Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

                                                 Ц.П, Д.Б, Р.Х,

             Б.У нарт холбогдох

                 эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор Б.Сансарбаяр /цахимаар/, яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважав, яллагдагч Р.Х, Б.У нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох, 1924000930030 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ... багт оршин суух бүртгэлтэй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц-д овгийн Ц-ийн П, регистрийн дугаар .

Монгол улсын иргэн, .. өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, ээжийнхээ хамт Увс аймгийн ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Д-гийн Б, регистрийн дугаар ..

Монгол улсын иргэн, .. өдөр Увс аймгийн  суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, аавынхаа хамт Увс аймгийн ... оршин суух бүртгэлтэй, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хоёр жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хорих ялаар тогтоосон, мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгэж, 2020 оны 6 сарын 23 оны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг ялыг 2 жил 9 сар 14 хоног хорих яалаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Р-гийн Х, регистрийн дугаар.

Монгол улсын иргэн, .. Увс аймгийн . суманд төрсөн, . настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн ... оршин суух бүртгэлтэй, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Б-ийн У, регистрийн дугаар .

1. Яллагдагч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн .. сумын . багийн нутаг Цагаан усны ам гэх газраас бусдын 32 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 39.5 сая төгрөгийн, хохирогч Т.Э-д 22.8 сая төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Ц.П нь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Урт булаг гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын адуунаас 7 тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлж, түүнд 5.1 сая төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас яллагдагч Ц.П, Р.Х, Д.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт Ц ургийн овогт Ц-ийн П, Б ургийн овогт Д-гийн Б, Б ургийн овогт Р-гийн Х. Б ургийн овогт Б-ийн У нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1924000930030 дугаартай хэрэг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж,

яллагдагч Ц.П, Р.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагч Д.Б, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сумын дундын Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Сансарбаяр би Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичсэн. Уг шүүгчийн захирамжаар хэргийг 2 үндэслэлээр прокурорт буцаасан.

Нэгдүгээрт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Үүнд мөрдөгчөөс эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээчийг томилохдоо шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгч улмаар шинжээч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тавьсан асуултанд хариулах байдлаар хохирогч У.Батмагнайн эзэмшлийн сартай хүрэн зүсмийн үрээг хохирогч 4 сая төгрөгөөр үнэлсэн бол шинжээч 2.5 сая төгрөгөөр, хохирогч Г.Энхбатын хул зүсний шүдлэн үрээг хохирогч 2.5 сая төгрөгөөр үнэлсэн бол шинжээч 1.5 сая төгрөгөөр гэх мэт байдлаар буюу зах зээлийн үнэ ханшийг тогтоож шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, Энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасны дагуу хулгайлсан адууны үнэлгээг хийж, дүгнэлт гаргасан. Бусад шинжээчийн дүгнэлттэй харьцуулахад шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний аргачлалыг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй. Тус дүгнэлтийн арга, аргачлал дэлгэрэнгүй гарсан гэж үзэж байна.

Тухайн зах зээлд эд хөрөнгө ямар үнэтэй байна вэ гэдгийг шинжээч харьцуулж, судалж дүгнэлтийг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Батмагнайн эзэмшлийн 14 тооны адуунаас 12 тооны адуу, хохирогч Т.Энхбатын 18 тооны адуунаас 8 тооны адууг тус тус биет байдлаар буцаан өгсөн байх ба одоо дээрх тооны адуунууд нь хохирогчид байгаа эсэх нь тодорхойгүй, шинжээч дээрх дүгнэлтийг 2019 онд гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсний эцэст шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулснаар бодитой дүгнэлт гарах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна.

Харин тухайн үнэлгээг ямар арга, аргачлалаар гаргасан бэ гэдгийг дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулж, тодруулах боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, мөн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс зайлшгүй дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзэж байгаа бол шүүхийн шатанд шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой эрх хэмжээ байна.

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.П болон түүний өмгөөлөгчид танилцуулахад санал хүсэлт гаргаагүй. Мөн уг хэргийг Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх эд хөрөнгийн үнэлгээний талаар ямар нэг санал, хүсэлт гаргаагүй, шүүхээс энэ талаар дүгнэлт гаргаагүй боловч 2 жил 10 сарын хугацаа өнгөрсний дараа шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах талаар хүсэлт гаргасан нь мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй нөхцөл байдал гэж үзэж байна.

Хоёрт байцаалтын ажиллагааг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Лхагварагчаа нь дуусгаж, хэргийг прокурорт шилжүүлэх үед Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд Ц.П нь хоригдож байсан учраас 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважавын 99077367 дугаарын утсаар ярьж, эрүүгийн 1924000930030 дугаартай хэргийн материалтай танилцуулах талаар мэдэгдэхэд өмгөөлөгч Б.Лхагважав нь “Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очиж хэргийн материалтай танилцах боломжгүй байна” гэснийг тэмдэглэсэн талаарх баримт 4-р хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-т мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ гэж заасан. Иймээс уг хэргийн материалтай яллагдагч, өмгөөлөгчийг танилцах боломжийг олгосон гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэх эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

5. Яллагдагч Р.Х, Б.У нарын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах асуудал хөндөгдсөн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай гэж үзэж байгаа нь зөв байна.

Хавтаст хэрэгт 2 удаагийн шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүд байдаг. Тухайн шинжээч томилсон тогтоолоос харахад шинжээчийн мэдэлд шинжилгээний объект болгож хүргүүлсэн зүйл юу ч байхгүй.Р.Х, Б.У нарын хувьд ч тухайн адуу, малын үнэлгээ нь хэт өндөр үнэлгээтэй гэх байр суурьтай байдаг. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэгт авагдсан баримтыг үзэхэд үрээ морийг 3 өөр янзаар буюу 1 сая, 1.5 сая, 800 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн удам угшил сайтай гэж 2.5 сая төгрөгөөр бараг 4 өөр янзаар үнэлсэн. Ямар баримтаар удам угшил сайтай болохыг тогтоосон байна вэ гэвэл овооны баярт айрагдаж байсан гэдэг. Үүнийг удам угшил сайтай хурдан морь гэж үзэх эсэх нь эргэлзээтэй.

Мөн тухайн шинжээчийн дүгнэлтэд англи азарганы 50 хувийн цустай, орос Будённы үүлдрийн 75 хувийн цустай, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас худалдаж авсан, удам угшил сайтай гэж нэрлэдэг. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ямар адуунаас худалдаж авбал бусад адуунаас үнэтэй байх ёстой вэ, энэ морь ийм учраас бусад морьдоос илүү үнэтэй гэдгийг нотлох ёстой байсан. Шинжээч англи азарганы 50 хувийн цустай, орос Будённы үүлдрийн 75 хувийн цустай гэдгийг яаж тогтоосон гэдэг тодорхойгүй, энэ талаар зөвхөн хохирогч  л мэдүүлсэн байдаг.

Хохирогчийн хэлсэн зүйлийг тэмдэглэл болгосон. Шинжээч томилж байхад яллагдагч нараас буцааж авсан морьдыг мал хүлээлцэх тэмдэглэлээр хохирогч нарт хүлээлгэж өгсөн байсан. Шинжээч биет байдлаар шинжилгээний объекттой танилцаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Прокурор дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн санал гаргаж байгаа боловч энэ нь хууль зүйн хувьд хэрэгжих боломжгүй. Дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зохицуулалт байхгүй байхад ямар хуулийн ямар заалтаар буцаах вэ. Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, захирамжид дурдсан ажиллагааг хийлгүүлж өгнө үү.

Мөн Р.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Р.Х нь өндөр настай аавын хамт амьдардаг. Р.Хгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн асуудал байдаггүй. Харин 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Р.Хг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шүүх хуралдаанд ирсэн нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт очих хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах хэрэгцээ шаардлагатай үе ирсэн учраас түүнд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож захирамжид өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна” гэв.

6. Яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор хэрэг үйлдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулснаар бодитой дүгнэлт гарах эсэх нь эргэлзээтэй гэж байна.

Энэ хэрэг нь олон жил үргэлжилж байгаа. Ц.П нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хоригдож байсан одоо Увс аймагт шилжиж ирсэн байдаг. Хэргийн материалтай танилцаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргах боломж байгаагүй. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаж, 3 яллагдагчийг нэмж татсан. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг зарлуулсан.

Шинжээч хурдан удмын угшилтай гэж дүгнэлтдээ бичсэн боловч ямар угшилтай, хаана, хэзээ уралдаж байсан, нэг адуунд 3 янзын өөр өөр үнэлгээг гаргасан байдаг. Хохирогч малаа нэхэмжилсэн дүнгээр шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд дахин шинжээч томилж, үнэлгээ гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Прокурор яллагдагч, өмгөөлөгчид танилцах боломжийг олгосон гэдэг.

Мөрдөгч над руу ярьсан. Би хэрэг Увс аймагт шилжиж ирэх үед нь танилцана гэдгээ хэлсэн. Яллагдагч Ц.Пт яаж хэргийг танилцуулсан нь тодорхойгүй байдаг. Ц.П нь бичиг, үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцуулаагүй гэдгээ хэлдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Иймд хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.П, Р.Х,  Д.Б, Б.У нарт холбогдох, 1924000930030 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Прокуророос яллагдагч Д.Б, Р.Х, Б.У нарыг Ц.Птай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг Цагаан усны ам гэх газраас бусдын 32 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Батмагнайд 39.500.000 төгрөгийн, хохирогч Т.Энхбатад 22.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- яллагдагч Ц.Пыг Д.Б, Р.Х, Б.У нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг Цагаан усны ам гэх газраас бусдын 32 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Батмагнайд 39.500.000 төгрөгийн, хохирогч Т.Энхбатад 22.800.000 төгрөгийн хохирол,

-  мөн 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг Урт булаг гэх газраас тус сумын иргэн Н.Бат-Очирын 7 тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлж 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

3. Анхан шатны шүүх Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважавын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

- Хөрөнгийн үнэлгээний шинжээч нь хулгайлагдсан адуунуудыг үнэлэхдээ ямар аргачлалаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй,

- мөрдөгч нь яллагдагч Ц.Пт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны материалыг буюу хэргийн материалыг танилцуулаагүй, танилцах боломж олгож яллагдагчийн эрхийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

3.1. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой юм.

3.2.Мөрдөн шалгах ажиллагаагаар Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотлогдвол зохих зүйл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Тодруулбал, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хохирогч У.Батмагнай, Т.Энхбат нарын хулгайд алдагдсан адууны үнэлгээг “Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Г.Заяа гаргахдаа үнэлгээний тайландаа тусгавал зохих зүйлүүдийг тусгаагүй, уг адуунуудын үнэ цэнийг тогтоосон үндэслэл тодорхойгүй, уг адуунуудын үнэлгээг гаргахдаа ашигласан баримт мэдээллээ тусгаагүй, өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлтдээ уг адуунуудыг удам угшил сайтай гэж дурдсан байх ба энэ үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

Хохирогч У.Батмагнай, Т.Энхбат нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: хулгайд алдсан адуунуудаа хурдан удмын, угшил сайтай адуу гэж тодорхойлж, адуу тус бүрээр үнэлсэн байх бөгөөд энэ талаар буюу уг адууны үүлдэр, угшлын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. 

3.3 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид материаллаг хохирол учирсан байхыг шаардсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол, хор уршиг учирсныг тогтоох шаардлагатай бөгөөд эдгээрийг нотлоогүй нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсгүүдэд зааснаар мөрдөгч нь мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл хэргийн материалыг хэргийн оролцогчид танилцуулах үүрэгтэй.

Яллагдагч Ц.П нарт холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны материалыг яллагдагч Ц.Пд танилцуулаагүй болох нь нотлогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Яллагдагч хэргийн материалтай танилцсанаар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах, шүүх хуралдаанд дуудаж оролцуулах этгээдийн талаар хүсэлт гаргах зэрэг байдлаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг эдлүүлээгүй нь яллагдагчийн үндсэн эрхийг зөрчиж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

5. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “ мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийг прокурорт шилжүүлэх үед яллагдагч Ц.П нь Увс аймгийн цагдан хорих байранд цагдан хоригдож байсан тул түүний өмгөөлөгч Б.Лхагважавд мэдэгдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн  зүйлийн 9-т заасан “ нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны матераилыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна” гэх заалттай нийцэхгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч цагдан хоригдож байгаа нь түүний хуульд заасан эрхээ эдлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

7. Шүүгдэгч Р.Хгийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан : “ Р.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү “ гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

7.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Р.Хд 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар бичгээр баталгаа гаргуулж, уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг түүнд тайлбарлан өгсөн байна.

7.2. Яллагдагч Р.Х нь анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ ирснээр шүүхийн хэлэлцүүлгийг явуулах боломжгүй нөхцөл үүсч, шүүүхээс хэлэлцүүлгийг хойшлуулж,   яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасантай нийцсэн гэж дүгнэв.   

Яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт согтуу ирсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсон байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл нь түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх яллагдагч Р.Хг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хүлээлгэсэн үүрэг буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв байх бөгөөд давж заалдах  шатны шүүхээс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоодохгүй байна гэж дүгнэж, яллагдагчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/295 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан өмгөөлөгч Б.Батгэрэлийн яллагдагч Р.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН