Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/04690

 

 

 

 

 

        2024 оны 10 сарын 07 өдөр

   Дугаар 102/ШШ2024/04690                                                      

                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ** байр, Б1 давхарт суух “Д.ү” /РД:**********/ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 18 гудамж, 471 тоотод оршин суух, Боржигон овогт Г.Г  /РД:**********/-д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 7,507,135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Г.Гнь “Д” ХХК-тай 2012 оноос 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хаяг тогтоох, захиалах ажилд хамтран ажиллаж байсан. Тухайн үед Г.Г нь гадуур явж хаяг олж ирж түүнийгээ “Д” ХХК-аар хийлгэж, улмаар төлбөр тооцоогоо хийхгүй явсаар 7,507,135 төгрөгний тооцоо үлдсэн байдаг. Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Д” ХХК болон Г.Г нар нь тооцоо нийлж тооцоо нийлсэн акт нь дээр хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Г.Г-с 7,507,135 төгрөгийг гаргуулж “Д” ХХК-д олгож өгнө үү гэв.

         2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

          Г.Г нь “Д” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нь “Д” ХХК-тай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Г.Г нь тус “Д” компанитай самбар тогтоох ажилд хамтран ажилладаг байсан. Ингэхдээ самбар хийлгэх ажил олж ирээд захиалга өгдөг байсан. Харин самбар алдаатай байх үед дахин хэвлэх шаардлагатай байсан ба энэ дахин хэвлэлтийн зардлыг*******оос нэхэмжилж байна гэж ойлгож байна. Энэ дахин хэвлэлтийн самбарын мөнгө нь ойролцоогоор 2,000,000 төгрөг болж байгаа. 2012 оны 4 дүгээр сард хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн нэр дор олон улсын циркийн үзүүлбэр Монгол улсад ирж тоглохоор болсон. Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн менежер Заяа гэж хүн Олон улсын циркийн төлөөлөгч гэж хүнтэй*******ийг холбоод олон тооны самбар захиалгын талаар ярьсан. Үүний дагуу “Д” ХХК-ийн захиралтай Г.Г нь төлөөлөгчийг холбож өгсөн байдаг. Тэгээд тухайн залуу өөрөө “*******” ХХК-тай тохиролцож гэрээ хийсэн байдаг. Самбар тогтоолтын хувьд 4,800,000 төгрөгөөр тохиролцсон боловч тухайн үед 200,000 төгрөгийг л өгч байсан. Харилцан тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрийг төлснөөр “Д” ХХК самбарыг хийж дуусгасан байдаг. Тогтоолтын ажлыг******* хийсэн. Гэвч холбож өгсөн Олон улсын циркийн үзүүлбэрийг төлөөлж байсан хүнтэй тус компани холбогдож чадахгүй, үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй тухай хэлж байсан. Дээрх самбар тогтоолтын урьдчилгаа төлбөрийн талаар хариуцагч нь огт мэдэхгүй байгаа. Олон улсын циркийн үзүүлбэрийн төлөөлөгчийн төлөх ёстой байсан мөнгийг хэрэгт хамааралгүй Г.Г-с нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан. Тухайн актуудыг зуруулахдаа “та оффис дээр хүрээд ирээч, таниар хийлгэх ажил байна” гэх хэлээд зуруулсан юм байна лээ. Г.Г нь энэ тэнд хаяг тогтооно гэж зар тавьдаггүй, хаяг тогтоогоод л явдаг хүн. Г.Г бусдад юм хийлгэхээр захиалга өгдөг хүн биш. Тухайн хаягны тогтоолтын ажлыг хариуцдаг болохоос биш хаягны захиалга авдаг хүн биш юм.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтуудаас ч харагдаж байгаа. Нийтдээ 5,300,000 төгрөгийг Г.Г-т өгсөн байдаг. Мөн өөрт нь хамааралгүй циркийн самбар тогтоолтын мөнгийг нэхэмжилж байгаа нь харагдана. Энэ өр, төлбөр юунаас болж үүссэн нь ч баримтаас тодорхой харагдахгүй байна. Г.Г-той 2012 оноос хойш ажиллаж байгаа гэж байгаа боловч анх ямар ажил хийлгээд хэдий хэмжээний өр төлбөр үүссэн нь бас тодорхойгүй байна. Энэ өр, төлбөр үүсэхдээ хэзээ, хэдий хугацаанд үүссэн нь тодорхойгүй байгаа болохоор хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Хариуцагч Г.Г-ийн хэлж байгаагаар циркийн хаяг тогтоолтын төлбөрийг надаас нэхэмжилж байна гэсэн. Хэрвээ энэ төлбөрийг Г.Г-оос нэхэмжилж байвал хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэж заасан. Ийм учраас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Хэдийн тооцооны үлдэгдлийн баталгаа нь дээр гарын үсэг зуруулсан ч гэсэн Г.Г- үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл надад ажил өгнө гэж очоод очингуут шууд та энэ нь дээр гарын үсэг зурчих гээд зуруулдаг байсан гэж хэлсэн. Иймд энэ хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ эвлэрлийн гэрээгээр надад сар бүр өгөх бэлэн мөнгө байхгүй учир танайд орж ирсэн захиалгын самбарыг тогтоож өгөх ажлыг хийж өгнө гэж тохиролцсон. Ингээд самбар тогтоолтын мөнгөнөөс суутгаад яваад байсан. Г.Г түүнийг ч мэдээгүй хууль бус үйл ажиллагааны золиос болсон байсан. Үүнийгээ шүүхэд хандасны дараа л мэдэж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-3/, тооцооны үлдэгдлийн баталгаа №3 /хх-4/, “Д” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-/   нэхэмжлэгч М.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-9/, “Д” ХХК-ийн Г.Г-той тооцоо нийлсэн санхүүгийн баримт /хх-52-158/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас Баянгол дүүргийн 22 дугаар хорооны оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, гараар бичсэн өргөдлийн хуулбар /хх-160-162/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Шүүх нэхэмжлэгч талаас талуудын хооронд үйлдэгдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтын үндэслэл болсон санхүүгийн анхан шатны баримтууд /бэлэн мөнгөний орлогын баримт, захиалгын хуудас, талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, тооцоо нийлсэн актууд, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг/-ыг /хх-52-146/ цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Г.Гт холбогдуулан 7,507,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.Г нь “Д ХХК-тай 2012 оноос өнөөг хүртэл хаяг тогтоох, захиалах ажилд хамтран ажиллаж байсан. Г.Г нь захиалсан хаягныхаа төлбөр тооцоог хийхгүй явсаар 7,507,135 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.  Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Д” ХХК болон Г.Г нар нь энэ талаар тооцоо нийлж, акт нь үйлдэн,  хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан...” гэж тайлбарлаж банйа.

 

2.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ ...Г.Г нь нэхэмжлэгч талын хүсэлтээр самбар тогтоох ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд самбар тогтоолтын ажлын хөлсийг нэхэмжлэгчээс авах байдлаар хамтран ажилладаг байсан. Нэхэмжлэгч талд ямар нэгэн самбар хийлгэх захиалга өгч байгаагүй. Г.Г нь бичиг үсгийн боловсрол муутай. Тооцоо нийлсэн акт болон хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудын тухайд нэхэмжлэгч талаас  ажил өгнө гэж дуудсаны дагуу очиход та энэ нь дээр гарын үсэг зурчих гээд зуруулдаг байсан. Түүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талд ямар нэгэн өглөг байхгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, захиалгын хуудас болон талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, тооцоо нийлсэн актууд зэрэг бичгийн баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч “Дг” ХХК нь хэвлэлийн эх бэлтгэл, бичиг хэргийн дэлгүүр... зэрэг  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд хэвлэлийн эх бэлтгэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд буюу иргэд хуулийн этгээдийн захиалгаар самбар хэвлэн тогтоох чиглэлээр 2012 оноос эхлэн хариуцагч Г.Г-той хамтран ажиллаж иржээ.

3.2. Талууд дээрх хүрээнд хамтран ажиллахдаа нэхэмжлэгч нь өөрийн авсан захиалгын дагуу хийсэн хаягийг хариуцагч Г.Г-оор тогтоолгож, түүнд ажлын хөлс төлөх, мөн хариуцагч Г.Г нь өөрийн бусдаас авсан хаяг хэвлүүлэх захиалгыг нэхэмжлэгч талд өөрийн нэрээр захиалж, хэвлэлтийн хөлс төлөх байдлаар харилцан үүрэг хүлээж ажилладаг байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч Г.Г нь хэрэгт авагдсан   бэлэн мөнгөний орлогын баримт, захиалгын хуудас, эвлэрлийн гэрээ, тооцоо нийлсэн актууд зэрэгт гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй, харин ...уг баримтуудад гарын үсэг зурахдаа бичиг үсгийн боловсрол муутайн улмаас үр дагаврыг ойлгоогүй, ...Тооцооны үлдэгдлийн баталгаанд нэхэмжлэгч тал хүчээр гарын үсэг зуруулсан, ... бэлэн мөнгөний орлогын баримт дээр гарын үсэг зурахдаа хаяг тогтоогчийн ажлын хөлсийг авсан баримт дээр гарын үсэг зурж байна гэж ойлгосон гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон ямар нэгэн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй байна. 

 

Иймд хариуцагч талын гаргасан тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзэв.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

            Хэрэгт авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх нотлох баримтаар талууд  2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хоорондох өглөг авлагын тооцоо нийлэхэд хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч талд 7,507,135 төгрөгийг өглөгтэй  гарсан байх бөгөөд уг баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч тал ирүүлээгүй байна. 

 

Иймд уг баримтыг үндэслэн хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,507,135 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчаас шаардаж байгаа нь дээрх хуульд нийцнэ.  

 

6.Талууд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд харилцан тооцоо нийлж, дээр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаас дээрх гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.Г-с 7,507,135 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-оос  7,507,135 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 135,064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 135,064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭНХЗАЯА