| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0150/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Б
Шүүгдэгч: М.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох Д овогт М.Т холбогдох эрүүгийн ,,,тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овогт М.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Хүрэн хоолой гэх газарт асфальтан зам дээр улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Г.Мын жолоодож явсан 36-04 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклийн зорчигч Ц.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн ,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Ц.Б-гийн өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн худалдааны төв болох зах дээр хонь малаа зарж, мөнгөө банкинд тушаачихаад 11 цагийн орчимд “Боргио” гэх жижиг пиво 2-ыг авч уугаад “Цэнхэр” сум явах унаа хайж байтал олдоогүй. Нутгийн хүмүүс байхгүй байсан. Тэгэхээр нь би мотоциклийн такси дээр очтол улаан өнгийн мотоцикльтой залуу байхаар нь надад мөнгө байхгүй, Архангай аймгийн Цэнхэр сум Буйлан баг руу манай гэрт хүргээд өгвөл хонь өгнө гэсэн чинь би явъя гээд надтай хамт явах болсон. Тэгээд хэд гээд хөдөлсөн болохыг нь би сайн санахгүй байна. Цэнхэр сум орж байхад бүрий тасарч байсан. Тэгээд Цэнхэр сум өнгөрөөд хуучин колонкийн хажууд зогсоод гэнэт өврөөсөө “Арвай” гэх архи гаргаж ирсэн. Нэг удаагийн аяганд хийгээд надад өгөхөөр нь балгатал шууд бөөлжсөн. Тэгээд би архи уухгүй дүү минь гэж хэлтэл өөрөө нэг удаагийн аягаар дүүрэн 2,3 удаа хийж уусан. Тэр шилтэй архийг дуусгаад тэгээд хөдөлсөн. Би тэр залууг танихгүй болохоор бид нар нэг их юм яриагүй. ...Тэгээд тэндээс хөдлөөд засмал зам дээр хурдтай давхиад байхаар нь хэдэн жил мотоцикль барьж байгаа вэ? гээд асуутал Архангай аймгийн мотоциклийн таксинд 7 жил явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь тэврээд зам руу харахаас айгаад доошоо болсон байсан. Хурдаа хас, боль гэж хэлэх гэснээ 7 жил мотоцикль барьсан хүн гайгүй байлгүй гэж бодсон. Тэгээд хурдтай явсаар л байсан. Гэнэт түл хийгээд тачигнаад явсан. Нэг мэдсэн чинь замын хажууд байсан. Тэгээд миний хөл хугарсан юм шиг, хөл даагдахгүй, даараад байсан чинь гутал олоод өг гэсэн чинь З.Д гэх хүн гутал аваад ирсэн байсан. Тэгээд намайг гутал өмсөж байхад М.Т миний буруу гээд орилоод байсан. Тэгээд 20 минут болоход эмнэлгийн машин ирээд би эмнэлэг явсан ...Миний мэдэхийн маш их хурдтай яваад байсан. Тэгээд гуйвсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна, урсгал сөрсөн болохыг нь хараагүй. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мотоциклийн жолооч М.Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Намайг гутлаа өмсөж байхад “миний буруу, миний буруу” гээд орилоод байсан. Осол болсны дараа, эмнэлэг дээр байхад М.Тийн эхнэр орж ирсэн. Миний зүүн хөл тухайн ослоос болж дунд чөмгөөрөө хугарсан. Миний бусад зүйл хэвийн, тархи толгой зүгээр байна. Би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт толгойгоо дурандуулсан. Бусад бүх эрхтнүүд хэвийн гэж гарсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт дунд чөмөгний хагалгаанд орсон. Миний хувьд гомдолтой байна. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардлаа буруутай хүнээс олж авах хүсэлттэй байна. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
*Гэрч Г.М-ын өгсөн:
“...2016 оны 10 сарын 29-ний өдөр 16 цагт Архангай аймгаас хөдөө Цэнхэр сумын нутаг “Цагаан овооны дээд ам гэх газар” Ё.П гэдэг айлынд айраг, хонь авахаар З.Д гэдэг хадам ахтайгаа Ё.П-ийн хүүхэдтэй цуг 3-лаа очсон. Тэгээд бид 3 тэдний гэрт хоночихоод маргааш нь 2016 оны 10 сарын 30-ны орой 18 цагын үед тэдний гэрээс гараад Архангай аймаг руу явахаар хар замтай нийлээд 4 км явж байтал урдаас нэг мотоцикль урсгал сөрж орж ирээд, би шороо луу дараад тоормосоо гишгэтэл ирээд мөргөсөн. Тэгэхээр нь буугаад хартал 2 залуу газар уначихсан хэвтэж байсан. Би тэр 2 залууг өргөөд, замаас гаргаж хажуу талын шороон дээр хэвтүүлсэн. Тэгээд замын унаа зогсоогоод “энд осол гарчихлаа,энэ 2 хүнийг эмнэлэгт хүргээд өгөөч” гэтэл утсаар залгаад түргэн тусламж дуудаж өгсөн. Тэр машин явсны дараа нөгөө хоёр залуу дээр очтол жолоо барьж байсан залуугийн хөлнөөс цус гараад байна гэж хэлэхээр нь хөлнийх нь жийргээр боож өгсөн. Тэгээд та 2 чинь урсгал сөрөөд яаж явж байгаа юм бэ гэж асуутал “бид 2-ын буруу ахаа, уучлаарай “гэсэн. Тэр хоёр залуу хоёулаа согтуу байсан. Тэгээд 30 минутын дараа түргэн ирээд нөгөө 2 залууг аваад явсан. Дараа нь цагдаа ирсэн. ...Би цаанаас төвгөр дээгүүр дөнгөж даваад гарж ирсэн чинь урдаас тэр мотоцикль хурдтай урсгал сөрөөд гараад ирсэн. Би тоормос гишгээд зогстол ирээд мөргөсөн. Би хөдөөнөөс гарахдаа айраг л их уусан, архи уугаагүй. Би нэг их согтуу байгаагүй. Намайг машинаасаа буухад тэр 2 залуу газар хэвтсэн байсан. Ард нь сууж байсан залуу би энэ хүнд урсгал сөрөөд байна гэж хэлсээр байхад ийм юм болчихлоо, бид 2-ын буруу гээд байсан. Би 65 км цагын хурдтай явж байсан. Би хөдөө айраг л уусан, миний ухаан санаа эрүүл байсан. Миний хажууд настай хүн, жижигхэн хүүхэд 2 байсан. Надаас өөр машин барих хүн байгаагүй учраас би өөрөө бариад явсан юм. Миний машины зөв талынх нь их гэрэл хагарсан, хаалга нь ханзраад хонхойгоод орсон. Карлан хонхойгоод орсон, гүпэр хагарсан, мөн дугуй хагарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч З.Дийн өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Г.М болон Ё.Пийн охин П.Н бид 3 “Приус 20” маркын тээврийн хэрэгслээрээ Архангай аймгийн Цэнхэр сумын “Хүрэн худаг” гэх газраас Архангай эймгийн Эрдэнэбулган сумын төв орох гээд явж байсан. Тэгээд Цэнхэр сумын “Хүрэн хоолойн” наад талын Буйлангийн хөтлийг даваад доош уруудаж явахад нэг гэрэл гялтганаад хурдтай гараад ирсэн. Би хурдаа хасаарай, наадах чинь ширүүн яваад байна шүү, болгоомжтой яваарай гэхэд Г.М түргэн хугацаанд хурдаа хасч, баруун гар тал руу шахаад бараг зогсох шиг болсон. Тэгэхэд мотоцикль урсгал сөрж ирээд мөргөсөн. Тэгээд бид машинаасаа буутал мотоцикль замын хажууд, хажуу талаараа унасан байсан. Бидний сууж явсан гэх тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын дугуй хагарсан байсан. Нөгөө 2 залуу нь зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудаад өг, хөлөө хуглачихсан байна гээд М.Т гэх залуу нь хэлсэн, нөгөө залуу нь “бид хоёрын буруу, яаралтай түргэн тусламж дуудаад өг” гээд байсан. Тэгээд тэнд байсан нэг жижиг машиныг зогсоогоод Г.М түргэн тусламж болон цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд, 40-50 минутын дараа түргэн тусламж ирсэн. Түүний дараагаар Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж хэмжилт хийсэн. ...Тухайн мотоцикпь урсгал сөрөөд маш хурдтай ороод ирсэн, мөргөхгүйгээр машинаа зогсоох боломж байгаагүй. Харин хурдан хугацаанд тээврийн хэрэгслээ удаашруулж замын баруун тал руу дарсан. Миний бодлоор сайн самбаачилсан гэж бодож байна. Би жолоочийн хажуу талд урд нь сууж явсан. Манай охин Н хойд талын суудал дээр унтаад явж байсан. Тухайн осол болохыг хараагүй.Г.Мын тээврийн хэрэгслийн дугуй гэрээс гараад явахад зүгээр байсан. Уг мотоцикпьтой мөргөлдсөний улмаас дугуй хагарсан. Бид хурдтай явсан бол өөрсдөө онхолдох байсан. Урд дугуй хагарах маш их аюултай эрсдэл дагуулдаг. Г.М архи уугаагүй байсан. Харин Ё.Пийнд айраг уусан байж магадгүй, би хараагүй. Миний бие эрүүл, тухайн ослоос болж ямар нэгэн гэмтэл, бэртэл аваагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 36-37 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч П.Нын өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Г.М ах, З.Д өвөө, бид 3 Архангай аймгийн Цэнхэр сумын Хүрэн овоо гэх газарт өөрийн гэртээ очсон. Тэгээд гэртээ нэг хоноод маргааш нь тэд нар өглөө идэш хоолоо идээд, дараа нь хонь хашаад хонинд туулга өгсөн. Тэгээд манай гэрт орж хоол идэцгээж байгаад хөдөлсөн. Манайх хөдөө ганц гэрээрээ байдаг. Тэгээд би гэрээсээ Архангай аймаг руу хөдлөөд унтчихсан байна лээ. Нэг мэдэхэд З.Д өвөө сэрээрэй, Г.М ахын чинь машин эвдэрчихсэн байна гэж хэлэхээр нь би буугаад замын нэг жижиг тэргэнд суусан. Машин яаж эвдэрсэн болохыг би хараагүй, нүдээ нээж чадахгүй нойрмог байсан. Г.М ах манай гэрт архи уугаагүй байсан. Архи уусан байсан бол надад үнэртэх байсан. Замаараа ямар нэгэн айлд ороогүй. Г.М ах машин бариад, З.Д өвөө урд талын суудал дээр сууж явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/
*Гэрч С.Тгийн өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өөийн гэртээ байхад над руу Г.М ах над руу залгаад сүлжээтэй газраас ярьж байна Цэнхэрийн Цагаан хаалганы энд аваар болчихлоо, хүрээд ирээч, түргэний машин ирэхгүй байна гэсэн. Уг газарт би өөрийн марк-2 маркийн машинаараа очиход Г.М ахын урд талын гэрэл дохио, урд крилон нь хагарсан байдалтай байсан. Архангай аймаг руу чиглэлтэй урсгалд зогсож байсан. Замын эсрэг талд нэг улаан өнгийн мотоцикль зогссон байдалтай, хажуу талд нь 2 хүн хэвтэж байсан. Нэг залуу нь миний буруу эмнэлэгт хурдан хүргээд өг гээд орилоод байсан. Намайг очиход Г.М ах нөгөө 2 залуугийн хажууд зогсчихсон, их сандарч айсан байдалтай байсан. Нөгөө 2 залуугийн хөлнөөс цус гарсан байдалтай, Г.М ах боогоод байж байсан. Нөгөө 2 залуу нь нилээн согтуу байсан. Би тэр 2 залууг эмнэлэгийн машинд жолоочтой нь хамт өргөж суулгасан. Тэр 2 залуугаас нилээн архи үнэртэж байсан. Жолоо барьж байсан залуу ямар ч ухаангүй тасарчихсан шинжтэй, хөл бүлээн оргиод байна, юу болоод байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэр 2 залуу нь “хөлдөж үхлээ, эмнэлэгт хурдан хүргээд өг” гээд орилоод байсан. Тэгээд удаагүй эмнэлэгийн түргэн тусламж ирсэн. Түүний дараа цагдаа нар ирээд тэр осол дээр хэмжилт хийж байсан. Г.М ахын машинд манай өвөө З.Д, П.Н нар хамт байсан гэсэн. П.Н түрүүлээд замын машинаар явсан гэсэн. Өөр хүн байхгүй байсан. Архангай аймаг руу чиглээд явж байсан урсгалд уг осол болсон гэмээр гэрэл, дохио хагарсан байсан. Приус 20 маркийн машинийг мотцикль мөргөөд, ойж хажуу тал руу нь би бодсон. Г.М ахаас архи, согтууруулах ундааны төрлийн зүйл уугаагүй байсан. Надад тийм зүйл үнэртээгүй.. Г.М ах хөдөө айлд айраг уусан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 50 дугаар тал/,
*Гэрч Ё.П-ийн өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай хотонд Г.М гэх залуу Архангай аймгаас манай охин П.Н, З.Д гэх хүнтэй хамт ирсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 09-10 цагийн хооронд надаас худалдаж авсан 2 бяруугаа янзалж төхөөрөөд идэш хоолоо бэлдэж аваад бид нар хонио хашиж, хониндоо тариа тарьсан. Тариа тарьж дуусаад оройхондоо хөдөлсөн. Би цагийг нь нарийн санахгүй байна. 17-18 цаг болж байсан байх. Тэгээд манай гэрт З.Д болон Г.М, би, манай эхнэр, охин П.Н нар хоол идчихээд Архангай аймаг руу хөдөлсөн. Г.М Архангай аймаг орчихоод буцаад Улаанбаатар хот явна гэж байсан. Г.М өглөө хонь хашиж байхад 2 аяга /жижиг шаазан аяга/ айраг л уусан байх, архи болон пиво уугаагүй. Архи уусан бол хонь тарьж байхад надад мэдэгдэх байсан. Учир нь би хонио барьж Г.М тарьж байсан. Тэр хооронд айраг болон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол надад үнэртэж мэдэгдэнэ. ...Г.М нь Цагаан өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгсэлтэй байсан. Манай гэрээс Г.М машинаа жолоодож З.Д ах урд нь суугаад, манай охин ард талын суудал дээр нь сууж хөдөлсөн. Манайх ганц гэрээрээ байдаг болохоор өөр айлд орж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэх боломжгүй байсан. Г.М замаараа өөр айлд орно гэж хэлээгүй. Манай нутагт Г.Мыг таних хүн байхгүй учраас айлд ороогүй байх. Манай гэр Цэнхэр сумын “Хүрэн овоо” гэх газар засмал замаасаа салаад 20 гаруй км зайтай байдаг. Тэгэхээр замаараа өөр айлаар ороогүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн мэдүүлэг/
*Гэрч Д.Цын өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр Эрүүл мэндийн төвд Хүрэн хоолой гэх газар машин болон мотоцикль мөргөлдсөн, хүний бие муу байна гэсэн дуудлаганд жолооч Ч.И-ийн хамт очсон. Биднийг очиход ертөнцийн зүгээр замын баруун талд нэг хүн нь хэвтсэн байдалтай нөгөөх нь сууж байсан. Архангай аймаг руу чиглэлтэй нэг Цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замаа чөлөөлөөд зогсчихсон, аваарын гэрлээ асаасан байдалтай байсан. Түүний эсрэг урсгалд нэг улаан өнгийн мотоцикль зогсож байсан. Тэгээд тэр 2 бэртсэн гэх хүн ухаан алдаагүй байдалтай, машинд суулгахад хөл өвдөөд байна гэсэн. Бэртэл авсан гэх 2 хүнээс архи үнэртэж байсан. Би болон Ч.И ах, тэгээд нэг настай эрэгтэй хүн, жолооч залуу, нэг эмэгтэй хүүхэд байсан. Бид нар хамжилцаж, машинд суулгаад аваад явсан. ...Тэдгээр хүмүүсийн биеийн байдал хүнд байгаагүй биеийн байдал дунд байсан. Би эмнэлэг дээр ирээд өмдийг нь хайчилж аваад даралттай боолтоор боож өвдөлт намдаах тариа, дусал тариа хийж анхан шатны тусламжийг үзүүлсэн. Тэгээд Архангай аймгаас гэмтлийн эмч дуудаж, түргэний машинд суулгаж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/
*Гэрч Ч.И-ийн өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 30-ны дөр Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд Хүрэн хоолой гэх газар машин болон мотоцикль мөргөлдсөн хүний бие муу байна гэсэн дуудлаганд би Д.Ц эмчтэй хамт УАЗ 469 маркын 72-22 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон. Хэрэг болсон газарт цагаан өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл Архангай аймаг орох талд зам чөлөөлөөд зогссон байсан. Түүний эсрэг талд улаан өнгийн мотоцикль цааш харан зогссон байсан. Дээлтэй 2 залуугийн хажууд 2 эрэгтэй хүн байсан. Бас нэг эмэгтэй хүүхэд машинд байх шиг байсан. Тэгээд би нэг настай хүн /З.Д/ болон нэг залуутай хамт бэртсэн 2 хүнээ өргөж сугдаад машиныхаа хойд талын суудал дээр суулгасан. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирсэн. Цагаан өнгийн Приус-20 маркийн машинд 3 хүн явсан , нэг настай ах, бас нэг залуу, эмэгтэй хүүхэд байсан. Г.М нь архи, согтууруулах ундааны төрлийн зүйл уугаагүй байсан. Учир нь бэртсэн хүмүүсийг өргөж сугадаж өгсөн, бас дараа нь юм ярихад юу ч үнэртээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд өөрийн гэртээ байж байтал Архангай аймгийн Цэнхэр сумын эрүүл мэндийн төвөөс утсаар мэдэгдээд танай нөхрийн чинь хөл нь хугарсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төв дээр өөрийн дүү болох Д-тай хамт ирэхэд Цэнхэр сумын эрүүл мэндийн төвөөс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч Амаржаргал ирчихсэн байсан. Тэгээд Архангай аймгийн төв рүү М.Т болон манай нөхөр Ц.Бг түргэний машин авч явах гээд бараг хөдлөж байсан. Би тухайн үед осол болсон талаар мэдээгүй, юу болоод байгааг ойлгоогүй. ...Приүс 20 машинд 3 хүн явж байх шиг байсан. Нэг хүүхэд, жолооч нэг хөгшин настай хүн байсан. Өөр хэн зорчиж явсан талаар мэдэхгүй байна. М.Тийн бие ямар байсныг мэдэхгүй. Ухаан алдсан гэмээр зүйл мэдэгдээгүй. Нэг их айхтар хүнд гэхээр зүйл байгаагүй. Өвдөлт өгөөд орилоод байсан. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.М согтуу байсан эсэхийг би мэдэхгүй байна. Намайг хажуугаар нь зөрөхөд архи согтууруулах ундааны төрдийн зүйл үнэртээгүй. Би сайн анзаарагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/
*Гэрч Э.Аыын өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг болж байхад осолд орсон болохыг мэдсэн. Энхцэцэг надад ирж хэлээд бид Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд очсон. Тэгэхэд Г.М идэш хоолоо идээд би жаахан юм уучихсан байсан ард талын суудал дээр согтуу явсан гэж хэлсэн болохоор согтуу явсан болохыг мэдсэн. ...би хэрэг учралын газарт очоогүй. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дөр М.Тийн төрсөн дүү Төмөрхуяг, Төмөрбат, миний дүү болох Батболд, Онзоджаргал нар явж зураг аваад машин мотоциклийн үүрмэг гэх зүйлүүд осол болсон гэх газрын эсрэг урсгалд байсан. Манай нөхөр М.Т Арвай гэх архи уусан байсан. ...Миний нөхөр М.Т нь М гэх хүний 3 дахь хүүхэд байгаа юм. Даруу төлөв зантай. Бид гэр бүл болоод 18 жил болж байгаа. 2016 онд энэ хэрэг гараад хөдөлмөрийн чадвараа алдсан. Зүүн хөлөө тайруулсан. 2016 оны 10 дугаар сараас хойш тасралтгүй Улаанбаатар хот болон Архангай аймагт эмчилгээ хийлгэж байгаа. Манай гэр бүлийн хүн олсон орлого байхгүй. Амьдралын түвшин доогуур байгаа. Сургуулийн насны 3 хүүхэдтэй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 191 дүгээр тал/
*Гэрч М.Жийн өгсөн:
“...Би өөрийн гэртээ байж байгаад осол болсон талаар түүний эхнэр Э.Ааас мэдсэн. Тэгээд би Цэнхэр сумын эмнэлэгт очиход Архангай аймгийн төвөөс эмч нар очсон байсан. Тэгээд Архангай аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт М.Т болон түүний ард явж байсан нэг залууг авч ирсэн. Эмнэлэгт ирээд 2 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явсан. М.Т надад хэлэхдээ хэргийн газарт очиж нэг үзээдэхээч, би явах ёстой замаараа явж байсан. Миний мэдэхээр гэнэт гарах гарцгүй болоод мөргөлдөөд унасан гэж байсан. Тэгэхээр нь хэргийн газарт очиж зураг авсан. Мотоциклийнх нь доод эд анги нь хагарч тос гоожсон байсан. Тэгээд би зураг аваад, осол энэ хэсэгт гарсан байна гэж бодсон. ...Миний төрсөн дүү М.Т нь 1980 онд Архангай аймгийн Булган суманд М гэх хүний 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Бага балчир насандаа Архангай аймгийн Булган суманд өссөн. 1988 онд Архангай аймгийн Булган сумын дунд сургуульд сурч байгаад 2 дугаар ангиасаа мал дээр гарч аавдаа тусалсан. Бага байхдаа даруу төлөв зантай, томоотой хүүхэд байсан. Цэргийн алба хаагаагүй, 1999 онд эхнэр авч байсан. Тэгээд хөдөө мал маллаж байгаад Эрдэнэбулган суманд амьдрахаар болсон. Хааяа нэг мотоциклиороо такси хийгээд явсан. М.Т 2014 онд найз нөхөдтэйгөө архи дарс уудаг байсан. Түүнээс хойш нэг их уухаа больсон байсан.
*Гэрч Д.Ц-ийн өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сум манай аав З.Д гэх хүн аваарт орсон байна гэж дуудлага ирсэн байсан. Тэгэхээр нь би А эмчийн хамт очсон. Намайг очиход Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд М.Т, Ц.Б гэх хоёр залуугийн хөл нь хугарсан хүн байсан. Манай аавын бие зүгээр байсан, бэртэж гэмтсэн гэхээр зүйлгүй байсан. Тэгээд хөл нь хугарсан хүнийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт ирсэний дараа шинжилгээнүүдийг аваад цус тогтоох шингэнийг сувилагч нар хийсэн. Тэгээд би өөрийнхөө үндсэн ажлыг хийсэн. Жолооч Г.Мын уг осол дээр очсон цагдаа Э цусыг нь ав гэсэн. Би тухайн өдрийн жижүүрт гарч байсан Ч.Ж гэх сувилагчийг би энэ хүний цусыг ав гэсэн шүү гээд Г.М-ыг зааж өгсөн. Тэгээд би үүргээ гүйцэтгэж нөгөөх гэмтсэн хүнд тусламж үзүүлсэн.-Би уг цусыг хэзээ өгсөн болохыг сайн мэдэхгүй байна. Би үүрэг гүйцэтгэж байсан. Цусны бүлгийг тогтооход 10-20 минут болно. Уг цусыг цусны салбарын сувилагч нар тодорхойлно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/
*Гэрч Г.Ж-ийн өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 3 хүнээс цус авсан. Тэдгээр 3 хүний бэртсэн гэх 2 хүний амнаас архи, согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан. Харин Г.М гэх хүнээс архи, согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
*Гэрч Г.Мын өгсөн:
“... Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр Хүрэн овоо гэх газарт Ё.П гэх айлд 2 бярууг янзалж идэш хоолоо бэлдэж дуусаад шууд хонь тарих ажил хийж эхэлсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү би өөрийн 36-04 УНВ гэсэн улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслээрээ 18 цаг өнгөрч байхад Д болон Ё.Пийн охин П.Н нартай хамт хөдөлсөн. Би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож, миний хажууд Д ах сууж, ард талын суудал дээр П.Н суугаад Архангай аймгийн төв рүү явсан. Би маргааш нь Улаанбаатар хот руу явах учраас эртхэн төв орно гээд шууд явсан. Тэгээд бид 3 засмал зам руу ороод 7 км орчим явсан байх, замын халтиргаа гулгаа гээд байхаар зүйл байгаагүй, цас хайлсан байсан. Тэгээд би ойрын гэрлээ асаагаад 60 км цагийн хурдтай явсан. Тэгтэл Д наана чинь согтуу хүн байх вий дээ өрөөсөн гэрэлтэй, их хурдтай явж байна гэж хэлсэн. Тэгээд хартал над руу тулаад, урсгал сөрөөд нэг гэрэл ороод ирсэн. Тэгэхээр нь би шууд хурдаа хасч 60 км цагийн хурдтай явж 15 км хүртэл хурдаа хассан байх. Тэгтэл миний машиныг мөргөсөн. Би зогсоод хартал миний машинаас 2 метрийн зайтай мотоцикпь нь унасан, түүнээс 1 метр арай хүрэхгүй зайд М.Т дээшээ хараад унасан байдалтай “туслаарай, миний буруу” гээд орилоод байсан. Түүнээс 1 метр Бидэрээ гэх залуу нь баруун талын гараа дарж зам дээр хөндлөн хэвтсэн байсан. Тэгээд байж байтал миний зорчин явж байсан урсгалд нэг чиргүүлтэй камаз ирээд сигналдаад байсан. Д ах зам дээр унасан байсан мотоциклийг замын хажуу тал руу болгоод, би Д ахтай хамт очоод Бидэрээ болон Тийг өргөөд замын хажуугийн шороон дээр тавьсан. Түүний дараа М.Тийн хөлийг нь ороолтоор нь боосон. Тэгээд би түргэн дуудах гэсэн чинь сүлжээ унасан байсан. Тэгэхээр нь замаар явж байсан нэг жижиг тэрэгний жолоочийг гуйж ойрхон сүлжээтэй газраас түргэн дуудуулсан. Тэгээд 40 минутын дараа эмнэлэгийнхэн ирсэн... Миний машиныг мөргөсөн гэх мотоцикль урсгал сөрөн орж ирээд тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд осол болсны дараа өөрөө бас миний буруу гээд орилоод байсан. Би архи уугаагүй, өглөө айлд 09 цагийн үед идэш янзалж байхдаа 2 аяга айраг уусан. Дараа хонь тарьж байхдаа нэг аяга айраг уусан. Согтууруулах ундааны өөр төрлийн зүйл хэрэглээгүй. Миний тээврийн хэрэгслийн дугуй тухайн осол болоход хагарсан. Өмнө нь зүгээр байсан. Миний цусаа өгсөн сувилагчийг би танихгүй. Цус авч байхад хэсгийн төлөөлөгч цус авсан зургийг дарсан. Тэгээд цусны бүлгийг тохирох эсэхийг бас шалгасан байх. Миний цусыг шипрээзэнд соруулаад хэсгийн төлөөлөгч цүнхэндээ хийгээд байсан. Миний биөд ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин миний тээврийн хэрэгслийн зарим эд ангиуд нь эвдэрсэн тул би тухайн мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт: “...Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч М.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. /Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлтэнд М.Тийн биеэс авсан гэх цусанд 0,9 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэснээс үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг осол гарсан байна. Жолооч М.Т нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Жолооч М.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. /Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлтэнд М.Тийн биеэс авсан гэх цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэснээс үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол болсон газар нь суурин газрын гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаа гулгаагүй, хуурай, асфальтан хучилттай, шулуун, уруу зам байлаа. Зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөхгүй. Жолооч М.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгал сөрснөөс уг осол гарсан байна. Осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч М.Т нь А ангиллын 1112372 дугаарын Г. Мнь В ангиллын 251468 дугаарын үнэмлэхтэй байна...” гэжээ. /хх-ийн 77 дугаар тал/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэнд: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Мын жолоодож явсан 36-04 УНВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм болон хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй байна. 36-04 УНВ улсын дугаартай Приус20 маркийн тээврийн хэрэгслийн зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэжээ. /хх-ийн 84 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэнд: “...М.Тийн гэх цусанд 0.9 промилль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-ийн 91 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 490 дугаартай дүгнэлтэнд:“... М.Тийн биед зүүн дунд чөмөг ясны зөрөөтэй бяцарсан ил хугарал, шарх тархи доргилт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.” гэжээ. /хх-ийн 100 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 491 дугаартай дүгнэлтэнд: “...Ц.Бгийн биед зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэжээ. хх-ийн 95 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэнд: “Ц.Бгийн цусанд спиртийн алкоголь илрээгүй.” гэжээ. /хх-ийн 97 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтэнд: “Г.Мын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй.” гэжээ. /хх-ийн 144 дугаар тал/
*Яллагдагч М.Тийн өгсөн:
“... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг зүс танихгүй залуу над дээр ирээд ахаа таксинд явах уу? гэж надаас асуухаар нь явна гэсэн. Тэгсэн чинь надад мөнгө байхгүй, би таньд хонь өгнө гэсэн. Тэгэхэд 16 цаг болж байсан байх, би гэртээ харьж үстэй дээлээ өмсөөд гарсан. Тэгээд би Донойн колонкийн тэнд зогсоод “Арвай” нэртэй 0.5 литрийн архи авсан. Тэгээд намайг явж байхад бүрэнхий болсон учраас би мотоциклийнхоо гэрлийг тусгаад явсан. Цэнхэр сумын цаана “Амгаа” гэх колонкийн цаахан талд нөгөө архиа гаргаж ирээд Бэдрээ гэх залууд архиа хийж өгтөл нэг татаад л шууд бөөлжөөд гаргачихсан. Тэр архинаасаа би өөрөө нэг удаагийн аягаар 2 татаад үлдсэн архиа өвөртөө хийж цааш хөдлөөд, Цэнхэр сумын Буйлан баг, Төвшрүүлэх сумын Хүрэн хоолойн тэнд явж байтал цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би тухайн үед зам голлож урсгал сөрж явсан байх. Тэгээд л мөргөлдсөн. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. би тухайн үед ухаан алдаад орж гараад байсан. Би нэг мэдэхэд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Би хэдэн километр цагийн хурдтай явж байснаа мэдэхгүй байна, их хурдтай явсан. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би осол болсон өдрөөс эхлээд улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв, улын 1 дүгээр эмнэлэгээр эмчилгээ хийлгээд хөлөө тайруулж, хөдөлмөрийн чадвараа алдсан. Тухайн осол болох үед Приус-20 маркийн машинд хэн, хэн явсныг би сайн санахгүй байна. Нэг настай өвгөн бууж ирээд над дээр ирж байсан. Надад одоо ямар нэг санал, хүсэлт, гомдол байхгүй. Хохирогч иргэний нэхэмжлэгч нартай уулзсан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шийдэж өгнө үү гэж хүсч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 184-185 дугаар тал/
*Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 09-12 дугаар тал/,
* Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/,
* Зам тээврийн ослын улмаас Г.Мын эзэмшлийн 36-04 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд учирсан хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 174 дүгээр тал/,
* Архангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 78-81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Хүрэн хоолой гэх газарт асфальтан зам дээр улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль 36-04 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклийн зорчигч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч М.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Хүрэн хоолой гэх газарт асфальтан зам дээр улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Г.Мын жолоодож явсан 36-04 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклийн зорчигч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Бгийн“...Тэгээд хурдтай явсаар л байсан. Гэнэт түл хийгээд тачигнаад явсан. Нэг мэдсэн чинь замын хажууд байсан. Тэгээд миний хөл хугарсан юм шиг, хөл даагдахгүй, даараад байсан. Тэгээд намайг гутал өмсөж байхад М.Т миний буруу гээд орилоод байсан... ” гэх мэдүүлэг, гэрч Г.Мыг “...Архангай аймаг руу явахаар хар замтай нийлээд 4 км явж байтал урдаас нэг мотоцикль урсгал сөрж орж ирээд, би шороолуугаа дараад тоормосоо гишгэтэл ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч З.Дийн “...Тэгээд Цэнхэр сумын “Хүрэн хоолойн” наад талын Буйлангийн хөтлийг даваад доош уруудаж явахад нэг гэрэл гялтганаад хурдтай гараад ирсэн. Би хурдаа хасаарай, наадах чинь ширүүн яваад байна шүү, болгоомжтой яваарай гэхэд Г.М түргэн хугацаанд хурдаа хасч, баруун гар тал руу шахаад бараг зогсох шиг болсон. Тэгэхэд мотоцикль урсгал сөрж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Тгийн “...Тэр 2 залуугаас нилээн архи үнэртэж байсан. Жолоо барьж байсан залуу ямар ч ухаангүй тасарчихсан шинжтэй, хөл бүлээн оргиод байна, юу болоод байгаа юм бэ” гэж хэлж байсан...” Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 105,05 дугаартай дүгнэлтүүд, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21, 22 дугаартай химийн шинжилгээний дүгнэлтүүд, мөн тус албаны шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 490, 491, 63 дугаартай дүгнэлтүүд , шүүгдэгч М.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Тийг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч М.Тийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Г.М нар хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн /хх-ийн 197,198 дугаар тал/ байх тул шүүгдэгч М.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт М.Т согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Тийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/-н сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР