Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 08

 

 

 

Ч.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 133/ШШ2020/00029 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Жинст 1 дүгээр баг, Булгийн эх 3-1 тоотод оршин суух, Ш овогтой Ч. Н /РД: ИА77060215/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох,

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А /онлайнаар/,нарийн бичгийн дарга Л.Б оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар намайг бичиг хүргэгчийн ажлаас халсан. Тушаалыг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч танилцсан. Уг тушаалаар намайг ажлаас халахдаа хууль зүйн болон хууль хэрэглээний алдаатай байна гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлд Ажлаас халах тухай тушаал нь хууль зүйн болон хууль хэрэглээний 2 алдаатай гэсэн нь тодорхой бус байна. Үүнийгээ тодорхой болгох нь зүйтэй. 1 дүгээрт Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Ч.Н нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажил тасалсан болох нь цаг бүртгэлийн машинаас хэвлэсэн цагийн бүртгэл, няравын цагийн бүртгэл хоёроос тодорхой харагдана. Шүүхийн Тамгын газрын даргын зүгээс ажилдаа ирэхийг мэдэгд хэмээн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Д, архив бичиг хэргийн эрхлэгч Э.Г нараар бичиг хүргэгч Ч.Н утсаар болон биеэр хэлүүлсэн боловч ажилдаа ирээгүй байдаг. 2 дугаарт Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан өөрийн хүсэлт, ажил олгогчийн зөвшөөрлөөр чөлөө авах журамтайг ажил хийдэг хүн бүр мэддэг. Гэтэл Ч.Н нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 12 өдрийн ажил чөлөө, зөвшөөрөлгүйгээр тасалсан. Иймд Тамгын газрын даргын зүгээс ажил, үүргээ цаашид хийхгүй юм байна гэж ойлгоод 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05/229 тоот ажил, үүргээ хүлээлгэн өгнө үү гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийг өгсний дараа 2019 оны 7 дугаар сарын 03-нд ажилдаа ирсэн. 3 дугаарт Шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/35 тоот Цалин хасаж тооцох тухай тушаалаар бичиг хүргэгч Ч.Н ажлын 12 хоногийн үндсэн цалин, бусад нэмэгдлийг хассан бөгөөд уг тушаалд гомдол гаргаагүй нь түүнийг гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ. 4 дүгээрт Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах заалттай тул 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 05/235 тоот албан бичгээр Ажлаас халах тухай мэдэгдлийг түүнд гардуулан өгсөн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын Б/38 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Н нэхэмжлэлтэй, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Н миний бие Завхан аймгийн шүүхийн Тамгын газарт бичиг хүргэгчээр ажиллаж байгаад ажлаас халагдаж шүүхэд гомдол гаргасан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 133/ШШ2020/00029 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: Миний гаргасан зөрчил нь тухайн үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр илэрсэн зөрчил. Тухайн өдөр тамгын газрын дарга Б/35 дугаартай тушаалаар цалин хасаж тооцсоноор зөрчил гаргасан байдал нь илэрсэн. Илрүүлсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох байсан гэж үзэж байна. Харин шүүхийн шийдвэрт тайлбарласнаар ажилтан зөрчил гаргасныг тодорхой хугацааны дараа эсхүл хяналт шалгалтаар уг зөрчлийг илрүүлсэн байдлыг ойлгох гэсэн байна. Ажил тасалсан зөрчил нь хяналт шалгалтаар болон тодорхой хугацааны дараа илрүүлсэн зөрчил гэж үзэх боломжгүй тухайн үед илэрсэн зөрчил. Тамгын газрын дарга зөрчил гаргасныг мэдсэн буюу тогтоосон цалин хасаж тооцсон шүүх хуралдаанд оролцсон гэрч нар мэдүүлгээс тухайн зөрчил илэрсэн байдал нь тогтоогдож байна. 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой гэж ойлгож байна. Гэтэл энэ хугацаанд Завхан аймгийн шүүхийн Тамгын газар ажлаас халах арга хэмжээ аваагүй. Гэтэл Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг яаж ойлгох талаар дурдаад нэхэмжлэгч миний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах 6 сарын хугацаа өнгөрөөгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Миний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн хуульд заасан хугацааг хэтрүүлж арга хэмжээ авсан байтал гарсан зөрчлийн илрүүлэх нийт хугацаанд /6 сар/ хамруулан сахилгын зөрчилд арга хэмжээ авахаар дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчиж байна. Мөн Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар зөрчил гаргасан талаар надаас тайлбар болон арга хэмжээ авах талаар хурлаар оролцуулаагүй болно.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 133/ШШ2020/00029 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар нь тус шүүхийн тамгын газарт бичиг хүргэгчээр ажиллаж байсан Ч.Н 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 12 өдөр чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч нь Ч.Н ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ: Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дугаар зүйлийн 131.1, 131.1.3, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалын хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2, 10.5.3, хөдөлмөрийн гэрээний 2.3, 2.3.2, 10.5.3, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9.6-д заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ ...анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн...миний гаргасан зөрчил нь тухайн үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр илэрсэн зөрчил. Тухайн өдөр тамгын газрын дарга Б/35 дугаартай тушаалаар цалин хасаж тооцсоноор зөрчил гаргасан байдал нь илэрсэн. Илрүүлснээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох байсан гэж үзэж байна... гэжээ.

 

 

 

Ч.Н нь 12 хоног ажил тасалсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд уг гаргасан зөрчил нь ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил бөгөөд ажил олгогч нь түүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргасан гэж үзэж 2019 оны 7 сарын 5-ны өдөр 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 12 хоногийн ажил тасалсан нь сахилгын ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах тухай мэдэгдэл хүргүүлж, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 133/ШШ2020/00029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 

ШҮҮГЧИД Ш.Б

 

Т.Ж