон машины оронд авч ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн үнийг гэм хорын хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.
Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа бид зээлийн гэрээнүүдийн хүүний төлбөрт 298,736,792 төгрөгийг, тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ болох 126,475,050 төгрөг, нийт 425,211,842 төгрөгийг нэхэмжилж байсан бол зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлээ 50,965,016 төгрөгөөр багасгаж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг дагуу хариуцагч нараас дээрх зээлийн гэрээнүүдийг хүүнд төлсөн төлбөр болох 247,771,776 төгрөгийг, ford ranger маркийн автомашины үнэд 126,475,050 төгрөг, нийт 374,246,826 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч “Э.т” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Г.Д-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тус компани жолоочоор ажиллаж байсан Д.Л нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Hyundai маркийн 05-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, шүүхээс зохих ял шийтгэлээ хүлээсэн. Нэхэмжлэгч нь "Ж.Д.Э.С” компанийн бизнесийн зээлийн хүү, тухайн аж ахуйн нэгжийн шинээр худалдан авсан эд хөрөнгийн үнийг нэхэмжилж байгааг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зам тээврийн осол болох үед хохирогч Б.Г-н унаж явж байсан Hyunday Starex маркийн 24-89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан байдаг. Гэтэл "Ж.Д.Э.С” ХХК-ийн бусдаас аваад үйл ажиллагаандаа зарцуулчихсан зээлийн хүүг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний хүү гэж нэхэмжилж байгаа боловч хэнд, хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй. Энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт өгөөгүй, ганц аудитын дүгнэлт гэх баримт өгсөн. Нэхэмжлэгчийн өгсөн гэх аудитын дүгнэлт нь тус компанийн удирдлагад зориулагдан гарсан, гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн байгаа бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Д.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Юуны өмнө 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр харамсалтайгаар нас барсан талийгаачид гүн эмгэнэл илэрхийлж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 тоот шийтгэх тогтоолоор Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Тус шийтгэх тогтоол нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/979 тоот магадлалаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус гэмт хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д оршуулгын зардалд 43,585,520 төгрөгийг, зан үйлтэй холбоотой зардалд 12,566,500 төгрөг, "Hyundai Starex" маркийн 24-89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27,510,000 төгрөг нийт 83,059,020 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь "Ж.Д.Э.С" ХХК гэх компанийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийн хүүгийн төлөлтийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-т зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан. Мөн 508.2-т “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж заасан. 508.3-т “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан байх тул хариуцагч Г.Д нь хариуцагч нараас гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Г.Д-ыг хариуцагч нараас хохирол нэхэмжлэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ нотлох баримт дутуу гэж санагдлаа. Тээврийн хэрэгслийн үнэ нэхэмжилж байгаа нь буруу гэж үзэж байна гэв.
5. Нотлох баримтууд:
5.1 Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Итгэмжлэл /хх-5/, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоол /хх-7-17/, Нийсжлэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/979 дугаартай магадлал /хх18-32/, “Ж.Д.Э.С" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-33/, “Ж.Д.Э.С" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний санхүүгийн тайлан /хх-34-53/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/202146429434/ дугаартай зээлийн гэрээ /хх-54-59/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №БГҮ/202146429434 дугаартай барьцааны гэрээ /хх-60-62/, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ/202147156620 дугаартай зээлийн гэрээ /хх-63-66/, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1517 дугаартай зээлийн гэрээ /хх-67-68/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ /хх-69-70/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №1950002745 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ /хх-71-74/, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0642 дугаартай худалдах, худалдан авах гэрээ/хх-120/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-121-128/ зэргийг,
5.2.Хариуцагч “Э.m” ХХК-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Итгэмжлэл /хх-94/, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-95/, хариу тайлбар /хх-96/ зэргийг,
5.3.Хариуцагч Д.Л дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-98/, Итгэмжлэл /хх-102/ зэргийг нотлох баримтаар тус тус өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “Э.m” ХХК болон Д.Л нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 425,211,842 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 50,965,016 төгрөгөөр багасгаж, нийт 374,246,826 төгрөгийг нэхэмжилж байна.
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1 Миний аав Б.Г “Ж.Д.Э.С” ХХК-ийг үүсгэн байгуулж, түүний захирлаар ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Э.m“ ХХК-ийн жолооч Д.Л-н буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, аав минь нас барсан. Тэр явдлаас хойш миний бие компанийг нь өвлөн авсан.
2.2 Аав Б.Г нь нас барахаасаа өмнө буюу 2021, 2022 онд “Ж.Д. Э.С” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж, Хаан банкнаас болон иргэн Б.Ч-с зээл авсан байсан. Гэтэл аав Б.Г нас барснаас болж компанийн үйл ажиллагаа доголдож, эргэлтийн хөрөнгө, материалын татан авалт багасч, орлогын хэмжээ буурч, санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орж байна.
2.3 Мөн зам тээврийн осол болох үед аавын минь унаж явсан Hyunday Starex маркийн 2489 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Ж.” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан бөгөөд уг автомашин нь уг ослын улмаас дахин ашиглах боломжгүй болсон тул компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ford ranger маркийн тээврийн хэрэгслийг Хас банкны санхүүгийн түрээсийн гэрээгээр 126,475,050 төгрөгөөр худалдан авсан.
2.4 Аав Б.Г-ийн компанийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусдаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөр болон авто ослын улмаас ашиглах боломжгүй болсон автомашины оронд авч ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн үнийг гэм хорын хохиролд тооцон хариуцагч нараас шаардаж байна гэж тайлбарлан,
-2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Ж” ХХК болон “Хаан банк” ХХК нарын хооронд байгуулагдсан №ЗГ/202146429434 дугаартай зээлийн гэрээ,
- 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Ж” ХХК болон “Хаан банк” ХХК нарын хооронд байгуулагдсан №ЗГ/202147156620 дугаартай зээлийн гэрээ,
-2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Г, Б.Ч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ,
-2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Ж” ХХК болон “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан №1950002745 дугаартай зээлийн гэрээнүүдийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 247,771,776 төгрөгийг,
Мөн “Ж” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахаар худалдан авсан автомашины үнэд 126,475,050 төгрөг, нийт 374,246,826 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байна.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
3.1 “Э” ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан Д.Л нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Hyundai маркийн 05-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, шүүхээс зохих ял шийтгэлээ хүлээсэн. Зам тээврийн ослын улмаас Б.Г нас барж, уг хэргийг эрүүгийн журмаар шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д оршуулгын зардалд 43,585,520 төгрөгийг, зан үйлтэй холбоотой зардалд 12,566,500 төгрөг, "H" маркийн 24-89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 27,510,000 төгрөг, нийт 83,059,020 төгрөгийг төлж барагдуулсан.
3.2 Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч нараас тус зам тээврийн осолтой холбоотой гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд байхаас гадна “Ж” ХХК-ийн бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох нас барсны гэрчилгээ, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/979 дугаартай магадлал, “Ж" ХХК-ийн “Х” ХХК-тай болон “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүд, Б.Г, Б.Ч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.Л нь “Э” ХХК-ийн өмчлөлийн Hyundai маркийн 05-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ “Hyundai Starex”маркийн 24-89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-ийн амь нас хохирсон байна.
4.2 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор ...дээрх зам тээврийг осол нь жолооч Д.Л-ийн замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас гарсан болохыг тогтоож, түүнийг гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
4.3 Энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Э” ХХК нь иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар, нэхэмжлэгч Г.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байх ба тус ажиллагааны явцад шүүгдэгч Д.Л нь хохиролд 54,000,000 төгрөгийг, иргэний хариуцагч “Э” ХХК нь 29,659,020 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-д өгчээ.
4.4 Дээрх зам тээврийн улмаас амь хохирсон Б.Г нь “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ажиллаж байсан байх бөгөөд тус компанийн нэрийн өмнөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Х” ХХК-тай №ЗГ/202146429434 дугаартай зээлийн гэрээг байгуулж, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатайгаар, 170,000,000 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-тай №ЗГ/202147156620 дугаартай зээлийн гэрээг байгуулж, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатайгаар 600,000,000 төгрөгийн, мөн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нэр дээр иргэн Б. 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулжээ.
4.5 Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу авсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргасан бөгөөд “Ж” ХХК 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Х” ХХК-тай №1950002745 дугаартай санхүүгийн зээлийн гэрээг байгуулж, уг мөнгөөр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах автомашин худалдан авсан гэж тайлбарлаж байна.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу төлсөн хүүг шаардах эрхтэй боловч нотлох баримт дутуу, компанийн үйл ажиллагаанд ашиглахаар авсан авто машины үнийг шаардах эрхгүй гэх агуулгатай дүгнэлт гаргажээ.
6. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч нараас дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч “Ж” ХХК-ийн зээлдүүлэгч нарт төлсөн хүүний төлбөрийг болон шинээр худалдан авсан автомашин үнийг зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжилж байх бөгөөд үндэслэлээ ... Б.Г нас барснаар компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хямралд орсон гэж тайлбарласан.
7. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбоотой зайлшгүй зардал болон гэм хор уруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч Г.Д нь зам тээврийн ослын улмаас амь хохирсон Б.Г-ийн төрсөн хүү мөн байх боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Б.Г-ийн өвийг залгамжлах эрхтэй хэдэн хүн байгаа болох, тэдгээр нь өвлөх эрхээсээ татгалзсан эсэх, нэхэмжлэгчид гэм хорын хохирол шаардах эрхийг шилжүүлсэн эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байх боловч энэ нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... зам тээврийн ослын улмаас “Ж” ХХК-ийн захирал Б.Г нас арснаар компанийн үйл ажиллагаа доголдож, компанид хохирол учирсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийг иргэн Г.Д нэрээр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, “Ж” ХХК нь өөрт учирсан хохирлыг хариуцагч нараас шаардах эрхээ нэхэмжлэгч Г.Д-д шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.
Хэдийгээр хуульд ийнхүү заасан боловч энэхүү хуулийн дагуу хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл нь гэм буруу, хохирол хоёр шалтгаант холбоотой байх явдал юм.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тухайн хохирол учирсан байхыг шаарддаг.
Гэтэл нэхэмжлэгч нь “Ж” ХХК-ийн бусад этгээдийн өмнө зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг тухайн зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа нь дээрх хуульд нийцэхгүй байна.
Учир нь: Б.Г нь “Ж” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ажиллаж байхдаа компанийн нэрийн өмнөөс болон өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй зээлийн гэрээний харилцаанд орж, үүрэг хүлээсэн байх бөгөөд уг гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлт нь тухайн зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй буюу хариуцагч нар түүнд гэм буруугүй байна гэж үзнэ.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Д-ын хариуцагч “Э” ХХК болон Д.Л нарт холбогдуулан гаргасан 374,246,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-ын хариуцагч “Э” ХХК, Д.Л нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 374,246,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ А.САРАНТУЯА