Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Даймонд рөүд ХХК /РД:5529891/

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон нарын хоорондын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот Нөхөн ногдуулалтын акт хүчингүйд тооцуулах маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болдоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон нарын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот Нөхөн ногдуулалтын акт[1] хүчингүйд тооцуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Даймонд рөүд ХХК нь авто зам, барилга байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн татварын хэлтэстэй харилцаж ирсэн.

2.2. Баянгол дүүргийн татварын хэлтсээс Даймонд рөүд ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн[2] дагуу эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалт хийсэн.

2.3. Татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгчид холбогдуулан үндсэн 1 заалт бүхий зөрчил гаргасан гэж үзээд нөхөн ногдуулалтын акт тавьжээ[3].

2.4.Хариуцагч татварын улсын байцаагч нар маргаж буй нөхөн ногдуулалтын актыг тавихдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3 дахь заалтыг удирдлага болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1 дэх заалтыг үндэслэн нийт 35,298,354.55 нөхөн татвар, 10,589,506.36 төгрөгийн торгууль, 7,059,670.9 төгрөгийн алданги, нийт 52,947,531.81 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.5. Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-26230000115 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ[4].

2.6. Дээрх Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаартай тогтоолын дагуу нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон нарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот Нөхөн ногдуулалтын акт хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай Даймонд Рөүд ХХК нь барилга угсралт, зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд харьяалагддаг.

2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл манай компани дээр Татварын хяналтын шалгалт орж 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хугацааг дуусах хүртэлх хугацаанд үйл ажиллагааны албан татвар ноогдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулах ерөнхий удирдамж, 26231204086 тоот томилолтоор /НӨАТ хэсэгчилсэн/ шалгалтыг Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д. Энхцолмон, Д.Дэлгэрмаа нар нь хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар НӨАТ-ын баримтын хоосон хий бичилтэд орсон гэсэн компаниудтай холбогдуулан 6250238 тоот регистрийн дугаартай Имаралт зоне" ХХК гэх компаниар бичигдсэн 352 983 545.47 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан байна хэмээн үзэж манай компанид торгууль, алданги ноогдуулсан.

Татварын улсын байцаагч Д. Энхцолмон, Д.Дэлгэрмаа нарын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот Нөхөн ногдуулалтын акт-аар тогтоосон 35,298,354.55 төгрөгийн нөхөн татвар, 10,589,506.36 төгрөгийн торгууль, 7,059,670 төгрөгийн алданги, нийт 52,947,531.81 төгрөгийн төлбөр барагдуулахаар тогтоосон захиргааны актыг үл зөвшөөрөн дараах байдлаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Манай компани 2019 онд Батлан хамгаалах яамны захиалгатай Үндэсний Батлан Хамгаалах Удирдлагын Академи"-ийн барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байсан ба барилгын бусад компаниудын адилаар арматур. бетон, хэв хашмал болон дагалдах материалуудыг зах зээлээс худалдан авч байсан. Эдгээр худалдан авалтуудыг НӨАТ-тайгаар төлж ирсэн ба санхүүжилтээс шалтгаалж худалдагч талд дараа төлөхөөр өглөг үүсгэх болон хугацаа алдах тохиолдлууд ихээр гардаг.

Ажил гүйцэтгэх хугацаанд иргэн Б.Энхжаргалаас худалдан авсан барааны төлбөр 800.000.000 гаруй төгрөг хүрсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сард сүүлийн 500.000.000 төгрөгийг төлснөөр худалдан авалт хийгдэж дууссан. Энэхүү Б.Энхжаргал нь тухайн үеийн Даймонд Рөүд ХХК-ийн 60%-ийн хувьцааг эзэмшигч Ё.Бадраагийн үеэл бөгөөд манай компанид бүх төрлийн барилгын материал нийлүүлэхээр хэлэлцэн тохирч, бид санхүүжилт ормогц нийлүүлсэн барааны төлбөрүүдийг төлөхөөр тохирсон байсан юм. Тэдний зүгээс 2019 оны 12 дугаар сард багтаан НӨАТ-ын шивэлт хийж дуусгасан ба бид ч тухайн үед гэрээгээ дуусгавар болгосон болно.

Гэтэл үүнээс хойш 4 жилийн дараа буюу 2023 оны 12 дугаар сард манай компанид татварын шалгалт орж, 2019 онд танай компанид бичигдсэн НӨАТ хуурамч байна гэсэн мэдээлэл өгсөн. Бид Б.Энхжаргалд барааны холбогдох төлбөрийг НӨАТ-тай төлж байсан ба энэ нь холбогдох дансны хуулга, компани хоорондын өглөгийн хүснэгт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдоно. Мөн бид 2019 оны татварын тайландаа дээрх НӨАТ-тай худалдан авалтыг оруулж тайлагнасан. Түүнчлэн Б.Энхжаргалд төлсөн барааны төлбөрийг хувь нийлүүлэгч иргэн Г.Болдоо өөрийн 100%-ийн эзэмшлийн "Солид констракшн" ХХК-аас төлсөн бөгөөд өөрийн эзэмшилд байдаг "Даймонд Рөүд" ХХК-тай авлага, өглөгийн данс үүсгэн явж байдаг нэг санхүүгийн эх үүсвэртэй компаниуд юм.

2."Нөхөн ногдуулалтын акт"-ын тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2.-д зааснаар нөхөн татвар, торгууль алдангийг тогтоосон нь хуулийн аль зохицуулалтаар тогтоосныг актад заагдаагүй байна. Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлд заагдсан оноосон татварыг цаг тухайд нь төлөөгүй тухай асуудал дээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгалт хийсэн тохиолдолд хариуцлага болох торгууль алдангийн асуудал ярих ёстой. Гэтэл Даймонд рөүд ХХК нь НӨАТ-ын тайлангаа цаг тухайд нь гаргаж өгсөн болон бараа материалыг худалдан авах бүрдээ НӨАТ-ын татварын хамт төлсөн байдаг. Түүнчлэн манай компанийн хувьд хууль бусаар бичилт хийсэн гэх "Имаралт зоне" ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээх нь хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ хуулийн зүйлчлэлд Татварын ерөнхий хуулийн 74-ийн 74.1-д заасан зүйлчлэлийг дурдсан нь тодорхойгүй байна. Уг захиргааны акт нь хэрэгжсэнээр манай байгууллага нь бараа материал худалдагч этгээдэд татварын хамт төлбөрөө төлсөн боловч манай төлсөн татварыг цааш нь тайлагнахдаа хуурамч бичилт хийсэн баримт дээр бидний зүгээс дахин татвар болон торгууль төлөх нь шударга ёсны зарчимд үл нийцэж байгаа юм. Зүй нь татварын байгууллагаас манай байгууллагын хууль ёсны дагуу татварыг төлсөн болон худалдан авалтыг хийсэнтэй холбоотой баримтаар хууль бус үйлдэл гүйцэтгэсэн этгээдэд торгууль ногдуулах нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны зорилгод нийцэх ёстой. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот "Нөхөн ногдуулалтын акт"-ийг хууль бус гэж тооцон хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлд нэг зүйлийг голчилж байгаа. захиргааны акт нь хуульд нийцсэн, учирч буй нөхцөл байдлыг зохицуулах шинжтэй байх ёстой. Бид энэхүү маргаан бүхий сөрөг чиглэлтэй актыг мэдэх боломж 2019 оноос хойш байгаагүй. Хариуцагч талаас тайлбартаа "Имаралт зоне" ХХК хуурамч НӨАТ-ын баримттай талаар мэдэгдэж байсан гэдэг. Бид захиргааны зөрчил гаргаж, үүнээс болж захиргааны акт тавигдсан гэж ойлгож байгаа. Зөрчлийн үйлдэл нь санаатай эсхүл санамсаргүй байдлаар үйлдсэн биет үйлдэлтэй хамааралтай байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас тухайн үйлдлийг хийсэн зүйл байхгүй. Бид тайлангаа гаргаж, холбогдох төлбөрүүдээ төлж явж байсан. Гэтэл хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж бид яагаад энэ хэмжээний хохирол амсах вэ? Нөхөн татварын асуудлыг бол ойлгож байна. Төлөгдөөгүй байж болно. Харин торгууль болон алданги төлөх нь өөрөө хуулийн хариуцлагын шинжтэй зүйл. Тэгэхээр захиргааны актын гол үндэслэлийг бид хариуцлага хүлээх ямар үндэслэл байгаа талаар тавьсан... гэв.

3.3 Хариуцагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 5529891 тоот регистрийн дугаартай Даймонд рөүд ХХК-ийн 2019 оны 01 сарын 01-ээс 2019 оны 12 сарын 31-ийг дуусталх хугацааны НӨАТ-н ногдуулалт төлөлтийн байдалд "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 26231204086 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн хяналт шалгалтыг Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаа, Д. Энхцолмон нар 2023 оны 12 сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд хийж 2023 оны 12 сарын 13-ны өдөр НА-26230000115 тоот нөхөн татварын актаар 35,298.354.55 төгрөгийн нөхөн татвар, 10,589,506.36 төгрөгийн торгууль, 7.059,670.9 төгрөгийн алданги 52,947.531.81 нийт төгрөгийн төлбөр ногдуулсан.

1. Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актын зөрчилд тооцсон үндэслэл: 6250238 тоот регистрийн дугаартай "Имаралт зоне" ХХК-аас 2019 оны 12 дугаар сард үүсгэсэн 352,983,545.47 төгрөгийн дүн бүхий 13 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: Албан татварт хасалт хийх...14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан. нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй... гэж заасан заалтыг зөрсөн гэж үзсэн. "Имаралт зоне ХХК нь хий бичилт бүхий падаан үйлдэж байгааг нь хууль хяналтын байгууллагаас тогтоож хуулийн хариуцлага ногдуулж нийтэд зарлагдсан компани юм.

Татварын албанаас татвар төлөгчдийг хий бичилт бүхий падаан авч татварын эрсдэлд орохоос сэргийлэх үүднээс татварын цахим системд татвар төлөгч өөрийн эрхээр нэвтрэн ороход эрсдлийн мэдээлэл хэсэгт хий бичилт бүхий падаан бичдэг компаниудын мэдээллийг оруулж өгсөн ба Даймонд рөүд ХХК-н цахим системд ч бас харагдаж байгаа болно. Татварын эрсдлийн удирдлагын газраас 2019-2020 онд Даймонд рөүд ХХК-н цахим системд Имаралт зоне" ХХК нь хий бичилт бүхий падааны худалдан авалтаа НӨАТ-н тайландаа залруулан тайлагнахыг анхааруулж 5 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч залруулаагүй учир хяналт шалгалтын томилолт үүсгэн шалгагдсан болно.

2. Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актын зөрчилд алданги, торгууль тооцсон үндэслэл:

Татварын хяналт шалгалтаар нийт 352,983,545.47 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 42.1.79.1, 79.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Зөрчлийн тухай хууль хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2., Татварын ерөнхий хууль хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. дэх заалтыг тус тус үндэслэн алданги торгууль тооцсон болно. Зөрчлийн тухай хууль хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн: .. бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.. Татварын ерөнхий хууль хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэснийг баримталсан болно гэжээ.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: татварын ерөнхий хуулийн 28.1-д зааснаар татвар төлөгч тайлангаа үнэн зөв тайлагнаж төлөх ёстой татвараа төлж, одоо хуулийн явцад үнэн зөв тайлагнах ёстой байдаг. Гэвч нэхэмжлэгч компани нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох татвар төлөх ногдуулалтын байдалд татварын байцаагч нар хяналт шалгалт хийхэд "Имаралт зоне"-иас 13 ширхэг падаан бүхий 352,983,545 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын үнийн төлбөрийн баримтыг авч татвар ноогдох орлогоо энэ хэмжээгээр одоо бууруулсан. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд 14.5-д "бэлтгэн нийлүүлэгч, албан татвар төлсөн нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй албан татварыг хасаж тооцохгүй" гэсэн заалтыг зөрчиж байгаа тул татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар 35,298,354 төгрөг төгрөгийн нөхөн татвар 10,589,506.36 төгрөгийн торгууль, мөн 7,059,670 төгрөгийн алданги, нийт 52,947,531 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. "Даймонд Рөүд" ХХК нь "Имаралт зоне" ХХК-иас үйл ажиллагаа явуулалгүй санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийдэг, бодитой худалдан авалт хийхгүй, "Имаралт зоне" ХХК нь бусдад одоо их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй. Маргаан бүхий актын үндэслэл дээр 2023 оны 4 дүгээр сарын 04-ний Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023/ШЗТ/343 гэсэн шийтгэх тогтоолоор "Имаралт зоне" ХХК-д хамаарал бүхий У.Алтанзаяад эрүүгийн хэргийг "хий бичилтээр падаан бүхий баримт тарааж, одоо бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон" гэж эрүүгийн хариуцлага хүлээсэн байгаа. Тухайн баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаан таслах зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймээс татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий актын үндэслэлийн тухай:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. /2015 оны/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно харин 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэжээ.

4.3.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023/ШЗТ/343 дугаар шийтгэх тогтоолоор ..."Имаралт Зоне" ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох У.Алтанзаяаг ...татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, тараасан гэмт хэргийг зохион байгуулсан... гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан үйл баримт байна[5].

4.4.Харин Баянгол дүүргийн татварын хэлтсээс Даймонд рөүд ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, 2019 оны 12 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын мэдээ, татварын ерөнхий газрын цахим санд тайлагнасан Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт[6] зэргээр нэхэмжлэгч Даймонд рөүд ХХК-ийг дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ...санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, тараасан гэмт хэргийг зохион байгуулсан... "Имаралт Зоне" ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын хийх бичилттэй падаан худалдан авсан болохыг тогтоосон.

4.5.Хариуцагч байгууллагаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө дээр зөрчлийг залруулах талаар сануулга[7] өгч байсан боловч энэ талаар нэхэмжлэгч дорвитой арга хэмжээ аваагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...компанийн хувьцаа эзэмшиг н.Бадраагийн үеэл н.Энхжаргал[8] гэх хүн нь хий бичилттэй падаан зэрэг асуудлаа өөрөө яриад байдаг. Тэгээд энэ талаар шийдвэрлэе гэхээр хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэдэг. Бид одоогоор хууль хяналтын байгууллагад хандсан үйлдэл хийгээгүй...[9] хэмээх мэдүүлгээр нотлогдож байна.

4.6.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн гэм буруугүй болохыг нотлох Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх; 29.1.3-т заасан суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах үүргээ хэрэгжүүлэн маргааны үйл баримтад холбогдох тайланг зөвтгөх анхан шатны баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд ирүүлээгүй.

4.7.Энэ талаар ямар нэг бодит үйлдлийг огт хийгээгүй болно.

4.8.Товхондоо нэхэмжлэгч Татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон нарын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот Нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчлийг үгүйсгэж чадаагүй тул шүүх энэхүү маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

4.9.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3 дахь хэсэг, /2015 оны/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Даймонд рөүд ХХК1-ийн гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаа, Д.Энхцолмон нарын хоорондын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-26230000115 тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР