| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04095/И |
| Дугаар | 102/ШШ2024/04736 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/04736
| 2024 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/04736 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 6-13 тоотод байрлах, “Ч ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, “Б”-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ч ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн “Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 5/9 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШН2022/00020 дугаар "Ч" ХХК, Л.Н, Э.А нараас 956.658.452 төгрөг гаргуулж "Х" ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Банкны Төлбөр Барагдуулах Газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч "Ч ББСБ" ХХК-ний өмчлөлийн Y-2205037905 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, /16051/Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр, 6-13 тоотод байрлах 142.51 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Н-ийн өмчлөлийн Y-2206058347 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, 32а дугаар байр, 43 тоотод байрлах 93.01 мкв талбайтай 4 өрөө орон сууц, .А-ын өмчлөлийн У-2203011990 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байр, 10 тоотод байрлах 180 мкв талбайтай 4 өрөө орон сууцанд албадах ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч Б нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр, 6-13 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээч томилуулан үнэлүүлсэн үнэлгээг өмчлөгч хүлээн зөвшөөрөөгүй тул тухайн үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасны дагуу 2023.10.04-ны өдөр шүүхэд гомдол гаргаж иргэний хэрэг үүсгэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш2024/01160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00858 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл 210/МА2024/00858 дугаар магадлалыг шүүхээс албажин бичгэн хэлбэрээр нэхэмжлэгч "Ч ББСБ" ХХК гардаж аваагүй, Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх үүсээгүй байхад хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэгч Д.М нь хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3/2225, 3/2228 дугаар мэдэгдлүүдийг манай компанид гардуулсан. Улмаар хариуцагч БТБГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шүүхийн маргаан эцэслэж шийдвэрлэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах хуулийн хугацаа болоогүй байхад хууль зөрчиж Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаар тогтоолоор 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Анхны албадан дуудлага худалдаанд оруулсанд нэхэмжлэгч маш их гомдолтой байгаа.Тухайлбал манай компани итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00858 дугаар магадлалыг 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдөр шүүхээс гардаж аваад Улсын Дээд Шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хяналтын гомдлоо гаргаад байна. /Нотлох баримтаар хавсаргав/. Ер манай компани төлбөрөө төлөх талаар төлбөр авагч "Х" ХХКомпанид удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хариу өгдөггүй учраас хариуцагч БТБГ-аар дамжуулан албан ёсоор үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн 1.270.000 төгрөгөөр төлбөртөө тооцон өгөх 2024.05.06-ны өдрийн 28/24 дугаар хүсэлтийг өгсөн боловч төлбөр авагч банк хариу өгөөгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М нь төлбөр авагч банкинд талд давуу байдал олгон, үл хөдлөх эд хөрөнгийг маань хууль бусаар 956.658.452 төгрөгт тооцон өгөхөөр одоо улайран дайрч, дарамтлан, өмчлөгч компани эрхийг ноцтой зөрчсөөр байна. Одоо нэхэмжлэгч "Ч ББСБ" ХХК нь хариуцагч БТБГ хөрөнгийг дуудлага худалдаанд оруулна гэдгийг мэдээд 2024.05.09-ны өдрийн 29/24 дугаар албан бичгээр Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Хошууч Ц.И-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гомдол гаргасан боловч тэрээр 2024.5.14-ний өдрийн 24/09 дугаар тогтоолоор гомдлын хүлээж аваагүй. Иймээс 2024.5.16-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гомдол гаргасан ч мөн хүлээж авахгүй гэж 2024.06.07-ны өдрийн 09/1754 дугаар албан бичгээр хариу өгсөн. Хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн албадан худалдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өмчлөгч компани Иргэний хуулиар олгогдсон өмчлөх эрх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааг ноцтой зөрчсөн учраас Иргэний хуулийн 9 дүгээр 9.4.7-т заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар ийнхүү шүүхэд гомдлоо гаргаж байна.Иймд нэхэмжлэгч "Ч ББСБ" ХХК-ний өмчлөлийн Y-2205037905 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, /16051/Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр, 6-13 тоотод байрлах 142.51 мкв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан хариуцагч БТБГ-ын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн "Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай" 5/9 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00020 дугаар шийдвэрээр "Ч ББСБ" ХХК, Л.Н, Э.А нараас 956,658,452.57 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 5,011,442 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд. Төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "Чонофинанс ББСБ" Компани, Л.Н, Э.А нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргадаггүй. Иймд төлбөр төлөгч "Ч ББСБ" Компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23360314/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23360314/10 дугаар тогтоолоор хураан шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч тэмдэглэл хөтөлсөн. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч "Ч ББСБ" ХХК-нь 2.137.650.000 төгрөгөөр, төлбөр авагч ХХХбанк үнийн санал ирүүлээгүй тул 2024 оны 05 дүгээр сарын 07-ны өдрийн 9/08 дугаар тогтоолоор хөрөнгө үнэлгээний "Ашид билгүүн” ХХК томилоход 1.451.104.799 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч тал хүлээн зөвшөөрөөгүй байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01160 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/MA2024/00858 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 1,015,773.359 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 05 дугаар сарын 25-ны зохион байгуулах талаар төлбөр төлөгч, авагч нарт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/2225, 3/2228 албан бичгээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн албадан дуудлага худалдааны тогтоолыг гаргаж мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн 12 цаг 58 минутад /948039993/ дугаарт залгаж мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Мөн цахим хаяг /viber/-т илгээж баталгаажуулж, Монгол шуудангаар 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн боловч төлбөр төлөгч Л.Н заасан хаягтаа байхгүй гэж буцаасан. Хаягийн баталгаа авахад Сүхбаатар дүүрэг,5 хороо, 5 дугаар хороолол, төмөр замын 39 дүгээр байр, 80 тоот хаягт оршин суух хаят очиж ажиллагаа хийсэн. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны 5/9 дугаар тогтоол болон 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/2225, 3/2228 дугаар мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Ч ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх-5-10/, Ч ББСБ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-11/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-12/, Б-ын мэдэгдэл /хх-13-14/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-17/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-41/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-47/, хариу тайлбар /хх-48-49/, гүйцэтгэх хуудас /хх-50/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-51-55/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-56/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-57/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-58/, Үл хөдлөх, эд хөрөнгө түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-59/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-60-61/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-62/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-65/, шинжээч томилох тухай тогтоол /хх-70/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-82/, хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-91/, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-92-93/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-94/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч -т холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:
2.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00020 дугаартай шийдвэрээр “Ч ББСБ” ХХК нараас 956,658,452 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
2.2. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 643 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Б алба нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 23360314 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.
2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, **-р байр, үйлчилгээний 6-13 хэсэг тоотод байрлах эрхийн улсын Ү-2205037905 дугаарт бүртгэлтэй 142.51 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 5 сарын 13-ны өдрийн 23360314/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23360314/10 дугаартай тогтоолоор хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар талуудаас тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй байна.
2.4.Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/08 дугаартай тогтоолоор “А” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад тус үл хөдлөх эд хөрөнгийг 1,451,104,799 төгрөгөөр үнэлсэн байна.
2.5 Төлбөр төлөгч нь уг үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01160 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00858 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.6. Хариуцагч байгууллага нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5/9 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол үйлдсэн байх бөгөөд уг тогтоолд анхны албадан дуудлага худалдааны үнийг 1,015,773,359 төгрөгөөр тогтож, анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь энэхүү 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5/9 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ ...тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдээгүй, ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах хуулийн хугацаа болоогүй байхад анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч тал энэхүү тайлбараа нотлохоор Улсын дээд шүүхэд гаргасан гэх гомдол болон өмгөөлөгчийн тайлбарыг нотлох баримтаар өгсөн байх боловч уг гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын өгсөн дээрх баримтыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
5. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг тодорхойлсон байх бөгөөд уг үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 23360314 дугаартай тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ”Чонофинанс ББСБ” ХХК-ийн хариуцагч Б-т холбогдуулан гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай “Анхны дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА