Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/55

 

        Ц.П, Д.Ж нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа /цахимаар/, Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

 Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Ж, шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Л.Жавзмаа нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Ц.П, Д.Ж нарт холбогдох, 2235000740111 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ..тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт Ц-ний П.

Монгол Улсын иргэн, ..-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, Увс аймгийн .. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-гийн Ж.

1. Шүүгдэгч Ц.П, Д.Ж нар бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Өвсний фондын хашааны хажууд байрлах газрыг иргэнд эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 15 жилийн хугацаатайгаар нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.П, Д.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч У овогт Ц-ний П, Б овогт Д-гийн Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.П, Д.Ж нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,

-шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Д.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрт:  Д.Ж нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж, өөрийн албаны чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтонд заагаагүй асуудал болох иргэнд газар эзэмшүүлэх захирамжийн төслийг бэлтгэн өгч сумын засаг даргаар гарын үсэг зуруулсан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэл болно гэж ял халдаах үндэслэлээ тодорхойлжээ. Миний албаны чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтонд сумын засаг даргын захирамжийн төсөл боловсруулах ямар ч заалт байхгүй. Хэлсийн дарга надад битгий хэл, газрын даамалд ч гэсэн засаг даргын захирамжийн төсөл төлөвлөх үүрэг байдаггүй. Гэвч тогтсон заншил, уламжлалаар манай байгууллага нь газартай холбоотой захирамжийн төслийг бэлдэж засаг даргад өгдөг ийм уламжлал байдаг.

Миний бие уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдгийг мэдэж байсан учир уг газрыг олгож болохгүй гэдгийг Ц.Пд хэлж ойлгуулах зорилгоор газрын даамлын боловсруулсан захирамжийн төслийн хуудсыг авч өгсөн. Түүнээс биш захирамж гаргаад өг гэж очоогүй. Ц.П урьд нь таараад энэ хүмүүст газар олгох асуудлыг надаас асуусан тул танилцуулах гэж очсоноо олон удаа хэлсэн. Газар олгох захирамж гаргах эрх нь Газрын тухай хуульд зааснаар засаг даргад олгогдсон бөгөөд гарын үсэг зурж, захирамж гаргахгүй байх боломж байсан боловч өөрийн эрх мэдлээ ашиглаж захирамж гаргасан. Газар олгож болохгүй гэдгийг би болон газрын даамал Ариунзаяа ч хэлсэн. Гэвч нэр бүхий 4 иргэнд газар олгоно гээд шийдчихсэн байхад миний оролцоо юу байх вэ. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийгээгүй тул хэргээс Д.Ж надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

5. Ц.Пын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 38.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

 Үндэслэл-1:

Анхан шатны шүүх Ц.П-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ: “Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, олон нийтэд мэдээлэгдээгүй газрыг нэр бүхий 4 иргэнд шууд эзэмшүүлсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгож, бусад иргэдийн газар эзэмших хүсэлт гаргах бололцоог зориуд хаасан явдал юм.

Шүүгдэгч Ц.П нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж, нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлэх захирамж гаргасан нь хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул түүний үйлдэл нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ц.П... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эруүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Ц.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтийг хууль зүйн хувьд авч үзвэл:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай гэмт хэрэг, болгоомжгүй гэмт хэрэг үү гэдгийг тодорхойлсноор хэргийн зүйлчлэл, ял хариуцлага оногдуулах, улмаар гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг тогтоосны эцэст Ц.П-ын гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт гаргах асуудал хийгдээгүй гэж үзэж байна.

2. Шүүх Ц.П-ыг төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан гэж дүгнэж байгаа нь тухайн гэмт хэргийн шинжид үл хамаарах асуудал бөгөөд харин төрийн албан тушаалтан Улаангом сумын ИТХ-ын шийдвэр буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зохих ёсоор биелүүлээгүй асуудал нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 49.1-т “Бүх шатны засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 59.1.2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн салбарын хуулиар зохицуулахаар хуульчлагдсан.

3. Харин шүүх түүнийг “хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүулэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 32-т Газар эзэмших тухай хүсэлт гаргах, 33 дугаар зүйлд Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” нь засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх болохыг хуульчилснаар үгүйсгэгдэж байна.

4. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж ...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж хуульчилжээ. Мөн хуулийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх”-ийг ойлгоно гэжээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Албан тушаалын ямар эрх мэдлийг, албаны ямар эрх ашгийн эсрэг ашигласан, хувийнхаа ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, өөрийн хийх ёстой ямар үйлдлийг хийгээгүй, хийх ёсгүй ямар үйлдлийг хийсэн болох, өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна.

Үндэслэл-2:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх “...олон нийтэд мэдээлэгдээгүй газрыг нэр бүхий 4 иргэнд шууд эзэмшүүлсэн” гэж дүгнэсэн нь мөрдөн шалгах шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй асуудалд дүгнэлт хийж, Ц.Пын эрх зүйн байдлыг дордуулсан байна. Энэхүү дүгнэлтийнхээ эх сурвалжийг заагаагүй, эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн дотоод итгэлээр олж тогтоосон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэрэг гарсан шалтгаан нөхцөл, санаа зорилгыг харьцуулан тодорхойлсны дараа няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хөдөлбөргүй тогтоох ёстой гэж үзэж байна.

Үндэслэл-3:

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар, Увс аймгийн Улаангом сумын Засан даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар нэр бүхий 4 иргэнд нийт 2800 м/кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хайхрамж болгоомжгүй, нягталж шалгаагүй байдлаас боллоо гэж Ц.П өөрийн гэм буруугийн хэлбэрээ тодорхойлж мэдүүлсэн, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 иргэн газрыг төрийн өмчлөлд буцаасан үйл баримт, А/284 дугаар захирамжийг хүчингүй болсон талаар гэрч Б.Ариунзаяагийн мэдүүлэг, Улаангом сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 тоот албан бичгээр гэмт хэргийн обьектив талын шинж байхгүй гэдэг нь нотлогдсон гэж үзэж байна.

Үндэслэл-4:

Ц. П-ыг ... нийтийн албан тушаалтан...гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Энэхүү гэмт хэргийг заавал Нийтийн албан тушаалтан үйлдэх учир субьект маш чухал ба бусад гэмт хэргээс уг хэргийг ялгах ач холбогдолтой.

“Авлигын эсрэг хууль”-ийн 4.1-т: “Дор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасны 4.1.1- 4.1.9 дэх хэсэгт хамаарах албан тушаалыг зааж хуульчилжээ. Түүний эрхэлж буй Увс аймгийн Улаангом сумын засаг дарга гэх албан тушаал дээрх хуулийн аль хэсэгт хамаарч байгааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй. Гэтэл шүүх Ц.Пын эрхэлж байсан Засаг даргын албан тушаал нь “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 1-т заасан Төрийн, улс төрийн албаны удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул нийтийн албан тушаалтан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Үндэслэл-5:

Эрүүгийн хариуцлага хулээлгэх үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүх “Ц.П нь нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай болох нь тогтоогдсон” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ц.П нь нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашигласан уу, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан уу аль нь болохыг тогтоосны эцэст түүний үйлдэл гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг зөв тодорхойлж хариуцлага ногдуулах эсэхийг шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ц.П-ын үйлдэл гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг нягтлан үзэж, түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, ял, хариуцлагаас чөлөөлөх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд:

1.Ц.П-ын гэм буруугийн хэлбэр,

2.Гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох субьектив болон обьектив талын шинж байдал тогтоогдоогүй,

3. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 49,1-т ‘”Бүх шатны засаг дарга тухайн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй’', 59.1.2-т иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэх заалт,

4.Увс аймгийн Улаангом сумын Засан даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “газар эзэмшүүлэх тухай" захирамж хүчингүй болж хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал,

5.Гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй, 2800 м/кв газар  буцаагдсан.

6. Иргэдийн төлөөлөгч хурлын шийдвэр буюу Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар зохицуулахаар хуульчилжээ.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦШГТ/136 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Ц.П-д холбогдох эрүүгийн 2235000740111 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ял хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Д.Жгийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.Ж нь захирамжийн төслийг Ц.П даргад авч очихдоо энэ захирамжийг гаргуулъя гэсэн санаа зорилгогүй очсон. Шүүх, прокурор нь Д.Ж-г захирамжийн төслийг барьж очсон учраас буруутай гэж үзсэн. Д.Ж нь засаг дарга Ц.П-д хэрвээ энэ асуудлыг шийдвэл ийм захирамж гарна, энэ захирамж дээр эрх зүйн үндэслэл нь ийм ийм заалт байна. Энэ газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй учраас захирамж дээр ИТХ-ын тогтоолыг үндэслэх хэсэгт оруулж болохгүй байна, ийм учраас хууль бус болно гэдгийг ойлгуулах гэж уг захирамжийн төслийг авч очиж үзүүлсэн. Захирамжид гарын үсэг зур гэж хэлээгүй. Захирамж гаргах дараагийн процесст дагалдах хуудсанд гарын үсэг зуруулдаг.  Хэрэв Ж нь захирамжийг гаргая гэж бодсон бол тухайн дагалдах хуудсанд өөрөө гарын үсэг зурах, газрын даамал, газрын албаны дарга, Улаангом сумын орлогч дарга, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн зэрэг хүмүүс зурсан байх ёстой” гэв.

8. Шүүгдэгч Ц.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жамсран болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нь тухайн захирамжийн төслийг танилцуулахаар очсон гэж байна. Би танилцуулахаар ирсэн гэж үзэхгүй байна. Энэ талаар гэрчүүд мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт 10 өргөдөл очлоо гэхэд хуульд нийцсэн өргөдөл, захирамжийн төсөл, хяналтын хуудасны хамт засаг дарга дээр авч орж ирдэг.

Бусад үлдэж байгаа өргөдлийг хуульд нийцэхгүй байна гэж хэлээд өргөдөл гомдол хянан шийдвэрлэх хугацаанд нь багтааж буцаадаг. Би яагаад гарын үсгээ зурсан вэ гэвэл Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга нь өөрөө барьж орж ирээд ийм захирамж гаргамаар байна гэсэн учраас  гарын үсгээ зурсан. Онцгой байдлын газрын дарга нь манай албан хаагчдын асуудал байгаа шүү гэж хэлж байсан. Үүнийг хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг нягтлаагүй нь миний алдаа болсон. Хэлтсийн дарга нь авч ирсэн учраас мэргэжлийн байгууллага нь нягтлан шалгаж дүгнэсэн гэж үзсэн. Улаангом суманд 260.000 гаруй мянган га газар байдаг. Үүний аль газар нь төлөвлөгөөнд тусгагдсан, аль газар нь төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг  би мэргэжлийн бус болохоор мэдэхгүй байна. Нягталж шалгаж үзээгүй нь миний буруу болсон” гэв.

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр : “Шүүхээс шүүгдэгч Д.Ж, Ц.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Шүүгдэгч Д.Ж, Ц.П нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн,  анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Ийм учраас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй талаар дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Пүрэвжавын өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж хэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэнэ гэж байхгүй. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Улаангом сумын засаг дарга байсан Ц.П нь надад хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл байхгүй, 260.000 га газрын аль газар нь төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдээгүй гэдэг нь байж болохгүй асуудал гэж бодож байна. Засаг даргын албан тушаалыг эрхэлж байгаагийнхаа хувьд нягтлан шалгаж гарын үсгээ зурсан байх ёстой. Хяналтын дагалдах хуудсанд нэр бүхий 7-8 албан тушаалтан гарын үсэг зурсны дараа засаг дарга руу очдог. Гэтэл хяналтын хуудас ирээгүй байхад шийдвэр гаргаж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэж байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т: Улс төрийн болон төрийн захиргааны тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан гээд заасан учраас нийтийн албан тушаалтан гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдож  байна. Үүнийг хавтаст хэрэгт тогтоогүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Ц.Пыг  Улаангом сумын Засаг даргаар томилсон Увс аймгийн засаг даргын захирамж хэрэгт авагдсан байгаа. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэдгийг тодорхой зааж өгсөн.

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж яллах дүгнэлтээ бичсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд: Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тайлбарыг иш татаж бичсэн байдаг. Энэ нь прокурорын зүйлчлэл зөв байна гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн гэж ойлгож байна. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас хохирол, хор уршиг шаардахгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хууль бус гэдгийг мэдсээр байж гарын үсэг зурснаар энэ гэмт хэрэг нь төгссөн.  

Шүүгдэгч Д.Ж нь давж заалдах гомдолдоо сумын засаг даргын захирамжийг төлөвлөх, төслийг нь бичиж оруулах асуудал миний албан тушаалын тодорхойлолтод байхгүй гэж хэлсэн. Хэрэв тэр захирамжийн төслийг авч очоогүй бол гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал нь тухайн захирамжийн төслийг би боловсруулаагүй гэж хэлсэн байгаа. Газрын даамал нь миний компьютер дээр захирамжийн төслүүд бүгд байдаг гэж хэлсэн. Энэ хэрэг дээр хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, саналдаа: “ Д.Ж нь энэ захирамжийг гаргуулах гэж очоогүй гэж хэлсэн. Хамгийн зөв зүйл бол үнэн зөв мэдүүлэг өгч хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлж авах ёстой. Тэгэхээр гаргуулахгүй гэж байсан бол авч очих ёсгүй байсан. Прокурор нь засаг даргыг нийтийн албан тушаалтан биш  гэж маргаад байна гэж хэлж байна. Би нийтийн албан тушаалтан биш гэж маргаагүй. Хамгийн гол нь нийтийн албан тушаалтан мөн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын хяналтад мөрдөгч хийх ёстой. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ажиллагаа хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ажиллагаанууд хийгдэх ёстой байсан. Мөн гэм буруугийн хэлбэрийг тогтоох ёстой. Гэм буруугийн субьектив санааг тогтоож, гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг тогтоох байсан. Яагаад зөрчилд хамааруулж байна гэвэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг  хийсэн, хийх ёстой үйлдлийг хийгээгүй гэж үзсэн. Хийх ёсгүй үйлдлийг хуулиар хориглочихсон байдаг. Өөрөөр хэлбэл салбарын хуулиудаар нь хориглочихсон байдаг. Гэтэл хуулиар бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана гэж заасны дагуу гаргасан. Тэгэхээр захирамжид гарын үсэг зурсныг хууль бус үйлдэл гэж үзсэн. Хохирол хор уршиг учраагүй гэж үзсэн. Харин би материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй гэмт хэрэг гэж ойлгож байна. Тухайн гэмт хэрэг шалгагдаж байх үед хор уршиг нь үгүй болсон. Захирамжийн зарим хэсгүүд нь хэрэгжээгүй. Мөрдөн байцаалтын шатанд уг захирамжийг хүчингүй болгосон баримтыг хэрэгт авсан. Саналын хувьд яллах дүгнэлтэд гэмт хэргийг томьёолсон байдал, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж тогтоосон байдал нь зөрүүтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар нь шийдэх ёстой. Шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдэхгүй, өөрийн санаачилгаар янз бүрийн зүйл нэмж ял, хариуцлага оногдуулсан учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх уг хэргийг зөрчил үү, гэмт хэрэг үү гэдэгт дүгнэлт хийж өгнө үү” гэв.

11. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Газар эзэмшүүлэх гэрчилгээ  олгосон,  газар эзэмшүүлэх эрх олгож байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагддаг. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актын тухай зохицуулалт байдаг. Мөн хуулийн 37 дугаар зүйл болон Газрын тухай хуульд тус тус үндэслэж нийтийн эрх зүйн хүрээнд иргэнд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Гэмт хэргийн шинжтэй эсэх, эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллын асуудал мөн үү гэдэг дээр эргэлзээтэй асуудал байна. Яагаад гэвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1дэх хэсгүүдэд заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр заасан. Энэ нь захиргааны акт буюу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж байгаа үйлдэл нь тухайн асуудлыг нарийвчлаад зохицуулсан хууль буюу газрын тухай хуулиар зохицуулагдсан.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Газрын тухай хуулийн 60.1.1-т газар эзэмшүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан буюу Засаг дарга, эсхүл тухайн албан тушаалтны дээд шатны албан тушаалтан шийдвэрлэнэ гэж заасан. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан буюу түүний дээд шатны байгууллага албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус үйлдлийг хүчингүй болгож, таслан зогсооно гэж заасан. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахдаа журам зөрчсөн асуудлыг тухайн захиргааны байгууллага өөрөө, эсхүл дээд шатны байгууллага, эсхүл тухайн асуудлыг харьяалан шийдвэрлэдэг захиргааны хэргийн шүүх өөрөө энэ асуудлыг таслан зогсоох, шийдвэрлэх асуудлыг хуульчилж өгсөн. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн үү гэдэг дээр эргэлзээтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т:  Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль зөрчсөн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, үйлдэлтэй холбогдуулсан энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд эрх ашиг нь хөндөгдсөн иргэн хуулийн этгээд, эсхүл захиргааны байгууллага хандаад нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх журмыг хуульчилж өгсөн. Газар эзэмших эрх олгож байгаа энэ асуудлыг хууль бусаар бусдад давуу байдал олгосон уу гэдэг дээр эргэлзээтэй асуудал байна. Яагаад гэвэл газар эзэмших эрх олж авах асуудал нь Үндсэн хуулиар олгогдсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг эзэмших өмчлөх эрхтэй байхаар хуульчилсан. Газар эзэмших эрх олж авч байгаа асуудал нь монгол улсын иргэнийх нь хувьд иргэн хүнд олгогдсон зайлшгүй эдлүүлэх шаардлагатай үндсэн эрх байна. Энэ үндсэн эрхийг эдлүүлээд байгаа үйлдлийг бусдад давуу байдал олгох зорилгоор газрыг эзэмшүүлсэн байна гэж үзэхэд учир дутагдалтай.

Улсын яллагч нь дүгнэлтээ танилцуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг биш тул хохирол хор уршгийг шаардахгүй гэсэн асуудлыг ярьсан. Энэ тал дээр маргаагүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. 

 Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй биш ч гэсэн тухайн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар энэ үйлдлийг хөндсөн үйлдэл байх ёстой гэдэг. Газар эзэмших эрх олгож байгаа асуудал нь өөрөө эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөд байгаа асуудал мөн үү, биш юу. Захирамж гаргаж байгаа асуудал нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн асуудал байгаа учраас гэмт хэргийн шинжтэй бус, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал байна. Мөн тухайн асуудлыг нарийвчлаад зохицуулсан газрын тухай хууль, захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар зохицуулагдах харилцаа байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тухайн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Л.Жавзмаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

12. Шүүгдэгч Д.Ж-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгч Д.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар  бүлэглэж, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж ял шийтгэсэн. Шүүх нь шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж дурдсан. Жамсран, Пүрэвжав хоёр нь нэр бүхий 4 иргэнд газар олгох зорилго байсан боловч урьдчилан үгсэн тохиролцоогүй. Ямар нэгэн хүнд газар олгоё гэж бодоогүй байж байснаа гэв гэнэт цаас барьж гүйж очоод нөгөө хүн нь харахгүйгээр гарын үсэг зурчихна гэсэн ойлголт биш.

Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамласан нь тохирч байна уу гэдгийг анхаарах ёстой. Үүнийгээ удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1-т заасны дагуу бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг хуулиар тодруулсан. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны  эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод  ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хэлнэ гэж заасан. Д.Ж нь тэр хүмүүстэй найз нөхөд, ах дүү, хамаатан садангийн харилцаа хамааралтай болох нь  тогтоогдоогүй байна. Жамсранд хувийн ашиг сонирхол байсан тохиолдолд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэхээр байна.

Сая Уянга өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Яагаад гэвэл монгол хүний газар эзэмших эрх нь үндсэн эрх байдаг. Энд газар олгох журмыг зөрчөөд газар олгосон асуудал байгаа. Энэ алдаатай захирамжийг дараагийн засаг дарга Ц.Гантөмөр зассан ба газар нь хэвээрээ байгаа. Харин шүүх дүгнэлт хийхдээ нийтэд зарлаагүй газрыг бусад хүмүүсийн олж авах эрхийг нь хаасан учраас нэр бүхий хүмүүст давуу байдал олгосон гэж үзсэн. Энэ газартай холбоотой иргэдээс нэг ч гомдол ирээгүй. Иргэдийн газар өмчлөх, эзэмших ашиглах тэр эрхийг нь хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ журмыг зөрчсөнөөрөө гэмт хэрэг болохгүй, дараагийн хүн нь засаад явах боломжтой гэж үзэж байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулиар газар олгох бүрэн эрхийг засаг даргын бүрэн эрхэд хуульчилсан. Засаг дарга нь ганцаараа шийдвэр гаргах байсан. Харин Жамсрангийн бүрэн эрх нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т, газрын даамлын бүрэн эрхийг нь 23 дугаар зүйлийн 23.4-т тус тус тодорхойлсон байдаг. Энэ заалтаар газрын удирдлагаар нь хангах талаас нь зохицуулсан байна. Улсын яллагч нь шүүгдэгч Жамсрангийн ажил байдлын тодорхойлолтод захирамжийн төсөл боловсруулах чиг үүрэг байхгүй атлаа төслийг авч очсон нь хууль бус  гэж үзсэн. Улаангом сум нь иргэдэд 10.000 га газрыг өгсөн. Тэгэхээр энэ олгож байгаа газруудын захирамжийн төслийг газрын алба нь бэлдэж очдог. Газрын албаны бүрэн эрхэд захирамжийн төсөл боловсруулах эрхийг хуульчилж өгөөгүй бол энэ гарч байгаа захирамжууд бүгд хууль бус болох уу гэдэг асуудал байна. Мөн захирамжийн төслүүдийг бэлдэж очсон газрын албаны даамлууд гэмт хэрэгтэн болох уу гэдэг асуудал гарч байна. Журмын эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох уу, үгүй юу гэдэг асуудал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Ж, шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Л.Жавзмаа нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн, 2235000740111 дүгээр эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай, нийт 2800 м/кв газрыг газар эзэмших хүсэлт гаргасан иргэд буюу П.Ууганбаяр, Ц.Чинзориг, Д.Батмөнх, Б.Тунгалаг нарт тус тус 700м/кв-аар, 15 жилийн хугацаатай , гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А/284 дүгээр захирамж гаргасан,

 - шүүгдэгч Д.Ж нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа дээрх нэр бүхий 4 иргэнд газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулан, Улаангом сумын Засаг дарга Ц.Пд танилцуулан газар эзэмших захирамж гаргуулсан үйл баримт тус тус хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :  Би Улаангом сумын ЗДТГ-т хууль, эрх зүй хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байна.

....Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой.

Аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг ба төлөвлөгөөнд тусгаагүй газрыг иргэнд эзэмшүүлэх боломжгүй. Аймгийн хэмжээнд сум болон аймгийн ИТХ-аас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий байгууллага нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм.

Улаангом сумын Засаг даргаар ажиллаж Ц.Пын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дүгээр захирамжийн төслийг Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Д.Ж боловсруулан ирж, захирамжийг гаргуулан авч байсан. Уг захирамж гарах үед Улаангом сум хариуцсан газрын даамал Б.Ариунзаяагийн аав нас барсан тул чөлөөтэй байсан.

Би тухайн үед Засаг дарга Ц.Пын өрөөний үүдэнд суудаг байсан ба тэр үед Д.Ж нь уг захирамжийг гаргуулахаар 2-3 удаа ирж, Засаг даргатай уулзаж байсан. Миний санаж байгаагаар Д.Ж нь тухайн газрын талаарх захирамжийн төслийг авч ирэхдээ хяналтын дагалдах хуудас бөглүүлсэн байсан санагдаж байна. Гэхдээ тэр хяналтын хуудас манай газарт хадгалагддаггүй, тэд өөрсдөө авч яваад газрын хувийн хэрэгт нь хийдэг юм шиг байна лээ. Д.Ж нь тухайн захирамжийн төслийг манай тамгын газрын бичиг хэргийн ажилтан Б.Отгон эгч рүү ERP нэгдсэн системээр илгээж, гаргуулж байсан санагдаж байна. Учир нь тухайн үед төслийг илгээхдээ захирамжийн хавсралт бүхий хүмүүсийн нэр, талбайн хэмжээ, байршил зэргийг харуулсан мэдээллийг ирүүлээгүй, сүүлд нь Отгон эгч Жамсрангаас захирамжийн хавсралтыг ирүүлэхийг шаардаж, нэхэж байсан.

Мөн тухайн газрыг авах талаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч болох дэд хурандаа П.Ууганбаяр нь тус байгууллагын ажилтан гэх нэг танихгүй ахтай ирж, сумын засаг дарга Ц.Птай уулзаж байсан.

Улаангом сумаас газар эзэмшихээр аж ахуй нэгж, иргэдээс ирүүлсэн хүсэлт дээр хяналтын дагалдах хуудас хамт ирдэг. Уг дагалдах хуудсан дээр газрын даамал болон газрын удирдлагын хэлтсийн дарга нар нь гарын үсэг зурсан байдаг. Манай тамгын газраас байгаль орчны байцаагч, орлогч дарга нар гарын үсэг зурдаг юм. Тэгэхээр уг захирамжаар олгох газрыг төлөвлөгөөнд орсон эсэхийг мэдэх, хяналт тавих  ёстой газар нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 20-21, 59-60-р тал),

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би иргэний танхимд хуралтай сургалттай байж байгаад гараад ирэхэд Д.Ж нь Засаг дарга Ц.Птай шатан дээр уулзаж байсан ба захирамж гаргуулмаар байна гээд ярилцаад зогсож байсан. Ярилцаж байсан зүйл нь онцгойд ажилладаг хүмүүст газар эзэмшүүлэх захирамжийн тухай байсан. Д.Ж нь захирамжийн төсөл дээр Засаг даргаар гарын үсэг зуруулсан, яаралтай хэвлүүлнэ гээд захирамжаа файлээр явуулж хэвлүүлж байсан. Би дараа нь Төрийн банк орохоор явахад Отгон эгч намайг П.Жамсрангаас захирамжийн хавсралтыг аваад ирээрэй гэхээр нь би очиход Жамсран байгаагүй учраас Ариунзаяагаас Жамсрангийн утсаны дугаарыг аваад залгахад утсаа аваагүй. Дараа нь Отгон эгч нэхэхэд 4 иргэний нэртэй хавсралт хэсгийг ERP цахим системээр явуулсан, сүүлд устгасан байсан” гэх мэдүүлэг,

 - гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сард П.Ууганбаяр гэх хүн хажуудаа нэг танихгүй хүнтэй ирж уулзсан. Мөн Тунгалаг гэх хүний нөхөр гэх намхан бор царайиай ах байсан. Тэр хүмүүс газар эзэмшихээр хүсэлтээ өгсөн байгаа, Улаангом сумын Засаг дарга Ц.Птай уулзаж, 9-р багийн нутаг дэвсгэрт газар авахаар болсон, захирамжийн төслийг нь боловсруулаад өг, тухайн газарт газар эзэмших захирамж гаргуулмаар байна гэж хэлсэн. Би тэдний өргөдөлтэй танилцаад “та нарын эзэмших гэж байгаа газар нь төлөвлөгөөнд тусгагдаагүй учир эзэмшүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Тэр хүмүүс Улаангом сумын Засаг даргатай уулзана гээд гараад явсан. Тэгэхээр нь би Улаангом сумын Засаг даргын туслах, хуулийн мэргэжилтэн Оюунбилэгт : “Сая надтай Улаангом сумын 9-р баг өвсний фондын хашааны хажууд газар эзэмшинэ гэж хүмүүс уулзаад явлаа, одоо сумын Засаг даргатай уулзана гэнэ. Энэ хүмүүсийн хүсээд байгаа газар энэ оны төлөвлөгөөнд тусгагдаагүй шүү, Засаг даргад хэлээрэй, чи бас ойлгуулж хэлээрэй” гэж утсаар ярьж хэлсэн.

Түүнээс хойш дахиж ирээгүй. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил явдал гараад ажлаас 10 хоногийн чөлөө аваад яваад ирэхэд дээрх захирамжийг Ц.П дарга гаргасан байсан. Ц.П дарга надаас дээрх газрыг эзэмшүүлэх боломжтой эсэх талаар асууж байсан удаа байхгүй. Ц.П даргын гаргасан захирамжийн дагуу хоёр иргэн дээр нэгж талбарын дугаар бүхий хувийн хэрэг үүсгэж, мэдээллийн санд мэдээллийг оруулсан.

Уг захирамжийг би Улаангом сумын Засаг даргад төлөвлөж өгөөгүй. Миний компьютер дээр захирамжуудын төсөл байдаг. Түүн  дээр өөрчлөлт хийгээд гаргасан байх боломжтой.  Намайг ажилд ирсний дараа уг захирамж над дээр ирсэн.   Уг захирамжийн 3 дахь заалтад :  эзэмшилд олгогдсон газрыг газар дээр нь хэмжилт хийж, хил заагийг тэмдэгжүүлж хүлээлгэн өгөх, кадастрын зураглал үйлдэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэж ажиллахыг надад үүрэг болгосон байсан. Тэр заалтын дагуу газар эзэмших захирамж дээр нэр заагдсан иргэд намайг ажпаа хий гэж шаардаад байж, 2 иргэн газар эзэмших гэрчилгээг авсан. Захирамж бүр дээр хяналтын хуудас дагалдаж гардаг. Би энэ захирамжийн хяналтын хуудсыг хайгаад олоогүй. Тэгэхээр энэ захирамж хяналтын хуудасгүй гарсан байх гэж бодож байна. Мөн Д.Ж даргад төлөвлөгөөнд тусаагүй газраас авна гэсэн хүмүүс ирээд яваад байна. Тэр хүмүүс Ц.П даргатай уулзсан гээд ирээд байх юм гэж хэлэхэд Д.Ж дарга өргөдлийг нь хараад 2022 оны төлөвлөгөөний саналд оруулах боломжтой эсэхийн судлаарай гэж хэлж байсан. Би төлөвлөгөөнд тусгаагүй газрын захирамжийн төслийг сумын засаг даргад авч очиж байгаагүй. Тийм зөрчилтэй захирамжийн төслийг гаргах шаардлага байхгүй. Учир нь манай байгууллага аймаг болон сумын хэмжээнд батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага юм” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 27-28-р, 30 тал/,

- гэрч Б.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажилладаг Д.Ж гэх залуу ирж сумын Засаг Ц.Пд захирамжийн төслийг танилцуулж, надаар гаргуулан авч, даргаар гарын үсэг зуруулж, баталгаажуулан авч явж байсан. Тухайн үед уг захирамжийн төслийг Д.Ж авч ирж байсан ба хяналтын хуудас ирээгүй. Тухайн үед би Ариунзаяа яасан юм бол” гэж асуухад Жамсран “Ажил явдал гараад чөлөө авсан” гэж хэлж байсан. Д.Ж над руу захирамжийг ERP төрийн байгууллагын дотоод сүлжээгээр явуулж байсан. Тэр захирамж явуулахдаа захирамжийн хавсралтыг явуулаагүй. Хавсралтыг файлаар явуулна гэж хэлээд явуулахгүй байсан тул сар гаруй хугацаанд нэхэж байгаад авч байсан. Д.Жгаас уг хавсралтыг авахаар түүний гар утас руу  хэд хэдэн удаа залгаж байсан. Мөн ERР төрийн байгууллагын дотоод сүлжээгээр мессеж бичиж нэхэж байсан удаатай. Д.Жтай ярихаар “би одоо газрын даамал Б.Ариунзаяад хэлнэ” гэж хэлдэг. Тэгэхээр нь чи авч ирж гаргуулсан биз дээ, би чамаас авна” гэхээр “би Ариунзаяагийн ажил хийсэн, чи түүнээс ав” гэж хэлж байсан. Тэгээд Б.Ариунзаяагаас нэхэхэд  “чи Жамсрангаас ав, Жамсран гаргуулсан” гэж хэлдэг байсан. Тэр үед манай Улаангом сумын Засаг дарга солигдож шинээр дарга ирсэн байсан. Мөн архивын шалгалт ирэх гээд бичиг баримтаа бүрдүүлэх гээд Б.Ариунзаяа, Д.Ж нараас захирамжийн хавсралтыг олон удаа нэхсэн. Тэд өгөхгүй болохоор 2021 оны 11 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж Д.Жгийн өрөөнд орж захирамжийн хавсралтыг нэхэхэд тэр “Б.Ариунзаяагаас ав, би түүнд хэлнэ, баримтууд нь түүнд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Ариунзаяатай орж уулзахад тэр “ямар учиртай захирамж юм бэ, би тухайн үед чөлөөтэй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай байгууллагын даргад орж хэлнэ гэхэд “би үдээс хойш гэхэд захирамжийн хавсралтыг явуулъя” гэж Б.Ариунзаяа хэлсэн. Тэгэхээр нь тэдний даргатай уулзахгүй гараад явсан ба түүний дараа дотоод сүлжээгээр хавсралтыг Б.Ариунзаяа явуулж байсан. Дотоод сүлжээг ашиглан Д.Ж руу захирамжийн хавсралтыг нэхэж хэд хэдэн чат бичиж байсан. Түүнээс өмнө болон сүүлд Д.Жтай дахиж сүлжээгээр харилцаа үүсгээгүй. Д.Жтай хэзээ, юу гэж харьцаж байсныг харах гэтэл Д.Ж надтай харьцсан бүх чатуудыг устгасан байна. Чатыг хэзээ устгасныг мэдэхгүй байна. Миний хувьд чатыг устгасан удаа байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө Увс аймгийн Онцгой байдлын газрын ажилтан гэх дүрэмт хувцастай нэг хүн ирж сумын Засаг дарга Ц.Птай уулзаж байсан. Тэр хүн явсны дараа Ц.П дарга “Онцгой байдлын газраас газар хүссэн бичиг өгсөн үү” гэхээр нь би даргад хандан “Газартай холбоотой бичгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгөх ёстой. Надад албан ёсоор таны хэлсэн утга бүхий бичгийг өгч, бүртгэлжүүлсэн удаа байхгүй” гэдгийг хэлж байсан. Манай тамгын газарт уг байгууллагаас дээрх утга бүхий бичгийг ирүүлээгүй.  Д.Ж нь над дээр нэг удаа ирж захирамжийн төслийг эцсийн байдлаар бланк дээр гаргуулж авч байсан. Түүнээс өмнө хэдэн удаа ирж байсныг мэдэхгүй. Захирамжийн төслийг Засаг даргад танилцуулж, гарын үсэг зуруулсан үед над дээр авч ирж, албан ёсны бланк дээр хэвлүүлж авдаг юм” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 62-63, 65-р тал/, 

            - гэрч Ж.Сорогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаанаар газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үед аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч нараас Онцгой байдлын хамгаалалтын бүсэд иргэдэд газар олгосон талаарх асуудлыг хөндсөн. Энэ асуудлын талаар хурал дээр яригдсан тул шалгуулахаар гомдлыг гаргасан. Тухайн үед уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар Улаангом сумын Засаг даргын тамгын газраас хариуг ирүүлж байсан юм. Уг газрыг Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Пүрэвжавын захирамжаар олгосон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 25 дахь тал),

-гэрч Н.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Улаангом сумын 9-р багийн нутаг өвсний фондын хашаатай зэргэлдээ шинэ хашаа баригдаж байсан. Уг хашааг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид барьж байсан. Тэгэхээр нь энд газар авч болох юм байна гэж ойлгоод эхнэр Б.Тунгалагийн нэрээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгч байсан. Уг өргөдлийг эхнэрийн хамт тус байгууллагын гадна ирээд миний бие оруулж өгч байсан. Надаас өргөдлийг нэг эмэгтэй хүн авч байсан. Тэр хүн уг байгууллагын бичиг хэргийн ажилтан юм шиг байна лээ. Тухайн иргэн уг өргөдлийг авахдаа надаас ямар нэгэн зүйл тодруулж асуухгүйгээр өргөдөл хүлээн авсан. Түүний дараа 2021 оны 10 дугаар сарын эхээр миний эхнэр Б.Тунгалагийн нэр дээр авахаар хүссэн газрыг эзэмшүүлэх сумын Засаг даргын захирамж гарсан талаар Улаангом сумаас нэг эмэгтэй хүн эхнэрийн дугаарт залгаж хэлж байсан. Тухайн үед би түүний утас аваад ярьж байсан. Газар эзэмшүүлсэн захирамж гарсан байгаа тул уг газарт хашаа барихаар болж газар эзэмших гэрчилгээг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авч байсан. Тухайн үед газрын даамал гэх нэг эмэгтэй энэ газар зурагт ороогүй байгаа гэх утгатай зүйл хэлээд ирэх жилээс орох байх гэсэн. Тэгэхээр нь хурдан гэрчилгээ гаргаж өгөө, сумын Засаг даргын захирамж гарсан байна гэж хэлээд гэрчилгээг гаргуулан авч байсан. Тэр газарт аймгийн Онцгой байдлын алба хаагчид хашаа барьсан байхаар тэр газарт газар авч болох юм байна гэж бодоод өргөдлийг гаргаж байсан. Би эхнэр Тунгалагийн нэр дээр газар авахаар өргөдөл өгч хөөцөлдсөн нь үнэн. Тэр өргөдлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсний дараа нэг л удаа Д.Жтай уулзаж өргөдлийн дагуу газар өгөх үү гэж асуухад тэр Улаангом сум руу явуулаагүй байна. Манай газрын даамал өвчтэй, гачигдалтай байгаа гэж хэлсэн. Би Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн дарга албан тушаалтай тул түүнтэй орж уулзаж байсан. Харин Ц.Птай уг газрын талаар огт уулзаж байгаагүй. Тэр хүн миний царайг хараагүй, намайг танихгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 23, 47-48 дахь тал),

- гэрч Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2021 оны хавар 04-05 дугаар сарын үед Онцгой байдлын газрын дарга Б.Баттулгатай хамт явж байхдаа “Улсын нөөцийн газрын баруун талд 2-3 айлын хашаа барих байх боломжтой газар байна. Тэр газрыг манай байгууллагын 2-3 алба хаагч авч болох уу, та ажилчдын нийгмийн асуудлыг шийдээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд дарга Б.Баттулга “Та нар хувийн журмаар өргөдлөө бичээд Улаангом сум болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгөөрэй. Би боломж гарвал дэмжиж өгнө” гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө газар авахаар хөөцөлдөнө гээд манай байгууллагын Төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Ууганбаяр, нярав Ц.Чинзориг бид гурав тухайн газрыг очиж үзээд, улсын нөөцийн хашааны баруун талд газар авахаар ярилцсан. Уг газрыг авах талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын албанд өргөдөл өгч байсан. Өргөдлийг бичиг хэрэг дээр нь өгөөд газрын даамал гэх нэг эмэгтэй ажилтантай уулзахад бидний авах гэсэн газрыг төлөвлөгөөнд тусгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид өргөдлөө өгсөн байгаа гэж хэлсэн. Уг өргөдлийг П.Ууганбаяр бид хоёр авч ирж өгч байсан. Өргөдөл өгсний дараа П.Ууганбаяр, Чинзориг бид гурав авна гэсэн газар дээрээ банзаар хашаа барьсан. Уг хашааг барихдаа газраа дундуур нь хуваахгүйгээр, захирамж шийдвэр гарахаар нь дундуур нь зааглан гээд нэг том хашаа барьсан.  Би ертөнцийн зүгээр баруун хойд захын хашааг авахаар болсон ба 2021 оны 8 дугаар сард амарч байхдаа уг газарт граж болон байшингийн ханыг тоосго, блокоор барьсан байгаа. Надтай хамт хашаа хашсан П.Ууганбаяр, Ц.Чинзориг нар ямар нэгэн барилга бариагүй. Би хашаа барьж, байшингийн хана босгож, монгол гэр барих болсон шалтгаан нь өөрийн гэсэн хашаагүй, айлын хашаанд байсан тул гэрээ барьж буусан юм . Тухайн газрыг бидэнд эзэмшүүлсэн захирамж гарсны дараа газар эзэмших гэрчилгээ авч, өөрийн барьсан хашаан дээр 432 тоот хаяг байршил авсан байгаа. Газрын асуудлаар Ц.Птай уулзаж байсан удаа байхгүй.  Бид уг газрыг төлөвлөгөөнд тусгуулж авах ёстой гэдгийг мэдэхгүй байсан тул уг газарт захирамж, гэрчилгээ гарахын өмнө хашаа барьсан. Надад эзэмшүүлсэн уг газар нь Улаангом сумын ИТХ-аас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэсэн. Уг газрыг бидэнд эзэмшүүлсэн захирамжийг Ц.П дарга ажлаасаа гарахын өмнө гаргасан юм шиг байна лээ. Миний зүгээс Ц.П даргыг уг газарт захирамж гаргаад өг гэж гуйсан, шаардсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 39-40, 42 дахь тал),

- гэрч П.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2021 оны намар манай Онцгой байдлын газрын даргын даргын жолооч Д.Батмөнхийн хамтаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сумын 9-р багийн нутаг Улсын нөөцийн хашаатай зэргэлдээ газраас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1 айлын хашааны газар эзэмшихээр өргөдөл өгч байсан. Уг өргөдлийн дагуу Улаангом сумын Засаг даргын захирамж гарч бидэнд газар эзэмшүүлсэн.  Газрын асуудлаар Ц.П даргатай 2021 оны 09-10 дугаар сард байх /сар, өдрийн санахгүй байна/ нэг удаа уулзаж байсан. Тэр уулзалтаар нийгмийн асуудлын хүрээнд төрийн алба хаагчид газар олгож өгөөч, бид нар 0.7 га газрыг огт авч үзээгүй хүмүүс байна гэдгээ хэлж байсан удаатай. Тэгэхэд Ц.П дарга “Зохих түвшинд судалж үзнэ, танай байгууллагаас зөвшөөрч байгаа юу” гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь “Газрын даргад манай нэг ажилтан танилцуулж хэлсэн байгаа. Дарга журмаар нь хөөцөлдөөд яв” гэж хэлсэн гэдгийг хэлсэн. Газрын дарга амаар зөвшөөрөл өгсөн гэдгээ хэлсэн. Ц.П дарга энэ талаар судалж үзнэ гээд үлдсэн. Уг газар нь Улаангом сумын ИТХ-аас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн зүйлийг Ц.П хэлж байсан. Тэгэхээр нь би “төлөвлөгөөнд тусгачих юм бол биднээс өөр хүмүүс өрсөөд авчих байх, дараа нь төлөвлөгөөнд тусгуулмаар байна” гэсэн зүйлийг санал болгон хэлж байсан удаатай. Гэхдээ миний зүгээс Ц.П даргыг уг газарт захирамж гаргаад өг гэж гуйсан, шаардсан удаа байхгүй. Уг газарт хашаа барихын өмнө манай газрын дарга хурандаа Б.Баттулгатай Д.Батмөнхийн хамтаар утсаар ярихад амаар зөвшөөрөл өгч байсан. Тэгэхэд Б.Баттулга “та нар уг газрыг авах талаараа зохих байгууллагад нь хандаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөөцийн хашаатай зэргэлдээ хашаа барих гэж байгаа талаараа даргад хэлсэн тул тэр байдлаа өргөдөл дээрээ тусгаад бичсэн юм. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бичгээр хүсэлт өгч зөвшөөрөл авч байсан удаа байхгүй. Тэгээд ч уг газрыг бидэнд өгөх нь манай дарга Б.Баттулгын эрх мэдлийн асуудал биш юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны  51-52 дахь тал),

- гэрч Ц.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би П.Ууганбаярт газар эзэмших утга бүхий хүсэлтийг бичиж өгсөн ба П.Ууганбаяр, Д.Батмөнх нар газрын даамал Ариунзаяатай уулзахаар явсан. 2021 оны 10 дугаар сард Улаангом сумын Засаг даргын захирамж гарсан гэж надад Д.Батмөнх хэлсэн. Тэр хэлэхдээ “би гэрчилгээгээ авахаар хөөцөлдөж байна. Бид гуравтай хамт уг газарт газар эзэмшихээр Тунгалаг гэж хүн нэмэгдсэн байна” гэж хэлсэн. Би газар эзэмших захирамж гарсны дараа гэрчилгээ авч чадаагүй ба 2022 оны 3 дугаар сарын эхээр Улаангом сумын 9-р баг хариуцсан газрын даамал М.Баттөгс гэх ажилтантай уулзахад “ энэ захирамжийн дагуу та нарын авсан газарт гэрчилгээ олгох боломжгүй” гэх зүйлийг хэлээд энэ асуудал чинь шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад явсан ба түүнээс хойш уг газрын гэрчилгээ авахаар дахиж хөөцөлдөж яваагүй. Би өөрийнхөө авна гэсэн газарт 2021 оны 07-08 дугаар сард банзаар хашаа барьсан байгаа. Хэрэв уг газрыг бидэнд эзэмшүүлсэн захирамж гарахгүй бол хашаагаа цуцаж /буулгаж/ авна. Тухайн газар нь Улаангом сумын 9-р багт байх улсын нөөцийн хашаатай зэргэлдээ ертөнцийн зүгээр баруун талд байршилтай газар юм. Тус газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Птай огт уулзаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 32-33, 35 дахь тал),

- шүүгдэгч Ц.Пын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Онцгой байдлын газрын 3 ажилтан газар авахаар хөөцөлдөөд явж байгааг мэдэж байсан.  Д.Ж энэ захирамжийн төслийн бэлдэж ирээд, энэ захирамжийг гаргамаар байна гэхээр “Энэ 4 хүний газар бусад хүний газартай давхцаж байгаа юу?” гэж асуухад “давхцаагүй” гэхээр нь би гарын үсэг зурсан. Урьд нь ажиллаж байсан Засаг дарга нар газар давхцуулж өгсөн асуудал их гарч байсан учраас давхцал байгаа эсэхийг нь лавласан.  Би захирамжийн төслийг хянаж хуульд нийцсэн эсэхэд анхаарах ёстой байсан. Хянахгүйгээр гарын үсэг зурсан нь миний буруу. Энэ газар төлөвлөгөөнд ороогүй гэдгийг мэдэж байсан. Онцгой байдлын газрын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ газрын олгож болно гэж ойлгосон нь миний буруу болсон. Улаангом сумын газрын даамал Б.Ариунзаяа нь уг захирамжийг төлөвлөж над дээр ирж байгаагүй. Харин  Д.Ж нь 2 удаа уг захирамжийн төслийг авч ирсэн, би 2 дахь удаа авч ирэхэд нь захирамжийн төсөл дээр гарын үсэг зурж өгсөн. Тэр 2 дахь удаагаа ирэхдээ “ аймгийн Онцгой байдлын газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Энэ захирамжийг заавал гаргамаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би мэргэжлийн байгууллагын аймгийн газрын асуудлыг хариуцаж байгаа хэлтсийн дарга нь өөрөө төлөвлөөд ирж байгаа юм чинь хууль дүрмийнх нь дагуу болж байгаа юм байна гэж бодоод  итгээд гарын үсэг зурсан. Жамсран нь энэ газрыг олгомоор байна гэж хэлсэн. Хууль бус талаар надад огт хэлээгүй ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97, 98-р тал, 2-р хх-ийн 217-219/ , 

- Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, түүний хавсралт (хавтаст хэргийн I хавтасны 159-160 дахь тал) зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ц.П, Д.Ж нарыг бүлэглэн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.П, Д.Ж нарыг  бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч тус бүрт  нийтийн албанд томилогдох эрхийг  дөрвөн жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон байна. 

6. Шүүгдэгч Д.Жгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “ Энэ хэрэгт миний оролцоо байхгүй, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийгээгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол,

Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Л.Жавзмаагийн давж заалдах журмаар гаргасан : “Ц.Пын үйлдэл гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг нягтлан үзэж, түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, ял, хариуцлагаас чөлөөлөх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд болох :

-Ц.Пын гэм буруугийн хэлбэр,

- Гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох субьектив болон обьектив талын шинж байдал тогтоогдоогүй,

- Бүх шатны засаг дарга тухайн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалт,

-Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “газар эзэмшүүлэх тухай" захирамж хүчингүй болж хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал,

- Гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй, 2800 м/кв газар  буцаагдсан.

- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр буюу Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар зохицуулахаар хуульчилсан зэргийг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Ц.Пд холбогдох эрүүгийн 2235000740111 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ял хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд болон шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Ц.Пт холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал, шүүгдэгч Д.Жгийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “ Д.Жг энэ гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

6.1. Шүүгдэгч Ц.П, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн субьект буюу нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамаарч буй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Шүүүгдэгч Ц.П нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар томилогдон 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай “Ц.Пыг Улаангом сумын Засаг даргаар томилох тухай” захирамж / 2-р хх-ийн 27-р тал/, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/54 дүгээр “ Засаг дарга Ц.Пыг огцруулах”  тухай  захирамж / 2-р хх-ийн 28-р тал/-аар,

шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан нь хэрэгт авагдсан  тус газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/24 дугаартай “ Үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал (2-р хх-ийн 18 дахь тал), 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/51 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал / 2-р хх-ийн 19 дэх тал/ -аар тус тус нотлогдсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т: “Төрийн улс төрийн, захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна ” гэж тус тус хуульчилсан.

Бүх шатны  Засаг дарга нь  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн улс төрийн албан тушаалтанд,

шүүгдэгч Д.Жгийн эрхэлж байсан Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн  даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-т зааснаар төрийн захиргааны албан тушаалтан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд  тус тус хамаарч байна. Иймд шүүгдэгч нарыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

6.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах боловч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй болно.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тусгасан ба мөн зүйлийн 31.2-т :  эзэмших хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж,

мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т : энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус  заасан тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хүсэлт, тухайн эзэмшүүлэх газар нь энэхүү хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, газар эзэмшүүлэх эсэх шийдвэр гаргах нь хуульд нийцнэ.

6.3. Ц.П нь сумын Засаг даргын хувьд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан дээрх шаардлага, журмыг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн П.Ууганбаяр, Ц.Чинзориг, Д.Батмөнх, Б.Тунгалаг нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан үйлдэл нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Ц.П нь хуулиар олгосон албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, олгох ёсгүй газрыг олгож бусдад давуу байдал бий болгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан.

Шүүгдэгч Д.Ж нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэнд эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан атлаа иргэн П.Ууганбаяр, Ц.Чинзориг, Д.Батмөнх, Б.Тунгалаг нарт Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулж, сумын Засаг даргад танилцуулан шийдвэр гаргуулж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байна. Энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч Д.Ж нь газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулах, танилцуулах албаны чиг үүрэггүй атлаа газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглаж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан  байна.  

6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, заавал материаллаг хохирол учруулсан байхыг шаардахгүй.  

Энэ гэмт хэргийн улмаас  хохирол, хор уршиг учирсан, мөн арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр энэ гэмт хэргийн шинж хангагдана, өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, албаны бүрэн эрхэд хамаарахгүй буюу хийх ёсгүй үйлдэл хийх, эсхүл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэрээр тус тус үйлдэгддэг.

7. Шүүгдэгч Ц.П, Д.Ж нарыг гэм буруугүйд тооцох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт  тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ж, шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Л.Жавзмаа нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ж, шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Л.Жавзмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН