| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 21351870061 |
| Дугаар | 2022/ДШМ/54 |
| Огноо | 2022-10-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/54
М.А, Ц.Ө, Б.Б,
Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Т.Уянга нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн М.А, Ц.Ө, Б.Б, Г.Т нарт холбогдох, 2135001870061 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б ургийн овогт М-ийн А, ..өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, ..., эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ... ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, нөхөр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багийн ..тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Монгол Улсын иргэн Т ургийн овогт Ц-гийн Ө, ... өдөр Увс аймгийн .. төрсөн, ..настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн .. ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .. багийн .. тоотод оршин суудаг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Монгол Улсын иргэн Н ургийн овогт Б-гийн Б, ... өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл хоёр, эхнэрийн хамт ...түр оршин суудаг .урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Монгол Улсын иргэн Б овогт Г- Т, .. Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом суманд ... ажиллуулдаг, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн ... баг, .. хотхоны . оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
1. Шүүгдэгч М.А нь нийтийн албан тушаалтнаар буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаартай “Хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хавсралтад заасан Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй байсан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөгөөр, 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр тус тус нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалах зөвшөөрлийн дагуу дуудлага худалдааг зохион байгуулахдаа 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг тухайн газарт жолоочоор ажиллаж байсан Б.Бд өгөхөөр урьдчилан амласан, мөн зохион байгуулах ажлын хэсэг байгуулж дуудлага худалдааг явуулах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, дуудлага худалдааны үйл ажиллагаанд явцын хяналт хийгээгүйгээс, дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэлбэрийн төдий, хууль бус болох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгож 22.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт;
-шүүгдэгч Ц.Ө нь нийтийн албан тушаалтнаар буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаартай “Хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хавсралтад заасан Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй байсан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөгөөр, 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр тус тус нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалах зөвшөөрлийг үндэслэн, нэгжийн удирдлага буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тушаалгүйгээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдааг хэлбэрийн төдий зохион байгуулж, тус газар жолоочоор ажиллаж байсан Б.Б, өөрийн найз Г.Т нарыг 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын автомашины нээлттэй дуудлагын худалдаанд оролцуулж, шүүгдэгч Б.Быг ялуулж, түүгээр дамжуулан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг өөртөө авсан. Мөн 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг худалдахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан нийтлэг журмыг зөрчиж тухайн байгууллагад жолоочоор ажиллаж байсан Б.Бд давуу байдал бий болгож 550’000 төгрөгөөр худалдаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож 22’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт;
- шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Өын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын автомашины дуудлагын худалдаанд оролцон ялж, уг тээврийн хэрэгслийг Ц.Өын хамаатан Б.Төрбаярын нэр дээр шилжүүлэн өгч түүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож 12’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн. Мөн Увс аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.А, ерөнхий нягтлан бодогч Ц.Ө нартай харилцан тохиролцож 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашины дуудлагын худалдаанд ганцаараа оролцож ялагчаар шалгарч өөртөө давуу байдал бий болгож 10’000’000 төгрөгийн буюу нийт 22’360’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт;
- шүүгдэгч Тулга нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Өын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй 40-80 УВА улсын дугаартай Ланд крузейр-80 загварын автомашины дуудлагын худалдаанд оролцож, Ц.Өын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлж 12.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт тус тус хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч М.А, Ц.Ө, Б.Б, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бууч ургийн овогт Маамуугийн Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Таргад ургийн овогт Цэндсүрэнгийн Өлзийбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Нуур долоо ургийн овогт Бүрнээгийн Батчулуун, Бороош ургийн овогт Ганбаатарын Тулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж 12’500 (арван хоёр мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’500’000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Ц.Ө-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6’500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’500’000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Г.Т-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 5’500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’500’000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-ад оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг, Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашиныг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлж,
-шүүгдэгч нар нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 12’500’000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр,
- шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6’500’000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр,
- шүүгдэгч Г.Тд оногдуулсан 5’500’000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараагаас, шүүгдэгч М.А, Б.Б, Г.Т нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай, Тоёото Ланд Круйзер-80 загварын 32-08 УАР улсын дугаартай автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Т.Уянга нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, Харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 22.360.000 төгрөгийг хохирогч Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүрэн нөхөн төлж, гэм хорыг арилгасан. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа бөгөөд миний бие хэрэгт шалгагдсан үеэс хойш өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, гэм хорыг арилгах талаар санаачлага гаргасаар ирсэн.
Миний бие хувийн байдлын хувьд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 2-2 тоотод эхнэр, 0-12 насны 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Бага охин маань төрөөд одоо 1 сар гаруй болж байгаа эхнэр төрөөд удаагүй болохоор хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, 2 том хүүхэд маань ерөнхий боловсролын сургуульд сурдаг, 3 дахь хүүхэд цэцэрлэгийн насны хүүхэд байдаг. Би гэмт хэргийн улмаас хохиролд 22.360.000 төгрөгийн хохирлыг төлөхдөө 2 жил 6 сарын хугацаатай цалингийн зээл авч төлсөн. Тус зээлийн гэрээний дагуу сарын 878.000 төгрөгийн эргэн төлөлт хийгдэх ёстой. Одоогоор эхнэр амаржаад удаагүй тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна.
Ар гэрт ажил, хөдөлмөр эрхлэх хүн байхгүй. Үүнээс болж банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэх асуудал үүсэх эрсдэл үүсээд байна. Мөн сургууль, цэцэрлэг орох гэж байгаа тул хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл хийх, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, гэр бүлээ тэжээн тэтгэхээс эхлээд ар гэрт хүндрэлтэй асуудлууд маш их байна.
Иймд миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, ниймгээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Ц.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бодлогогүй алхам хийж гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Үүнээс болж манай байгууллагын нэр хүнд, надад итгэж байсан хамт олон, найз нөхдийнхөө итгэлийг алдсандаа харамсаж байна. Миний хийсэн хэргийг уучилж өршөөнө үү. Намайг нийгмээс тусгаарлахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.
6. Шүүгдэгч Ц.Өын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгч Ц.Ө болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, хэргийн бүрдлийн талаар маргах зүйл байхгүй.
Мөрдөн байцаах ажиллагааны үеэс шүүгдэгч Ц.Ө нь өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн болон болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлж байсан. Мөн өөрийнхөө буруутай үйлдлээс болж хамт ажиллаж байсан хүмүүс болон найз нөхдийгөө хэрэгт татан оруулж гэмт хэрэгтэн болгосондоо гэмшиж харамсаж байгаагаа болон эдгээр хүмүүст аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдэд болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж оногдуулахаар хуульчилсан байдаг. Хохирлын тухайд УАЗ 469 машиныг 10 сая төгрөгөөр үнэлсэн. Тухайн машиныг шүүгдэгч Батчулуун нь өөрийн эзэмшилд авсан нь тогтоогдсон. Ц.Ө нь хохирлыг яагаад ганцаараа төлсөн бэ гэвэл миний хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас болж манай байгууллагад хохирол учирсан гэж үзсэн. Шүүгдэгч Батчулуун нь миний аав шиг өндөр настай, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүн гэж үзэж өөрийн ажлаа өгч байгаа боловч хувиараа ажил хөдөлмөр эрхлээд орлого олоод тухайн төлбөр мөнгийг төлнө гэсэн хандлага, санаачилгаар төлсөн.
Ажиллаж байсан байгууллагаа хохиролгүй болгоё гэдэг үүднээс хэргийн улмаас учирсан 22.360.000 төгрөгийг би өөрөө төлнө гэдэг байдлаар хандаж тухайн хохирол төлбөрийг цалингийн зээл авч төлсөн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээс харахад өөрийн хийсэн хэрэгтээ яаж хандаж байгаа, ямар дүгнэлт хийсэн, хэрхэн гэмшиж харамсаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Үүнээс гадна Ц.Ө нь төлөвшил зан байдлынхаа хувьд нийтэч төлөв даруу хүн байдаг. Гэмт хэрэг үйлдэж ажлаасаа чөлөөлөгдсөн боловч ур чадвартай, чадварлаг боловсон хүчин байсан. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Шүүгдэгч нь гэр бүлийн хувьд 0-12 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь 3 сар 9 хоногтой, дараагийн хүүхэд нь цэцэрлэгийн насны, мөн дараагийн 2 хүүхэд нь сургуульд сурдаг гэр бүлийн хувьд ийм нөхцөл байдалтай амьдардаг. Ц.Өын гэр бүлд хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Эхнэр нь амаржаад удаагүй учраас хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Ц.Өад эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөөр 2020 оны 4 дүгээр сард 30 сарын хугацаатай 20 сая төгрөгийн цалингийн зээлийг авсан. Тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтөд сарын 870.000 төгрөг төлдөг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн сонгох санкцтай гэмт хэрэг байдаг. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэр бүл, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтээ: “Шүүгдэгч Ц.Ө, М.А, Б.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хүлээж аваад 2022 оны 8 дугаар сарын 08-ний өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч М.А, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тулга, Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн хувьд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт үйлдлийн арга зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт цээрлүүлэх ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж хорих ял биечлэн эдлүүлэх саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Ц.Өын хохирол төлсөн, Ц.Ө нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд прокуророос санал болгосон 3 жил хорих ялыг хөнгөрүүлж, 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Бусад шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хувьд итгэл үнэмшилтэй байна. Ийм учраас шүүгдэгч Ц.Өын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Шүүгдэгч М.Аийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс 12.500.000 төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хассан. Анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзсэн. Тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байдаг.
Ц.Өын үйлдлийн улмаас М.А нийтийн албанд ажиллах эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулсан. Тухайн хэргийг хэн санаачилсан бэ гэдэгт шүүх ач холбогдол өгсөн. Шүүх нь үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзсэн. Шүүгдэгч Ц.Өын хууль бус шунахай сэдэлтэй үйлдсэн хэргээс болж 3 хүн хэцүү байдалтай болсон. Мөн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан. Шүүхээс оногдуулсан хорих ял нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ц.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолтой, 2135001870061 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Т.Уянга нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч М.А, Ц.Ө, Б.Б, Г.Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн байна.
3.1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 дугаар “Хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай ” тогтоолоор Увс аймгийн Мал эмнэлгийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүд болох 40-80 УВА улсын дугаартай, Ланд круйзер-80 загварын автомашиныг нэг сая төгрөгөөр, 00-33 УВА улсын дугаартай, УАЗ-469 загварын суудлын автомашиныг таван зуун мянган төгрөгөөр үнэлэн тус тус нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрлийг олгосон байна.
Төрийн байгууллагын эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн байгууллагын дарга нь байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтын дор зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.А нь энэ үүргээ биелүүлээгүй, мөн тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч Ц.Ө нь дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад өөрөө зохион байгуулж дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж, оролцох хүсэлт гаргасан этгээдүүдийг үндэслэлгүйгээр татгалзсан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг төлөөлсөн этгээдийг оролцуулаагүй,
түүнчлэн УАЗ-31512 загварын, 00-33 УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд зөвхөн нэг оролцогч оролцуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасныг тус тус зөрчиж, илт хууль бус дуудлага худалдаа зохион байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
3.2. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.А нь дээрх 702 дугаар тогтоолын дагуу дуудлага худалдааг зохион байгуулах комисс /ажлын хэсэг/ томилсон шийдвэр гаргах үүргээ биелээгүйгээс дуудлага худалдаа хэлбэрийн төдий, хууль бус явагдах нөхцлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон, мөн тус байгууллагад жолоочоор ажиллаж байсан Б.Бд тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-33 УВА улсын дугаартай, УАЗ-469 загварын суудлын автомашиныг дуудлага худалдаанд оролцуулах нэрээр өгөхөөр урьдчилан амалж, дуудлага худалдаанд ганцааранг нь оролцуулж ялагчаар тодруулж, бусдад давуу байдал бий болгосон,
- шүүгдэгч Ц.Ө нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тушаал, шийдвэр гараагүй байхад 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдааг хэлбэрийн төдий зохион байгуулж, тус газрын жолоочоор ажиллаж байсан Б.Б болон өөрийн найз Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэднийг 40-80УВА улсын дугаартай, Ланд круйзер-80 загварын автомашины нээлттэй дуудлагын худалдаанд оролцуулж, шүүгдэгч Б.Быг ялуулж, түүгээр дамжуулан 40-80 УВА улсын дугаартай Ланд круйзер-80 загварын тээврийн хэрэгслийг өөртөө авч, өөртөө давуу байдал бий болгосон,
мөн 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулахдаа тухайн байгууллагад жолоочоор ажиллаж байсан Б.Быг ганцааранг нь оролцуулж, ялагчаар тодруулж, 550.000 төгрөгөөр худалдаж, бусдад давуу байдал бий болгосон,
- шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Өын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 40-80 УВА улсын дугаартай, Ланд круйзер-80 загварын автомашины дуудлагын худалдаанд оролцон ялж, уг тээврийн хэрэгслийг Ц.Өын хамаатан Б.Төрбаярын нэр дээр шилжүүлэн өгч, түүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлж оролцсон,
- мөн Увс аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.А, ерөнхий нягтлан бодогч Ц.Ө нартай урьдчилан тохиролцож, 00-33 УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашины дуудлагын худалдаанд ганцаараа оролцож ялагчаар шалгарч, өөртөө давуу байдал бий болгосон,
- шүүгдэгч Тулга нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Өын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй, 40-80 УВА улсын дугаартай, Ланд крузейр-80 загварын автомашины дуудлага худалдаанд оролцож, Ц.Өын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлж оролцсон болох нь тус тус хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
- гэрч С.Долгормаа / Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн/-ийн өгсөн : “ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бол дуудлага худалдаанд хоёроос дээш хүн оролцсон тохиолдолд дуудлага худалдааг хүчинтэйд тооцно. Нэг оролцогч оролцсон тохиолдолд дуудлага худалдааг хүчингүйд тооцож, цуцална. Дуудлага худалдаа явуулах нийтлэг процесс нь тухайн дуудлага худалдааг явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдаа явагдах зар мэдээг нийтэд мэдээлнэ. Дуудлага худалдааны зар явуулсны дараа дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг 3-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Уг ажлын хэсгийг байгууллагын дарга, эрхлэгчийн тушаалаар байгуулж, уг ажлын хэсэг дуудлага худалдааг зохион явуулна. Дуудлага худалдааг тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрээр зохион байгуулж болохгүй. Дуудлага худалдаа явагдах өдөр дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлийг бүртгэж, худалдаа явагдахаас 30 минутын өмнө дуусгавар болгоно. Дуудлага худалдааг 10 цагт эхлэх байсан бол 08 цаг 40 минутад ирсэн оролцогчийг бүртгэн оролцуулна” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 72-73-р тал/,
- гэрч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “ Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр явагдсан Увс аймгийн Мал эмнэлгийн газрын автомашин худалдах дуудлага худалдаанд оролцохоор өглөө 08 цаг 40 минутад очиж, материалаа өгөх гэтэл тус газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Ө : “чи материалаа бүрдүүлж амжихгүй ” гэж хэлсэн. Би ямар материал бүрдүүлдэг талаар асуусан чинь надад ямар нэгэн юм хэлээгүй атлаа “чи 09 цаг хүртэл амжихгүй” гээд байсан. Би иргэний үнэмлэх, дэнчингийн мөнгөө бэлэн аваад очсон боловч намайг оруулаагүй. Тэр үед дуудлага худалдаанд оролцохоор өөр бас нэг залуу ирсэн байсан. Тэр нь Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бадаа гэх засварын газарт ажиллаж байсан Мөнхөө гэх залуу байсан. Тэр залууг бас оролцох боломжгүй гэж Ц.Ө хэлээд явуулж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53, 55 дугаар хуудас);
- гэрч И.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Мал эмнэлгийн газрын явуулсан автомашины дуудлага худалдаанд оролцож чадаагүй. ...Дуудлага худалдаа болдог өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30-40 минутын үед бичиг баримт, бэлэн мөнгөө аваад очсон. Тэгсэн уг байгууллагын нягтлан бодогч гэх зүс таних залуу “дуудлага худалдаа явагдах цаг болсон, одоо хүн бүртгэж авахгүй яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “намайг оруулаад өгөөч, эхлээгүй байгаа юм чинь би ороод үзье” гэхэд “оруулах боломжгүй, хууль дүрмээрээ цаг болсон үед хүн бүртгэдэггүй юм” гээд оруулаагүй. ...Би очих үед нэг настай ах дуудлага худалдаанд орно гээд мөнгө тушаагаад яваад байсан” гэх мэдүүлэг (2 –р хх-ийн 210 дугаар хуудас),
- шүүгдэгч Г.Т-ын яллагдагчаар өгсөн: “...Ө нь манай эхнэртэй үеэлүүд, мөн бид нар гэр бүлийн найзууд юм. Би Увс аймгийн Мал эмнэлгийн газар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай, УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаар Ц.Ө-аас мэдсэн. Тэр надаас “дуудлага худалдаанд оролцох боломжтой юу” гэхээр нь би Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцмоор байна гэж хэлсэн. Уг дуудлага худалдаа эхлэхээс өмнө 1-2 хоногийн өмнө би Ц.Ө-аас тухайн автомашиныг хэр машин бэ гэж асуухад тэр унасан автомашин гэж хэлсэн. Тэгэхээр нь унасан машин дэмий гэж бодоод сэжиг хүрээд Ц.Ө-ад орохгүй гэдгээ хэлсэн юм. Тэгэхэд Ц.Ө “чи дуудлага худалдаанд оролцоод 1.5 сая төгрөг хүртэл дуудаад өг” гэж хэлсэн. Би зөвшөөрч уг дуудлага худалдаанд оролцож үнийн дүнг 1.5 сая төгрөг хүртэл өсгөөд зогсоосон ба тэр үед надтай хамт дуудлага худалдаанд оролцсон Мал эмнэлгийн газрын жолоочоор ажиллаж байсан Б.Б гэх ах уг автомашиныг 1’550’000 төгрөгөөр дуудаж ялагчаар шалгарсан. ...Би тухайн дуудлага худалдаанд автомашин авах зорилгогүй, Ц.Ө-ын гуйлтаар очиж оролцсон. Би Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцохдоо дэнчингийн мөнгө төлөөгүй. Тэр мөнгийг Ц.Ө төлсөн байх гэж бодож байна. Мөн ямар нэг материал бүрдүүлж өгөөгүй” гэх мэдүүлэг (2 –р хх-ийн 128-129 дүгээр хуудас);
- шүүгдэгч Б.Б-ы яллагдагчаар өгсөн: “ 2021 оны 1-р сард байх, намайг ажлаа өгөөд гарахын өмнөхөн манай байгууллагын дарга М.А налтай уулзаад “ та манай байгууллагад насаараа ажилласан хүн, таны унаж байгаа 00-33 УВА улсын дугаартай автомашин удахгүй актлагдах байх, тэр үед нь та дуудлага худалдаанд оролцоод авахгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд би баярлалаа гэж хэлээд гарсан.
2021 оны 6-р сард байх, Ө над уруу утсаар ярьж, та хаана байна гэж асуухаар нь би хотод байгаагаа хэлсэн. Тэгтэл тэр та надтай ирж уулзаарай, таны унаж байсан машиныг худалдах зөвшөөрөл ирсэн, та дуудлага худалдаанд оролцоод авч болно гэж хэлсэн.... 2021 оны 8 сард Ө намайг дуудлага худалдаанд оролц гээд дуудсан. Намайг дуудсан өдөр нь дуудлага худалдаа явагдсан. Би уг дуудлага худалдаанд өөрийн хүсэлтээр оролцоогүй.Би ямар нэг материал бүрдүүлж өгөөгүй. Харин Өминий өмнөөс материал бүрдүүлж өгсөн байх. Учир нь тэр иргэний үнэмлэх хуулбарлаж аваад, гарын үсэг зуруулаад байсан. Мөн 00-33УВА дугаартай автомашины дэнчингийн мөнгө гээд 125000 төгрөг авсан.
Дуудлага худалдаа удахгүй эхлэх гэж байгаа талаар Ц.Ө өрөөндөө байхдаа надад хэлсэн ба тэр “40-80 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцоод өөрийнхөө нэр дээр аваад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юм уу, би энэ байгууллагад олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн. Миний нэр хүнд байна, тэгээд ч нэг хүн оролцоод хоёр автомашин авах юм бол хэл ам гарах юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Ө зүгээрээ гэж хэлсэн. Би түүнд дуудлага худалдаанд олон хүн оролцоно биз дээ гэхэд тэр “та миний авах гэж байгаа автомашины дуудлага худалдаанд хамаатны дүүтэй хамт орно. Харин 00-33 УВА улсын дугаартай таны авах гэж байгаа автомашины дуудлага худалдаанд ганцаараа орно” гэж хэлсэн.
Ө-ын авна гэсэн Ланд крузейр 80 маркийн, 40-80УВА дугаартай автомашины дуудлага худалдаанд ороход надтай хамт нэг танихгүй залуу оролцоод 1500.000 төгрөг хүртэл үнэ дуудаад зогсоосон.Тэгэхээр нь би тэр үнэ дээр нь 50000 төгрөг нэмж дуудаад ялагчаар шалгарсан. ..Би уг автомашины дэнчингийн 250’000 төгрөгийг өгч байгаагүй. Өминий өмнөөс төлсөн байх.
Би өөрийнхөө авна гэсэн УАЗ -469 машины дуудлага худалдаанд ганцаараа ороод тавин мянган төгрөг нэмж дуудаад 550.000 төгрөгөөр авахаар болсон. Би 2021 оны 8 сарын 30-ны өдөр төрийн сангийн дансанд Увс аймгийн Мал эмнэлгийн газар УАЗ-469 машин гэсэн утгаар 550.000 төгрөг шилжүүлсэн. Харин 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100900000721 тоот дансанд “Увс аймаг МЭГ автомашины үнэ Б.Б 4080 УВА у-95456405” гэх утгаар 1’550’000 төгрөгийг шилжүүлсэн удаа байхгүй. Тэр мөнгийг Ц.Ө миний нэрээр шилжүүлсэн байх” гэх мэдүүлэг (2 –р хх-ийн 115-116 дугаар хуудас);
-шүүгдэгч Ц.Өын яллагдагчаар өгсөн “...дуудлага худалдаанд миний найз Г.Т оролцож үнийн саналыг 1.5 сая төгрөгөөр дуудаж зогсоосон. Харин Б.Б ах уг автомашиныг 1’550’000 төгрөгөөр худалдаж аваад миний нагац дүү Б.Төрбаярын нэр дээр шилжүүлж өгч байсан. Би уг автомашиныг авахаар дуудлага худалдаанд Г.Т болон Б.Б нарыг гуйж оролцуулж байсан. Г.Тд 1.5 сая төгрөгөөс дээш үнэ битгий дууд гэж хэлсэн. Б.Б ахад тухайн автомашиныг өөрийнхөө нэр дээр аваад шилжүүлээд өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),
- гэрч Б.Төрбаярын “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний үеэл ах Ц.Ө надтай уулзаад “нэг автомашин чиний нэр дээр шилжүүлээд Улаанбаатар хотод засварт оруулна” гэж хэлээд Б.Б гэх хүний нэр дээрээс Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлээд, нотариатаар итгэмжлэл хийлгэсэн. Би Улаанбаатар хотод ирээд шинээр 32-08 УАР улсын дугаар аваад Увс аймаг руу явуулсан. 32-08 УАР улсын дугаартай автомашин одоогоор миний нэр дээр байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас);
- Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаартай “...Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 3208 УАР улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл нь: ...3. 2019.05.09-2021.10.06-ны хооронд Увс аймгийн Мал эмнэлгийн газрын нэр дээр, 4. 2021.10.06-2021.10.14-ний хооронд Бүрнээ овогтой Батчулууны нэр дээр, 5. 2021.10.14-ний өдрөөс одоог хүртэл Батнасан овогтой Төрбаярын нэр дээр бүртгэлтэй байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас),
- 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дуудлага худалдааны : .. Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины нээлттэй дуудлагын худалдааны “Тусгай тэмдэглэл: Дуудлага худалдаанд хоёр оролцогч оролцож байгаа ба материал өгсөн дарааллын дагуу пайз өгнө; Оролцогчийн нэр: 1. Б.Б, 2. Г.Т; Дуудлагын худалдааны эцсийн үнэ: 1’550’000 төгрөг; Явцын тусгай тэмдэглэл: Дуудлага худалдаанд оролцсон эхний оролцогч 1’550’000 төгрөгөөр дуудаж хоёр дахь оролцогч пайзаа өргөхгүйгээр зогсов; Дуудлагын худалдааны ялагчийн эцгийн нэр, нэр: Б.Б” гэх тэмдэглэл (1 –р хх-ийн 173-175 дугаар хуудас);
- 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн: Б.Баас Төрийн сангийн 100900000721 дугаартай өмч хувьчлалын орлогын дансанд 1.550.000 төгрөг төлснийг нотолсон Төрийн банкны мөнгөн шилжүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас) гэх баримт,
- 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дуудлага худалдааны : УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашины нээлттэй дуудлагын худалдааны “ Тусгай тэмдэглэл: Нэг оролцогч; Оролцогчийн нэр: 1. Б.Б; Дуудлагын худалдааны эцсийн үнэ: 550.000 төгрөг; Явцын тусгай тэмдэглэл: Дуудлага худалдаанд иргэн Б.Б ганцаараа оролцов; Дуудлагын худалдааны ялагчийн эцгийн нэр, нэр: Б.Б” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас);
- 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн : Б.Баас Төрийн сангийн 100900000721 дугаартай өмч хувьчлалын орлогын дансанд 550’000 төгрөг төлснийг нотолсон Хаан банкны мөнгөн шилжүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас) гэх баримт,
- шүүгдэгч М.Аийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт явуулсан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 702 тогтоолын дагуу Увс аймгийн Мал эмнэлгийн газарт бүртгэлтэй байсан автомашины дуудлага худалдааг байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналт доор зохион байгуулсан. Уг дуудлага худалдааны тайланг хянан үзэж худалдах, худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл олгож өгнө үү” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 141 дүгээр хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
3.3.Шүүгдэгч Ц.Ө нь өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор дуудлага худалдааг өөрөө зохион байгуулж, дуудлага худалдаанд оролцох бичиг баримтыг өөрөө бүрдүүлж, мөн дэнчингийн мөнгийг өөрөөсөө төлж, шүүгдэгч Б.Б, Г.Т нартай урьдчилан тохиролцож, тэднийг Ланд круйзер-80 загварын 40-80УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд оролцуулан Б.Быг ялагчаар шалгаруулж, уг автомашины дуудлагын худалдааны үнэ 1’550’000 төгрөгийг төлж, автомашиныг өөртөө авсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
4. Хэрэгт тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч М.А, Ц.Ө нар нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Б.Б, Г.Т нар нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, дэмжлэг үзүүлж хамтран оролцсон болох нь тус тус тогтоогдсон,
гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч М.А нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, шүүгдэгч Ц.Ө нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан, тэдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамаарч байгаа, шүүгдэгч М.А, Ц.Ө нар нь нийтийн албан тушаалтныхаа хувьд үйлдлээрээ санаатай нэгдэж, уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Б.Б, Г.Т нар нь Ц.Өыг илт хууль бус дуудлагын худалдааг зохион байгуулахад урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж, уг гэмт хэрэгт хамтран оролцсон талаар тус тус хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал” гэж,
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч М.А дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаагүй, уг эс үйлдэхүйн улмаас шүүгдэгч Ц.Ө өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор илт хууль бус дуудлага худалдааг зохион байгуулж, шүүгдэгч Ч.Батчулуунаар дамжуулан Ланд круйзер-80 загварын 40-80 УВА улсын дугаартай автомашины, өөртөө авах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Бд урьдчилан амлаж УАЗ-31512 загварын 00-33 УВА улсын дугаартай автомашиныг авах боломжийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг,
шүүгдэгч Ц.Ө нь Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаа ашиглан шүүгдэгч Г.Т, Б.Б нартай урьдаас үгсэн тохиролцож, дэнчингийн мөнгийг өөрөө төлж Ланд круйзер-80 загварын 40-80 УВАулсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд оролцуулан Б.Быг ялагчаар шалгаруулж, уг автомашины дуудлагын худалдааны үнэ болох 1’550’000 төгрөгийг төлж, өөрийн эзэмшилд авсан, мөн УАЗ-31512 загварын 00-33УВА улсын дугаартай автомашины дуудлагын худалдаанд шүүгдэгч Б.Быг ганцааранг нь оролцуулж ялуулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг тус тус хангасан байна.
4.2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй болжээ .
5. Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас Увс аймгийн Мал эмнэлгийн газарт 22’360’000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба уг хохирлыг шүүгдэгч Ц.Ө төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хэрэгт битүүмжилсэн Тоёото Ланд Круйзер-80 загварын, 32-08 УАР улсын дугаартай автомашин, УАЗ-31512 загварын, 00-33 УВА улсын дугаартай автомашиныг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн байна.
7. Шүүгдэгч Ц.Ө болон түүний өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдах журмаар гаргасан “ Ц.Ө нь гэм буруугаа хүлээж, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, ар гэрийн амьдрал болон хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
7.1. Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт “ нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.
7.2. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, шүүгдэгч Ц.Ө, Б.Б, Г.Т нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч М.Аийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй байдал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч М.Ат Б.Б, Г.Т нарт торгох ял, шүүгдэгч Ц.Өад хорих ял тус тус оногдуулсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд зургаан сая таван зуун мянган төгрөгөөр, Г.Тд таван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдгээрийн энэ гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууд тохирсон гэж үзлээ.
7.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Ц.Өын ял хөнгөрүүлэхтэй холбоотой давж заалдах шатны шүүхэд гаргасан нотлох баримтуудад үндэслэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Ц.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 0-12 насны буюу бага насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу арван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч М.Аийн энэ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу найман сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчим буюу үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
8. Шүүгдэгч Ц.Ө нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 70 / дал/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нэг сая тавин мянган төгрөгийг оногдуулсан арван сая төгрөгийн торгох ялаас хасаж тооцон, эдлэх торгох ялын хэмжээг найман сая есөн зуун тавин мянган төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.
9. Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж шйидвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: шүүгдэгч М.А-ийг арван хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар гэснийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Ө-ыг нэг жил зургаан сар хорих ялаар гэснийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу арван сая төгрөгөөр торгох ял гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын: М.А-т оногдуулсан арван хоёр сая таван зуун мянга гэснийг найман сая гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтын: Ц.Ө-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох үеэс эхлэн тоолсугай гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад: шүүгдэгч Ц.Ө-ад оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр гэсэн нэмэлт,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад: Ц.Ө гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-ын анхан шатны шүүх хуралдаанаас цагдан хоригдсон нийт 70 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээ буюу арван таван мянган төгрөгөөр тооцож, оногдуулсан арван сая төгрөгийн торгох ялаас нэг сая тавин мянган / 1,050,000 / төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг найман сая есөн зуун тавин мянган / 8,950,000/ төгрөгөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-ыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН