Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 120

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч С.Бат-Өлзий,

шүүгдэгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Батаагийн Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002400042 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1953 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайн малтагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй групт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 52 дүгээр байрны 6 тоотод оршин суух, регистрийн УЕ53092811 дугаартай, Боржигин овогт Батаагийн Жаргалсайхан нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Эссо” ХХК-ийн хүнсний дэлгүүр дотор иргэн С.Бат-Өлзийд архи зарахгүй, өмнөх өрөө өгөөгүй байж гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас өөр хоорондоо маргалдаж улмаар хүрзийг зэвсгийн чанартайгаар ашиглаж түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Жаргалсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Эссо” ХХК-ний хүнсний дэлгүүрээс С.Бат-Өлзий согтууруулах ундааны зүйл архи авах гэтэл “архи зарахгүй, өмнөх өрөө өгөөгүй” гэж маргалдан түүнийг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

         Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бат-Өлзийгийн өгсөн: “Би тус дэлгүүрээс байнга зээл авч, цалин буухаар төлдөг байсан. Тухайн өдөр 2300 төгрөг дутуу байхад 33 граммын архи авсан. Маргааш нь архи авъя гэхэд худалдагчтай ярьж байхад, Б.Жаргалсайхан дэлгүүрт орж ирээд “намайг гараад ир” гэсэн. Тэгээд миний толгой руу хэдэн удаа цохьсон. Би аргагүйн эрхэнд жоотуу барьж өөрийгөө хамгаалсан. Би Б.Жаргалсайханд гар хүрч, ямар нэгэн хохирол учруулаагүй. Намайг эхэлж жоотуу барьсан гэж мэдүүлсэн байсан. Би эхэлж жоотуу бариагүй. Б.Жаргалсайхан бид нар нэг байранд олон жил хамт амьдрах учир надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 493 дугаар:

“1. С.Бат-Өлзийгийн биед баруун зулай хэсэгт шарх, баруун чамархай, дагзны баруун хэсгийн хуйх, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, баруун, зүүн шуу, баруун гуя, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ гэж заасан ба уг гэмт хэрэг нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдэж, тухайн өдрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэн мөрдөгч 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналаа прокурорт хүргүүлж, прокурор нь нэмэлт ажиллагаа явуулах талаар эрх зүйн акт гаргаагүй атлаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэх түүнээс хойш 15 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдсэн зэргээс үзэхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тусгай журмын нэмэлт ажиллагаа хийх 14 хоног, даруй гэсэн хугацааг зөрчин хэрэг бүртгэлтийн ерөнхий хугацаанд хамааруулж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны утгыг алдагдуулж байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 500.000 төгрөг төлсөн, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Батаагийн Жаргалсайханг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Жаргалсайханд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Жаргалсайханд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Жаргалсайханд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Б.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Жаргалсайханд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ