| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2123000370029 |
| Дугаар | 2022/ДШМ/35 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/35
Ч.Батдэлгэр, Ч.Оюунтунгалаг нарт
холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Н.Баасанжав
Шүүгдэгч Ч.Батдэлгэр
Ч.Оюунтунгалаг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Алтангэрэл
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарын давж заалдах гомдлоор Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарт холбогдох 2123000370029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч эмч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Отгонтайж овогт Чойргоогийн Оюунтунгалаг, /Регистрийн дугаар: ИР93022305/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвд эх баригч бага эмч ажилтай, ам бүл 5, аав , ээж, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Батдэлгэр, /Регистрийн дугаар:ИР89072903/
Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч. Батдэлгэр нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр... Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг дэвсгэр “Хөх үзүүр” гэх газар өөрийн гэртээ бөөлжиж, ухаангүй байсан С.Цогтгэрэлд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ
Анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Отгонтайж овогт Чойргоогийн Оюунтунгалаг, Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Батдэлгэр нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2.Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунтунгалагийн эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Батдэлгэрийн эх барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
3.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунтунгалагт оногдуулсан эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Ч.Батдэлгэрт оногдуулсан эх барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,
4.Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т зааснаар шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарт оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаас 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн хасаж шүүгдэгч нарыг торгох ялаас чөлөөлж,
5. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шинжээчийн зардалд 520.047 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу Ч.Оюунтунгалагаас 260.023 төгрөг 50 мөнгийг, шүүгдэгч Ч.Батдэлгэрээс 260.023 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгож,
7. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Батдэлгэрийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:
Ч. Оюунтунгалаг, Эх баригч Ч. Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч нар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 103 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч Ч.Оюунтунгалаг, эх баригч Ч.Батдэлгэр бид 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим жирэмсэн эмэгтэй цус алдаад байна гэсэн дуудлагыг хүлээн авч уг "Хах Үзүүр" гэх газар хаваржиж байсан С.Цогтгэрэлийн гэрт жирэмсэн эмэгтэй Н.Тунгалаг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор очсон. С.Цогтгэрэлийн гэрт очиход С.Цогтгэрэл гэрийн зүүн талын орон дээр унтсан байдалтай байсан ба тэрээр бусадтай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй. Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарыг Н.Тунгалагт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед С.Цогтгэрэл өндийж бөөлжихөд түүнийг бөөлжсөндөө хахахаас сэргийлж М.Мижиддорж. Л.Батаа нараар хажуудуулан хэвтүүлсэн.
Мөн түргэн тусламжийн дуудлагын хуудсанд, Цагаанхайрхан сумын түргэн тусламжийн холын дуудлага хүлээн авсан Гантуяа бүртгэсэн байна.
Дуудлага хүлээн авсан цаг: 13 цаг 15 минут
Дуудлагад гарсан цаг: 13 цаг 34 минут
Дуудлагад очсон цаг:15 цаг 20 минут
Буцаж ирсэн цаг(эмнэлэгт тээвэрлэсэн): 16 цаг орчим
Үзлэг хийхэд нийт зарцуулсан хугацаа 40 минут /хх-ийн 50-51 хуудас/
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 212300037 дугаартай хэрэгт шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхээр уригдсан /хх-ийн 128 хуудас/ эрүүгийн хэргийн Шинжээч эмч Б.Байгальмаагийн дүгнэлтэд шинжээчид дараах асуулт тавигдсан ба "Амь хохирогчийн биед үзлэг хийсэн бол амь аврагдах боломжтой байсан эсэх."
Хариулт: Хэрэв хохирогчийн биед нэмэлт дуудлага үзлэгийг 13 цагт хий эмчилгээ хийсэн бол амь аврагдах боломжтой. Гэсэн нь гэрчийн мэдүүлэгт өгсөн цаг,түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан дуудлагын хуудсанд байгаа цаг таарахгүй байгаа тул цаг хугацааны хувьд боломжгүй.
1. Амь хохирогчийн үхэлд эмч нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх.
Хариулт: Амь хохирогч нь эмч нарт үзүүлэхээр санал тавиад байхад нь эмч нар байна. Амь үзлэг хийгээгүй бол түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлээгүй гэж үзэхээр хохирогч буруугүй нь эмч нарт үзүүлэх санал хүсэлт буюу нэмэлт дуудлага өгөөгүй бол эмч нар гэж үзэхээр байна. /хх-ийн 133-134 хуудас/
Завхан аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд: яллагдагчаар татах Ч.Оюунтунгалаг нь 2021 оны 03 дугар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг дэвсгэр Хөх үзүүр гэх газар өөрийн гэртээ бөөлжиж, ухаангүй байсан С.Цогтгэрэлд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж татсан.
Бид хоёрыг гүжир хэрэгт гүтгэсэн гэрчийн мэдүүлэгт хөтлөгдөн бидэнд ял өгсөнд гомдолтой байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 103 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ч.Батдэлгэр давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Бид хоёр хамт дуудлагаар очсон бөгөөд Мижиддоржийн эхнэрийг үзэхээр очсон. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг буруу гарсан гэж үзэж байгаа. Дуудлага нь 11 цагийн үед ирээд 15 цагийн орчимд тухайн айлд очсон юм. Тухайн гэр бүлийн хүмүүс бид хоёрыг гүтгээд байгаа юм гэв.
Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний хувьд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед тухайн айлд дуудлагаар очсон байгаа. Гэвч мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт нь 13 цагийн үед бөөлжиж ухаангүй болсон байгаа талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амьдрах боломжтой байсан талаар цаг минутын хувьд зөрүүтэй дүгнэлт гаргасан байгаа. Мөн намайг очиход байсан гэрч болох нэг гэр бүлийн 2 хүн байсан бөгөөд нөхөр нь 2-3 удаа шоронд орж байсан асуудалтай хүн байсан. Эхнэр нь болохоор бид хоёрыг хэд хэдэн удаа үзээд өгөөч гэхэд үзэж өгөөгүй гэж гүтгээд байгаа дээр нь гомдолтой байна гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Энэ хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт татагдсан бөгөөд анхан шатны шүүхээс ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2-т зааснаар зайлшгүй тохиолдолд үзэхгүй байх боломжтой гэсэн заалт байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2-т Бусдын амь нас болон жирэмсэн эх төрөх гэж байгаа үед тэрнээс бусад тохиолдолд эмч бол тангаргаараа зайлшгүй үзэх ёстой гэсэн заалт байгаа. 3 тохиолдолд үзэхгүй байх боломжтой байдаг. Тэр 3 тохиолдлын 1 нь төрөх гэж байгаа хүн дээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд үзэхгүй байх боломжтой гэж тодорхой зааж өгсөн байгаа. Энэ тохиолдол нь анх дуудлага өгөхдөө жирэмсэн эх хүндэрсэн, цус алдсан гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлага нь Алдархаан сумын буюу өөр сумын дуудлага байсан. Алдархаан сумаас ойрхон боловч Алдархаан сумын эмч нар нь яваагүй байсан. Тийм учраас энэ хүмүүс маань Алдархаан сумаас очоогүй учраас өөр сумаас очсон. Очихдоо жирэмсэн эхийн цус алдаж байгаа дуудлагад очоод ураг болон эхийн амийг аврахын тулд их эмчийн заавраар эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байдаг. Энэ эмчилгээг хийж байх явцад орон дээр хэвтэж байсан хүн 1 удаа бөөлжсөн гэх асуудал яригдсан. Үүнийг анхан шатны шүүх бөөлжсөн үед нь ямар нэгэн байдлаар үзэх ёстой байсан байна. Тухайн үеийн гэрчүүд дуудлага өгөхдөө нэмэлтээр үзүүлэхээр дуудлага өгсөн гэж мэдүүлдэг. Тэгэхдээ энэ хүмүүс албан ёсны дуудлага мэдээлэлд бүртгэгдээгүй энэ хоёрт амаар хэлсэн гэж мэдүүлээд байдаг. Гэтэл тухайн гэрт жолооч байсан бөгөөд намайг байхад ямар нэгэн байдлаар тийм зүйл хэлээгүй гэдэг. Энэ хоёр хүн маань тухайн жирэмсэн эхийн цус алдалтыг зогсоох шингэнийг хийж дуусаад шууд аймаг руу яаралтай заалтаар авч явсан. Ингээд үүрэг гүйцэтгэсэн хүмүүст ял оногдуулж, эрх зүйн байдлыг нь дордуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтэд энэ хүн нь 13 цагт дуудлага өгсөн гэж ойлгохоор байна. Хэрэв 13 цагт дуудлага өгсөн бол тэр хугацаандаа эмнэлгийн анхан шатны эмчилгээ хийсэн бол тухайн хүний амийг аврах боломжтой байсан гэдэг дүгнэлт гаргасан байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд 2 цагийн зөрүүтэй байгаа. Бодит байдал дээр 13 цагийн үед сумаасаа гараагүй байсан бөгөөд сумын дуудлага нь 13 цагт ирсэн байгаа. Сумын төв дуудлага өгсөн айл хоёрын хооронд бартаа саад ихтэй, замдаа түргэний машин суусан зэрэг нөхцөл байдлууд байдаг. Тэгээд 15 цаг 40 орчим минутын үед дуудлага өгсөн айлд ирсэн ба шууд жирэмсэн эх, ураг хоёрыг аврахаар цус алдаж байгаа байдалд нь эмчилгээ хийж дуусгаад яаралтайгаар аймгийн төв рүү авч явсан байгаа. Ийм учраас энэ хүмүүсийг буруутгах боломжгүй байгаа ба шинжээчийн дүгнэлт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй гарсан. Магадгүй буруутай гэж үзэх юм бол шинжээчийн дүгнэлт нь дээр амь аврах боломжтой байсан эсэх тал дээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эхнэр нөхөр хоёрын мэдүүлгээр эмч нарыг гарах явцад нь тухайн хүн бөөлжсөн гэдэг. Тэгэхээр 2 эмч маань 15 цаг 40 минутаас эмчилгээгээ хийгээд 30-40 минут орчим хугацаанд дусал тариаг зүүсэн байгаа. Тэгэхээр 17 цагийн үед энэ хүмүүс нэмэлтээр дуудлага өгсөн байгаа. Тэгэхдээ энэ хүнийг үзээд өгөөч гэсэн байдлаар тайлбарлаад байгаа. Гэтэл энэ хүмүүсийн гэрчийн мэдүүлэг нь яллах дүгнэлтийн гол үндэслэл болсон. Энэ гэрчийн мэдүүлэг нь анхнаасаа 2 эмчийг буруутгах байдлаар хэрэг үүсгэсэн байгаа. Шүүх хуралдаан дээр хууль сануулж гэрч Мижиддоржоос мэдүүлэг авсан тэгэхэд “та энэ хүнийг яасан гэж дуудлага өгсөн юм бэ? гэхэд. Тийм юм байхгүй хордлого тайлах шингэн хийгээд өгөөч энэ хүн олон хоног архи уусан учраас хордлогыг нь тайлах шингэн хийж өгөөч гэсэн зүйл ярьсан. Тэгэхэд эмч шингэн байхгүй танай хүнд сая шингэн хийчихсэн учраас одоо шингэн байхгүй тул үзэх боломжгүй” гэсэн мэдүүлэг өгсөн гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ эхнэрт нь хийсэн шингэн нь хордлого тайлах шингэн биш цус тогтоох шингэн байсан. Хэрэв гэрчийн мэдүүлгийг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдэлд хүрэх юм бол Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2-т зааснаар жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд бусад хүмүүст эмчилгээ үзүүлэхгүй байх боломжтой гэсэн хуулийн заалт байгаа. Яг энэ 3 тохиолдлоос бусад тохиолдолд эмчийн тангараг өргөсөн гэдгээрээ зайлшгүй үзэх ёстой. Шүүгдэгч нарыг гэм буруутай байх боломжтой гэдэг асуудал яригдах юм бол шүүгдэгч Ч.Батдэлгэрийн эрх зүйн байдал дордсон асуудал байгаа. Энэ хүн маань өөрөө анхнаасаа явахдаа нэмэлтээр авч явсан бөгөөд жирэмсэн эхийн цус алдалтыг зогсоохоор дуудлагад явсан байгаа. Энэ хүн маань төрхийн эх баригч бага эмч байгаа. Ямар ч эмчилгээ их эмчийн зааварчилгаагаар явагдах ёстой бөгөөд их эмчийг байхгүй тохиолдолд бага эмч дур мэдэн үзэж онош тавьж, эмчилгээ заах боломжгүй байсан. Тэр хүн өөрөө эмнэлгийн байгууллагад ирж үзүүлсэн ч гэсэн их эмч үзэж байж дараад нь сувилагч, бага эмч нар нь их эмчийн зааврын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Иймд Эрүүл мэндийн тухай хуульд 28.4.2-т заасан энэ тохиолдолд жирэмсэн эх болон ургийн амийг аврахын төлөө энэ хүмүүс эмчилгээ хийсэн бөгөөд бусад хүмүүст тусламж үзүүлээгүй гэж энэ хүмүүст ял оногдуулах боломжгүй тул шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэв.
Прокурор Н.Баасанжав дүгнэлтдээ:
Прокурорын зүгээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нар нь хэдийгээр жирэмсэн эмэгтэй цус алдаад байна гэсэн дуудлагаар очсон боловч тухайн гэр дотор байсан өөр нэг хүний биеийн байдал муу, бөөлжсөн байдалтай байхад нь энэ хүний биеийн байдал муу байна, үзээд өгөөч гэхэд нь тусламж үйлчилгээ үзүүлэлгүй явснаас хойш 2-3 цагийн дараа талийгаач нас барсан байгаа. Нас барсан шалтгааныг шинжээч томилж дүгнэлт гаргуулахад артерийн даралт ихсэх гэдэг өвчний улмаас нас барсан. Энэ өвчин нь эмнэлгийн тусламж үзүүлэх буюу оношлоод даралтыг нь буруулах арга хэмжээ авсан бол 100 хувь нас барахгүйгээр амь аврагдах боломжтой байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмнэлгийн мэргэжилтэн гэдэгт их эмч, бага эмч, сувилагч, эх баригч эмч гээд эмнэлгийн байгууллагад ажилдаг мэргэжил эзэмшсэн хүмүүсийг бүгдийг нь хамааруулахаар хуульчилсан байдаг. Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг нь эмчлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, Ч.Батдэлгэр нь эх барих үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшсэн мэргэжлийн хүмүүс тухайн дуудлага мэдээлэл дээр ажиллаж байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжруулах, зовлон өвдөлтийг багасгах хөнгөвчлөх аливаа нэмэлт зовуурь шаналгааг үүсгэхгүй оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажиллана гэсэн ёс зүйн дүрэм, Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтуудыг шүүгдэгч нар нь зөрчсөн байгаа. Яаралтай хүний бие муу байсан учраас үзэлгүй явсан гэдэг зүйл яригдаж байна. Тухайн жирэмсэн эхийн биеийн байдлыг сайжруулах шингэн хийж дуусах хугацаанд буюу 1 цаг гаруй хугацаанд тухайн айлд байсан бөгөөд энэ хугацаандаа талийгаачийн бие муу байгааг харсан бөгөөд тухайн гэрт байсан хүмүүс үзүүлэхээр хүсэлт тавиад байхад мэргэжилдээ хайхрамжгүй хандаж тухайн өвчтөнийг үзээгүйгээс болж талийгаач нас барсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч Ч.Оюунтунгалаг, эх баригч Ч.Батдэлгэр нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 13 цагийн орчим жирэмсэн эмэгтэй цус алдаад байна гэсэн дуудлагыг хүлээн авч уг дуудлагын дагуу Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн нутаг Хөх үзүүр гэх газар хаваржиж байсан С.Цогтгэрэлийн гэрт жирэмсэн эмэгтэй Н.Тунгалагт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор очсон байна.
С.Цогтгэрэлийнд очиход С.Цогтгэрэл гэрийн зүүн талын орон дээр унтсан байдалтай байсан ба Ч.Оюунтунгалаг,Ч.Батдэлгэр нарыг Н.Тунгалагт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед С.Цогтгэрэл өндийж бөөлжсөн байдалтай байсан ба М.Мижиддорж, Н.Тунгалаг нар нь С.Цогтгэрэлийн бие тааруу байгааг хэлж биеийг нь үзэж өгөхийг хүсэхэд Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нар нь С.Цогтгэрэлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэлгүй жирэмсэн эмэгтэй Л.Тунгалагийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр явсан ба эмч нарыг явсны дараа С.Цогтгэрэл 20 цаг 45 минутаас 21 цагийн үед артерийн даралт ихсэх өвчний улмаас нас барсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан
Гэрч Н.Тунгалагийн “... 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагийн орчим М.Мижиддорж бид хоёр тэр ирсэн эмч нарт энэ хүнийг үзээд өгөөч гэхэд тэр эмч нар баяраа хэт тэмдэглэчихсэн байна шартчихсан юм байгаа биз гэж хэлээд тоохгүй амь хохирогчийг үзээгүй. Надад үзлэг хийж байхад эмч нар завгүй байгаагүй...Тэр оройдоо амь хохирогчийг нас барсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Мижиддоржийн “...Бие өвдөж байгаа талаараа өөр яриагүй, харахад бие нь өвдөж байгаа шинжтэй царай нь цонхийгоод сонин байсан...Цогтгэрэл гуай орон дээрээ дээшээ харж хэвтэж байгаад өндийж ч чадахгүй бөөлжихөөр нь түргэний жолооч бид хоёр орны урд хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн. Тэр үед би энэ хүний бие сонин байна үзээдхээч гэж 2 эмчид хэлсэн чинь цэргийн баяраа хэтрүүлээд тэмдэглэчихсэн гээд үзээгүй, бас наад хүнд чинь хийх эм тариа байхгүй гээд талийгаачийн биеийг үзээгүй, тэр хоёр эмч ирээд тэднийд 1 цаг орчим болсон байх. Талийгаачийн биеийг үзэх хугацаа бол зөндөө байсан. Манай эхнэр Тунгалаг ч тэр хоёр эмчийг талийгаачийн биеийг үзээдхээч гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Батаагийн “... манай хоёр эмч дуудлага өгсөн эмэгтэйд шингэн зүүчихсэн байсан.эн үед гэрийн нөгөө талын орон дээр байсан хүн бөөлжөөд орноосоо газар буусан...Гэтэл манай хоёр эмч наад хүнээ газар хажуу тийш нь харуулаад хэвтүүлчих гэж хэлсэн. Тэр хүнд үзлэг хийгээгүй...Тухайн газар очоод бид ойролцоогоор 1 цаг орчим болсон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Тэрбишийн “...2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 20ц аг 45 минутад 98302252 гэсэн Гунгаа гэдэг хүнээс амь хохирогчийг бөөлжиж, амьсгаадаж байсан гэж дуудлага өгсний дагуу 22 цагт очсон... гэрт гэрийн зүүн талд орныхоо доор амт хохирогч доош харсан байдалтай байсан.Үзлэг хийхэд нас барсан амнаас нь цусархаг хөөс гарсан байдалтай байсан.Биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Тэгээд Мижиддоржоос асуухад Цагаанхайрхан сумын эмч нар ирээд явсан, манай эхнэр доош цус алдсан тэгээд ирэхэд нь энэ хүнийг үзээд өгөөч гэтэл согтуу хүнийг үзэхгүй гээд үзээгүй тэгээд орхиод явчихсан гэж хэлсэн ба ёолоод бөөлжөөд хэвтэж байсан тэгээд мэдэхгүй гэж хэлсэн. Мижиддорж надад хэлэхдээ энэ хүнийг үзээд даралтыг нь үзээд шингэн зүүгээд өгчихгүй яав аа гэж байсан.... Даралтын аппаратаар даралт үзэхэд дээд тал нь 5 орчим минут болдог Ер нь даралт ихсэх тохиолдлыг даралтын аппаратаар үзээд оношилсны дараа эм өгөхөд л даралт ихсэх нь багасаж цус харвах, эсвэл цаашид гарах хүндрэлээс 100 хувь сэргийлж чаддаг ... гэсэн мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүх Шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000000022 дугаартай ... Амь хохирогч С.Цогтгэрэл нь архаг артерийн даралт ихсэх өвчинтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн...Амь хохирогч С.Цогтгэрэл нь артерийн даралт ихсэх өвчний улмаас их тархины баруун тал бөмбөлгийн дух чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цусан хураа, их тархины зүүн ховдолд цус хуралт цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд үүсэж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт,
Амь хохирогч С.Цогтгэрэлд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн бол артерийн даралт ихсэх өвчнийг илрүүлэх, эмчлэх боломжтой болох нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаагийн ...хохирогч бөөлжөөд байхад үзээд өгөөч гэж санал хүсэлт буюу нэмэлт дуудлага өгөхөд нь эмч нар үзлэг хийж түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь үзүүлээгүй нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж болно... Хэрэв хохирогчийн биед нэмэлт дуудлага үзлэгийг 13 цагт хийж эмчилгээ хийсэн бол амь аврагдах боломжтой...Амь хохирогч нь эмч нарт үзүүлэхээр санал тавиад байхад нь эмч нар үзлэг хийгээгүй бол түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлээгүй гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ.
2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар
Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан” Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг бөгөөд тус гэмт хэргийн хамаарч буй зүйл заалтад “ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг гэмт хэрэгт тооцох ба хүндэвтэр хүнд, нас барсан гэх хохирол хор уршгийн аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирогч нас барснаараа төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна гэдгээ ухамсарлаж хэдийгээр энэхүү тусламжийг үзүүлэх боломж байсан боловч өөрсдийн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хүссэн сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогч нас барсан байна.
Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нарын эрхэлж буй ажил, мэргэжил нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-д зааснаар эмнэлгийн мэргэжилтэн гэсэн ойлголтод хамаарч байгаа бөгөөд Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нар эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субьектив шинжийг зөв тодорхойлж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тогтоолоор батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нар нь энэ гэмт хэргийн субьект болох, дээрх хуульд тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээнд тохирсон,байна.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн болон Өршөөлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ч.Оюунтунгалаг, Ч.Батдэлгэр нар нь давж заалдах гомдолдоо... шинжээч эмч Б.Байгальмаагийн дүгнэлтэд “хэрэв хохирогчийн биед нэмэлт дуудлага үзлэгийг 13 цагт эмчилгээ хийсэн бол хохирогч амь аврагдах боломжтой” гэсэн нь гэрчийн мэдүүлэгт өгсөн цаг, түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан дуудлагын хуудсанд байгаа цаг таарахгүй байгаа тул цаг хугацааны хувьд боломжгүй тул эмч нар буруугүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад эмч нар тухайн өдрийн 13 цагт амь хохирогч С.Цогтгэрэлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн 13 цаг 15 минутад жирэмсэн эмэгтэйн дуудлагыг хүлээн аваад 15 цаг 20 минутад очиход амь хохирогч С.Цогтгэрэл нь амьд байсан байсан байдаг. Тэгэхээр эмч нар 15 цаг 20 минутаас хойш эмчилгээ хийх боломжийн талаар дүгнэлт хийх ёстой бөгөөд шинжээчийн дүгнэлтэд 13 цагт эмчилгээ хийсэн бол амь аврагдах боломжтой гэж цаг заасан нь хэрэгт ач холбогдолгүй байна.
Өөрөөр хэлбэл, Шинжээчийн дүгнэлтийн эмч нар С.Цогтгэрэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол С.Цогтгэрэл амьд байх боломжийн талаарх дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой байх бөгөөд 13 цаг гэж цагийг буруу тодорхойлж бичсэн нь шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэхгүй байна гэж шүүх дүгнэлээ. Энэ талаарх шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ж.БАТТОГТОХ