Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 130

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогчийн өмгөөлөгч З.Ариунжаргал (ҮД:0236),

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин (ҮД:1532),

хохирогч Б.Орхонбат,

шүүгдэгч Н.Хосхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржин овогт Нэргүйн Хосхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001620031 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, стадион оргил, 69 дүгээр байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, Содон төв, 88 дугаар байрны а-13 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,

регистрийн УЕ80021818 дугаартай, Боржин овогт Нэргүйн Хосхүү нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” кафед Б.Орхонбатыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хосхүү, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Хосхүү нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” кафений вип өрөөнд Л.Батжаргалтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ 16 цагийн орчимд текнээс нь ус, ундаа авах гэж очих үед мөн уг кафегаар үйлчлүүлэн заалны ширээн дээр сууж байсан Б.Орхонбат түүнийг “хөөе нааш ир, нааш ир” гэж дуудахад нь очиж “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд пивоны бакалаар шанаанд нь нэг удаа цохиж биед хоншоор ясны урд хана, гайморовын хөндийн урд болон ар хана, зүүн хацар ясны цөмөрсөн, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн дээд 2, 3-р шүдний сулрал, зүүн чамархай, зүүн чихний дэлбээ, эрүүний зүүн буланд шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зэрэг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хосхүүгийн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эхнэрийн хамт хот руу унаанд суугаад явж байх үед Батжаргал ах залгаад “урд өдөр нь Налайхад архи уучихлаа, машин бариад өгөөч” гэж гуйсан. Батжаргал ахын машин авахаар эхнэрийн хамт очиход “хамт архи уусан хүний гараажид машин байгаа, хоёулаа хамт нэг хүнтэй уулзаад явъя” гэж хэлсэн. Тэгээд гараажны хүнийг хүлээгээд ирэхгүй болохоор эхнэрээ хот явуулсан. Батжаргал ахтай ойрд уулзаагүй болохоор “Баялаг” кафед орж хоол идээд, ганц шил архи хувааж уусан. Би баарны текнээс ус, ундаа авах гэж очиход хохирогч намайг “бандиа” гэж дуудсан. Би хохирогч дээр очиход “чи зэвүүн харагдаж байна, шуумараа” гэж хэлээд миний хөлийг шүргэх төдий болсон. Би тухайн үед сандарч “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд пивоны бакалаар хохирогчийн шанаанд нэг удаа цохьсон. Тэгээд хохирогч газарт унахдаа намайг татаж унасан. Тэгээд хамт явж байсан Батжаргал ах намайг тэвэрч гарахад зөрөөд нэг хүн кафед орсон. Батжаргал ах, бид хоёр эмийн сан орж бэнт авч шархаа боогоод буцаад ороход цагдаа нар хохирогчийг аваад явсан байсан. Би араас нь Цагдаагийн байгууллага дээр очиход намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тэр оройноо зүрх тасалдаад эмнэлэгт хүргэгдсэн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Орхонбатын: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос найз Чинболдын гэрт ирж, 0.5 граммын архи хувааж уунгаа гагнуурын ажлын тухай яриад сууж байсан. Чинболдын ажлын газрын хүн ирэхээр нь би гарч “Баялаг” кафед ороод Чинболдыг хүлээгээд суусан. Шүүгдэгч найзтайгаа гадагшаа гараад эргэж орж ирсэн. Би шүүгдэгчийг “хөөе” гэж дуудснаас “бандиа, шуумараа” гэсэн муухай үг хэллэгээр дуудаагүй. Шүүгдэгчид цохиулаад ухаан алдсан. Манай найз түргэн дуудаж, Налайх дүүргийн эмнэлэгт цус тогтохгүй оёдол тавиулсан. Би 1.200.000 төгрөгийн хагалгаанд орсон. Одоо 9.680.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Орхонбатын 2017 оны 09 дүгээр сарын 04, 11, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд өгсөн: “... 2017.08.24-ний өдөр би 11 цагийн үед Налайхад ирээд өөрийн найз Чинболдын хамтаар 0.5 литрийн 1 шил Экс архи хувааж уусан, тэгээд “Чинболдын ажлын хүн ирж байна” гэхээр нь би 15 цагийн үед тэдний гэрээс гараад Налайхын төв рүү орж “Баялаг” гэх пабад орж ганцаараа хүлээнгээ 3 шил Сэнгүр пиво уусан. Намайг пиво уугаад сууж байхад “Баялаг” пабад надаас гадна тусдаа ширээнд уугаад сууж байсан хоёр залуу гадагшаа гарч байгаа харагдсан, тэр хооронд нь би өөрийн найз Чинболд руу яриад “Налайхад ганц удаа ирчихсэн байхад хүрээд ирэхгүй” гээд үг хаяад утасдсан, тэгээд би хүнтэй маргалдсанаа огт санахгүй байгаа юм. Манай найз орж ирэхэд нь би тэнд залууг “хөөе” гээд дуудсан гэсэн, тэрийгээ санахгүй байгаа. Чинболд надад тэгж дуудсан гэдгийг нь хэлсэн. Тэгээд нөгөө танихгүй Хосхүү гэх залуу намайг дуудахад ширээн дээр ирж гараараа тулж байснаа миний пиво ууж байсан том шилэн аяга /бакал/-ыг аваад миний толгой руу цохьсон. Тэгээд би ухаан балартаад Налайхын эмнэлэгт сэрсэн. Тэгэхэд цагдаа ирчихсэн юм асуугаад байсан. Ийм л зүйл болсон намайг яаж зодсоныг огт мэдэхгүй байгаа юм. ... Надад дээрх гэмтлүүдийг Хосхүү гэгч нь пивоны бакалаар цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Энхцэцэгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... би текнийхээ ард байж байхад гэнэт юм түчигнээд явчихаар нь харахад нөгөө бор савхитай залуу нь нөгөө согтуу залууг зодоод цохиж байгаа харагдсан. ... Бор савхитай залуу вип өрөөнөөс гарч ирээд текин дээр ирээд утсаараа яръя гээд байж байтал ширээн дээр сууж байсан залуу нь “хөөе нааш ир, нааш ир” гээд дуудаад байсан юм. Тэгтэл нөгөө бор залуу нь “юу гэнээ чи” гээд яваад очсон ба тухайн залуутай маргалдаад байсан. ... ямар ч байсан пивоны бакал хагараад бөөн цус болсон байсан ба бор савхитай залуугийн гар нь бас зүсэгдсэн байсан. Бакалаар цохьсон юм шиг байна лээ. Намайг хальт харахад бор куртиктэй залуу нөгөө залуугийн дээрээс нүүр лүү нь гараараа цохиод байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч В.Хоролноровын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... Намайг гал тогооноос гарч ирэхэд бор савхитай залуу нь нөгөө согтуу залуугийн нүүр лүү нь гараараа цохиод байсан ба яг юугаар цохьсоныг нь бол хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Чинболдын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... 16 цагийн үед над руу залгаад ярихад “Налайх дүүргийн 2-р хороо Баялаг гэх нэртэй кафед байна, ирээд авчих” гээд байсан ба би хүүхдээ аваад тус кафе руу яваад очтол Орхонбат ганцаараа пиво уугаад сууж байсан, тэгснээ текэн дээр байсан залууг “энэ намайг элдвээр хэлээд байна” гэхээр нь би “явъя, хүүхэдтэй явж байна” гэхэд “хөөе” гээд нөгөө залууг дуудсан. Тэгтэл тэр залуу хажууд нь суугаад “чи муу банди намайг дууддаг хэн бэ” гээд шууд урд талд нь байсан пивоны бакалыг аваад зүүн шанаа руу нь шууд цохьсон, тэгээд би салгах хооронд дахиад нэг удаа цохьсон ба нөгөө бакал нь хагарчихсан, тэгээд би тэр залууг татах гэхэд кафений хөгшин эгч “хүүхдээ аваад гар, цохиулчихна” гээд намайг гаргасан ба тухайн үед тэр бор савхитай залуу Орхонбатыг газар унгачихсан дээрээс нь дэвсээд нөгөө бакалныхаа хагархай ишийг нь бариад цохиод байсан. Тэгээд би буцаж ороод тус залууг салгаад цагдаа, эмнэлэг дуудсан. ... Эхлээд пивоны шилэн бакалаар зүүн шанаа руу нь нэг цохьсон, тэгээд салгах гэхэд дахиад нэг удаа зүүн шанаа руу нь цохьсон ба тухайн үед бакал нь хагарсан, тэгээд намайг нөгөө эгч “хүүхдээ цохиулна” гээд салгахад бакалны бариулыг нь барьчихсан хагархайгаар нь цохиод байсан ба би буцаж ороод салгахад газар унагаасан дээрээс нь дэвсээд байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Батжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... 2017.08.24-ний өдөр миний бие Налайх дүүрэгт ирээд Хосхүүтэй тааралдсан. Бид хоёр олон жилийн өмнөөс бие биенээ мэдэж хойшоо урагшаа наймаанд хамт явж байсан болохоор нэг газар орж ярилцах гээд Соёл урлагийн ордны хажууд байх “Баялаг” нэртэй кафед орсон. Бид хоёр ороод тусдаа байх нэг өрөөнд ороод нэг шил архи аваад Хосхүү бид хоёр нэмж захиалах гээд өрөөнөөс гараад текинд очиж захиалга өгсөн. Би хойноос нь гараад нойл орох гээд явж байхад зааланд байсан нэг залуу “бандиа шуумараа хүрээд ир” гээд текний хажууд зогсож байсан Хосхүүг дуудсан ба тухайн үед Хосхүүгээс өөр хүн ойр хавьд байгаагүй. Тэгээд би нойл ороод бие засаад гараад ирэхэд кафены зааланд хүмүүс орилолдоод байхаар нь заал руу гараад ирэхэд Хосхүү үүдний хэсгийн ширээн дээр нэг залуутай зууралдаад авсан зодолдож байхаар нь би очоод Хосхүүг салгаж авсан. Нөгөө залуу нь ширээнийхээ ард сандал дээрээ суусан, Хосхүү зогсоогоор нөгөө залуутайгаа барьцалдаад авсан. Шилэн аяга хагараад шалан дээгүүр тарсан, шингэн зүйл ширээ болон шалан дээгээр асгарсан байдалтай байсан. Хосхүүгийн хойноос нь татаад авахад Хосхүүгийн гар нь цус болсон байдалтай байсан. Хосхүүтэй зодолдож байсан залуугийн биед ямар бэртэл гэмтэл учирсныг анзаараагүй. Хосхүүг татаж аваад л шууд гадагшаа гарсан. Яг цохиж зодож байхыг хараагүй. Намайг очоод салгах үед гаднаас нэг залуу орж ирсэн, тэр залуу нөгөө залуу руу нь очиж байсан. ... Хосхүү намайг “хот руу хүргэж өгнө, машин жолоодон” гээд архи огт амсаагүй байсан. Тэгээд сүүлдээ би хотоос жолооч дуудахаар болоод сүүлийн нэг шил архийг задлаад ууж байхад тухайн үйл явдал болсон. Зодоон маргаан болохын өмнө бол Хосхүү их хэмжээний согтолтгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Гантигцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний бие ажил дээрээ байгаагүй. Гэтэл тэр өдөр “Баялаг кафе дотор зодоон болсон ажил дээрээ ирнэ үү” гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсний дагуу ажил дээрээ ирэхэд манай үүдний өрөөний ширээн дээр сууж байсан залуу бусдад зодуулсан гэсэн боловч намайг ирэхээс өмнө тухайн үйл явдал болоод өнгөрсөн, хүмүүс нь байхгүй байсан. Тэгээд мөрдөгч дэслэгч Чинзориг гэх залуу надтай ирж уулзахдаа “камерын бичлэг чинь хэд хоног хадгалах вэ” гэхээр нь “нэг сар хадгалдаг” гэхэд “би эргэж ирээд өнөөдрийн танай кафед болсон зодооны талаарх бичлэгийг хуулбарлаж авна шүү” гэж хэлээд явснаас хойш ирж бичлэг хуулж аваагүй. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Чинзориг “камерын бичлэгээ устгаж болохгүй шүү, би өөрөө ирж хуулбарлаж авна шүү, устгах юм бол арга хэмжээ авна шүү” гэсэн. Камерын бичлэг нэг сарын хугацаатай хадгалдаг бөгөөд тэр хугацаанд Чинзориг ирж аваагүй тул тухайн үйл явдал болсон камерын бичлэг устсан. Хүн зодсон гэх залуутай хамт явсан гэх эрэгтэй хүн манай байгууллагад учирсан 200.000 төгрөгийн хохирлыг барагдуулаад явсан. Тухайн төлбөр дотор захиалсан хоол унд, пивоны тооцоо, хагалсан шилэн аяга гэх мэтийн зардлууд орсон. Одоо манай байгууллагад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 08шэ/422 тоот:

1. Б.Орхонбатын

2. Дээрх

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.Хосхүүгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “... сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Үүдний булангийн ширээн дээр сууж байсан залуу “хөөе бандиа, наашаа хүрээд ир дээ” гээд дуудахаар нь намайг дуудаагүй байлгүй дээ гээд ойр хавьдаа хүн харахад надаас өөр хүн байгаагүй. Тэгэхээр нь би тэр хүн дээр очоогүй ба дахиад хоёр удаа “хөөе бандиа хүрээд ир” гэхээр нь би дэргэд нь яваад очсон. Дэргэд нь яваад очих хооронд “яадаг бандиа шуумараа үнсье” гэх мэтээр эвгүй эвгүй зүйл хэлээд байсан ба яваад очиход сандлынхаа ар талд тохойлдоод сууж байснаа очингуут эвгүй хөдлөнгүүт нь би намайг цохих нь гэж бодоод ширээн дээр нь байсан пивотой шилэн аягыг аваад зүүн шанаа руу нь нэг удаа цохьсон. Тэр үед гаднаас нэг залуу орж ирээд намайг салгаж авсан. Мөн Батжаргал ах өрөөнөөсөө гарч ирээд намайг салгаж авсан, гаднаас орж ирсэн залуу Батжаргал ах хоёр бараг зэрэг ирээд намайг салгаад авсан. Архи уух нь уусан байсан, гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Намайг бол зодож цохиогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “... тэмдэглэл/хх-ийн 3-5 дугаар тал/,

Н.Хосхүүгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35, 37-38, 41-47, 51-52 дугаар тал/,

Н.Хосхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/,

Н.Хосхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/,

Хохирогч Б.Орхонбатаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 61-66 дугаар тал/,

Өвчтөн /Б.Орхонбат/-ний карт /хх-ийн 69-72 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Хосхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Хосхүү нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч шүүгдэгч нар харилцан тохиролцож хохирогчоос эмчилгээний зардалд нэхэмжилсэн 7.800.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан тул гаргуулахаар шийдэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Орхонбат “гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй” гэснийг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархай хэсгүүдийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржин овогт Нэргүйн Хосхүүг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Нэргүйн Хосхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 (хоёр зуун дөчин нэг) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Хосхүү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хосхүүгээс нөхөн төлөхөө илэрхийлсэн 7.800.000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд гаргуулан хохирогч Б.Орхонбатад олгосугай.

5. Шүүгдэгч Н.Хосхүү нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Орхонбат “гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархай хэсгүүдийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Хосхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ